| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2024/00902/И |
| Дугаар | 207/ма2025/00127 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 207/ма2025/00127
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2025/00127 |
2025 11 27 207/МА2025/00127
**** имкекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч **** ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч : **** импекс ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,
“Алданги 11,620,000 төгрөг, үндсэн төлбөр 23,240,000 төгрөг, нийт 34,860,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Н.Нэргүйн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг цахимаар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан цахимаар, нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “**** импекс” ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
**** импекс ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр **** ХХК-тай утсаар холбогдож тухайн байгууллагаас Галч маркийн 400 квт-ийн зуухыг 23,240,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр 5,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Зуухыг Улаанбаатар хотын Эмээлт дэх салбараас ав гэсний дагуу 9 м янданг мөн авч нийт 24,480,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Гэвч тус зуухыг ашиглах үед тогтсон кВт-доо хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ний өдөр **** ХХК дээр буцааж хүргэж өгсөн. Үүнээс хойш манай компанид худалдагч нь гэрээнд заасны дагуу Галч маркийн 400 кВт-н зуухыг нийлүүлээгүй тул гэрээг цуцалж, төлбөрөө шилжүүлэхийг мэдэгдсэн ч шилжүүлээгүй. Худалдах, худалдан авах гэрээний 8.1.2.-т Худалдагч нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутмаар тооцож худалдан авагч талд төлнө гэж заасан тул...алданги 11,620,000 төгрөг, үндсэн төлбөр 23,240,000 төгрөг, нийт 34,860,000 төгрөгийг гаргуулна” гэжээ.
2. Хариуцагч “****” ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
**** ХХК нь **** ХХК-с Галч маркийн ****ыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 47,793,000 төгрөгөөр худалдан авсан. Манай үйлдвэр өөрсдийн техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон тул үйлдвэрлэгч **** ХХК-д хандан авсан зуухаа худалдан борлуулж өгөх талаар харилцан тохиролцсон. "****" ХХК нь манай өөрийн үйлдвэрийн зуух тул худалдан борлуулахад татгалзах зүйлгүй гээд Галч маркийн ****ыг борлуулахаар хамтран ажиллах 23/20 тоот гэрээ байгуулсан. Ингээд зуухыг дахин иж бүрэн засварлаж, баталгааг “****" ХХК хариуцахаар тохиролцож, засварын 3,745,813 төгрөгийг манай компани төлсөн. "****" ХХК нь зуухны иж бүрэн засварыг хийж гүйцэтгэсэн ба чанарын шаардлага хангасан зуух болгосон. "Хаанхүнс импекс" ХХК худалдан авах хүсэлт гаргасан тул зуухыг "****" ХХК худалдан авагчид хүлээлгэн өгч биет байдлын доголдол, хүчин чадлыг хариуцан нэг жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгож, төлбөр 23,240,000 төгрөгийг манай компани хүлээн авсан. "Хаанхүнс импекс" ХХК-ийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа "**** ХХК нь манайд хандан зуухыг буцааж өгсөн талаар мэдэгдсэн...зуухыг ашиглах бүрэн боломжтой, манай компанид энэ талаараа мэдэгдээгүй. Угаасаа бид хуучин зуух зарсан, тиймдээ ч зах зээлийн үнээс тал хувь багаар зарсан, энэ байдлыг худалдан авагч анхнаасаа мэдэж байсан, Хаанхүнс импекс ХХК нь ашиглалтын горим зөрчиж уг зуухыг эвдсэн...Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно гэж заасан тул “****” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан “Хаанхүнс импекс” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ хийсэн. Нэхэмжлэгч талын буруутай үйл ажиллагаанаас болж зуух эвдэрсэн болохыг гуравдагч этгээд хангалттай тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болж зуух эвдэрсэн хэдий ч “****” ХХК нь уг зуухыг засварласан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “****” ХХК-ийн тайлбар татгалзлын агуулга:
Тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4298 дугаартай захирамжтай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. 1. Хүлээлгэж өгөхдөө зааварчилгаа өгөөгүй нэхэмжлэгч байгууллагын эрх бүхий этгээд хүлээн аваагүй, ачиж тээвэрлэх авто машин явуулсан жолоочид нь хүлээлгэн өгсөн, бичлэг зургаар баталгаажуулсан /фото зураг/. 2.Маргаан бүхий зуухыг угсрах ажиллуулах зааварчилгааг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ****т дүрс бичлэгээр харилцан ярилцаж угсралтын заавар, ажиллуулах зааврыг өгсөн. Дээрх үйл ажиллагаатай холбоотой баримт үйлдээгүй. 3.Буцаан хүлээлгэж өгөөгүй, манай үйлдвэрийн хашаанд буулгаад явсан. Ямар нэгэн баримт үйлдээгүй. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Н.****т нүүрс бутлах гол уярч гулзаасан талаар эвдрэл гэмтэл гарсан тухай мэдэгдэхэд тог тасарч хөргүүрийн шингэн сэлэхгүй байсан учир гол улайсаж гулзаасан гэж бидэнд хэлсэн. Эвдрэлийг засаж, зуухыг хэвийн болгосон боловч ирж аваагүй. Эвдрэлийн талаар акт үйлдэх гэсэн боловч төлөөлөгч Н.**** ирээгүй, утсаа авахгүй байсан. Хариуцагч компанид энэ тухай мэдэгдсэн...400кв хүчин чадлаа гаргахгүй байна гэх асуудлыг яриад байна. Уг зуухны хувьд технологийн шаардлага бүрэн хангасан зуух юм. Манай байгууллага 2022 онд хариуцагч “****” ХХК-д 3 ширхэг зуухыг худалдан борлуулсан. “****” ХХК нь үйлдвэрлэлээ өргөжүүлэх үүднээс хүчин чадал сайтай зуухыг авах гэж байна. Танай байгууллагаас авсан зуухаа 2 жил гаруй хугацаанд хэрэглэсэн. Хэвийн сайхан ажиллагаатай байгаа тул уг зуухаа буцаагаад худалдан борлуулах сонирхолтой байна гэсний үндсэн дээр **** ХХК болон “****” ХХК нь хоорондоо гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл маргаан бүхий зуух бол 2 жил гаруй хугацаанд ажилласан хэвийн ажиллагаатай зуух гэж ойлгож болно. “****” ХХК-аас Силам захирал руу залгаад “Хаанхүнс” импекс ХХК манай зуухыг худалдан авах санал гаргаж байна та хүлээлгээд өгөөрэй гэж холбогдсоны дагуу тухайн зуухыг “Хаанхүнс импекс” ХХК-ийн төлөөлөгч буюу **** гэх хүн ирж үзсэн. Тухайн хүнд яаж ашигладаг, ямар зориулалттай, хэдэн квтын хүчин чадалтай гэдгийг тайлбарлан өгсөн. Хүлээлгэж өгөхтэй холбоотой асуудал дээр автомашин явуулчихсан ачилтыг нь хийж өгөөд хэвийн ажиллаж байгаа байдлынх нь зургийг явуулаарай гэж хэлсэн. Жолоочтой зуух хүлээлгэн өгсөн баримт үйлдэх гэтэл уг жолооч нь би тээвэрлэх үүрэгтэй этгээд тул баримт дээр гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Жолоочид хэвийн ажиллаж байгаа зураг, зааварчилгааг өгч явуулсан. Энэ тухайгаа Хаанхүнс импекс ХХК-ийн төлөөлөгч ****т мэдэгдсэн. Тэгэхэд зааварчилгааг тухайн газар дээр суурилуулахдаа авъя. Манайх хүлээгээд авчихсан тул маргаан байхгүй гэдэг тайлбарыг өгсөн. Үүнээс 2 хоногийн дараа Силам захирал руу Хаанхүнс импекс ХХК-ийн төлөөлөгч **** залгаад тухайн зуухыг объект дээрээ аваад ирлээ хэрхэн яаж суурилуулах талаар дүрс чатаар холбогдоод зааварчилгаа өгчих гэсний дагуу дүрс чатаар холбогдож бүрэн зааварчилгааг өгөн хэвийн ажиллагаанд оруулсан. Үүнээс 20 гаруй хоногийн дараа зуух болохгүй байна гэх дуудлагыг **** ХХК-д өгсөн. Дүрс бичлэгээр холбогдож юунаас болж эвдэрсэн талаар хоорондоо ярилцахад **** гэх хүн тог тасарсны улмаас хөөх помп ажиллахгүй хөргөлтийн систем доголдож гол нь гулзайчихлаа гэдэг асуудлыг хэлсэн. Анх зааварчилгаа өгөхдөө тог тасарвал нэмэлт цахилгаан үүсгэвэр заавал байх шаардлагатай талаар мэдээлэл өгсөн. Манай зүгээс өөрийн зардлаар уг зуухыг засаж өгөх талаараа хэлсэн. Гэтэл уг зуухыг хүлээн авснаас 20 гаруй хоногийн дараа манай үйлдвэрийн хашаанд бид нарт хүлээлгэж өгөхгүй зуухыг авчраад тавьчихсан байсан. Уг зуухыг бүрэн засварлаж дууссаны дараагаар “Хаанхүнс импекс” ХХК-ийн төлөөлөгч ****т зуухаа ирж аваарай гэж мэдэгдсэн боловч ирж аваагүй тул “****” ХХК-ийн төлөөлөгч Г.Батад энэ талаар хэлсэн” гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д зааснаар хариуцагч **** ХХК-иас 23,340,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаанхүнс импекс ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11,620,000 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Хаанхүнс импекс ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч **** ХХК-иас 274,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хаанхүнс импекс ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2., 122.3.-т зааснаар Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШЗ2024/03395 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч **** ХХК-ийн арилжааны банк дахь харилцах болон хадгаламжийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн 34,860,000 төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурьдаж шийдвэрлэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч “**** импекс” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тус зуухыг ашиглах үед тогтсон квт-даа хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “****” ХХК-д буцааж хүргэж өгсөн. Үүнээс хойш манай компанид худалдагч гэрээнд заасны дагуу Галч маркийн 400 квт-ийн зуухыг нийлүүлээгүй...” гэж тайлбарласан. “****” ХХК нь тус Галч маркийн 400 квт-ийн зуухыг зарж борлуулах талаар “****” ХХК-д хүсэлт тавьсны дагуу “****” ХХК нь “**** импекс” ХХК худалдан авах санал ирүүлсэн танайх худалдах худалдан авах гэрээгээ хийгээрэй гэж хэлсэн. Үүний дагуу 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “**** импекс” ХХК-тай 23/16 дугаартай Худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Манай компани нь тус зуухыг ашиглаж байсан учир зуухны урсгал засвар үйлчилгээг “****” ХХК-иар хийлгүүлж, баталгаат хугацааг “****” ХХК хариуцахаар харилцан тохиролцсон байсан тул “****” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “****” ХХК нь тус Галч маркийн 400 квт-ийн зуухыг “**** импекс” ХХК-иас буцааж авчирч өгсөний дараа засвар үйлчилгээг хийж "**** импекс” ХХК-ийн хариуцсан хүн болох н.****т утсаар мэдэгдсэн боловч ирж аваагүй. Дараа нь утас нь холбогдохоо байсан гэж шүүх хуралдаан дээр тайлбараа гаргасан. Мөн нэхэмжлэгч нь тус зуухыг биет байдлын доголдолтой тогтсон квт-даа хүрэхгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлоогүй энэ талаар хэрэгт ямар нэг баримт хавсаргагдаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад тус Галч маркийн 400 квт-ийн зуух нь биет байдлын доголдолгүй, харин нэхэмжлэгч нь өөрөө ашиглалтын горим зөрчсний улмаас эвдэрсэн болох бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох “****” ХХК-ийн тайлбараар хангалттай тогтоогдсон. Худалдан худалдах авах гэрээг байгуулсны дараа “****” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан нь тус зуухыг биет байдлын догоддолтой байсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь тус зууханд урсгал засвар үйлчилгээг хийсний дараа “**** импекс" ХХК-д худалдан борлуулсан бөгөөд баталгаат завсарын хугацааны асуудлыг гэрээнд “****” ХХК хариуцахаар тохирсон тул худалдах худалдан авах гэрээг байгуулсны дараа “****” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлож чадаагүй байхад хариуцагч түүнийг үгүйсгэсэн байдлаа нотлох шаардлагагүй болно. Нэхэмжлэгчийн зүгээс зуухыг хүлээлцэх акт үйлдээгүй, хэрхэн ажиллуулах талаар зааварчилгаа өгөөгүй гэж байгаа боловч шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбараар тэр нь үгүйсгэгдсэн. “****” ХХК-иас Хүлээлцэх актыг үйлдэх гэсэн боловч зөвхөн жолооч ирсэн. Тухайн жолооч нь би зөвхөн тээвэрлэх үүрэгтэй “би мэдэхгүй” гэсэн учир хүлээлцэх актыг жолоочид өгөөд явуулсан боловч гарын үсэг зураад буцааж ирүүлээгүй “**** импекс” ХХК-ийн хариуцсан хүн болох ****тай ярихад өгөөд явуулчих яг суурилуулах үедээ зааварчилгаа авья гэж хэлсэн. Үүний дараа зуухаа аваад ирсэн суурилуулж байна гэхэд нь видео дуудлага хийж техникийн зааварчилгааг нэг бүрчлэн өгсөн. Дараа нь зуух эвдэрчихлээ гээд залгахад мөн видео дуудлага хийж зааварчилгаа өгсөн, зуух эвдэрсэн шалтгаан нь тог тасарч нэмэлт цахилгаан үүсгүүр залгаагүй байсны улмаас хэвийн үйл ажиллагаа алдагдаж эвдэрсэн байсан. “**** импекс” ХХК нь зуухыг буцааж аваачиж өгч засуулах талаар ярьсан боловч авчирч өгсөн талаараа мэдэгдээгүй үйлдвэрийн хашаанд буулгаад явсан байсан. Бид зуухыг засварлаж хэвийн ажиллагаанд оруулаад ирээд аваарай гэж хэлсэн боловч ирж аваагүй, дараа нь утас нь холбогдохоо байсан гэсэн тайлбараар зуухыг ажиллуулах талаар техникийн зааварлчилгааг өгсөн. Мөн ашиглалтын горим зөрчсний улмаас тус зуух эвдэрсэн болох нь тогтоогдож байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.3.-т “тухайн эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч түүнийг тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөнөөс, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцел байдлын улмаас үүссэн” бол шаардлага гаргах эрхээ алдах тухай заасан. Шүүх хуралдааны явцад юхэмжлэгч “**** импекс” ХХК нь ашиглалтын горимыг зөрчсний улмаас зуух эвдэрсэн болох зоигчдын тайлбар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн фото зураг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байхад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй байдлаа нотлож чадаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “Гэрээнээс татгалзаж” байна гэх тайлбарыг гаргасан ба энэ талаар хариуцагчид удаа дараалан мэдэгдсэн гэж байгаа боловч огт мэдэгдээгүй шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа мэдсэн. “****” ХХК-иас зуух эвдрээд авчирч өгсөн, түүнийг нь засварлаж байгаа тухай бидэнд мэдэгдсэн. Үүнийг нь манай компани баталгаат хугацааны дотор зуухны эвдэрлийг засаад буцаагаад өгөх юм байна л гэж ойлгосон. Үүнээс хойш дахиж холбоо бариагүй, Талуудын хооронд байгуулсан 23/16 дугаартай гэрээний 3.1.-д “Гэрээний дагуу нэг талаас нөгөө талд хүргүүлэх аливаа мэдэгдэл, албан бусад баримт бичгийг бичгээр үйлдэх бөгөөд биечлэн, цахим шуудангаар эсхүл талууд зөвшөөрсөн бусад хэрэгслээр доорх хаягаар хүргүүлнэ” гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч “**** импекс” ХХК нь гэрээнд заасны дагуу мэдэгдлийг ирүүлээгүй гэрээнээс татгалзаж байгаа тухай “****” ХХК нь мэдээгүй болно. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө тадцаа мэдэгдэнэ. 204.2.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч “**** импекс” XXX нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа албан ёсоор мэдэгдээгүй тул түүнийг гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзнэ. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
**** импекс ХХК, хариуцагч **** ХХК-нд холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 34,860,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцэж 312/ШШ2025/01236 дугаартай шийдвэрийг гаргасан. Энэхүү шийдвэрт хариуцагч **** ХХК нь давж заалдах гомдол гаргасан байгаатай танилцлаа. Хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүх хуралд худалдан авагчид худалдсан галч маркийн 400 квт-ийн зуухны баталгаат хугацаа дууссан байсан буюу гуравдагч этгээд болох **** ХХК нь үйлдвэрлэж **** ХХК нь тус зуухыг худаддан авч өөрсдийн хэрэгцээндээ жил гаран ажиллуулсан буюу зуухны баталгаат хугацаа бол аль хэдийнээ дууссан байсан гэдгийг мэдэгдсэн. Энэ зуухыг бүрэн ажиллагаатай хүлээлгэж өгсөн гэдгийг хариуцагч болон гуравдагч этгээд хэн аль нь нотлоогүй. Хариуцагч **** ХХК нь **** ХХК-тай “Галч маркийн **** худалдах, худалдан авах 22/38 тоот гэрээ, мөн Хамтран ажиллах 23/20 дугаартай гэрээ”-г тус тус байгуулж ажил гүйцэтгүүлэх байсан хэмээн тус хэрэгт гуравдагч этгээдээр татах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч анхнаасаа тус худалдсан зуухны баталгааг **** ХХК хангах байсан хэмээн маргаж байсан бөгөөд энэ нь үйлдвэрийн баталгаанд хамааралтай гэж байсан. Нэхэмжлэгч талаас **** ХХК-ийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан хэдий ч түүнийг шүүх хангаагүй. Шүүхэд **** ХХК нь гуравдагч этгээдээр оролцож байгаа явдал нь өөрсдийнх нь эрх, ашигт сөргөөр нөлөөлөх боломжтой болсон тул тус хэрэг маргааны аль ч шатанд уснаас хуурай гарах арга замыг эрэлхийлэх буюу ямар нэгэн хариуцлага хүлээхгүй байхад анхаарна. Хариуцагч тал “**** импекс” ХХК-ийг ашиглалтын горим зөрчсөний улмаас зуухыг звдэлсэн гэдэг хэдий ч, гуравдагч этгээдээр оролцсон “****” ХХК нь тус зуух эвдрээгүй харин зуухны хойд талын /нум гол/ төмөр гулзайж нумарсан байсныг засаж янзалсан дахин ашиглах боломжтой гэдэг. 2023 оны 10 дугаар сарын 25-нд аваад 2023 оны 11 дүгээр сарын 05-нд буцаан хүргүүлсэн тyc зуухыг хэзээ засагдаж ирнэ гэж хүлээж байх ёстой вэ. Бүтэн 6 cap өнгөрч өвөл дууссаны дараа 2024 оны 4-р сард apга барагдаж шүүхэд нэхэмжлэл rapгасан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл шүүхэд маргаан шийдвэрлэгдэж явна. Энэ хугацаанд мөнгө авснаараа **** ХХК хожиж явна. Худалдагч худалдсан эд хөрөнгөдөө баталгаа гаргадаггүй, бусдаар баталгааг хариуцуулах байсан юм бол өөрсдийн хийсэн гэрээний хүрээнд нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх нь зүйд нийцнэ. Нөгөө талаас худалдан авагч нь чанарын баталгаагүй эд хөрөнгийг буцаах эрхтэй буюу ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах эрхтэй. Шүүхэд иргэний хэрэг үүссэн цаг үеэс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл урт удаан хугацаанд хариуцагч **** ХХК нь тухайн хэрэгт хариуцагч байхаас татгалзаагүй, ямар нэгэн сөрөг нэхэмжлэл гаргаагүй байдал нь нэхэмжлэгч **** импекс ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болох бөгөөд шүүх хурлын явцад **** ХХК-д галч маркийн худалдсан зуухыг буцаан хүргүүлсэн байгааг мэдсэн явдал нь хүлээн авсан гэдгээ илэрхийлж байгаа явдал мөн юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон тул шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдпыг хангахгүй орхин шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Н.Нэргүйн шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “**** импекс” ХХК нь хариуцагч “****” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 23,240,000 төгрөг, алданги 11,620,000 төгрөг, нийт 34,860,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан./хх1-3х/
Хариуцагч “****” ХХК “…нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн...гэрээнээс татгалзаж байгаа талаараа албан ёсоор мэдэгдээгүй” гэсэн агуулгаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан байна./хх25, 26х/
3. **** импекс ХХК нь **** ХХК-тай 2023 оны 10 сарын 03-ны өдөр 23/16 тоот гэрээ байгуулан, Галч маркийн 400 кВт-ийн зуухыг 23,240,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, **** импекс ХХК нь **** ХХК-нд зуухны үнэ 23,240,000 төгрөгийг шилжүүлсэн, **** импекс ХХК нь зуухыг Улаанбаатар хот Эмээлт захад байрлах **** ХХК-иас ав гэсний дагуу 2023 оны 10 сарын 25-ны өдөр очиж зуухыг хүлээн авсан, зуух эвдэрсэн учраас 2023 оны 11 сарын 05-ны өдөр **** ХХК-ийн хашаанд буулгаж өгсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
4. Зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч “**** импекс” ХХК “...худалдан авсан зуухыг ашиглах үед тогтсон киловаттдаа хүрэхгүй байсан бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой байсан” гэсэн, /хх2х/
Хариуцагч “****” ХХК “...нэхэмжлэгч тал өөрсдөө ашиглалтын горим зөрчиж биет байдлын доголдол үүсгэсэн” гэсэн тайлбар тус тус гаргаж, зуухны буюу эд хөрөнгийн доголдол нь худалдан авагч, худалдагчийн хэний, ямар үйлдлийн улмаас учирсан нь талуудын маргааны зүйл болжээ.
5.1.Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.1.-д энэхүү гэрээгээр Худалдагч нь Галч маркийн 400 квт-ийн зуухыг худалдах, Худалдан авагч нь худалдан авч, түүнд тохирсон хөлсийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна, 4.1.-д Худалдан авагч худалдагчаас шаардлага хангасан баталгаат Галч маркийн зуухыг дагалдах хэрэгслүүдийн хамт тогтсон цаг хугацаанд нь нийлүүлэхийг шаардах эрхтэй, 5.2.-д Худалдагч нь чанарын болон эрхийн шаардлага хангасан Галч маркийн 400 квт-ийн зуухыг холбогдох баримт бичгийн хамт тогтсон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй, 6.3.-т худалдан авагчийн хариуцсан ажилтан болон үйлдвэрлэгч талыг байлцуулан заасан үзүүлэлт, хэмжээ шаардлагуудыг бүрэн хангасан эсэхийг анхан шатны баталгаажуулалт хийж гэрээний хавсралт 1.-д заасан актыг үйлдэн хүлээн авна гэж тус тус заажээ.
5.2. Гэрээний дагуу худалдан авагч “**** импекс” ХХК нь худалдагч “****” ХХК-иас шаардлага хангасан баталгаат Галч маркийн зуухыг дагалдах хэрэгслүүдийн хамт тогтсон цаг хугацаанд нь нийлүүлэхийг шаардах эрхтэй, худалдагч “****” ХХК нь чанарын болон эрхийн шаардлага хангасан Галч маркийн 400 квт-ийн зуухыг холбогдох баримт бичгийн хамт тогтсон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй байна.
6. Худалдан авагчийн хамгийн гол сонирхол бол доголдолгүй эд хөрөнгө авах явдал бөгөөд энэ хэргийн хувьд зуухыг хүлээн авах үед чанар байдлын талаар шууд хараад мэдэх боломжгүй, Хэнтий аймагт ирээд холболт, угсралт хийсний дараа доголдол илэрсэн байх ба “...эд хөрөнгийн чанарын доголдол нь тухайн эд хөрөнгийг хүлээн авах үед ч, ашиглалтын явцад ч илрэх магадлалтай тул доголдолтой эд хөрөнгө худалдсан талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй.
6.1 Иймд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй гэж дүгнэн хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 23,340,000 төгрөг гаргуулахаар, харин алданги 11,620,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 256 дугаар зүйлийн 256.1., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
7.Нэхэмжлэгч **** ХХК-ийн захирал Г.**** 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 02/121 дугаар итгэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг бүрэн төлөөлөх эрхийг Ц.Бахархалд 2 жилийн хугацаатай олгожээ./хх6х/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4.-д төлөөлүүлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс хэдийд ч татгалзаж болох бөгөөд энэ тухай шүүхэд бичгээр мэдэгдэнэ. Мэдэгдэл шүүхэд ирснээр төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болно гэж заасан.
Хэдийгээр **** импекс ХХК-ийн захирал Г.**** хариуцагч **** ХХК-тай байгуулсан 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 15,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд гаргасан ч тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлж байгаа Ц.Бахархалд олгосон итгэмжлэлээс татгалзах тухай шүүхэд бичгээр мэдэгдээгүй, татгалзсан мэдэгдэл шүүхэд гаргаагүй тул төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсон гэж үзэхгүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Бахархал хариуцагчтэй эвлэрэх хүсэлгүй байгаагаа шүүхэд илэрхийлсэн тул шүүх эвлэрлийг батлах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
8.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 7.1.-д худалдагч буюу “**** импекс” ХХК баталгаат хугацааны асуудлыг хариуцахгүй бөгөөд Галч маркийн 400 квт-ийн зуухыг “****” ХХК байнгын ашиглалтад хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаатайгаар чанарын баталгаа олгоно гэж заажээ.
Тиймээс нэхэмжлэгч эвдрэл, гэмтэлтэй холбоотой асуудлыг хариуцах үйлдвэрлэгч “****” ХХК-нд зуухыг хүргэж өгсөн, “****” ХХК зуухыг буцаан авч ирснийг хариуцагч **** ХХК-нд мэдэгдсэн болохыг хариуцагч үгүйсгэдэггүй.
Иймд хариуцагчийн “....нэхэмжлэгч “**** импекс” ХХК нь гэрээнд заасны дагуу мэдэгдлийг ирүүлээгүй гэрээнээс татгалзаж байгаа тухай “****” ХХК нь мэдээгүй, **** импекс XXX нь гэрээнээс татгалзаж байгаа талаараа албан ёсоор мэдэгдээгүй тул түүнийг гэрээнээс татгалзах эрхээ алдсан гэж үзнэ” гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч Н.Нэргүйн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Нэргүйн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 332,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА