| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 221/2024/0056/З |
| Дугаар | 001/ХТ2025/0074 |
| Огноо | 2025-09-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 001/ХТ2025/0074
Монголын Өмгөөлөгчдийн холбооны
гишүүн, өмгөөлөгч
Э.Ч***-ийн нэхэмжлэлтэй,
Боловсролын сайдад холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: П.Соёл-Эрдэнэ
Шүүгчид: Г.Банзрагч
Х.Батсүрэн
Ц.Цогт
Илтгэгч: Танхимын тэргүүн Д.Мөнхтуяа
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжаргал
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШШ2025/0019 дүгээр шийдвэртэй хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор, нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Ч***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, Ж.Н*** нарыг оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “... Өмгөөллийн тухай хуулийн 29.3-т заасан нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор энэхүү нэхэмжлэлийн гаргаж байна. ... Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан журамд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд багш бус мэргэжилтнийг дөчин тавхан хоногийн сургалт, дамжаагаар багш болгож, тэдгээр мэргэжилтэн нь Монголын ирээдүй болсон хүүхдүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үр дагавар үүссэн нь нийтийн ашиг сонирхол, хүүхдийн эрх зөрчсөн.
2.1. ... Үндсэн хуульд заасан хүүхдийн сурч боловсрох эрх мөн эцэг, эх, суралцагчдын мэргэжлийн үйлчилгээ авах эрхийг зөрчсөн, багш мэргэжлийн нэр төр, үнэлэмжийг бууруулсан.
2.2.Захиргааны ерөнхий хуулийн 61.2-т заасан зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас санал авна гэснийг зөрчсөн. Боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын санал аваагүй, ... 62.2-т заасныг зөрчиж эрх ашиг нь хөндөгдөж буй бүлэг болох багш нарын саналыг аваагүй, хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангаагүй.
2.3. ... Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд хэрэглэсэн нэр томьёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглээгүй. ...Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон холбогдох бусад хуулийн агуулга, зорилгод нийцээгүй. ...” гэх агуулгаар маргана.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар: “... Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам нь Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг ханган, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6923 дугаартайгаар бүртгэгдсэн. … “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ыг бүртгүүлэхэд Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалын хавсралтаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ыг мөрдлөг болгон ажилласан.
3.1. … Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий Багшийн гурван тулгуурт бодлого цогц арга хэмжээний 3.1.3-д “бага анги, англи хэл, математик, монгол хэл, уран зохиол, технологи зэрэг судлагдахууны багшийг хувилбарт сургалтаар нэмж бэлтгэх, хөрвөх боломжийг олгох” гэж туссан. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. ...” гэх агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ.
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэж, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл, 61 дүгээр зүйл, 62 дугаар зүйл, 64 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хариуцагч Боловсролын сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл дөрвөн сарын хугацаагаар түдгэлзүүлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтууд хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэхдээ дараах агуулгатай дүгнэлтүүдийг хийсэн байна.
4.1.“… Хавтаст хэрэгт авагдсан нөлөөллийн шинжилгээ, түүнтэй холбоотой хийгдсэн судалгаанууд, журмын төсөл хэлэлцэх графикчилсан төлөвлөгөө /сайд гарын үсэг зурж баталгаажуулаагүй/ зэрэг баримтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасан нөлөөллийн шинжилгээг аргачлалын дагуу хийж, нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэх зэргээр захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх хүрээнд тодорхой ажил гүйцэтгэснийг нотлохоос бус хуулийн 62 дугаар зүйлд заасан санал авах ажиллагааг явуулсанд хамаарахгүй бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргахтай холбоотой ажиллагааг бүрэн гүйцэт хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
4.2.Нэхэмжлэгчээс ...эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийгээгүй, ...журмын төсөл нь батлагдан гарахдаа өөрчлөгдсөн байгаа нь хэнээс ирүүлсэн ямар саналыг үндэслэн хэрхэн өөрчлөгдсөн нь тодорхойгүй гэж маргасан, Боловсролын яамны 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн *** тоот албан бичгээр ...журмын төслийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр санал авахаар байршуулсан бөгөөд журмын төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал ирүүлээгүй гэх хариуг ирүүлсэн боловч тус журмын төсөл батлагдан гарахдаа хэний ямар саналыг хэрхэн хэлэлцүүлж, ямар үндэслэлээр Боловсролын яамны цахим хуудаст байршуулсан журмын төслөөс өөрчлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. ... Хариуцагчийг хуульд заасан журмын дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн гэж үзэх үндэслэлгүй.
