Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 1664

 

    “Орика монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Спейшнл майнинг сервис” ХХК-д холбогдох

           

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 365 811 261 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Амармэнд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр “Спэйшл майнинг сервис” ХХК-тай OM-SMS-01/13 дугаар, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах гэрээ”-г тус тус байгуулсан. 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдөр OM-SMS-01/13 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ”-ний хавсралт 1-т заасан нийт 125 805.46 ам.долларыг хариуцагч гэрээний 4.3-т заасан нөхцлөөр төлж барагдуулна. Нэхэмжлэгч захиалгаар ирүүлсэн гэрээнд заасан тэсэлгээний хэрэгслүүдийг 2013 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр тоо, ширхэгээр нь бүрэн нийлүүлэн, хариуцагчийн төлөөлөгчид хүлээлгэн өгч харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Хариуцагч 1 дэх гэрээний төлбөрт 141 847 516.23 төгрөг буюу 81 807.99 ам.долларыг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл төлбөр 43 997.47 ам.долларыг өнөөдрийг хүртэл төлөөгүй тул уг төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ханшаар хөрвүүлж 90 146 416 төгрөг болж байх тул гаргуулж өгнө үү. 

2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр OM-SMS-01/14 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах ба худалдан авах тухай гэрээ”-нд нийт 2326 хайрцаг тэсэлгээний хэрэгслийг 4 удаагийн ачилтаар нийлүүлэхээр харилцан тохиролцож, гэрээний нийт үнийн дүн болох 552 056.34 ам.долларыг гэрээний 4.4-т зааснаар хариуцагч төлж барагдуулна. Хариуцагч 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А14/14 тоот албан захиалгыг нэхэмжлэгчид ирүүлж, уг захиалгын дагуу манайх мөн оны 4 дүгээр сарын 01-ний өдөр барааг бүрэн нийлүүлж, харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. Манай тал хариуцагчийн захиалгын дагуу нийлүүлсэн барааны төлбөр 142 653.50 ам.долларыг гэрээний дагуу 2 удаа нэхэмжлэхэд хариуцагчаас 2 удаа нийт 15 сая төгрөг буюу 8 110.65 ам.долларыг шилжүүлсэн. Нэхэмжлэгч гэрээний дагуу эхний удаа ачуулсан барааны үлдэгдэл төлбөр 134 542.85 ам.долларыг хариуцагчаас шаардсан ч төлж барагдуулаагүй. Талуудын нягтлан бодогч нар 2 гэрээний үлдэгдэл төлбөр дээр тооцоо нийлж, нэхэмжлэгчээс 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд хариуцагчид худалдсан барааны үлдэгдэл төлбөр  нийт 178 540.32 ам.долларыг талууд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан. Иймд 178 540.32 ам.доллар буюу 365 811 261 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Спейшл майнинг сервис” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбартаа: “Орика монголиа” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нийт 268 458.96 ам.доллар бүхий тэсэлгээний хэрэгсэл манай компани авснаас 89 918.64 ам.долларын төлбөр хийж, нийт 178 540.32 ам.долларын үлдэгдэлтэй байгаа. 2014 оноос өнөөдрийг хүртэл уул уурхайн гаралтай түүхий эдийн үнэ ханш тогтмол унаж, манай гол харилцагч уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлбөрийн чадвар муудсаны улмаас барааны борлуулалт огцом буурсан. “Орика монголиа” ХХК-д нотлох баримтын хамт гарган өгч, дийлэнх авсан барааг буцааж өгөх, өөр бараа материал, ажил үйлчилгээгээр төлөх замаар төлбөрийн асуудлыг талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2-т заасны дагуу хэлэлцээрийн журмаар шийдвэрлэхээр санал хүргүүлсэн боловч нэхэмжлэгчээс тодорхой хариу өгөөгүй. Иймд манай компани эвийн журмаар шийдвэрлэхийн тулд талуудын зүгээс шалтгаалах арга хэмжээ авах ёстой. Нэхэмжлэлийг зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх:  Иргэний  хуулийн  243  дугаар  зүйлийн  243.1  дэх  хэсэгт  заасныг  баримтлан хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас зээлийн  гэрээний  үүргийн  гүйцэтгэлд 337 162 681 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 648 579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 987 006.31 төгрөгийг   улсын  орлогод  хэвээр  үлдээн,  хариуцагч “Спэйшл майнинг сервис” ХХК-иас 1 843 763 төгрөг гаргуулан “Орика монголиа” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Алтансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Спэйшл майнинг сервис" ХХК-иас худалдан авсан эд зүйлийн үлдэгдэл болох 178 540.31 ам.долларыг гаргуулахаар шаардах эрхтэй. Дээрх төлбөрийг хариуцагчаас гаргахдаа Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтад заасны дагуу үүрэг гүйцэтгэх үеийн ханш буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханш болох ам.долларыг 1 888.44 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж үзсэн. Шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх заалтыг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргах үеийн 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн ханш ам.долларыг 2048.8 төгрөгөөр бодох ёстой байтал талуудын тооцоо нийлсэн актын огноог үндэслэн үүрэг гүйцэтгэх үеэр тооцсон нь үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн үнийг тодорхойлохдоо тухайн үеийн ханш буюу нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар бодож гаргасан. Мөн шүүх зохигчийг эвлэрэх боломжоор хангаагүй бөгөөд шүүх хуралдааны үед хариуцагчийг шүүх хуралд оролцуулах шаардлагатай, хариуцагчтай эвлэрэх боломжоор хангаж өгөх үүднээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй байхад хүсэлтийг хангаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны тов танилцуулаагүй хэрнээ өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж 28 648 579 төгрөг хариуцагчаас нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК нь хариуцагч “Спэйшл майнанг сервис” ХХК-иас тэсэлгээний хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний үүрэгт 178 540.32 ам.доллар буюу 365 811 261 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа зах зээлийн хүндрэлээс үйл ажиллагаа явуулаагүй, гэрээний дагуу хүлээж авсан зарим бүтээгдэхүүнийг буцаах тайлбар гаргасан ч гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах шаардлага гаргаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн №ОМ-SMS-01/13 дугаар “Тэсэлгээний хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-нд зааснаар “Орика монголиа” ХХК нь “Спэйшл майнанг сервис” ХХК-д гэрээний хавсралтад дурдсан тэсэлгээний хэрэгслүүдийг нийлүүлэх, хариуцагч нь хүлээн авч нийт 114 368.60 ам.доллар төлөх, мөн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан №ОМ-SMS-01/14 дугаартай “Тэсэлгээний хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ”-нд зааснаар 501 869.40 ам.долларын үнэ бүхий тэсэлгээний хэрэгслийг нийлүүлж, худалдан авсан, талууд үүссэн өр төлбөрийн талаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд авсан барааны талаар тооцоо нийлж 178 540.32 ам.долларын тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн болох үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдах авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Талууд 2 гэрээний тооцооны үлдэгдлийг баталгаажуулж, тэдний хоорондох төлбөрийн үлдэгдэл 178 540.32 ам.доллар болох талаар маргаагүй ч үүрэг гүйцэтгэх үеийн ам.долларын ханшийн талаар маргасан байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх үеийн ханшийг буруу тайлбарлан хэрэглэснээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу болсон бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Талууд тооцоо нийлсэн баталгаа гэх баримтад үүргийг гадаад валют болох ам доллараар тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдрийг үүрэг гүйцэтгэх үе гэж үзэж төлбөрийг мөн өдрийн ханшаар тооцох нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

Тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож буй 178 540.32 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн ханш болох 2048.90 төгрөгөөр тооцон 365 811 261 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэх гомдлоо давж заалдах шатны шүүх хуралдаан дээр дэмжээгүй бөгөөд уг зөрчлийн талаар дүгнэх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар  сарын 07-ны  өдрийн 102/ШШ2016/04594 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Спейшнл майнинг сервис” ХХК-иас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 365 811 261 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-д олгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад “1 843 763” гэснийг “1 987 006” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Орика монголиа” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301 193 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Э.ЗОЛЗАЯА

 

                                      ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

 

                                                                                                  Д.БАЙГАЛМАА