Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 407

 

Б.Баярсайхан, Б.Шараваа нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

ялтан Д.Баярсайханы өмгөөлөгч Л.Амартогос,

ялтан Б.Шараваагийн өмгөөлөгч Ч.Баасанжав

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

           

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Мөнхзул, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Баярсайхан, ялтан Б.Шараваа,түүний өмгөөлөгч Ч.Баасанжав нарын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 201626011396 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Боржигон овгийн Баатарын Баярсайхан, 1967 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 31-ийн 53 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД: ЧЕ67042972/,

           

            Боржигин овгийн Бэхийн Шараваа, 1938 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 79 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1 дүгээр баазын 1-ийн 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ЧЕ38081063/,

            Ялтан Б.Баярсайхан нь согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож боолт амьсгал бүтэлтээр санаатай алсан гэмт хэрэгт,

 

Ялтан Б.Шараваа нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Б.Баярсайхан нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож санаатай алсан гэмт хэргийг үйлдсэнийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

           

            Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Баярсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар, Б.Шараваагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

           

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ялтан Б.Баярсайханыг хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэгт, Б.Шаравааг хүнийг санаатай алсан гэмт хэргийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Б.Баярсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15-д зааснаар 15 жил 01 сар хорих, Б.Шаравааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт  зааснаар Б.Баярсайханд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Шараваад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар Б.Баярсайханы цагдан хоригдсон 123 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, Б.Шараваа нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Шараваа, Б.Баярсайхан нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 66 см, 88см, 270 см урттай нэг талдаа сэмэрсэн цэнхэр өнгийн уяа 3 ширхэгийг устгаж, ялтан Б.Шараваагийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт 40 хуудастай, 3 ширхэг рентген зургийг түүнд буцаан олгож, талийгаач Б.Чинчулууны амбулаториор эмчлүүлэгсдийн карт 50 хуудастай, нийслэлийн түргэн тусламжийн төвийн 103 дугаарын утсанд дуудлага өгсөн бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Б.Баярсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээн, түүнийг цагдан хорьж, Б.Шараваад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, тэдний эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тоолохоор дурдаж шийдвэрлэжээ.

           

Ялтан Б.Баярсайхан давж заалдах гомдолдоо:

            Миний бие шүүхээс оногдуулсан 15 жил 1 сарын хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч  гомдол гаргаж байна.

Б.Баярсайхан миний бие тус шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, миний үйлдсэн хэргийн шинж чанар нь амьдралын хүнд хэцүү нөхцөлд өөрийн төрсөн ах асаргаанд байдаг 55 настай Б.Чинчулууныг алсан болох нь шүүхийн шинжилгээний акт дүгнэлтээр гадны нөлөөтэй боолт, багалзуурдалт хүчний нөлөөгөөр үйлдэгдсэн гэж тогтоогдсон. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт миний бие энэ хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь би тухайн хэрэг гарсан үеийн нөхцөл байдлыг сайн санахгүй ухаан санаа орж гараад байсан учир би арай ч хайрлаж асарч байсан төрсөн ахынхаа амийг егүүтгэх хэрэг хийгээгүй байх гээд итгэж чадахгүй байсан юм. Бүтэн гурван сарын турш би толгой өөд татахгүй талийгаач ахыгаа асарч тойглож шаардлагатай бүхнийг хийж нойр хоолгүй ээждээ тусалж байсан хүн болохоор өөрийгөө арай ч ийм хэрэг хийгээгүй байх гэж бодсон. Одоо хориход 4 сар 10 хоног тасралтгүй суугаад маш их юм бодож байна. Өнгөрсөн явдлыг эргэн санан ухаарахад миний ээж төрсөн хүүгээ ямар алав гэж дээ. Ээж бид хоёроос өөр хүнгүй юм чинь би л ахыгаа егүүтгэжээ. Тухайн үед нилээн согтолттой байсан ба болсон явдлыг орон гаран санаад байгаа тул надаас гарцаа байхгүй байжээ гэж одоо ухаарч байна. Би хийсэн хэргээ хүлээж чин санаанаасаа гэмшиж байгаа тул миний ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү гэв.