4.3.Хариуцагч захиргааны байгууллага нь эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийж оролцогчийг сонсох, сонгох боломжийг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх замаар уг хэм хэмжээний актыг дахин батлан гаргах боломжтой, үүнийг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзнэ.
4.4. ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын дагуу сургалтад хамрагдаж гэрчилгээ авч, гэрээний дагуу цагийн багшаар ажиллаж байсан болон өмнө багшлах эрхийн гэрчилгээгүй багшилж байгаад тус сургалтад хамрагдаж багшлах эрх нь баталгаажсан иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй болохыг тэмдэглэв” гэжээ.
5.Хариуцагч Боловсролын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*** 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
5.1. ... /Шүүх/ хэлэлцүүлэг хийх үеийн журмын төсөл, батлагдах үеийн журмын төсөлд хэний ямар саналыг хэлэлцүүлж яамны сайтад байршуулсан журмын төслөөс өөрчлөгдсөнийг заавал нотлох баримтаар тогтоохыг шаардаж байгаа нь хууль бус юм. Өөрөөр хэлбэл хэний санал байвал хуульд нийцэх хэний санал байвал хуульд нийцэхгүйд дүгнэлт хийх гэж байгаа мэт ойлгогдож байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд захиргааны хэм хэмжээний актыг анх боловсруулсан төслийг хэлэлцүүлэг хийж батлахдаа хэний саналыг тусгаснаас хамаарч батлах гэж заагаагүй.
5.2.Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлд захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авах харилцааг зохицуулсан. Тус хуулийн 62.1-д заасны дагуу “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын төслийг яамны цахим хуудаст 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авсан. Мөн шүүх маргаан бүхий актыг батлахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй гэж үзсэн нь хуульд нийцэхгүй юм. Энэхүү журмын хүрээнд тэр дундаа тус журмын маргаан бүхий заалтууд яг хэний эрх ашгийг хөндөх, эрх ашиг нь хөндөгдөх этгээд гэж хэнийг ойлгож байгаа нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн шүүх хуралд оролцохдоо хэлсэн 2 нэр бүхий иргэнээс саналыг нь аваагүйн төлөө эрх ашиг нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн болох нь тогтоогдохгүй гэж үзэж байгаа нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ. Угтаа бол маргаан бүхий актаар багш мэргэжлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг боловсролын сургалтын байгууллага, тэдгээрийн багш нарын эрх ашиг хөндөгдөхгүй юм.
5.3. ... Тус яамнаас багшлах хүний нөөцийн дутагдалтай, хүрэлцээгүй байгаагийн улмаас багшлах хүний нөөцийг бэлтгэх, тэтгэвэр тогтоолгосон ахмад багш нарыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд ажиллуулах, мөн багш мэргэжлээр суралцаж байгаа төгсөх курсийн суралцагч нарыг холбогдох хуульд заасны дагуу ажиллуулах зэрэг бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд багшлах хүний нөөцийн дутагдалтай байгаа энэ бодит нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг судалсны үндсэн дээр дээрх “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ыг батлан гаргасан. Энэхүү журмаар ямар ч иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй.
5.4.Мөн дээрх журмын маргаан бүхий заалтууд (2.1, 2.2, 2.2.1, 2.2.3) цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй иргэнд багшлах эрх олгох хувилбарт сургалтын төрлийг зохицуулсан. Нэгэнт багшаас бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тохиолдолд зохих сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болох юм. Үүнээс гадна багшаас бусад мэргэжлээр суралцаж байгаа суралцагч хүсвэл зохих сургалтад хамрагдаж багшлах эрхтэй болох юм. Дээрх зохицуулалт нь нийт суралцагч эсвэл нийт дээд боловсрол эзэмшсэн иргэнд хамааралгүй юм. Үүнийг “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын 3.1-д заасан шаардлагаас харж болно. Өөрөөр хэлбэл математик, байгалийн шинжлэх ухаан, анагаах ухаан, мэдээлэл харилцаа, технологи, хууль, бизнес, эдийн засаг, урлаг, англи хэлний чиглэлээр хэмээн мэргэжлийн чиглэлийг зааж өгсөн. Мөн хүссэн иргэн бүр багшлах эрх олгох сургалтад хамрагдах бус бакалавраас доошгүй зэрэгтэй байх мөн голч оноо 2.7-оос доошгүй байхыг шаардсан. Суралцагчийн хувьд суралцах мэргэжлийн чиглэл адил, голч онооны шаардлага мөн адил шаардлага тавьсан. Энэхүү багшлах эрх олгох сургалтын хөтөлбөрийн агуулгыг “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын 3.2-т заасан. Багшлах эрх олгох сургалтыг магадлан итгэмжлэгдсэн багш бэлтгэдэг дээд боловсролын сургалтын байгууллага зохион байгуулна гэж журмын 4.1-д заасан. Шүүх эдгээр бодит нөхцөл байдлыг дутуу үнэлж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.
5.5. ... Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагыг заасан. Маргаан бүхий акт нь энэ хуулийн захиргааны хэм хэмжээний акт гэдэгт хамаарах бөгөөд нэхэмжлэлийг хянан хэлэлцэхдээ нэхэмжлэлийн хүрээнд нөхцөл байдалд дүгнэлт хийж шийдвэрлэх хангалттай баримт байхад, асуудлыг дахин тодруулах шаардлагагүйгээр цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл шүүх шийдвэр гаргахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 118 дугаар зүйлийн 118.3-т заасныг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Маргаан бүхий актын холбогдох заалтаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх бүлэг гэдгийг тодорхойлолгүй, нэхэмжлэгчийн шүүх хуралд оролцохдоо тайлбарласан тайлбарт итгэн, хэт нэг талыг барьж, ойлгомжгүй байдал үүсгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
5.6.Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн санд бүртгүүлэхээр Захиргааны ерөнхий хуулийн 65, 66 дугаар зүйлд заасан. Тус хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.2-т заасныг үндэслэн Боловсролын сайдын 2024 оны *** дүгээр тушаалаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэснийг шүүх судлаагүйг бас анхаарах хэрэгтэй.
5.7.Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 221/ШШ/2025/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
6.Нэхэмжлэгч, өмгөөлөгч Э.Ч*** 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа:
6.1.“... Хариуцагч “...санал авах ажлыг зохион байгуулсан бөгөөд журмын төсөлд 430 сонирхогч этгээдээс хандалт хийсэн бөгөөд огт санал ирүүлээгүй болно” гэжээ. ... Гэтэл бодит байдалд маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахдаа /төслөөс/ тэс өөр утга, агуулга, зохицуулалттай болсон, ... 45 хоногийн дамжаагаар багшлах эрх олгох гэж байгааг 2024 оны 09 сарын 14-ний өдөр сайдын оруулсан “Багшлахуйд таныг урьж байна” гэсэн нэртэй бичлэгээс боловсролын салбарынхан анх удаа мэдэж, шийдвэрийг нийтээрээ эсэргүүцэж, шүүмжилсэн. Иймээс хариуцагч санал авсан гэж маргасан нь үндэслэлгүй байна. Шүүхийн “захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахтай холбоотой ажиллагааг хэрэгжүүлээгүй” гэсэн дүгнэлт хууль зүйн бүрэн үндэслэлтэй гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна.
