| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буурайн Баттөр |
| Хэргийн индекс | 312/2025/01455/И |
| Дугаар | 207/ма2025/00125 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 207/ма2025/00125
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2025/00125 |
2025 11 27 207/МА2025/00125
**** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч **** ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01482 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,
“Түрээсийн төлбөр 27,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Шаравдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Э.Булгантамир оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
"****" ХХК-ийн захирал Батболд овогтой **** нь анх 2019 оны 11 дүгээр сард "****" ХХК-тай гэрээ байгуулж манай компанийн **** сумд байрлах Авто засварын төвийг сарын 500,000 төгрөгөөр түрээслэн ашиглахаар болж ХАА-н техник тоног төхөөрөмжүүдээ авчирч тавьсан. 2024.02.01-ээс гэрээгээ шинэчлэн сарын 800,000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцсон. Тус компани 2019, 2020 оны түрээсийн гэрээгээ төлсөн. Харин 2021, 2022, 2023, 2024, 2025 оны түрээсийн төлбөрөө төлөөгүй төдийгүй, утсаа авахгүй, ирж уулзахгүй зугатаасаар олон сар болж байгаа тул Б.****ыг эрэн сурвалжилж манай компанид учруулсан 27,260,000 төгрөгийн хохирлыг төлуүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч “****” ХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01482 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.1.-д заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-аас 27,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, “****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,250 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “****” ХХК-аас 294,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.**** шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч **** ХХК-ийн Хөдөө аж ахуйн газар тариалангийн үйл ажиллага явуулдаг аж ахуй нэгж билээ. Манай компани энэ чиглэлээр Орхон аймаг, **** сумын иргэдийн мал аж ахуйн өвлийн бэлтгэлд зориулж өвс тэжээлийн нөөцийг хангах чиг үүрэгтэй байдаг болохоор шүүх хуралдаан хийх үед яг хураалт хийгдэж байсан. Тус компанийг бүрэн төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч Д.ОюунЭрдэнэд өгсөн билээ. Б.**** би тухайн итгэмжлэлийг өөрийн биеэр шүүхийн туслахад өгсөн. Энэ үед ямар ч зүйл хэлэхгүй авсан. Би: “...болж байна уу ах нь олон дахин ирж амжихгүй, ид ажилтай үе таарч байгаа болохоор талбай руу гаа явна. Тэнд хөдөө сүлжээгүй газар олон хоног байх юмаа гэж учир байдлаа хэлээд сайн хараад аваарай” гэж хэлээд лавшруулж асуухад үзээд болно шаардпага хангаж байна л гэсэн шүү дээ. Тухайн үед итгэмжлэл өгсөн өмгөөлөгч маань хөдөө орон нутагт хуралтай байсан юм. Гэтэл хурал болдог өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаар хүсэлт болон эмнэлгийн магадлага явуулсаар байтал хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн. Бидэнд нэхэмжлэл гардаж аваад тайлбар гаргаж нотлох баримт гаргаж өгөх ч боломж олгоогүй. Хуулиар хэргийн оролцогч шүүхийн өмнө эрх тэгш мэтгэлцэн оролцох боломжоор шүүх хангаж эрх тэгш оролцох боломж олгоогүй хурлын тов мэдэгдээгүй, хүрээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Хариуцагч **** ХХК-ийн захирап **** би шүүх хуралдааны товыг гардаж аваагүй. Шүүхийн шийдвэрт “Шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмын дагуу хүргүүлсэн” гэсэн боловч уг тов хүрэх ёстой эзэндээ хугацаандаа яг хүрсэн эсэхийг тодруулаагүй байж хүндэтгэн үзэх шалтгаагүй шүүх хуралд ирсэнгүй гэж үзэх бүрэн төлөөлөх эрх олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч ч байхгүйд оролцогчийн эрхийг зөрчиж шийдвэр гаргаж байгаа нь шийдвэрийн үндэслэлээ шүүгч түрээсийн гэрээг хууль ёсны гэж үзсэн нь ч шудрага ёсны зарчимд нийцсэн гэж үзэхэд эргэлзээ бүхий байна. ИХШХШТхуулийн 169 дүгээр зүйлийн “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” гэсэн хуулийн үндсэн шаардлагад хангахгүй байгаа нь анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох хангалттай үндэслэлтэй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 01482 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** ХХК-нд холбогдуулан “Түрээсийн төлбөр 27,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх хэргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 326 дугаар зүйлийн 326.1.-д заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-аас 27,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.
Анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 10 ны өдөр Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** ХХК-нд холбогдуулан “Түрээсийн төлбөр 27,260,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 07 дугаар сарын 07 ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Б. ****т нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, 07 дугаар сарын 21 ний өдөр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгөх талаар үүрэг болгож, эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг нь танилцуулсан байна.
2025 оны 07 дугаар сарын 18 ны өдөр хариуцагч **** ХХК нь өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар итгэмжлэл олгосон ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
**** ХХК нь өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хуулийн дагуу итгэмжлэл олгосон байхад түүнд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн материал танилцуулаагүй, шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргаж байхад итгэмжлэлийн талаар дүгнэлт хийж захирамж гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болно.
Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 294,250 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01482 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.****ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 294,250 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
2