Ялтан Б.Шараваа давж заалдах гомдолдоо:

2016 оны 6 дугаар сарын 6-ны үдээс хойш Б.Чинчулууны биеийн байдал нь суларч эвгүй байдалтай байсан болохоор нь би гараад гадаа явж байсан эмэгтэй хүнээр хүү маань эвгүй болчихлоо гээд өөрийн утсаа өгч түргэн дуудуулсан, түргэн ирж үзэж хараад явсан. Ингэж хүүгээ нас барсныг мэдсэн. Хүү Б.Баярсайханыг ахынхаа амь насыг хохироож байхыг би хараагүй. Гэтэл шүүх намайг Б.Чинчулууны амь насыг хохироосныг мэдсээр байж нуун дарагдуулж, зохих газарт мэдээлээгүй гэж надад 1 жил хорих ял оногдуулж байгааг ойлгохгүй байна. Ер нь би юм ойлгохоо больсон, дуулсан зүйлсээ түргэн мартдаг. Намайг хүн гэхэд хэцүү л болсон. Даралт 250 хүрдэг, нүдний хараа муудсан. 2017 он гараад зүүн талын нүдэндээ болор суулгуулсан, нөгөө нүдэнд нь бас болор суулгана гэж хэлсэн юм. Иймд Б.Шараваа надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Ялтаны өмгөөлөгч Б.Шараваагийн өмгөөлөгч Ч.Баасанжав давж заалдах гомдолд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Баярсайхан нь талийгаач Б.Чинчулууны амь насыг  бүрэлгэж байхыг Б.Шараваа харж үзсэн гэх хангалттай баримт байхгүй, харин ч уг хэрэг гарахад хэрэглэсэн байж болох гэрийн бүслүүрийн цэнхэр өнгөтэй уяаг Цагдаагийн мөрдөн байцаалтанд авчирж өгсөнөөс үзэхэд Б.Шаравааг урьдчилан амлалгүйгээр  Б.Чинчулууны амь насыг хохироосон хэргийг нуун далдалсан гэж үзэхгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийг тайлбарласан тайлбарт: Энэ гэмт хэргийн субъект нь нуун далдалсан хэргийг үлдсэн этгээдийн гэр бүлийн гишүүд эх үр хүүхдээс бусад 16 насанд хүрсэн, сэтгэл мэдрэлийн хувьд хэрэг хариуцах чадвартай хувь хүн хэн ч байж болно гэснийг үндэслэж Б.Шараваад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж санал тавьсан юм.

Хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс Б.Шараваад эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт  зааснаар ял шийтгэсэн нь зөв байна гэж үзвэл Б.Шараваад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж ялыг хөнгөрүүлж өгнө үү.

Б.Шараваа нь 1938 онд төрсөн одоо 79 настай, хоёр нүдний хараа муу, зүүн нүдэндээ болор суулгуулаад удаагүй, цусны даралт байнга өндөр, байнгын эмнэлгийн хяналтанд байж эмчилгээ хийлгэдэг. Одоо хорих ангийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа.

Б.Шараваа нь урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөр байхгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэхийг хүсье гэжээ.

ялтан Б.Баярсайханы өмгөөлөгч Л.Амартогос шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Баярсайханы хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцсон. Ялтан Д.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Д.Баярсайхан нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй. Түүний хувийн байдал, эрүүл мэндийн хувьд нэг гарын сарвуу булгаралттай тайруулсан, байнгын буюу хугацаагүй 69 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай гэж тогтоосон. Мөн гэр бүл болох Мөнгөнцэцэг нь 100 хувийн сонсголгүй, мөн хөдөлмөрийн чадвар алдалттай хүн байдаг. Шүүгдэгч давж заалдах гомдолдоо тодорхой дурдсан учраас дахин тайлбар хийхэд илүүц гэж үзэж байна. Иймд эдгээр байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулан ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлаж, хорих ялын дэглэмийг бууруулж өгнө үү гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Шараваа нь 79 настай. Давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас прокурорын зүгээс гаргах санал байхгүй. Харин анхан шатны шүүх ялтан Д.Баярсайханы хувийн байдал, болон түүний ар гэрийн байдлыг харгалзан хуульд зааснаар хамгийн доод ял шийтгэлийг оногдуулсан учир Д.Баярсайханы ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх боломжгүй байна.  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

    ХЯНАВАЛ:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэхь хэсэгт заасан “ шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэж гарчээ.

 Б.Баярсайхан нь архи уун согтуурсан үедээ 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож боолт амьсгал бүтэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 Б.Шараваа нь 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр Б.Баярсайхан нь согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар баазын 1 дүгээр гудамжны 4 тоотод өөрийн төрсөн ах хэвтрийн өвчтэй, хөдөлмөрийн чадвар 80 хувийн алдалттай, асаргаанд байдаг 55 настай Баатарын Чинчулууныг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэрийн бүслүүрийн уяагаар хоолойг нь боож санаатай алсан гэмт хэрэг үйлдсэнийг урьдчилан амлалгүйгээр нуун далдалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Б.Баярсайханыг яллагдагчаар байцаагдсан: “...2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр би эх Б.Шараваагийн  гэрт хоносон юм. Эх Б.Шараваа өөрийнхөө уудаг эмэнд өглөө эрт яваад 10 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд би ах Б.Чинчулууныг хуурайлж бохирыг нь цэвэрлэчихээд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг Капитал банк орж группын зөрүү мөнгө болох 126.000 төгрөг аваад банкны хажуугийн цайны газар орчихоод,  охин Б.Солонгод 20.000 төгрөг өгөөд цааш явж Цэргийн хотхон орж дэлгүүрээс 0.5 литрийн Хараа архи, ууттай печень, гоё ундаа аваад ээж Б.Шараваагийн гэрт ирэхэд эх, ах хоёр байсан. Ах Б.Чинчулуун орон дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь 2 печень идүүлж ундаа гуурсаар уулгахад ах унтсан. Би хугас шил архинаас ээж Б.Шараваад жижиг рункеер 2 удаа хийж өгөөд өөрт байсан мөнгөө тоолоход 86.000 төгрөг байхаар нь би 80.000 төгрөгийг нь бичиг баримттайгаа ах Б.Чинчулууны  хэвтэж байсан орны толгой дээр байдаг чемоданд хийгээд 6000 төгрөгөө аваад эх Шараваагийн гэрээс гараад дэлгүүр орох гээд явж байтал 2 үл таних залуу архи уухуу гэхээр нь цуг уучихаад ээжийн гэр лүү буцаад ирэхэд цагдаагийн машин ирчихсэн байхаар нь намайг ороход ахыг нас барсан байна гэж Б.Тунгалаг эгч надад хэлэхээр нь би уйлаад орох гэхэд Б.Тунгалаг эгч намайг загинаад суулгасан. Тэгээд би тамхи татаж байгаад гэрт ороход ахын шарилыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-20/,

Б.Шараваагийн сэжигтнээр өгсөн:”...2016 оны 6 дугаар сарын 6-ны өглөө 7 цагт сэрээд хорооны эмнэлэг рүү 8 цагийн үед очиж даралтаа үзүүлэхээр явахад хүү Б.Чинчулууныг Б.Баярсайхан хараад үлдсэн. Тэгээд би өрхийн эмнэлэгтээ үзүүлчихээд хөнгөлөлттэй эм бичүүлж аваад 5 шарын эмийн сангаас би даралтны эм авах гээд хайгаад ололгүй Дэвшилд байдаг монос эмийн сан орж даралт, зүрх, толгойны эм аваад 10 цаг өнгөрч байхад гэртээ очиход Б.Баярсайхан гэртээ харихаар группын нэмэгдэл 21.000 төгрөгөө авахаар явсан тэгээд би хүү Б.Чинчулууны хамт гэртээ үлдээд 11 цаг болоогүй байхад би гэрийнхээ арын дэлгүүр орж тараг авахаар явахдаа хүү Б.Чинчулууныг ганцааранг нь үлдээгээд дэлгүүр явж тараг аваад гэртээ ирээд хүү Б.Чинчулуунаас тараг идэх үү гэж асуухад идье гэж хэлэхээр нь би овоо олон тараг халбагадаж өгөөд аяга угаагаад гэрээ цэвэрлээд байж байтал 15 цагийн орчим Б.Баярсайхан гаднаас ганцаараа ирэхдээ ууттай печень, нэг ундаа, 2 хайрцаг тамхи, жижиг шилтэй хараа архи авч ирсэн. Б.Баярсайхан бид хоёр жижиг шилтэй хараа архийг хувааж уугаад би согтоод миний ухаан балартаад нэг мэдэхэд Б.Баярсайхан байхгүй болчихсон байсан. Тэгээд би хүү Б.Чинчулууны хөл нь ил гарчихсан байхаар нь би хөлийг нь хөнжилөөр хучихад хүү Б.Чинчулуун чиний бах чинь ханаж байна уу гэж надад хэлэхээр нь би чи яахлаараа намайг ингэдэг юм гэж хэлээд хөл рүү нь 1 хальт цохичихоод холдоод сууж байтал Б.Чинчулуун толгойгоо илээд байхаар нь би толгой нь бэртэлттэй хүний гарт орсон амьтан гэж өрөвдөөд толгой нь өвдөж байна уу гэж очоод асуухад чи зайл миний эхнэр хүүхдийг олж ир гэж хэл ам нь тультарч хэлэхийг нь би ойлгоод гомдоод миний нулимс гарч уйлаад чи өөрөө явуулаа биздээ би мэдэхгүй чи намайг дандаа ингэж байх юм гээд би гараар Б.Чинчулууны дээрээс гараараа хүзүүг нь базалж майжаад ноцолдоод байсан санагдаж байна тэр үед Б.Чинчулууны хүзүүн дээр гараараа л дараад байсан. Ямар ч байсан би гартаа ямар нэг эд зүйл барьсан үгүйгээ санахгүй байна учир нь би тухайн үед их согтуу байсан. Тэгээд нэг мэдэхэд Б.Баярсайхан ирчихсэн байсан тэгээд түргэний эмч Б.Чинчулууныг нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 81-82/, 

Б.Шаравааг яллагдагчаар байцаагдсан: “...би талийгаач хүү Б.Чинчулуунд тараг өгөөд байж байтал толгойныхоо дагз хэсгийг гараараа бариад базлаад байсан тэгэхээр нь миний хүүгийн толгой өвдөж байна уу гээд очиход талийгаач хүү баруун гараараа миний толгойтой үснээс үсдээд зулгаагаад татаад байхаар нь би гарнаас нь толгойтой үсээ суллах гэж гарыг нь тавиулахын тулд амь авраарай гэж орилоод баруун гараараа талийгаач хүүгийн хүзүү түнх хэсэгт нь гараараа нилээн удаан хугацаанд хамаг хүчээрээ дарсан тэгээд тавиулж толгойгоо авсан ба би хүзүүнээс нь гараа аваад орных нь урд суусан. Тэгээд талийгаач хүү ямар ч хөдөлгөөнгүй болоод сонин болчихоор нь би гудманд гараад авраарай туслаарай гэж орилоод нэг танихгүй эмэгтэй хүнээр би өөрийнхөө утсаар түргэн дуудсан. Тэгээд нэг мэдэхэд түргэний эмч ирсэн байсан...” гэх мэдүүлэг/1хх-ийн84/,