6.2.Маргаан бүхий актаар зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа, ... Монгол Улсын Боловсролын Их Сургууль бол Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээд буюу захиргааны байгууллага мөн. Тус байгууллагаас хуульд заасны дагуу албан ёсны санал аваагүй, санал аваагүй үндэслэл, шалтгаанаа хариуцагч тайлбарлаагүй. Холбогдох баримтыг хариуцагч тал гаргаж өгөөгүй нь захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахтай холбоотой ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх бас нэг үндэслэл болж байна.
6.3. ... Боловсролын сайд маргаан бүхий актыг батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 61.4 дүгээр зүйлд заасан “... захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээг энэ хуулийн 61.6-д заасан аргачлалын дагуу хийж, түүнд дараах нөхцөл байдлыг тусгаж, танилцуулга бэлтгэнэ: 61.4.1.акт гаргах үндэслэл, шаардлага, зорилт, 61.4.3. акт гарсны дараа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь аливаа байдлаар хөндөгдөх бүлгийг тодорхойлох” гэснийг зөрчсөн. Нөлөөллийн шинжилгээ хийхдээ хэлбэр төдий, зөвхөн Хууль зүйн яаманд бүртгүүлэх зорилготой хийсэн болох нь тус шинжилгээ хийсэн гэх баримтаас тодорхой харагддаг. Нөлөөллийн шинжилгээг хийхдээ ямар судалгаанд үндэслэсэн нь тодорхойгүй. Шүүх шаардсан боловч баримт гаргаж өгөөгүй, шинжилгээг судалгаанд суурилаагүй, бодитой үндэслэлгүй хийжээ. ... Тус хэм хэмжээний акт нь Монгол боловсролын багш бэлтгэх тогтолцоонд ялгаварлал бий болгосон байхад 2.1.4.1-д ямар ч ойлгомжгүй, тодорхойгүй тайлбар хийсэн, эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй субъект тодорхойлсон үндэслэл мөн адил ойлгомжгүй байна. Хүний эрхийг зөрчөөгүй гэх үндэслэл бүхий баталгаа, нотолгоо байхгүй.
6.4.Хариуцагч маргаан бүхий хэм хэмжээний акт батлан гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан "Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд “хэлэлцүүлэг заавал хийнэ” гэсэн заалтыг зөрчсөн нь захиргааны хэм хэмжээний акт батлан гарахтай холбоотой ажиллагааг хэрэгжүүлээгүй гэх бас нэг үндэслэл болно.
6.5.Маргаан бүхий журамд 45 хоног сураад багшлах эрх авсан хүмүүстэй Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан гэрээ байгуулна гэжээ. Дэлхийд ийм туршлага байхгүй байх ч боломжгүй. Их сургуульд бүтэн бус цагаар ажиллаж болно. Харин ЕБС болон СӨБ-д байх ямар ч боломжгүй, Жишээлбэл, цэцэрлэгийн багш бүтэн бус цагаар ажиллавал юу болох вэ. Энэ чинь өглөө 7:00 цагаас орой 19 цаг хүртэл тасралтгүй ажилладаг онцлогтой ажлын байр юм. Хэрэв хэлэлцүүлэг хийж санал авсан бол санал наад зах нь ийм зохицуулалт журамд тусгагдахгүй байх байлаа.
6.6.Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...шүүх бодит нөхцөл байдлыг дутуу үнэлж, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу хэрэглэсэн, хэт нэг талыг барьсан гэжээ. Шүүх яг ямар нотлох баримтыг буруу үнэлсэн” гэжээ. Ямар хуулийн заалтыг буруу хэрэглэсэн, ямар нотлох баримтыг үнэлээгүй талаар тодорхой тусгаагүй байна. Хариуцагч багш дутагдалтай байгаа нь энэ актыг гаргах нөхцөл болсон гэх боловч бодит байдалд Монгол Улсад багш дутагдаагүй, харин ч илүүдэлтэй байгаа талаар мэдээллийг Боловсролын сайд олон нийтэд удаа дараа мэдээлэл хийсэн баримтыг нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад ч хариуцагч тал энэ мэдээллээ өгсөн.
6.7.Хариуцагч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... маргаан бүхий актын холбогдох заалтаар эрх ашиг нь хөндөх бүлэг гэдгийг тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн шүүх хуралд оролцохдоо тайлбарласан тайлбарт итгэн, нэг талыг барьж ойлгомжгүй байдал үүсгэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна” гэжээ. Эрх зүйн нийтлэг зарчмууд, Үндсэн хууль, Олон Улсын гэрээ, Ердийн хууль, Захиргааны хэм хэмжээний актууд гээд нийтээр дагаж мөрдөх бүх хэмжээ нь нийгмийн тодорхой харилцааг зохицуулахаас гадна, хүний эрх, нийтлэг эрх ашиг сонирхол, хүн төрөлхтний нийтээр хүлээн зөвшөөрсөн үнэт зүйлийг хамгаалах үүрэг, зориулалттай. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр ч мөн адил эрх зүйн хамгаалалт хийж, хууль зөрчиж гаргасан нь бүрэн нотлогдсон Захиргааны хэм хэмжээний актын холбогдох заалтыг буюу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүйгээр хариуцагчид 4 сарын хугацаа олгож, алдаагаа засаж, шинээр акт гаргахыг даалгасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байгаа болно.
6.8.Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, 10.3-т “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж тус тус заажээ. Монгол Улс 1962 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын Ерөнхий бага хурлаас 1960 оны 12 дугаар сарын 14-нд баталж, 1962 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүчин төгөлдөр болсон боловсролын талаар алагчлахтай тэмцэх тухай конвенцод нэгдэн орсон билээ. Тус конвенцын 4 дүгээр зүйлд Конвенцод оролцогч улсууд боловсролын талаар адил тэгш бололцоог олгох, харилцаанд дөхөм үзүүлэх хийгээд үндэсний нөхцөл байдал, зан заншилд нийцүүлэн хэрэгжүүлэх төрийн бодлого боловсруулан хөгжүүлж, амьдрал ахуйд нэвтрүүлэх үүрэгтэй. (d) Мэргэжлийн багш нарыг бэлтгэхэд алагчлахгүй байх явдлыг хангах гэж тусгайлан зохицуулсан байдаг. ... Мөн тус конвенцын 2 дугаар зүйлд “хэрэв аливаа улсад дор дурдсаныг зөвшөөрсөн байвал энэхүү Конвенцын 1 дүгээр зүйлд заасан утгаар алагчилсан гэж үзэхгүй” гээд (а) хэсэгт дараах зохицуулалтыг хийжээ. “Боловсрол олох боломж адил, багш нар нь мэргэжлийн чадвараар адил, байр, тоног төхөөрөмжийн чанар адил, сургалтын хөтөлбөр нь адил тохиолдолд сурагчдын хүйсээр тусгаарлан сургах тогтолцоо, сургуулийн газрыг бий болгох буюу байсныг нь хэвээр үлдээх” гэж тодорхой заасан байдаг.
