Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2020/0287

 

                                  М.Ц-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганхүрэм, нэхэмжлэгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэртэй, М.Ц-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг баримтлан ““М” цогцолбор сургууль болон 00 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах” нэхэмжлэгч М.Ц-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдолдоо: “… Нэхэмжлэлийг ажилд томилсон захиргааны актын хууль бус эсэхтэй буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Б/07, Б/28 дугаар тушаалуудтай маргаагүй, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн Б/07 дугаар тушаал гарсантай холбогдуулан өмнө эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгсөн талаар мөн үгүйсгээгүй.

Харин Боловсрол, соёл, шинжлэн ухаан, спортын сайд өөрийн хууль ёсоор гаргасан захиргааны актын биелэлтийг хангаж ажиллаагүй нь захиргааны хууль бус эс үйлдэхүй гэж үзэж маргасан. Энэхүү эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нийтдээ 11 сар ажилгүй байсан бөгөөд энэ хугацаанд өөрт учирсан хохирлоо хуулийн дагуу шаардсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад удаа дараа шаардаж, эцэст нь яамны мэргэжилтнээс “...шүүхээр шийдвэрлүүлнэ үү...” гэж амаар татгалзсан хариу авснаар шүүхэд хандахаар болно.

Хариуцагч Б/07, Б/28 дугаар тушаалуудаар нэхэмжлэгчийг ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын захирлын албан тушаалд томилсон ч Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-т заасны дагуу захиргааны актад шийдвэр гүйцэтгэж актын биелэлтийг хангаж ажиллаагүй. Зүй нь Захиргааны актыг батлан гаргасан этгээд тухай акт хэрэгжихгүй, эсхүл түүнд гомдол гаргах хугацаа нь өнгөрсөн бол Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д зааснаар тухайн актыг баталсан байгууллага гүйцэтгэх үүрэгтэй хуулиар тогтоож өгсөн.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд, 28.1.12-т “... ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлаыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх” гэж заасан. Гэтэл хариуцагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд гаргасан тушаалыг нь биелүүлээгүй өөрийн томилдог доод шатны албан тушаалтанд холбогдуулж захиргааны актын биелэлтийг хангуулах шийдвэр гаргах замаар нэхэмжлэгчийг албан тушаалд нь томилох ажлыг үр дүнд хүртэл нь шийдвэр гаргах замаар нэхэмжлэгчийг албан тушаалд нь томилох ажлыг үр дүнд хүртэл нь зохион байгуулах ёстой байтал энэ үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хуучин захирлууд ажлаа хүлээлгэн өгөлгүй нэхэмжлэгчийн хууль ёсоор ажилд томилогдсон шийдвэр биелэгдээгүй.

Өөрөөр хэлбэл, захиргаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дотоод дахь шатлан захирах ёсыг хангаж ажиллаагүй, сайдын тушаалыг дурын албан тушаалтан биелүүлэхгүй байх боломжтой мэтээр ойлгогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн  нь тодорхой байна.

Гэтэл шүүх Б/07 дугаар тушаалын хэрэгжилтийг хангахаар хариуцагч ажлын хэсэг байгуулсан нь эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөлийг үгүйсгэх үндэслэл гэж дүгнэсэн ч тус ажлын хэсэг ажил хүлээлцүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч Б/07, Б/28 дугаар тушаалуудын дагуу ажилд томилогдож чадаагүй нь илэрхий, энэ талаар хариуцагч ч мөн маргаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1-д захиргааны актад гомдол гаргах хугацаа өнгөрсөн бол тухайн захиргааны актад шийдвэр гүйцэтгэх талаар зохицуулсан байх ба хариуцагчийн Б/07, Б/28 дугаар “ажлаас чөлөөлөх” тушаалд чөлөөлөгдөж буй хуучин захирлууд албан ёсоор тушаалд гомдол гаргасан үйл баримт байхгүй, харин зөвхөн ажлаа хүлээлгэн өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, эсэргүүцэл үзүүлсэн байхад хариуцагч захиргааны актад шийдвэр гүйцэтгээгүй.

Шүүх энэ үйл баримтын талаар “... захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ биелүүлэхийг шаардах, биелүүлэхгүй тохиолдолд албадан биелүүлэх боломжтой, энэ үүргээ бодитой хэрэгжүүлээгүй үйл баримт байгаа...” гэж дүгнэсэн атлаа, эсрэгээрээ хариуцагчийг зөвтгөхдөө “... өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн эс үйлдэхүйгээс хохирол учирсан гэж дүгнэх боломжгүй...” нэхэмжлэгч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас үүссэн хохирлыг л шаардах эрхтэй бөгөөд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь захиргааны актыг хэрэгжүүлэх талаар огт шийдвэр гаргаагүй, зохион байгуулаагүй эсхүл хууль бусаар татгалзсан байх нөхцөлөөр тодорхойлогдохоор байна” гэж агуулгын уялдаа холбоогүй, зөрчилдөөнтэй дүгнэлтүүд хийсэн.

          Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлд “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн  захиргааны төв байгууллагын бүрэн эрх”-ийг зохицуулсан байдаг бөгөөд нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн шалтгаан нь нэг талаас хариуцагч нэхэмжлэгчийг хуулийн дагуу ажилд ажилд томилох эрх хэмжээтэй ч түүнийг өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөх эрх хэмжээгүйтэй холбоотой.

          Нөгөө талаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь сайдын тушаалаар түүнийг ажилд томилж, тухайн албан тушаалд томилогдоно гэсэн хууль ёсны итгэл бий болсноос шалтгаалсан. Тухайлбал, нэхэмжлэгчид учирсан хохирол нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөс бус харин ажилд томилсон тушаалаа хэрэгжүүлээгүй хариуцагчийн эс үйлдэхүйгээс шалтгаалсан байхад шүүх энэ талаар үндэслэлгүй дүгнэсэн.

          Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.2.8-д заасны дагуу захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг хуулийн дагуу ажилд түр томилсон ч нэхэмжлэгчид тухайн ажилд томилогдоно гэсэн хууль ёсны итгэл үүссэн байхад хариуцагч тэрхүү итгэлийг хамгаалж өөрийн үйл ажиллагаанд зайлшгүй баримтлах тусгай зарчмыг хангаж ажиллаагүй.

          Учир нь нэхэмжлэгч 11 сар ажилгүй байсан нь сайдын тушаалын дагуу ажилд томилогдоно гэсэн итгэл үүссэнээс шалтгаалсан, улмаар ажлаа хүлээлгэн өгсөн байтал захиргааны байгууллага ч тэр, шүүх ч тэр нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалсангүй.

          Мөн шүүх “... нэхэмжлэгч ... хариуцагчийн шийдвэрлэхгүй байгаа асуудлаар гомдол гаргаагүй байна” гэж дүгнэсэн. Үүнийг үгүйсгэх нөхцөл нь хариуцагчийн тушаал биелэгдэнэ гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл 00 дугаар сургуулийн захирлаар Ц.Ц томилогдох хүртэл дуусгавар болоогүй үргэлжилсээр байсантай холбоотой бөгөөд шинэ захирал ажилд томилогдсоноор нэхэмжлэгч хохирч үлдсэн.

          Захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хууль ёсны итгэл хамгаалах зарчмыг баримтлах болзол нь тухайн харилцаа дуусгавар болох хүртэл үргэлжилдэг бөгөөд Ц.Ц лаборатори 00 дугаар сургуулийн захирлаар томилогдсоноор нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг захиргааны байгууллага хамгаалах нөхцөл дуусгавар болж, эсрэгээрээ энэ нь захиргааны байгууллага өөрийн шийдвэрийг биелүүлээгүй, хууль ёсны итгэлийг хамгаалаагүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэл бүрдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаалууд биелэгдэх боломжгүй болсон тул нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй хариуцагчийн буруутай эс үйлдэхүйг зөвхөн шүүх тогтоож, хамгаалах байтал хариуцагчийг зөвтгөсөн нь буруу байна.

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Ц нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан ““М” цогцолбор сургууль болон 00 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч М.Ц-аас “.... эдгээр тушаалын дагуу захирлын ажилд томилно гэсэн хууль ёсны итгэл байсан, ажил хүлээлцүүлэхгүй байгаатай холбоотой удаа дараа хандаж байсан боловч ажилд томилоогүй, ажилд томилсон тушаалын биелэлтийг хангаагүй хууль бус эс үйлдэхгүй гаргасны улмаас 11 сар ажилгүй байсан, цалин хөлсөөр хохирч байгаа тул ажилгүй байсан хугацааны хохирлыг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлдээ дурджээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалын[1] 1 дэх заалтаар “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх” үүссэн Н.Л-г Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори М сургуулийн захирлын үүрэгт ажлаас мөн өдрөөр тасалбар болгон чөлөөлж, 2 дахь заалтаар мөн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс М.Ц-г тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, мөн 5 дахь заалтаар Н.Л, М.Ц нарын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэх ажлыг зохион байгуулах, М.Ц-тай холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгаж шийдвэрлэжээ.

Уг ажлын хэсэг ажил хүлээлцүүлэхээр ажилласан боловч өмнөх захирал нь ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс дээрх тушаал биелэгдээгүй, мөн нэхэмжлэгч нь энэ тушаалаар сонгон шалгаруулалт болох хүртэл захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдсон боловч үүнтэй холбоотойгоор өөрийн ажиллаж байсан 00 дугаар сургуулийн сургалтын менежерийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн зэрэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Улмаар мөн сайдын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалын[2] 1 дэх заалтаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори дугаар сургуулийн захирал Р.Г-ыг мөн өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 00 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаж, захирал томилогдох хүртэл хугацаанд М.Ц г мөн өдрөөс эхлэн тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, мөн 3 дахь заалтаар Р.Г, М.Ц  нарын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлж, холбогдох санхүү, эд хөрөнгийн тооцоо хийж дуусгах, М.Ц тай хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгосон боловч мөн л уг тушаал биелэгдээгүй байна. 

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч М.Ц нь анх М цогцолборын захирлын албан тушаалд томилсон Б/07 дугаар тушаалын биелэлт Б/28 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд хангаагүйтэй холбоотой тухайн үед маргаагүй, энэ хугацаанд ажилгүй, цалин хөлсгүй байсан атлаа нэхэмжлэл гаргаагүй, хүлээн зөвшөөрч дараагийн захирлын албан тушаалд томилогджээ.

Уг тушаал биелэгдээгүйн улмаас М.Ц-г 00 дугаар сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар суурь боловсролын сургалтын менежерээр томилсноор Б/28 дугаар тушаал бодит байдалд биелэгдэхгүйг мэдсэн байх бөгөөд үүнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргалгүй, 1 жил 9 сарын дараа нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Учир нь мөн хуулийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж хугацаа үл хамаарах нэхэмжлэлийн төрлийг тусгайлан заасны дотор захиргааны байгууллагын эс үйлдэхүйтэй холбоотой болон учирсан хохирлыг гаргуулах нэхэмжлэлийг заагаагүй байх тул дээрх 14.4-д заасан хугацааны дотор нэхэмжлэл гаргана гэж үзнэ.

Мөн хуулийн 14.4-д хугацаа тоолох эхлэлийг “... шийдвэрийг мэдэгдсэнээс хойш” гэж заасан нь захиргааны бодитой гарсан шийдвэрийг мэдсэнээр тухайн этгээд нь уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөнийг мэдэж, нэхэмжлэл гаргах боломж олгосон заалт юм. Харин “эс үйлдэхүй”-н хувьд угаасаа үйлдэл хийхээс татгалзсан захиргааны идэвхигүй үйл ажиллагаа тул захиргааны зүгээс түүнийг мэдэгдэх тухай ойлголт байхгүй тул захиргааны үйл ажиллагаанд тухайн оролцогч иргэн, хуулийн этгээд нь эрхээ хамгаалуулахаар гаргасан өргөдлийг захиргаа хуульд заасан хугацаанд үл биелүүлсэн, биелүүлэхгүй нь тодорхой болсон өдөр эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөнөө мэдэх боломжтой тул тухайн өдрөөс 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж ойлгохоор байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Шүүгч энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл .... хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасныг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 


[1] Хэргийн 61-62 дахь тал

[2] Хэргийн 59-60 дахь тал