яллагдагчаар дахин байцаагдсан:  “...надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь би талийгаач хүү Б.Чинчулууныг гэрийн бүслүүрийн уяагаар боож амь насыг нь хохироогоогүй, талийгаач хүүгийнхээ аманд тараг хийж өгөөд дуусаад аягаа ширээн дээр тавьчихаад эргээд харахад толгойгоо өндөлзүүлээд байхаар нь би очоод цээжин дээр гараараа дараад яагаад байгаа юм бэ ? гэхэд бах чинь ханаж байна уу гэж хэлээд миний үснээс үсдээд татахаар нь би амь авраарай гэж хэлээд хэсэг гарыг нь тавиулах гээд болохгүй болохоор нь би зүүн гараараа хоолойн дээр нь гараараа түлхэж шахахад талийгаач хүүгийн гар сулраад миний үснээс тавихаар нь миний толгой өвдөөд орных нь урд сууж байтал талийгаач хүүгийн царай цонхийгоод сонин болохоор нь би хашаанаасаа гүйж гараад танихгүй эмэгтэйгээр түргэн дуудуулсан. Тэр эмэгтэй надад түргэний эмч дуудаж өгөөд явсан. Тэгээд удалгүй түргэний эмч хурдан ирээд хүү Б.Чинчулууныг нас барсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн156-157/,

Б.Шаравааг дахин яллагдагчаар байцаагдсан: “...тухайн үед мэдүүлэг өгөхөд миний сэтгэл санаа тогтворгүй байсан учир нь 5 жил хүүгийнхээ бохиртой зууралдан харж асарч  байсан хүү маань нас барсанд миний сэтгэл санаа тогтворгүй байсан. Би 2010 оноос хойш хүү Б.Чинчулуунтай хамт нэг гэрт амьдарч  байсан үр минь нас барсанд миний хувьд их хэцүү байсан болохоор ямар утгатай мэдүүлэг өгсөн үгүйгээ  одоо сайн санахгүй байна. /хэсэг уйлав/ Би юу гэж өөрийн төрсөн хүүгээ өс хонзон санаж алах юм бэ? би өөрөө 5 жил гаран хугацаанд асарч халамжилж байсан хүүдээ өс хонзон санах учир байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 167/,

Гэрч Б.Мөнгөнцэцэгийн: 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Баяраа хөдөө Налайх дүүрэгт барилгын ажил хийх гээд хүн дагаад явсан юм тэр хооронд хадам эх Б.Шараваа манай хашаанд гэрээ бариад амьдарч байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хадам эх Б.Шараваа манай гэрт согтуу орж ирээд надад агсам тавьсан. Тэгээд манай хүүхдүүд гэрт нь оруулсан. Тэгээд дахиад манайд орж ирээд агсам тавиад байхаар нь манай хүү Б.Эрдэм охин Б.Тунгалагт нь утсаар хэлэх үед би хадам эх Б.Шараваагийн гэрт ороход хаалганаасаа хар уяа унжуулсан гартаа заазуур барьчихсан өөрийгөө ална гэж орилоод байсан. Тэр үед хүүхдүүддээ хэлж байгаад гараас нь заазуурыг нь авахуулаад цагдаа дуудаад, тэр үед шүүхэд хэрэг байсан учир тус шүүхийн туслах руу залгаж хэлсэн. Хүүхдүүдээрээ архийг нь гартал мануулж харуулсан. Тэр үед манай охин Б.Солонго, Б.Тунгалагтай утсаар яриад эх Б.Шараваагийн байдлыг хэлэхэд ажилтай байна гэж уурлаад энэ бүхэн танай эцгээс болж байгаа юм танай эцгийн хийсэн лайнаас болж байгаан гэж хэлээд утсаа тасалсан байсан. Тэгээд би хадам эхээс юу болоод байгаа талаар асуухад би хүүхдээ алаагүй, би биш гэж хэлсэн тэгэхээр нь би та Б.Баярсайханы өмнөөс хэрэг хүлээх гээд байгаа юм биш биздээ гэхэд яахав яахав би явъя Б.Баярсайхан үлдэг гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 8-9/,

Насанд хүрээгүй гэрчээр Б.Солонгын: “...манай хашаанд амьдарч байхад эмээ Б.Шараваа манай аав Б.Баярсайхантай нийлж архи уудаг байсан. Архи уухаараа би хүүхдээ алаагүй намайг хүүхдээ алсан гэж хүн болгон хэлж байна би алаагүй гэж уйлдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эмээ ганцаараа гэртээ архи уучихаад агсам тавьсан тухайн үед аав байхгүй байсан. Агсам тавиад байхаар нь гэрт нь оруулаад гаднаас нь түгжиж байтал ээж эмээгийн гэрт ороход эмээ Б.Шараваа гэрийнхээ хаалганы дээд талын 3 унь авчихсан тооно хаалга 2-ын хооронд байсан уяаг унжуулчихсан өөрийхөө хүзүүгээрээ уяагаа хийчихсэн гартаа хутга билүү заазуур ч билүү барьчихсан хүн болгон намайг хүүхдээ алсан гэж байна би алаагүй үхмээр байна гэж хэлж байсан тэр үед би Б.Тунгалаг эгч рүү залгаж эмээг амиа хорлох гээд байна хүрээд ир гэхэд Б.Тунгалаг эгч очиж чадахгүй ажилтай байна гэж байсан. Намайг эмээ Б.Шаравааг хараад сахиад байж байхад би болсон явдлын талаар үнэнийг хэлье гэж хэлж байснаа намайг хүн болгон хүүхдээ алсан гэж хэлж байна би явсан дээр би угаасаа дуусах дөхсөн хүн Б.Баярсайхан үр хүүхэд, ач зээтэй хүн би бараг дууссан хүн би явъя гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн10-11/,

Гэрч Б.Эрдэмийн: “...манай эмээ Б.Шараваа хашаа байшингаа талийгаачийн ар гэрт өгөөд манай хашаанд амьдрах болсон. Амьдарч байх хугацаандаа аав Б.Баярсайхан, эмээ Б.Шараваа хоёр нийлж архи их уудаг байсан. Архи уухаараа би хүүхдээ ална гэж юу байдаг юм гэж аав Б.Баярсайханд хандаж би маргааш Эрдэнэбаатар байцаагчид очиж бүгдийг үнэнээр нь хэлнэ чи битгий давраад байгаарай гэхэд аав Эрдэнэбаатар байцаагч бүгдийг мэдэж байгаа гэж хэлдэг байсан. Б.Шараваа эмээ манай хашаанд бууснаас хойш 1 сарын дараа агсам тавьж байшингийн цонх хагалаад байхаар нь би унтуулах гээд гэрт нь оруулаад  гэртээ орж ирээд байж байтал гэрийнхээ уньнаас олс унжуулчихсан уйлчихсан сууж байсан тэгэхээр нь би яахаа мэдэхгүй Тунгалаг эгч рүү залгахад сайн хар гэж хэлсэн.  Эмээг харж байх хугацаанд эмээ хэн ч намайг ойлгохгүй юм, би хүүхдээ алаагүй гэдэг байсан. Аав гадуур архи уугаад ирээд эмээтэй маргалдахад эмээ чи Б.Чинчулууныг алсан биздээ чамайг байцаагчид хэлнэ гэж байнга дасал болсон юм шиг хэлдэг байсан. Аав Б.Баярсайхан би алаагүй цагдаа нар шалгаж байгаа. Эмээ Б.Шарав чи давраад байгаарай чи алсан гэдэг болсон...” гэх мэдүүлгүүд  /2хх-ийн 12/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 7  дугаар сарын 1-ний өдрийн №4193 дугаар дүгнэлтэд: “...шинжилгээнд ирүүлсэн гэрийн баруун хананд байх уяаны тасархай гэх бичигтэй 270 см урттай уяаны төгсгөл гэж ялгасан үзүүр болон гэрийн гадна хашааны зүүн урд булангаас олдсон гэх 66 см урттай уяаны эхлэл гэж ялгасан үзүүрүүд урьд нэг бүхэл байсан ба хурц иртэй зүйлээр 1 удаагийн үйлчлэлээр шинээр таслагдсан байна. Бусад үзүүрүүд нь эдэлгээний явцад сэмэрч тасарсан ба хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй байна. Дээрхи 3 ширхэг уяа тус бүр нь ташуу нэхээстэй, полиэстэр материалтай нэг төрлийн уяа мөн байна...” гэсэн дүгнэлт /2хх-ийн 48/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №1076 дүгнэлтэд: “...талийгаачид механик амьсгал бүтэлт,багалзардуулалт, боолт тогтоогдлоо. Багалзуурдалт нь сарвуугаар хоолойг базаж шахах, дарах үед , боолт нь уяагаар оосороор хоолойг нь гарын хүчээр дарах шахах үед үүснэ. Талийгаач нь амьсгал бүтэж нас баржээ. Цус нь 1 дүгээр бүлэг байна.  Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн уйланхайтай байсан ба үхэлд хүргээгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ...”гэсэн дүгнэлт /2хх-ийн 52/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Ганболдыг гэрчээр асуусан тэмдэглэлд: “...эрхтэн бүрэн, эрүүл мөчүүдийн хөдөлгөөн хэвийн зурган дээрх эмэгтэй үүсгэсэн байж болно. Хүзүүг бооход 4 кг хүч үйлчилэхэд мөгөөрсөн хоолой болон хүзүүний том судсууд дарагдаж амьсгал бүтэлтэнд хүргэдэг. Энэ гэмтлийг авсанаас хойш 30-45 минутад ухаан алдаж 1-2 минутад нас барна...” гэх мэдүүлэг /2хх-ийн 166/,

Нийслэлийн түргэн тусламжийн төв 103-аас түргэн тусламжийн дуудлагын хуудас №MCHF19404217 /88511079 буюу Б.Баярсайханы гэх/ дугаараас дуудлага өгсөн тухай баримт /2хх-ийн 89/,

Хохирогч Б.Чинчулууны эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон баримтууд болох байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /2хх-ийн 113/, “ хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувь гэсэн, хугацаа тогтоосон акт №0128419 /2хх-ийн 114/, Б.Чинчулуун нь гэрийн нөхцөлд эмчийн байнгын хяналтанд байсан тухай эмчийн тэмдэглэлүүд /2 хх-ийн 115-120/, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын комиссын шийдвэр /2хх-ийн 121/ зэрэг баримтууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, шүүхээс Б.Шараваа, Б.Баярсайхан нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ, ял эдлэх дэглэм нь ялтны хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюул, хэр хэмжээнд тохирчээ.

Давж заалдах гомдлын тухайд:

Ялтан Б.Шараваа, түүний өмгөөлөгч Ч.Баасанжав нар давж заалдах гомдолдоо, ялтан нь өндөр настай, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөхийг хүсчээ.

Ялтан Б.Шараваа нь анх удаа  гэмт хэрэг үйлдсэн, одоо 79 настай, эрүүл мэндийн хувьд даралт ихсэх өвчтэй, хувийн байдал  зэргийг харгалзан  үзэж  түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

 Ялтан Б.Баярсайхан нь онц хүнд гэмт хэрэг үйлдсэн, бусдын амь насыг хохироосон  хор уршиг арилахгүй,  түүний үйлдсэн хэрэгт  тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр  ял оногдуулсан байх тул уг ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд ялтан Б.Шараваа болон түүний өмгөөлөгч Ч.Баасанжавын “оногдуулсан  хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч,  Б.Баярсайханы “ ял хөнгөрүүлэх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын  5-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэхь хэсэгт зааснаар Б.Шараваад оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай” гэсэн нэмэлт оруулсугай.

2. Ялтан Б.Шараваад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хүчингүй болгож, нэн даруй суллан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Ялтан Б.Баярсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            4. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                   

 

                                   

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Д.МЯГМАРЖАВ                                                    

                                   

                                    ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР

        

                                                                                                           

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