6.9.Гэтэл маргаан бүхий актын зохицуулалт нь багш бэлтгэх сургуульд орохоор бэлдэж, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 4 жилийн хугацаанд суралцаж төгссөн нийт багш мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан. Бүр цаашлаад маргааны бүхий Захиргааны хэм хэмжээний актын 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...эсхүл эдгээр чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад 2.7-оос доошгүй голч оноотой суралцаж байгаа гурав, дөрөвдүгээр ангийн суралцагч байх” гэсэн заалтыг оруулснаараа багш мэргэжлээр суралцаж буй хэдэн 10 000 оюутан, багш мэргэжлээр суралцаж төгссөн “Монголын нийт багш” нарын эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
6.10.Хэрэгт авагдсан баримтуудаас харахад маргаан бүхий Захиргааны хэм хэмжээний акт нь “мэргэжлийн чадвараар адил биш” багш нараар нийтлэг үйлчилгээ үзүүлэх шууд үр дагаврыг үүсгэсэн гэж үзэж байна. Тодруулбал, хариуцагч талаас ирүүлсэн баримтад одоогийн байдлаар 58 хүн сургалтад хамрагдаж гэрчилгээ авчээ. Үүний 4 нь Багш, нийгмийн ухааны боловсрол, 1 нь Түүх, нийгэм судлалын багш, 1 нь Нийгмийн ухааны багш, иргэний ёс зүйн багш, 1 нь Нийгмийн ухааны багш, 1 нь Түүх, газарзүйн багш, 3 нь Нийгэм судлалын багш нийт энэ чиглэлийн 11 хүнд буюу 19 хувьд нь гэрчилгээ өгчээ. Нэг мэргэжлээс гэхэд өндөр тоо юм. Эрх зүйн бакалаврын дипломтой НУБ, ТНУБ-ийн бакалаврын дипломтой дүйцүүлж үзвэл:
| № | Диплом | Нийт кредит | Ерөнхий эрдмийн хичээл | Мэргэжлийн хичээл | Сурган сэтгэл судлал | Дадлага | Зөрүү | |
| 1 | Эрх зүй | 130 |
|
|
|
|
| |
| 2 | НУ багш | 127 | 16 кр адил | 12кр төстэй | 16 кр | 13 | 29 | 70 кр |
| 3 | ТНУ багш | 154 | 16 кр адил | 7кр | 13 кр адил | 19 | 32 | 99 кр |
6.11.Хүснэгтээс харвал Эрх зүйч, Нийгмийн ухааны багш, Түүх, нийгмийн ухааны багшийн дипломын үзсэн хичээлийн давхардал, дүйцүүлэлт хийхэд 70-99 кредитийн зөрүү гарч байна. Энэ кредитээр үзэж судлах хичээлийг 45 хоногт сурах ямар ч боломж байхгүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс хүсэлт гаргаж, МУБИС-ийн кредит дүйцүүлэлтийн журмыг хэрэгт авсан байдаг. Тус журамд багшаас бусад мэргэжлийн хүний үзсэн хичээлийн 70-аас дээш хувь нь давхцаж буюу дүйцэж байвал багш мэргэжлээр хөрвөн сурна гэж тодорхой заажээ. Дөрвөн жил сурсан багш, 45 хоног сурсан багш хоёр мэргэжлийн ур чадвараар ижил байх ямар ч боломжгүй байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдож байгаа болно.
6.12.Олон улсын гэрээгээр хамгаалагдсан нийлэг эрх, ашиг сонирхол, үнэт зүйлийг маргаан бүхий хэм хэмжээний акт шууд зөрчсөн гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбар хийж, баримт гарган маргасан. Боловсролын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан “...шинжлэх ухааны дэвшилтэт чиг хандлагад тулгуурласан байх”, 5.1.3-д заасан “...ялгаварлан гадуурхахгүй”, 5.1.6-д мэргэшлийн үндэсний шаталсан бүтцэд нийцсэн байх үндсэн зарчмууд, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан “багшийн хөгжил дэмжих” зорилго, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх, Боловсролын ерөнхий хуулийн гэсэн зарчмуудыг тус тус зөрчсөн асуудлыг шүүхийн хэлэлцүүлэгт маргаж, мэтгэлцсэн.
6.13.Эдгээрээс дүгнэвэл, маргаан бүхий хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 60.1.5 дугаар зүйлд заасан шаардлагыг тус тус хангаагүй гэх асуудлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тавьж, нотлох баримтыг гаргасан. Эцэст нь тэмдэглэхэд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 сарын 07-ны өдрийн 221/ШШ2025/0019 дүгээр шийдвэр нийтийн эрх зүйн хамгаалалттай, хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
6.14.Гэхдээ шүүх дээр дурдсан буюу энэхүү тайлбарын 8 дахь хэсэгт тэмдэглэсэн нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэл тус бүрээр шүүх тодорхой тайлбар, хийж дүгнэлт хийгээгүй. Тус асуудал нь цаашид боловсролын салбарт хууль хэрэглээний хувьд болон дахин захиргааны хэм хэмжээний акт батлан гаргахдаа анхаарч үзэх чухал ач холбогдолтой тул хяналтын шатны шүүх давж заалдах журмаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхдээ нэхэмжлэлийн маргаж байгаа тодорхой үндэслэлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөхийг хүсэж байна. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
7.Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул хяналтын шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8.Өмгөөлөгч Э.Ч***-ээс Боловсролын сайдад холбогдуулан “Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “Өмгөөллийн тухай хуулийн 29.3-т заасан эрхийн хүрээнд нийтийн эрх ашгийг хамгаалах зорилгоор нэхэмжлэл гаргаж байгаа ..., сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуульд багш бус мэргэжилтнийг дөчин тав хоногийн сургалт, дамжаагаар багш болгож, тэдгээр мэргэжилтэн нь хүүхдүүдэд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх үр дагавар үүссэнийг эцэг эхийн зүгээс эсэргүүцэж байна ..., Үндэсний боловсролын болоод Боловсролын ерөнхий хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль болон бусад хуулийн агуулга, зорилгод нийцэхгүй ...” гэх зэргээр маргажээ.
9.Маргаан бүхий Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар шинэчлэн баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон үүнтэй холбогдох үйл ажиллагааны журам”-ын 2.1-д “Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагад ажиллах хүсэлтэй иргэнийг багшлах эрх олгох хувилбарт сургалтаар бүртгэнэ”, 2.2-т “Энэхүү журмын 2.1-д заасан хувилбарт сургалт доор дурдсан төрөлтэй байна”, 2.2.1-д “багшаас бусад мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнд багшлах эрх олгох сургалт”, 2.2.3-т “багшаас бусад мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй суралцагчдад багшлах эрх олгох сургалт”, 2.5-д “Энэ журмын 2.1, 2.3-т заасан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төгсөгчид багшлах эрхийн гэрчилгээ, 2.4-д заасан сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төгсөгчид батламж олгоно”, 3.5-д “Багшлах эрх олгох сургалтын хугацаа 45 хоногоос дээшгүй байна”, 5.1-д “Багшлах эрхийн гэрчилгээтэй иргэн нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагатай Хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан гэрээ байгуулж ажиллана” гэж тус тус заасан байна.
10.Давж заалдах шатны шүүх уг хэргийг анхан шатны журмаар шийдвэрлэхдээ “нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах”-тай холбоотой дүгнэвэл зохих асуудлуудыг дүгнээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн байна.
11.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт зааснаар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд нь ямар асуудлаар шүүхэд төлөөлөхийг мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй …” гэж заасан тул нийтийн эрх ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргах бүх тохиолдолд нэхэмжлэлийн агуулга, зорилго, нэхэмжлэлийн шаардлагын хүрээ нь “хүрээлэн байгаа орчинг хамгаалах”, “хүүхдийн эрхийг хамгаалах”, нийтийн эрүүл мэндийг хамгаалах”, “нийтийн өмчийг хамгаалах” асуудлын аль нэгэнд хамаарч тодорхойлогдох шаардлагатай.
12.Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх асуудлын хүрээнд нийтийн ямар ашиг сонирхол “хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй” талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тодорхойлохыг хуулиар шаардсан, энэ тохиолдолд нэхэмжлэгчээс “хүрээлэн байгаа орчин болон хүүхдийн эрх”-ийн асуудлыг зөрчсөн гэж тодорхойлсон боловч эдгээр үндэслэл тогтоогдсонгүй.
13.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс “хүрээлэн байгаа орчинг хамгаалах, хүүхдийн эрхийг хамгаалах зорилгоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэх боловч маргаан бүхий “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох үйл ажиллагааны журам”-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтууд нь хүрээлэн буй орчинд хор хохирол учруулсан бөгөөд түүнийг хамгаалах шаардлага үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, түүнчлэн уг журмын заалтууд нь “хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэл алга байна.
14.Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д “Дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр багшийг бэлтгэнэ. Багшаас бусад мэргэжилтэй иргэн багш бэлтгэх хувилбарт сургалтад хамрагдан багшаар ажиллаж болох”-оор, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны *** дугаар тогтоолын хавсралтаар баталсан Багшийн гурван тулгуурт бодлого цогц арга хэмжээний 3.1.3-д “бага анги, англи хэл, математик, монгол хэл, уран зохиол, технологи зэрэг судлагдахууны багшийг хувилбарт сургалтаар нэмж бэлтгэх, хөрвөх боломжийг олгох”-оор тус тус заасан, энэ тохиолдолд маргаан бүхий журмын заалтууд энд дурдсан Боловсролын ерөнхий хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан журмын заалтуудыг зөрчөөгүй байна.
15.Тухайлбал, их дээд сургуульд англи хэл, математик, компьютерын ухаан зэрэг үндсэн мэргэжлээр бакалавр зэрэгтэй, 2.7, түүнээс дээш голч оноотой төгссөн мэргэжилтэн багшлах эрх олгох хувилбарт сургалтад хамрагдаж ерөнхий боловсролын сургуульд тухайн чиглэлээр багшлах боломжийг хуулиар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “энэхүү журам нь ерөнхий боловсролын сургуульд багш дутагдалтай байгаа бодит нөхцөл байдалд зориулсан зохицуулалт бөгөөд хууль зөрчөөгүй” гэх агуулгатай гомдлын үндэслэл, тайлбарыг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.
16.Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбартаа “... 45 хоногийн дамжаагаар багшлах эрх олгохоор болсон нь багш бэлтгэх сургуульд орохоор бэлдэж, хөтөлбөр төлөвлөгөөний дагуу 4 жилийн хугацаанд суралцаж төгссөн нийт багш мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлыг дордуулсан, ... боловсролын салбарынхан энэ шийдвэрийг нийтээрээ эсэргүүцсэн, багш бэлтгэх тогтолцоонд ялгавар үүсгэж, багш мэргэжлээр суралцаж буй хэдэн арван мянган оюутан, багш мэргэжлээр суралцаж төгссөн “Монголын нийт багш нар”-ын эрх зүйн байдлыг дордуулсан, багш нарын эрх ашгийг ноцтой хөндөж байгаа хэм хэмжээний актыг батлан гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийгээгүй, саналыг нь аваагүй” гэх агуулгаар маргасан, давж заалдах шатны шүүх энэ агуулгаар маргаан бүхий хэм хэмжээний актын биелэлтийг түдгэлзүүлж хариуцагчаас дахин акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн нь буруу байна.
17.Учир нь, давж заалдах шатны шүүхээс “...багш нарын эрх ашгийг хөндөж, зөрчсөн” гэх агуулгаар “... эрх ашиг нь хөндөгдөж буй бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн гэж үзэх хууль зүйн боломжгүй ... хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу актын төсөлд иргэдийн саналыг авах, ялангуяа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, гаргасан саналыг актын төсөлд хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэх зэргээр тэдгээрийн оролцоог хангах нь ... хууль дээдлэх, зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцнэ” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т заасныг тайлбарлан хэрэглээгүй, ажил мэргэжлээрээ нэгдсэн нийгмийн бүлэг, нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн эрхийг хамгаалах агуулга нь хуульд заасан “нийтийн ашиг сонирхол” буюу захиргааны хэргийн шүүхээр хамгаалагдах обьектив эрхийн төрөл, агуулгад хамаарахгүй байх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.
18.Иймд, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 221/ШШ2025/0019 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Боловсролын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Э.Ч***-ийн “Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Багшлах эрхийн гэрчилгээ олгох болон холбогдох үйл ажиллагааны журам”-ын 2.1, 2.2, 2.2.1, 2.2.3, 2.5, 3.5, 5.1 дэх зүйл заалтуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Х.БАТСҮРЭН
Ц.ЦОГТ