| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00383/И |
| Дугаар | 00493 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 00493
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Булган аймгийн Тэшиг суманд 1963 онд төрсөн, эмэгтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Ингэт ургацын 1-6 тоотод оршин суух, Ордого овогт Жанлавсүрэнгийн Сэлэнгэ /РД:ЦД63073063/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдох
Байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00383/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга И.Буманбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1999 оноос Булган аймгийн Сэлэнгэ суманд амьдарч эхэлсэн. 2007 онд тус сумын иргэн С.Хүрэлбаатараас Сэлэнгэ сумын 5 дугаар баг 1-6 тоотод байрлах 5х5 хэмжээтэй чулуун байшинг худалдаж авсан.Ямар нэг бичиг баримт өгөөгүй. Уг байшин нь Ингэт Толгой САА-н дарга нарын байр байсан гэдэг юм. Архиваас үзэхэд ямар нэгэн бичиг баримт олдоогүй. Би уг байранд 9 жил гаран амьдарч байна. Иймд намайг өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаадҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь Булган аймгийн орон нутгийн өмчийн албанд холбогдуулан Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт байрлах Ургацын 1-5Б тоотод байрлах 5:5 харьцаатай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ж.Сэлэнгэ нь Сэлэнгэ сумын 5 дугаар баг 1-5б тоотод байрлах 5х5 хэмжээтэй орон сууцыг 2007 онд С.Хүрэлбаатараас худалдан авсан гэх боловч уг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэн аваагүй байна.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч С.Хүрэлбаатарын ... Сэлэнгэ сумын 5 дугаар баг 1-5б байр нь анх Сангийн аж ахуйн дарга нар амьдрах зориулалтаар баригдаж байсан бөгөөд би аав ээжийн хамт 1989 оноос хойш хамт амьдарч байгаад 1994 онд гэр бүлтэй болж аав ээж маань хөдөө гарсан. Уг байшин нь 1993 онд хувьчлагдсан бөгөөд тухайн үед бичиг баримт гэж өгөөгүй. Би уг байшинд 1994-2005 онд гэр бүлийн хамт амьдарч байгаад Сэлэнгэд 300 000 төгрөгөөр зарсан. Гэрээ хэлцэл хийгээгүй, ямар нэгэн бичиг баримт шилжүүлж өгөөгүй гэх мэдүүлэг, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот тодорхойлолт зэргээс үзэхэд уг орон сууцыг өмчилсөн тухай баримт материал байхгүй тэрээр Улсын бүртгэлд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ аваагүй байна.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлийн газар бүртгүүлснээр үүсэх хуулийн зохицуулалттай бөгөөд Ж.Сэлэнгэ нь өмчлөгчөөр бүртгүүлж улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулахаар Улсын бүртгэлийн газар удаа дараа ханджээ.
Ж.Сэлэнгэ нь уг орон сууцанд 2007 оноос хойш амьдарч хууль ёсоор эзэмшиж байсан нь 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын бүртгэл бүхий Үндэсний төв архивын 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 03-2/892 дугаартай лавлагаа, Сэлэнгэ сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын тодорхойлолт, байшингийн байршлын кадастрын зураг, газар эзэмших эрхийн 000615067 дугаартай гэрчилгээ, гэрч С.Хүрэлбаатар, Г.Энхмаа нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхжаргалын тус алба нь 2011 онд байгууллагдаж орон нутгийн өмчит төр, төсвийн байгууллагын өмчийн харилцааг зохицуулж ажилладаг. Байгууллагдснаас өмнөх өмч хувьчлалын асуудал манайд хамааралгүй. Иймээс Ж.Сэлэнгийн Булган аймгийн Сэлэнгэ сумын5 дугаар багт байрлах Ургацын 1-5Б тоотод 5:5 харьцаатай орон сууц орон нутгийн өмчид хамааралгүй болно гэсэн тайлбараас үзэхэд Ж.Сэлэнгэ дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгоход маргаагүй байна гэж үзэхээр байна.
Иймд Булган аймгийн Орон нутгийн өмчийн албанд холбогдуулан гаргасан Ж.Сэлэнгийн Булганаймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт байрлах Ургацын 1-5Б тоотод байрлах 5:5 харьцаатай орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.Энхжаргал нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар шүүхэд хүсэлт гаргасан, нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1-дзаасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Сэлэнгийн Булган аймгийн Сэлэнгэ сумын 5 дугаар багт байрлах Ургацын 1-5Б тоотод байрлах 5:5 харьцаатай орон сууцны өмчлөгч болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН