| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/00632/И |
| Дугаар | 207/ма2025/00124 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 207/ма2025/00124
| 2025 оны 11 сарын 19 өдөр | Дугаар 207/ЕШ2025/00208 |
2025 11 17 207/МА2025/00124
Орхон аймгийн **** нэхэмжлэлтэй,
хариуцагч **** ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01403 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : Орхон аймгийн **** нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,455,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Т.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Орхон аймгийн ****, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номин-Эрдэнэ нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Орхон аймгийн ****, **** ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 08-ны едөр Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажил БЗА-184/20 дугаартай гэрээ байгуулсан. Гэрээний 2.1.-д зааснаар ажлыг 60 хоногт хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах гэрээний ажил гүйцэтгэх хугацааг гүйцэтгэгч компанийн хүсэлтээр 2021 оны СХ-10/21, СХ-37/21, 2022 оны СХ-92/22, дугаартай гэрээгээр тус тус сунгаж эцсийн байдлаар 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан энэхүү хугацаанд ажлыг хийж гүйцэтгэж ашиглалтад оруулах байсан. Гүйцэтгэгч Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн 3360-21 маркийн насосыг суурилуулахаар 2021 оны 05 сарын 09-ний өдрөөс 05 сарын 24-ний өдрийн хооронд нийт 4 удаагийн туршилт хийсэн. Туршилтын явцад насосонд ачаалал ирж эвдрэл гарсан тул гүйцэтгэгч **** ХХК-д гэрээнд заасны дагуу эвдрэл гэмтлийг засварлах үүрэг даалгавар өгсөн боловч өнөөдрийг хүртэл дахин засварлан хүлээлгэж өгөөгүй, гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн, улсын комисст хүлээлгэж өгөөгүй гэрээний хугацааг хэтрүүлж байна. **** ХХК-тай байгуулсан БЗА-184/20 гэрээний 6.7.-д Туршилт тохируулга хийх ажлын явцад илэрсэн зөрчлийг арилгах буруу дутуу хийсэн ажлыг өөрийн хөрөнгөөр тухай бүр нөхөн гүйцэтгэж, захиалагчаас тогтоосон хугацаанд дуусгаж захиалагчид хүлээлгэн өгнө мөн гэрээний 6.12.-т Гэрээний хугацааг хэтрүүлсэн эсхүл гэрээний 6.10.-т заасны дагуу хугацаа сунгах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5 хоногийн өмнө өгч сунгуулаагүй бол хэтэрсэн хоног тутам гэрээний нийт үнийн дүнгийн 0.5%-иар алданги тооцно. Алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтрэхгүй гэж тус тус заасныг гүйцэтгэгч зөрчиж байна. Гүйцэтгэгч **** ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хамтын гэрээг цуцалсан. Гэрээ цуцалсан мэдэгдлийг удаа дараа **** ХХК-д хүргүүлсэн. Гэрээний нийт үнийн дүн 71,007,090 төгрөг бөгөөд үүнээс ажлын гүйцэтгэл болон гэрээний 1.3. дахь заалтыг тус тус үндэслэн үнийн дүнгийн 80% буюу 55,810,056 төгрөгийн санхүүжилтийг олгосон. 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 1000 гаруй хоногт гэрээний үүргийг биелүүлээгүй хугацаа хэтэрсэн. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. болон **** ХХК-тай байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлын БЗА-184/20 дугаартай гэрээний 6.7, 6.12 дахь заалтыг үндэслэн гэрээний үнийн дүнгийн 78,26%-ийн санхүүжилт болох 55,570,148 төгрөг, мөн гэрээний 6.12 дахь заалтын алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-иас хэтэрч болохгүй гэх заалтыг үндэслэн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 34,885,783 төгрөг, нийт 90,455,931 төгрөгийг **** ХХК-аас гаргуулж өгнө үү... Нийт гэрээний үнийн дүн болох 71,007,090 төгрөгөөс 80 хувийн санхүүжилт болох 55,810,056 төгрөгийг **** ХХК-д шилжүүлж өгсөн. 80 хувийн санхүүжилт олгосон үндэслэл нь насос суурилуулах үед ажлын гүйцэтгэл 80 хувь болчихсон гэж үзсэн боловч насос нь эвдрээд буцаасан, эвдрэл гэмтлийг засаагүй хугацаа хэтэрсэн байгаа. 78,26%-ийн ажлыг гүйцэтгээгүй гэж 55,570,148 төгрөг, гэрээний 6.12.-т зааснаар гэрээний үнэ 71,007,090 төгрөгөөс алдангийг бодож 50 хувиас хэтрэхгүй гэсэн учраас алданги 34,885,783 төгрөг нийт 90,455,931 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нийт ажлын 98 хувийг хийж гүйцэтгээгүй, 2 хувийг хийсэн гэж үзэж байгаа...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Т.**** нь БЗА-184/20 дугаартай гэрээний Эрдэнэ багийн усан санд өргөтгөлийн насос нэмж суурилуулах ажлыг гэрээний хугацаанд хийж гүйцэтгэсэн боловч Эрдэнэт-Ус ДЦС дулаан түгээх газрын буруутай үйл ажиллагаанаас гарсан гэмтэлийг манай байгууллага өөрийн зардлаар БНХАУлс руу явуулж өнөөдрийн байдлаар 2025 оны 06 дугаар сарын 19-нд Улаанбаатар хотод туршилт хийлгэж байна. Манай байгууллага уг насосыг 2025 оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны хооронд хүлээлгэн өгөхөөр баталж байна...” гэжээ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “****” ХХК-иас 62,546,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,909,526 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 41 дүгээр зүйлийн 41.1.3.-д зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн **** нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “****” ХХК-иас 470,682 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Нэхэмжпэгч Орхон аймгийн ****ас хариуцагч **** ХХК-д холбогдуулан 90,455,931 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна. Нэхэмжпэлдээ хариуцагчийн хаяг, гар утсыг тодорхойлсон бөгөөд харин компанийн захирлыг тодорхойлж бичээгүй байсан. Нэхэмжпэгчээс нэхэмжлэл гаргахдаа ажил гүйцэтгэх гэрээ, гэрээг сунгасан хавсралт гэрээ, хувиар, хурлын тэмдэглэл, албан тоот зэрэг баримтыг хавсаргасан байх бөгөөд уг баримтаас компаний захирал нь Б.****, ерөнхий инженер нь Б.Түвшинтогтох, нягтлан бодогч Б.Болорчимэг нар ажилладаг гэдэг нь тодорхой харагддаг. Анхан шатны шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ Орхон аймгийн **** нэхэмжлэлтэй **** ХХК-нд холбогдох 90,455,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн мөртлөө хариуцагчийг компанийн захирал Б.****г дуудаж нэхэмжпэлийг гардуулаагүй, энэ компанийн гэрчилгээ, дүрмийг гаргуулаагүй, компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг тодорхойлоогүй, Т.****ыг энэ компанид ямар албан тушаалтай ямар ажил эрхэлдэг, үүрэг роль, компанийг бүрэн төлөөлөх эрхтэй эсэхийг тодруулахгүйгээр нэхэмжпэлийг гардуулж, шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Тодруулбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. “Хэргийн оролцогчийн эрх эдэлж, үүрэг хүлээх чадвар /иргэний эрх зүйн чадвар/-ыг бүх оролцогч тэгш эдэлнэ.”, 24 дүгээр зүйлийн 24.1. “Шүүхэд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөр дамжуулан гүйцэтгүүлэх чадварыг иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.”, 26 дугаар зүйлийн 26.3. “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.” 26.4. “Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ.” гэж зааснаар **** ХХК нь /захирал Б.****/ шүүхэд эрхээ өөрөө, эсвэл төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлэх, хариуцагчийн эрх үүргээ бүрэн хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрхтэй оролцох боломжийг олгохгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа нь хуулийг зөрчсөн гэж үзнэ. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.“Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно.” мөн зүйлийн 35.2. “Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ.” гэж заасныг анхан шатны шүүх зөрчиж **** ХХК-ийг төлөөлж байгаа этгээдээс итгэмжлэл, төлөөлөх эрхийг шаардахгүйгээр Т.****ын иргэний үнэмлэхийг хуулбарлан хэрэгт хавсаргаснаар хариуцагч, түүний төлөөлөгч алинаар нь тооцож байгаа нь тодорхойгүйгээр иргэний хэрэгт оролцуулсан нь хууль зөрчсөн байна. Хавтаст хэргийн 29 дүгээр хуудаст нэхэмжлэлийг хариуцагчид гардуулсан баримт дээр **** ХХК-нийн захирал албан тушаалтай гэсэн мөртлөө гарын үсэг зуруулах хэсэгт **** ХХК-ний төлөөлөгч гэж дурдаж гарын үсэг зуруулж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хариуцагчийг бүрэн тодорхойлж чадаагүйг харуулж байна. Түүнчлэн нөлөөлийн мэдүүлэг, эрх үүрэг тайлбарласан, хэрэг танилцуулсан гэх мэт шүүхийн албан баримтууд дээр Т.****ыг хариуцагчийн төлөөлөгчөөр тооцож гарын үсэг зуруулдаг байсан байна. Тэгэхээр Т.****ыг **** ХХК-ийг төлөөлөх эрхийг тухайн компаниас гаргуулах ёстой болохоос биш анхан шатны шүүх өөрөө төлөөлөгчөөр сонгож хэргийн оролцогч болгох боломжгүй юм. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01403 тоот шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3. “хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн”, 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасан “энэ хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэх үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Орхон аймгийн **** нь хариуцагч **** ХХК-нд холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 90,455,931 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч “****” ХХК-иас 62,546,405 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн ****д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,909,526 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Нэхэмжлэгч Орхон аймгийн **** нь 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хүлээн авчээ.
Шүүх 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Т.****д нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариу тайлбарыг нь авсан байна.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01403 дугаар шийдвэрт хариуцагчийн төлөөлөгч Т.****ын шүүхэд гаргасан хариу тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэжээ.
Хариуцагч талын шүүхэд гаргаж өгсөн баримтаар Т.**** нь хариуцагч **** ХХК-нд ямар ажил, албан тушаал эрхэлдэг болох нь тодорхойгүй, тус компанийн захирал нь Б.**** байх ба тэрээр Т.****ыг өөрийгөө төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл шүүхэд гаргаагүй байхад түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж үзэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь үндэслэлгүй байна.
Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж чадаагүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-д “...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй...”, 35 дугаар зүйлийн 35.1.-д “...Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно...”, гэж заасныг тус тус зөрчжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Т.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 312/ШШ2025/01403 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Т.****, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баасанжав нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 470,682 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР