Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 054

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Цэнгэл сумын 8 дугаар багийн оршин суугч А.Алтынбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох,

аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон тоо цомхотгох тухай Б/05 тоот тушаал, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 тоот тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар эгүүлэн томилуулах тухай шаардлага бүхийзахиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Алтынбек, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен, хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Алтынбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие А.Алтынбек нь 1990 онд Санхүү эдийн засгийн техникумийг Хөдөө аж ахуйн эдийн засагч, ня-бо мэргэжлээр, 2003 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээр сургуулийг даатгалын эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

1993 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Цэнгэл сумын тэтгэврийн байцаагчаар томилогдсон ба 2005 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад тухайн өдрөөс эхлэн Цэнгэл сумын Засаг даргаар 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, мөн өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүртэл Цэнгэл сумын ИТХ-ын даргаар дэвшин ажилласан юм. Дараа нь Цэнгэл суманд тэтгэвэр, тэтгэмжийн байцаагчийн орон тоо нэмэгдэхэд 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр уг албан тушаалд томилогдсон.

Албан үүргээ гүйцэтгэх хугацаанд Нийгмийн даатгалын улсын байцаагчийн эрх олгох шалгалт, мэргэжлийн түвшин тогтоох шалгалтад удаа дараа орж өндөр оноогоор тэнцэж, тухайн ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээнд заасан болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ шаардлагын хэмжээнд чанд биелүүлэн ажилласны төлөө хэд хэдэн удаа шагнан урамшуулагдаж байсан бөгөөд ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй болно.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/391 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар аймгийн Нийгийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтцийг баталсан ба энэ бүтцээр манай Цэнгэл суманд нийгмийн даатгалын байцаагчийн 2 орон тоо батлагдсан. Энэ тушаалын дагуу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалаар Ц.Ганболдыг Нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагчаар, мөн өдрийн 15 дугаар тушаалаар намайг Нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчаар тус тус томилж ажиллуулсан.

Дээрх тушаалын дагуу албан үүргээ гүйцэтгэж байхад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт-ыг баталж Цэнгэл суманд ажиллаж байсан шимтгэлийн байцаагчийн нэг орон тоог аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, хамралт орлого, хяналтын тасагт шилжүүлсэн.

Дээрх шийдвэрийн дагуу аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар намайг мөн өдрөөс Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилж, орон тоо нь аймгийн төвд шилжсэн Ц.Ганболдыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар Улаанхус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцагчаар томилж ажиллуулсан.

2016 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Шаяхмет ажлаас чөлөөлөгдөж оронд нь үүрэг гүйцэтгэгчээр Т.Өсерхан томилогдон ирсэн.

Т.Өсерхан дарга ажлаа авсны дараа 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Хэлтсийг шинээр зохион байгуулах тухай Б/63 дугаар тушаалаар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгон шинээр зохион байгуулж,урьд ажиллаж байсан бүх ажилтан, ажилчдыг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулж, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгосон байхад аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга дахин тушаал гаргаж хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулсан нь өөрөө хууль бус бөгөөд ингэж шийдвэр гаргах талаар ямар нэгэн хууль тогтоомжоор эрх олгогдоогүй юм.

Т.Өсерхан нь Б/63 дугаар тушаалыг гаргасны дараа 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилж ажиллуулсан.

Би дээрх тушаалын дагуу албан үүргээ гүйцэтгэж байхад 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаар мэдэгдэх хуудсаар Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 тоот тушаалаар Цэнгэл сумын байцаагчийн орон тоо хасагдсан учраас Агзам овогтой Алтынбек нь орон тооны цомхтголд орох болсныг мэдэгдэж байна гэж надад мэдэгдсэн.

Би мэдэгдэх хуудсыг хүлээж аваад 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ар гэрийн ахуй амьдралаа дурдаж Т.Өсерхан даргад өргөдөл өгсөн. Энэ өргөдөлд тухайн үед ямар нэгэн хариу өгөөгүй.

Энэ үед аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч Ж.Сайын эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөж байгаа тул тухайн орон тоонд авч ажиллуулах талаар 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өргөдөл өгсөн. Энэ өргөдөлд мөн хариу өгөөгүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар нэг байцаагчийн орон тоог цомхтгоод намайг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/06 дугаар тушаалаар Улаанхус сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилж ажиллуулсан.

Би энэ шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргасан. Энэ гомдлын дагуу тус салбар зөвлөл ямар нэгэн гомдол шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй. Бүртгэл хяналтын картаар тус салбар зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хуулийн байгууллагад хандахыг зөвлөж байна гэсэн хариу өгсөн. Мөн би энэ асуудлаар Төрийн албаны зөвлөлд хандсан ба зөвлөлийн даргын 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 261 дугаартай албан бичгээр шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн.

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын дээрх хууль бус шийдвэрийн улмаас миний хууль ёсны ашиг сонирхолзөрчигдөж байна. Би Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд энэ албан тушаал одоо ч хэвээр байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаас Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалт-ыг баталж Цэнгэл суманд ажиллаж байсан шимтгэлийн байцаагчийн нэг орон тоог аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, хамралт, орлого, хяналтын тасагт шилжүүлсэн болохоос биш нэг орон тоог хасаагүй.

Ийм байхад аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын орон тоо цомхтгох тушаал гаргаж байгаа нь өөрөө хууль бус юм.

Нөгөө талаар Цэнгэл сумын шимтгэлийн байцаагчийн орон тоог аймгийн төвд шилжүүлсэн учир тухайн албан тушаалд ажиллаж байсан Ц.Ганбоолд дээрх шийдвэрийн дагуу шилжин ажиллах ёстой байсан.

Миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь, миний бие Цэнгэл сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан ба тухайн орон тоо хэвээр хадгалагдаж байгаа. Ажил олгогч намайг өөр суманд буруу шилжүүлснээр миний хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн бөгөөд Төрийн албаны тухай хуулийг буруу хэрэглэж намайг туршилтын хугацаагаар томилж, миний хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан гэж гомдол гаргасан юм.

Ийм учраас хуулийн дагуу хэвээр хадгалагдаж байгаа Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд намайг эгүүлэн тогтоож өгөх, хууль бус захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлд дурдсан байгаа. Энэхүү нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Хариуцагч аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Өсерхан шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Нийгмийн даатгалын ерөнхий зөвлөлийн 2016 оны 31 дүгээр тогтоол, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 тоот тушаалаар аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тоог баталсан юм. Энэхүү бүтэц орон тоо баталсан тушаалыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Шаяхмет нь хүлээж авалгүйгээр уг тушаалыг үндэслэн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хууль бусаар Ц.Ганболдыг Улаанхус сумын байцаагчаар шилжүүлсэн тушаал гаргасан байдаг.

Хуучин Нийгмийн даатгалын хэлтсийн дарга асан С.Шаяхмет нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргаар томилогдоогүй байсан бөгөөд шинээр өөрчлөн байгуулагдсан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст ажилтныг томилох эрх түүнд олгогдоогүй байсан юм.

Өөрөөр хэлбэл, тухайн үед С.Шаяхмет зөвхөн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга байсан. Үүнээс гадна тухайн томилолгоогхийсэн хугацаанд С.Шаяхмет нь өвчтэй байсан бөгөөд ажилдаа байгаагүй. Шинэ бүтэц баталсан тушаал аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст 2016 оны 12 дугаар сарын 02-ноос хойш намайг түр орлон гүйцэтгэгчээр намайг томилсны дараа ирсэн. Улмаар С.Шаяхметийн хууль бус тушаалуудыг яаралтай хүчингүй болгохыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шаардсаны дагуу тухайн тушаалууд үйлчилж эхлээгүй байхад хүчингүй болгосон юм.

Иймээс тухайн тушаалуудыг үндэслэн намайг хууль зөрчлөө гэж үзэх үндэслэл байхгүй юм. С.Шаяхмет нь Ц.Ганболдыг суманд шилжүүлэхдээ түүний зөвшөөрлийг аваагүй, урьдчилж мэдэгдээгүй байсан бөгөөд нэхэмжлэгчтэй хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар шилжүүлсэн байсан юм.

Миний хувьд олон жил ажилласан А.Алтынбекийн ямар нэгэн байдлаар ажилтай болгох бодлоор Улаанхус сумын байцаагчаар томилон ажиллуулж байгаа. Ц.Ганболд болон А.Алтынбек нарын аль нэгийг цомхтголд оруулах шаардлага гарсан ба ажил олгогчийн хувьд дараах байдлаар сонгон шалгаруулалт хийсэн юм. Үүнд:

А.Алтынбек, Ц.Ганболд нарын хувийн хэрэгт нь шинжилгээ хийсэн. Ц.Ганболдын хувьд 1995 оноос хойш манай хэлтэст тасралтгүй тогтвор суурьшилтай ажиллаж байсан байна. А.Алтынбек нь улс төрийн албанд орж томилогдохоор болж төрийн албанаас чөлөөлөгдсөн байх ба дахин төрийн албанд орж ажиллахдаа төрийн албаны зөвлөлөөс дүгнэлт гаргуулаагүй, зохих шалгалт өгөөгүй байна. А.Алтынбек, Ц.Ганболд нартай биечлэн уулзаж санал бодлыг нь авсан болно. Аль аль нь Цэнгэл суманд ажиллах талаар хүсэлт гаргасан боловч тус суманд ганцхан орон тоо батлагдсан байв. Албан тушаалын шатлал, цалин хөлсний хувьд ч зөрүүгүй Улаанхус сумын байцаагчийн орон тоонд цомхтголд орсон А.Алтынбекийг авч ажиллуулахаар болсон.

Орон нутгаас нь хоёр байцаагчийн аль нэгийг нь үлдээн ажиллуулах талаар санал авсан юм. Өөрөөр хэлбэл Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг дарга Х.Мейрамбек 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/475 тоот албан бичгээр Ц.Ганболдыг Цэнгэл сумын Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллуулахаар шийдвэрлэн зөвшилцсөн албан бичгээ ирүүлсэн юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т ...энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхэд оршино... гэж заажээ. А.Алтынбекийн хувьд төрийн албанд 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Цэнгэл сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаас чөлөөлөгдсөний дараа тэтгэвэр, тэтгэмжийн байцаагчаар томилогдон ажилласан гэх боловч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр хууль бусаар томилогдон ажилласан байна. Одоо хүртэл ямар нэгэн төрийн албаны зөвлөлийн дүгнэлт, нэр дэвшүүлэх тогтоолгүйгээр намын үзэл бодол болон нутгийн үзлээр томилогдон ажилласан болох нь тогтоогдож байна. Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 08 дугаар тогтоолын 4 дүгээр хэсэгт ...Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т заасан төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг сул орон тоо гарсан гэдэгт хамааруулж үзнэ хэмээн тайлбарлажээ.

Иймээс А.Алтынбекийн орон тоо цомхтгогдсон нь хууль зөрчихгүй бөгөөд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй. Иймд хууль бусаар төрийн албанд ажиллаж байсан А.Алтынбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайыв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байгаа хэдэн хэдэн шалтгаан бий. Ерөнхий газраас Цэнгэл сумд эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн нэг л орон тоо баталсан ба үүний дагуу тус суманд ажиллаж байсан хоёр байцаагчийн аль нэгийг цомхтгох асуудал гарч ирсэн юм. А.Алтынбекийн хувьд нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан, Ц.Ганболд нь шимтгэлийн байцаагч байсан ба аль аль нь байцаагчийн эрх, үүрэгтэй. Гэхдээ Ц.Ганболд гэх байцаагчийн хувьд төрийн албанд он удаа жил ажилласан А.Алтынбекээс илүү ажилласан байгаа.

А.Алтынбекийн хувьд улс төрийн албан тушаалтнаар сонгогдож байцаагчийн ажлаас чөлөөлөгдөж дараа нь эргэн томилогдож байсан байна. Харин Ц.Ганболд нь тухайн хугацаанд төрийн албаны шалгалт өгч, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж ажиллаж байсан болно. А.Алтынбек, Ц.Ганболд нарын саналыг авч, тэдгээрийн санал, хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр А.Алтынбекийг Улаанхус сумын байцаагчаар томилж, Ц.Ганболдыг тус сумын байцаагчаар үлдээсэн байгаа. Эдгээр байцаагч нарын аль алинд хүндэтгэн үзэх шалтгаантай зүйлүүд байсан ба А.Алтынбекийг шилжүүлэн томилохдоо сумын Засаг даргаас санал авсан юм. Цэнгэл сумын Засаг даргатай зөвшилцөхөд А.Алтынбекийн талаар ямар нэгэн саналаа өгөөгүй, Ц.Ганболдыг үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн санал өгсөн байна.

Нөгөөтэйгүүр Ц.Ганболдын хувьд тогтвортой ажилласан тангараг өргөсөн албан тушаалтан байсан. Харин А.Алтынбекийн хувьд төрийн албаны шалгалт өгөөгүй, Төрийн албаны зөвлөлийн нэр дэвшүүлсэн тогтоолын дагуу тус албанд томилогдоогүй болох нь сонгон шалгаруулалт явуулах үед тогтоогдож байсан юм. Нэг л байцаагчийн орон тоо үлдсэн ба хууль ёсоор ажиллаж байгаа нэг байцаагч, хууль бусаар ажиллаж байсан нэг байцаагч байсан нь тухайн үед тогтоогдсон. А.Алтынбекийн хувьд төрийн албаны шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн нөөцөд бүртгэгдэгүйгээр тухайн орон тоонд шууд томилогдон ажиллаж байсан асуудал байгаа. А.Алтынбекийг авч ажиллуулах боломж байсан, ажлын байрны тодорхойлолт таарч байгаа боловч шалгалт өгөөгүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй, хууль, журмын дагуу томилогдоогүй учраас түүнийг шилжүүлэн ажиллуулж байгаа гэдгийг хэлмээр байна. Хэрвээ А.Алтынбекийг авч үлдсэн тохиолдолд монгол хүнийг ялгаварлан гадуурхсан, төрийн албаны шалгалт өгсөн хүнийг өөр ажилд шилжүүлэх, тэр хүн бас л шүүхэд хандах учраас А.Алтынбекийг өөр сумд шилжүүлсэн юм.

Эцэст нь хэлэхэд Ц.Ганболд нь тухайн албан тушаалд илүү тохирох албан тушаалтан гэж үзсэн. Яагаад гэвэл А.Алтынбек ирэхээс өмнө нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан, ажлын байрны тодорхойлолт нь таарч байсан ба өөр байдлаар энэ асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй байсан тул гуравдагч этгээдийг авч үлдсэн юм. Харин туршилтын хугацаагаар тогтоосон асуудал гэвэл тухайн тушаалыг боловсруулах үед зарим нэгэн алдаа гарсан байж болзошгүй. Даргын хувьд хуулийн мэдлэггүй хүн учраас тийм тушаал гаргасан байна лээ. Тийм учраас туршилтын хугацаагаар томилсон гэж уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Туршилтын хугацаагаар томилогдсон хүн ч гэсэн төрийн албан шалгалт өгсөн байх ёстой. Гэвч нэхэмжлэгчийн хувьд нэгэнт төрийн албаны шалгалт өгөөгүй учраас намайг туршилтын хугацаагаар томилсон гэж гомдол гаргах ч эрх байхгүй. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна. А.Алтынбекийн хувьд улс төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Улс төрийн албан тушаал хаасан гэдэг үндэслэлээр Төрийн албаны төв зөвлөлийн шийдвэрээр нөөцөд бүртгэгдсэн байх шаардлагатай боловч ийм зүйл бас байхгүй байна. Улс төрийн өндөр албан тушаал хаасан нь энэхүү маргаанд хамаарахгүй, өөрөө хүсэлт гаргаж төрийн албаны төв байгууллагын шийдвэр гараад нөөцөд бүртгэгдэж, нөөцөөс нэр дэвшүүлсэн тогтоол гараад орж ирсэн байсан бол бид нар энэ хүнийг томилох бүрэн боломжтой байсан юм.

Яагаад гэвэл энэ хүний ажлын байрны тодорхойлолт нь нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд таарч байсан, харин шимтгэлийн байцаагчийн хувьд өөр газар шилжих асуудал яригдах ёстой байсан. Гэвч нэхэмжлэгч төрийн албаны шалгалт өгөөгүй учраас ийм л асуудал гарч ирсэн гэсэн тайлбар хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Ц.Ганболд нь 1995 оноос хойш тус хэлтсийн Цэнгэл сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн орон тооны ажилд тасралтгүй ажиллаж байжээ. Энэ хугацаанд ямар нэгэн ажлын алдаа дутагдал гаргаж арга хэмжээ авагдаагүй байна. Тийм учраас ажил олгогч байгууллага нь зохих хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулан Цэнгэл сумын Засаг даргатай зөвшилцөж тус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар хэвээр нь авч ажиллуулсан байна. Үүнд нэхэмжлэгч маргах ямар ч үндэслэлгүй юм.

Учир нь, ажилтныг байгууллагын дотор сонгон шалгаруулан томилгоо хийх асуудал ажил олгогчийн эрх үүрэгт нь хамааралтай бөгөөд нэхэмжлэгч нь 2013 оноос шинээр нэмэгдсэн орон тоонд орж ажиллаж байсан ба орон тоо хасагдсан болохоор сүүлд орсон А.Алтынбек цомхтголд орсон нь хууль зүйн үндэслэлтэй байна. Гэхдээ А.Алтынбекийг ажилгүй болгоогүй, мөн Улаанхус сумын байцаагчаар томилон ажиллуулж байгаа нь түүний эрх ашиг хөндөгдөөгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэлд дурдсанчлан аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн одоогийн бүтэц, орон тоонд өөрөөр хэлбэл, аймгийн төвд Цэнгэл сум хариуцсан шимтгэлийн байцаагчийн орон тоо байхгүй болно. Энэ огт үндэслэлгүй байна. Сумын хэмжээний нийгмийн даатгалын шимтгэлийн ажлын чиг үүргийг мөн Ц.Ганболд үндсэн үүргийн хамт хийж гүйцэтгэж байгаа болно.

Ц.Ганболд нь 2003 оноос хойш Нийгмийн даатгалын хэлтсийн Цэнгэл сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчаар тасралтгүй, өдий хүртэл ажиллаж байгаа. 2012 оноос тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог хоёр орон тоо болгож, нэг байцаагчийн орон тоонд А.Алтынбекийг томилсон байх бөгөөд А.Алтынбек урьд нь тус сумын Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг улс төрийн албан тушаал хашиж байсан байна. 2016 оны 12 дугаар сард аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, бүтэц нь өөрчлөгдөж, тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог нэг орон тоо болгож цөөрүүлсэн байдаг. Энэ дээр орон нутгийн Засаг захиргааны санал, зөвшилцлийг үндэслэн Ц.Ганболдыг хэвээр нь ажиллуулж А.Алтынбекийг орон тоо цомхтгогдож ажиллуулах боломжгүй болсон учраас Улаанхус сумд шилжүүлэн томилсон байна.

Харин Ц.Ганболдын ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн ба Ц.Ганболд нь А.Алтынбекээс илүү эрх эдлэх ёстой. Яагаад гэвэл тус сумын нийгмийн даатгалын улсын байцаагчаар тасралтгүй ажиллаж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн засаг захиргаа Ц.Ганболдыг цаашид үргэлжлүүлэн ажиллуулах, орон нутагт хэрхэн зохин байгуулах талаарх санал ирүүлсний дагуу аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга тушаал гаргаж Ц.Ганболдыг Цэнгэл сумын байцаагчаар хэвээр нь ажиллуулсан байгаа юм.

Нэхэмжлэгч А.Алтынбек би Цэнгэл сумын байцаагчаар ажиллах ёстой гэсэн агуулгатай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч улс төрийн албанд 8 жил ажиллаж эргээд нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилогдсон байгаа. Энэ үед төрийн захиргааны албан тушаалтнаас төрийн улс төрийн албан тушаалд шилжүүлэхдээ нөөцийн санд бүртгэгдэх ёстой байсан боловч нөөцийн санд бүртгэгдээгүй гэдэг нь хэрэгт авагдсан аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн архивын бичиг баримтаар батлагдсан байгаа.

Мөн нэхэмжлэгч 2013 онд эгүүлэн томилогдоход Төрийн албаны зөвлөлийн зохих дүгнэлт гарах ёстой байсан боловч ямар нэгэн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгчийг ажилтай болгох үүднээс томилгоо хийгдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал бол 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр намайг Улаанхус сумын байцаагчаар ажиллуулах, Ц.Ганболдыг Цэнгэл сумын байцаагчаар хэвээр ажиглуулсан гэсэн гомдол гаргасан. Энэ үед орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай тушаал гараагүй байсан ба зөвхөн А.Алтынбекийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын А/03 тоот тушаалыг үндэслэн өөрчлөн томилсон байна. А/03 тоот тушаалаар сум хариуцсан байцаагчийн орон тоог батлаагүй болох нь уг тушаалын хавсралтаар нотлогдож байгаа. Тийм учраас уг тушаал хүчингүй болох ёстой.

Дараа нь 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б/63 тоот тушаал гаргаж бүтэц, орон тоог шинээр зохион байгуулсан ба энэ үед Цэнгэл сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн орон тоон нэг болсныг мэдэгдэж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.Алтынбект орон тоо цомхтгогдсон талаар албан ёсоор мэдэгдэх хуудас гардуулж, нэг сарын дараа Улаанхус сумд шилжүүлсэн юм. Ингээд бүх асуудал хууль, журмын дагуу явагдаж, хуулийн дагуу шийдвэрлэгдсэн юм. Тийм учраас Ц.Ганболдыг хэвээр ажиллуулж, хэрэгт авагдсан нотлох баримтууыг дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу түүний өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тайлбарлахаас өмнө аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тооны талаар тайлбар хийх нь зүйтэй байна. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/392 дугаар тушаалын 3 дугаар хавсралтад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн орон тоог 38 хүнээр баталж өгсөн. Уг тушаалын хавсралтын сүүлийн хэсэгт сум хариуцсан байцаагчийн орон тоог 14 гэж тусгасан байдаг. Тухайн тушаал гарсны дараа А.Алтынбекийг 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 15 дугаар тушаалаар нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчийн албан тушаалд томилсон юм. Ц.Ганболдыг мөн 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалаар нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагчаар томилсноос үзэхэд эдгээр албан тушаалтнуудын гүйцэтгэх чиг үүрэг нь ялгаатай гэдэг нь тогтоогдож байна.

Энэхүү бүтцээр ажиллаж байгаад Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Баян-Өлгий аймгийн аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн баталсан байдаг. Уг бүтцэд сумын нийгмийн даатгалын байцаагч 13, бусад орон тоог нэмэхэд нийт 38 албан тушаалтны орон тоо батлагдсан байгаа. Эдгээр байдлаас дүгнэж үзэхэд Цэнгэл сумын шимтгэлийн байцаагчийн орон тоо аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого, хяналтын тасагт шилжиж ирсэн тодорхой боловч асуудлыг батлагдсан бүтцийн хүрээнд шийдвэрлэхгүйгээр тухайн орон тоонд өөр хүмүүсийг томилж, дээд шатны байгууллагаас бүтэц, орон тоог баталж өгсөн байхад аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга дахин тушаал гаргаж, орон тоо цомхтгосон нь хуульд нийцээгүй байна. Нэгэнт шимтгэлийн байцаагчийн орон тоо аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Санхүү бүртгэл, орлого, хяналтын тасагт шилжиж ирсэн учраас Ц.Ганболдыг тухай албан тушаалд томилж асуудлыг маргаангүй шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл ажил олгогч эрх хэмжээг хэтрүүлэн ашиглаж А.Алтынбекийг томилсон тушаалыг хүчингүй болгож эрх ашгийг зөрчсөн учраас шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд аймаг, нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц, орон тоог агентлагийн дарга батлах эрх хэмжээтэй болохыг хуульчилж өгсөн байна. Үүний дагуу агентлагийн дарга А/03 тоот тушаалаар хэлтсийн бүтэц, орон тоог баталж өгсөн байхад А.Алтынбекийн орон тоог цомхтгож Улаанхус суманд томилсон нь энэ хүний эрх ашгийг зөрчиж байгаа. Мөн нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх заалтыг баримталж төрийн албанд он, удаан жил ажилласан хүнийг туршилтын хугацаагаар томилж, түүний эрх ашгийг зөрчжээ.

Аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын Б/05, Б/06 дугаар тушаалууд А.Алтынбекийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн учраас шүүхэд хандсан болно. Нэхэмжлэгч А.Алтынбек нь төрийн албаны шалгалт өгөөгүй гэж хариуцагч талаас хөндөж байгаа нь энэхүү маргаанд холбогдолгүй, түүнийг чөлөөлөхдөө ийм асуудал хөндөгдөөгүй байсан юм. А.Алтынбек нь Цэнгэл сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай захирамжаар тус сумын тэтгэвэр, тэтгэмж хариуцсан байцаагч бөгөөд нягтлан бодогчоор томилогдсон.

Харин тухайн үед Төрийн албаны тухай хууль гаргаагүй байсан ба уг хууль 1995 онд батлагдаж, энэ хуулийг хэрэгжүүлэх журмын тухай хууль 1995 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байгаа. Энэхүү хуулийн 1 дэх заалтад Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа энэ хуульд заасан болзол, журмыг хангасан төрийн албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай гэсэн заалтын дагуу А.Алтынбек төрийн жинхэнэ албан хаагчид тооцогдож явсан байгаа. Ингээд төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байгаад 2005 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дэвшин ажиллах болсон тул ажлаас чөлөөлсүгэй гэсэн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаал гарсан байдаг.

Үүнээс өмнө аймгийн Засаг даргын захирамж 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдөр гараад сумын Засаг даргаар томилогдсон байсан. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч төрийн улс төрийн албан тушаалд сонгогдон буюу томилогдон ажиллах болсон бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө гэж, мөн хуулийн 23.5-д Энэ зүйлийн 23.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, мөн зүйлийн 23.4-т заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийг нөөцөд байгаад тооцно гэж тус тус заасан учраас энэ хугацаанд төрийн албан хаагчийн нөөцөд байсан байна. Хоёрдугаарт, энэ хүн өөрөө очиж бүртгүүлээгүй гэсэн тайлбарыг хариуцагч талаас ярьж байна. Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолд зааснаар төрийн албанаас чөлөөлөгдсөн хүмүүсийг нөөцөд бүртгэх эсэх асуудлыг Төрийн албаны салбар зөвлөл хийх ёстой байна. Тухайн үед нэхэмжлэгчийг нөөцөд бүртгээгүй байвал салбар зөвлөлийн буруутай үйл ажиллагаа гэж ойлгож болно.

Нэгэнт нөөцөд бүртгэгдсэн бол дараагийн албан тушаалд томилогдох хүртэл хүчинтэй тооцох журамтай ба А.Алтынбек нь 2013 онд төрийн жинхэнэ албанд томилогдоход ямар нэгэн харшлах шалтгаан байхгүй гэдгийг хэлмээр байна. Мөн хариуцагч талын тайлбарлаж байгаа нийгмийн даатгалын байцаагчийг сумын Засаг даргатай зөвшилцөж томилно гэсэн заалт Нийгмийн даатгалын тухай хуульд байхгүй, тэр үндэслэлгүй зүйл байна.

Дээрх байдлаас дүгнэхэд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын А.Алтынбекийг өөр ажилд шилжүүлсэн томилсон тушаал түүний хууль ёсны эрх, ашгийг зөрчсөн учраас уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Алтынбекээс аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон тоо цомтгох тухай Б/05 дугаар тушаал, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн томилох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Аймаг, дүүрэг /нийслэл/-ийн нийгмийн даатгалын хэлтэс /газар/-ын зохион байгуулалатын бүтэц, орон тоо, албан тушаал /ажлын байрны/ жагсаалтыг батлах тухай А/391 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар[1] Баян-Өлгий аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаал /ажлын байр/-ыг жагсаалтаар нийт 38 орон тоо, үүнээс 14 орон тоог сумын нийгмийн даатгалын байцаагчийг ажиллуулахаар баталжээ.

Уг тушаалыг үндэслэж аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2013 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 14 дүгээр тушаалаар[2] Ц.Ганболдыг Цэнгэл сумын нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагчаар, 15 дугаар тушаалаар[3] А.Алтынбекийг Цэнгэл сумын нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчаар тус тус томилсон байна.

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар Бүтэц, орон тоо батлах тухай тушаалын 6 дугаар хавсралтаар[4] Баян-Өлгий аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг мөн адил нийт 38 орон тоо баталснаас орлого шимтгэлийн байцаагчийн орон тоог 2 болгон 1-ээр нэмэгдүүлж, сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог 13 болгож 1-ээр цөөрүүлжээ.

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэсийг аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болгон өөрчилсэнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/25 дугаар тушаалаар[5]хэлтсийн бүх албан тушаалтан, ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, улмаар нэхэмжлэгч А.Алтынбекийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/35 дугаар тушаалаар[6] Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар, Ц.Ганболдыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/61 дүгээр тушаалаар[7] Улаанхус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар тус тус томилсныг хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон эрх бүхий албан тушаалтан 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/63 дугаар тушаалаар[8] хүчингүй болгосон байна.

Улмаар өөрөө 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/74 дүгээр тушаалаар[9] А.Алтынбекийг Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсны дараа 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар тушаалаар[10] Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн хоёр орон тооны нэгийг цомхотгож, үүнтэй холбогдуулан А.Алтанбекийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Гэтэл шинээр батлагдсан бүтэц, орон тоог үндэслэж Цэнгэл сумын эрүүл мэндийн даатгалын байцаагчийн 1 орон тоонд эрх бүхий албан тушаалтан өөрөө анх Б/74 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийг томилсон атлаа орон тоо цомхотгосон үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Улаанхус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар томилсон[11] нь хууль бус, энэ үйлдэл нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан ...хууль дээдлэх..., 4.2.6-дах хэсэгт заасан ...төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах... гэснийг тус тус зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл, шинээр батлагдсан бүтэц орон тооны дагуу гуравдагч этгээд Ц.Ганболдыг маргаан бүхий орон тоонд анхнаасаа томилсон шийдвэр гаргаагүй, нэг орон тоонд нэхэмжлэгчийг томилсны дараа уг орон тоог 2 байсан гэж үзэн цомтгох шийдвэр гаргасныг буруу гэж үзлээ.

Мөн өмнө нь Цэнгэл сумд нийгмийн даатгалын шимтгэлийн байцаагч болон нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагч гэсэн хоёр орон тоогоор ажиллаж байсан бол зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдснөөр сумын эрүүл мэнд нийгмийн даатгалын байцаагчийн нэг орон тоо болсон, энэхүү орон тооны ажлын байрны тодорхойлолтод[12] заасан чиг үүрэгт тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод[13] заасан чиг үүрэг буюу ажлын байрны зорилгод тусгасан иргэд даатгуулагчидад тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох, хөнгөн шуурхай хүртээмжтэй нийгмийн даатгалын үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан ...зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах... гэсний дагуу нэхэмжлэгч А.Алтынбек нь төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдаж Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар ажиллах ёстой байжээ.

Хариуцагч тал маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилоогүй үндэслэлээ ...Цэнгэл сумын удирдлагатай зөвшилцөхөд зөвшөөрөөгүй, нэхэмжлэгч А.Алтынбекийг анх тэтгэвэр, тэтгэмжийн байцаагчаар томилохдоо салбар зөвлөлийн нэр дэвшүүлэх тогтоол, дүгнэлтгүйгээр уг албан тушаалд хууль бусаар томилсон... гэж маргасан нь үндэслэл муутай байна.

Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн жинхэнэ албад томилохдоо сумын удирдах албан тушаалтнуудтай зөвшилцөх тухай хууль, эрх зүйн үндэслэл байхгүй, нэхэмжлэгчийг анх Цэнгэл сумын Ардын депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1993 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаар захирамжаар[14] сумын тэтгэвэр, тэтгэмжийн байцаагчаар томилон ажиллуулсан, улмаар 2005 оноос 2012 он хүртэл улс төрийн албан тушаалыг хаасантай холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, 2013 онд дахин нийгмийн даатгалын тэтгэврийн байцаагчаар томилсон нь тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[15] тогтоогдож байгаа ба үүнийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Учир нь,

Төрийн албаны тухай хууль анх 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр батлагдаж, 1995 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдсөн, 1995 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд ...Төрийн албаны тухай хуулиар тогтоосон төрийн захиргааны албан тушаал эрхэлж байгаа, энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан төрийн албан хаагчийг Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчид хамааруулсугай... гэж заасан тул 1993 онд төрийн захиргааны албан тушаалд томилогдсон нэхэмжлэгчийг төрийн жинхэнэ албан хаагч биш гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн төрийн жинхэнэ албан хаагч улс төрийн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон нөхцөлд түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх боловч төрийн албан хаагчийн нөөцөд байхыг Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.5 дах заалтаар тус тус зохицуулсан, нэхэмжлэгчийг нөөцөд байх хугацаанд төрийн жинхэнэ албад дахин томилсон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Мөн хариуцагч А.Алтынбекийг Улаанхус сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасныг баримталсан, уг зүйл заалтыг төрийн жинхэнэ албыг мэдлэг, боловсрол, мэргэшлийн бэлтгэл, ур чадвар, туршлагатай албан хаагчаар бүрдүүлэх зорилгоор төрийн жинхэнэ албад анх орсон иргэнийг түр хугацаагаар томилон ажиллуулахад баримтлах бөгөөд тогтвор, суурьшилтай ажилласан төрийн жинхэнэ албан тушаалтны томилгоонд энэхүү зүйл, заалтыг хэрэглэснээр нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.

Иймд хариуцагчийн үйлдэл нь дээрх үндэслэлээр хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.3 хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Алтынбекийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Орон тоо цомтгох тухай Б/05 дугаар тушаал, Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай Б/06 дугаар тушаалын А.Алтынбект холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Цэнгэл сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн48 дугаар зүйлийн 48.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 43-44 дүгээр хуудас

[2] Хэргийн 45 дугаар хуудас

[3] Хэргийн 21 дүгээр хуудас

[4] Хэргийн 22-23 дугаар хуудас

[5] Хэргийн 128 дугаар хуудас

[6] Хэргийн 25 дугаар хуудас

[7] Хэргийн 26 дугаар хуудас

[8] Хэргийн 29-30 дугаар хуудас

[9] Хэргийн 31 дүгээр хуудас

[10] Хэргийн 32 дугаар хуудас

[11] Хэргийн 33 дугаар хуудас

[12] Хэргийн 108 дугаар хуудас

[13] Хэргийн 103 дугаар хуудас

[14] Хэргийн 15 дугаар хуудас

[15] Хэргийн 16-20 дугаар хуудас