Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 613

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч    Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Журагат хөтлөн,

улсын яллагч Х.Нарангуа,

хохирогч Б.Л,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Э овогт Мын Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0215 30730 дугаартай, 1 хавтас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Э овогт Мын О нь Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “...” ХХК-нд цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:...).

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:

М.О нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчим ... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Лын нүүрэн тус газарт нь хоёр удаа алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О мэдүүлэхдээ:

Би Өмнөговь аймагт 28 хоногийн хугацаатай ажил хийдэг. Тэгээд 28 хоног ажиллаад 4 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод ирээд ажлын газрын хүмүүстэйгээ ганц хоёр цаг караокед суугаад архи, пиво бага уусан. Гэхдээ согтолт гайгүй байсан. Би 16 цагийн орчим гэртээ харьсан. Тэгээд уучихсан байсан болохоор гэрийнхээ хажуу талын дэлгүүрээс 1 пиво аваад уусан. Тухайн үед маргалдсан зүйл байгаагүй. Эхнэр хүүхдээ авах гээд явчихсан байсан. Би ууж байгаад унтаад 21 цаг өнгөрөөд 22 болж байхад сэрээд ойрхон дэлгүүрээс тамхи авах гээд гарсан. Тэгэхэд эхнэрийгээ найзтайгаа явж байхыг нь хараад тэднийх рүү пиво барьж орсон. Найз Цэнд-Аюуш болон эхнэртэйгээ хамт дэлгүүрээс авсан пивоо хувааж уусан. Маргаан гарах болсон шалтгаан нь би 28 хоногийн хугацаатай ажилладаг болохоор ярьсангүй гэж эхнэртэйгээ муудалцсан. Эхнэр намайг маажаад байхаар нь түүнийг хоёр удаа алгадсан нь үнэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Л мэдүүлэхдээ:

Манай нөхөр гэртээ согтуу ирсэн. Бид хоёр 28 хоногийн өмнө маргалдсан байсан болохоор нөхрийгөө хөдөө ажил хийж байхад нь утсаар яриагүй юм. Тэгээд би найз Цэнд-Аюушийн гэрт байхад манай нөхөр пиво авч орж ирээд хамт ууж байгаад бид маргалдсан. Би нөхрийнхөө хүзүүг маажсан. Тэгсэн манай нөхөр М.О намайг хоёр удаа алгадсан. Тэгээд найз Цэнд-Аюушийг ээжийг дуудчих гэж хэлсэн. Ээж ирээд цагдаа дуудсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0215 30730 дугаартай хэргээс:

1.Хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“...Манай нөхөр О Өмнөговь аймагт хөдөө ажилладаг. 2019 оны 4 сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Гэртээ ирэхдээ архи уусан согтуу ирсэн. Тэгээд гэртээ ирээд дахиад архи нэмж уугаад байхаар нь би 2 хүүхдээ аваад гараад явчихсан юм. Би гэрээсээ гараад найз Цэнд-Аюушийн гэрт ороод сууж байтал манай нөхөр О орж ирээд Цэнд-Аюуш бид хоёрт пиво авч өгсөн. Тэгээд Цэнд-Аюушийн гэрт пиво уугаад байж байтал манай нөхөр “чи намайг хөдөө ажиллаж байхад нэг ч удаа залгаж ярьсангүй” гэсэн шалтгаанаас маргалдсан. Маргалдаж байтал манай нөхөр миний нүүр рүү хоёр удаа алгадсан. Тэгэхээр нь би өөдөөс нь түлхсэн. Маргалдаж байгаад би Цэнд-Аюушид “Манай ээжийг дуудчих” гэж хэлтэл Цэнд-Аюуш манай ээж рүү залгаж, удалгүй манай ээж Цэнд-Аюушийн гэрт ороод ирсэн. О бид хоёр 2009 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа. Гэрлэлтээ батлуулсан. Одоо бид хоёр 2 хүүхэдтэй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал),

- 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоор дахин өгсөн:

“...Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ би бүх зүйлээ үнэн зөвөөр хэлсэн. Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Ямар нэгэн санал гомдол болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар тал),  

2. Гэрч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр өгсөн:

“...2019 оны 4 дүгээр сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад манай найз Л 2 хүүхдээ дагуулаад ороод ирсэн. Л манай нөхөр согтуу байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ хонуулах гээд ор засч өгөөд байж байтал Лын нөхөр нь гаднаас хэдэн лааз пиво  барьчихсан орж ирсэн. Тэгээд Л бид хоёр  нөгөө пивоноос нь хувааж уугаад байж байтал Л, О нар маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад О нь Лын нүүр рүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад ноцолдсон. Тэгэхээр нь би Лын ээжийг нь дуудсан. Удалгүй Лын ээж нь орж ирээд Л, О хоёр, мөн 2 хүүхдийг нь аваад гарсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

3.Гэрч М.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр манай хүргэн О ажлаасаа ирсэн байгаа харагдсан. Орой би гэртээ унтаж байтал миний утас дугарсан. Тэгээд авсан чинь манай охины найз Цэнд-Аюуш над руу залгаад манай гэрт Л нөхөртэйгээ маргалдаад байна гэж хэлсэн. Би гэрээсээ гараад Цэнд-Аюушийн хашааны гадна очсон чинь Л, О нар хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тухайн үед Лын нүд нь улайсан, хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

4. Шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 14-нд яллагдагчаар өгсөн:

“...Би Өмнөговь аймагт ажилладаг. 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 13 цагийн орчим Өмнөговь аймгаас ирээд хамт ажилладаг хүмүүстэйгээ 1 дүгээр хороолол хавьд нэг караокед архи, пиво уусан. Тэндээсээ 16 цагийн орчим гараад гэртээ ирэхэд эхнэр Л ганцаараа байсан. Би буцаж гараад пиво авч орж ирээд пиво уугаад сууж байтал эхнэр Л хүүхдүүдээ авчирна гэж хэлээд гараад явсан. Би пиво ууж байгаад унтсан байсан. 22 цагийн орчим сэрсэн чинь манай эхнэр хүүхдүүд байхгүй байсан. Би босоод дэлгүүрээс тамхи авахаар гарсан чинь манай эхнэр Л найз Цэнд-Аюушийн гэр рүү явж байгаа харагдсан. Тэгээд би дэлгүүрээс тамхи, 2 лааз пиво аваад Цэнд-Аюушийн гэрт ороход Цэнд-Аюуш Л хоёр пиво уугаад сууж байсан. Би пиво аваад 2 литрийн пиво авч ороод тэр хоёртой хувааж уусан. Тэгээд би “орой болчихсон байхад хүүхдүүд айлд байлгалаа” гэж уурласан чинь манай эхнэр бас уурлаад бид хоёр маргалдсан. Маргалдаж байтал хумсаараа маажаад байхаар нь би Лын нүүр рүү нь гараараа хоёр удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал),

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дугаар сарын 23-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4782 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Духны зүүн хэсэг, зүүн зовхи, хацар, шанааг хамарсан 9х7,5см талбайд хөхөлбөр өнгийн цус хуралттай, орчны эд хавдартай, төв хэсэгтээ 1,0х0,3см, 1х0,5см хүрэн өнгийн зулгаралттай, духны баруун хэсэгт 1,0х0,5см, баруун хацарт 2,0х0,3см хүрэн өнгийн зулгаралттай, Баруун шууны гадна доод хэсэг, баруун сарвууг хамарсан 17х10см, зүүн шууны гадна дунд хэсэгт 12х6см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

ДҮГНЭЛТ:

-Б.Лын биед дух, зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон тооны үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

-Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдангид нөлөөлөхгүй. /Шинжээч эмч Г.Ханхүү/...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар тал),

6. Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны хамтарсан багийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэл /хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар шийдвэрлэсэн гэх/ (хавтаст хэргийн 36-37 дугаар тал), Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хавтаст хэргийн 31-35 дугаар тал),

7. М.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр тал), М.О болон Б.Л нарын гэрлэлт бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр тал), М.Оын нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дугаар тал), “Эм Эм Эс Инженеринг” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 44-46 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч М.Оын үйлдсэн хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч М.О нь гэм буруугийн талаар маргаагүй,  улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.От холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч М.О, хохирогч Б.Л нар нь 2008 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэр бүл болсон, 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчид байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор заасан ба уг хуулийн үндэслэлээр шүүгдэгч М.О, хохирогч Б.Л нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.

Шүүгдэгч М.О нь нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ... тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Б.Лын нүүрэн тус газарт алгадаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь дух, зүүн зовхи, хацар, шанаанд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, сарвуу, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

-хохирогч Б.Лын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...найз Цэнд-Аюушийн гэрт ороод сууж байтал манай нөхөр О орж ирээд Цэнд-Аюуш бид хоёрт пиво авч өгсөн. Цэнд-Аюушийн гэрт пиво уугаад байж байтал манай нөхөр “чи намайг хөдөө ажиллаж байхад нэг ч удаа залгаж ярьсангүй” гэсэн шалтгаанаас маргалдсан. ...Манай нөхөр миний нүүр рүү хоёр удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дугаар тал) болон түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд),

-гэрч А.Цэнд-Аюушийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Лын нөхөр нь гаднаас хэдэн лааз пиво  барьсан орж ирсэн. Л бид 2 нөгөө пивоноос нь хувааж уугаад байж байтал Л, О нар маргалдаж эхэлсэн,  О нь Лын нүүр рүү нь хоёр удаа алгадсан. Тэгээд бие биенээ хэл амаар доромжилж байгаад ноцолдсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар тал),

-гэрч М.Баясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цэнд-Аюуш над руу залгаад манай гэрт Л нөхөртэйгээ маргалдаад байна гэж хэлсэн. Цэнд-Аюушийн хашааны гадна очсон чинь Л, О нар хүүхдүүдтэйгээ хамт байсан. Тухайн үед Лын нүд нь улайсан, хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дугаар тал),

-шүүгдэгч М.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Цэнд-Аюушийн гэрт ороход Цэнд-Аюуш Л 2 пиво уугаад сууж байсан. Би 2 литрийн пиво авч ороод тэр хоёртой хувааж уусан. ..би “орой болчихсон байхад хүүхдүүд айлд байлгалаа” гэж уурласан чинь манай эхнэр бас уурлаад бид хоёр маргалдсан. ...би Лын нүүр рүү нь гараараа 2 удаа алгадсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дугаар тал) болон шүүх хуралдаанд шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлд), шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дугаар сарын 23-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4782 дугаартай дүгнэлт  (хавтаст хэргийн 28-29 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилсан ба, шүүгдэгч М.О нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Лыг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл хохирогч Б.Л, шүүгдэгч М.О нар нь хамт архидан согтуурсан, улмаар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас тус гэмт хэрэг гарсан байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.О нь хохирогч Б.Лын бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.Л нь хохирогчоор “нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тогтоолд дурдав.

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас дүгнэлтдээ  шүүгдэгч М.Отай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч М.О нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүгдэгч М.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч М.От эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад М.О нь  өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт  гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 156 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр  танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч М.О  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзаж шүүгдэгч М.От 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний  орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э овогт Мын Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Оыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Л нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.  

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж шүүгдэгч М.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан  М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА