| Шүүх | Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 312/2025/00827/И |
| Дугаар | 207/ма2025/00128 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 207/ма2025/00128
| 2025 оны 11 сарын 27 өдөр | Дугаар 207/МА2025/00128 |
**** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч **** ХХК-нд холбогдох
иргэний хэргийн тухай
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01480 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,
“Барааны үлдэгдэл төлбөр 39,400,000 төгрөг, алданги 19,700,000 төгрөг нийт 59,100,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг,
Хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга:
Манай **** ХХК нь **** ХХК-тай 2024 оны 05 сарын 18-ны өдөр нийт 13,200,000 төгрөгийн үнэтэй тариалалтын өмнөх хөрс боловсруулалтанд ашиглагддаг ургамал хамгаалалтын бодисыг, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нийт 26,200,000 төгрөгийн тарианы болон рапсны таримлын хог ургамлын эсрэг ургамал хамгааллын бодисыг нийт 39,400,000 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний дотор **** ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны **** тоот дансанд бүрэн шилжүүлэхээр Худалдах, худалдан авах гэрээ №3, №40 байгуулан гарын үсэг зурж, тамга даран, компанийн аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбарыг хавсарган баталгаажуулж, барааг авч явсан. 2024 оны 11 сард **** ХХК-ийн захирал Б.****тай холбогдоход “...тарианы мөнгө хараахан орж ирээгүй байна, орж ирэхээр төлбөрөө бүрэн хийнэ, ...ХААК үүдэнд сууж байна он гараад мөнгө орж иргэн гэнээ жоохон хүлээгээд өгөөч...” гэж явсаар 2025 онд “...мөнгө орж ирээл шууд төлнөө...” гэх мэтээр элдэв шалтаг тоочин гэрээний үүргээ биелүүлэхгүй, худал ярьж төлбөр төлөхөөс зайлс хийж одоо бүр огт утсаа авалгүй өнөөдрийг хүрсэн учир барааны үлдэгдэл төлбөр 39,400,000 төгрөг хугацаа хэтэрсэн алданги 19,700,000 төгрөг, нийт 59,100,000 төгрөгийг **** ХХК-иас гаргуулж өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч **** ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
Манай компани 2024 оны намар 136,238.49 тонн будаа хурааж 2024 оны 11 дүгээр сарны 12-ны өдөр “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК -д Хүнсний улаан буудай худалдах худалдан авах АСТ241112-0547 тоот гэрээг байгуулж тушаасан билээ. Уг улаан буудайны үнэ болох 143,050,414.5 төгрөгийг 2025 оны 03 дугаар сарны 01-ний өдөр бүрэн төлж барагдуулахаар тохирсон билээ. Гэтэл тухайн газар гэрээний хугацаанд олговол зохих мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрч байна юм. Би Худалдан худалдан авах гэрээний дагуу төлбөрийг ямар ч маргаангүй төлөх чин хүсэлттэй байна. Үнэхээр харилцан тохирсон хугацаандаа өгчих юм байна гэж бодож хэлж яриад гуйгаад одоог хүртэл авч чадахгүй байна. Энэ л шалтгааны улмаас та бүхнийг чирэгдүүлсэндээ уучлалт гуйж байна. Надад тохиолдсон гарцаагүй байдал болон дээрхи хүндэтгэн үзэх нөхцөл байдлыг минь харгалзан үзэж алданги тооцохгүйгээр чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн дагуу төлөх боломжыг олгож өгөхийг хүсэж байна. Би ийм байдалд ороогүй, боломжтой байсан бол хэзээ ч хүний юмыг худал хэлж авч хохироохгүй байсан. Манай компани дээрхи байдлаас болоод маш их хэмжээний алдагдалд орж хүнд байдалын улмаас энэ жилийн тариалалтын ажилд санхүүгийн хүндрэлээс ажиллаа бүрэн гүйцэд хийж чадахгүй болж асуудал үүсээд байгаа билээ. Та бүхэн манай компанид олон жил хамтран ажиллаж байсан байдлыг маань бодож итгэл өгч хөнгөлөлт үзүүлвэл би гэрээнд заасан үлдэгдэлийг нэн даруй бүрэн төлж барагдуулах болно гэжээ.
Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01480 дугаар шийдвэрээр:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан хариуцагч “****” ХХК-иас 59,100,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “****” ХХК-д олгож, “****” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч “****” ХХК-аас 453,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нэхэмжлэгч “****” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Б.**** давж заалдсан гомдолдоо:
Хариуцагч тал болох **** ХХК нь Хөдөө аж ахуйн газар тариалан ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж билээ. Манай компани энэ чиглэлээр Opxoн
Жаргалант сумын иргэдийн мал аж ахуйн өвлын бэлтгэлд зориулж өвс тэжээлийг
хангах чиг үүрэгтэй байдаг болохоор шүүх хуралдаан хийх үед яг хураалалттай
байсан болохоор компани бүрэн төлөөлөх итгэмжлэлийг өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнийг томилсон билээ. **** би тухайн итгэмжлэлийг өөрийн биеэр шүүхийн туслахад өгсөн. Ямар ч зүйл хэлэхгүй авсан. Би болж байна уу ах нь олон дахин ирж амжихгүй эд aжлын үе таарч байгаа болохоор талбай руугаа явна. Тэнд хөдөө сүлжээгүй газар олон хоног байх юмаа гэж учир байдлаа хэлээд сайн хараад аваарай гэж хэлээд лавшруулж асуухад за болно шаардлага хангаж байна л гэсэн шүү дээ. Тухайн үед итгэмжлэл өгсөн өмгөөлөгч маань хөдөө орон нутагт хуралтай байсан юм. Гэтэл хурал болдог өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч маань эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй талаар хүсэлт болон эмнэлэгийн магадпагаа явуулсаар байтал хэргийн оролцогчийн эрхийг
зөрчиж мэтгэлцэх болон нотлох баримт гаргах тайлбар хийх боломжийг олгохгүй хариуцагч надад тов хүрээгүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлж хийсэнд гомдолтой байна. Хариуцагч **** ХХК-ийн захирал **** би өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг албан ёсоор өөрийн албан бланк дээр тамга тэмдэг дарж баталгаажуулж төлөөлөх эрх олгосон байгаа нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн үндэслэлээ хангалттай тодорхой тайлбарлаагүй байгаа нь эргэлзээ бүхий байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнэ 169....дүгээр зүйлийн т “Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн үндсэн шаардлагад хангахгүй бодит бөгөөд шудрага зарчимд нийцэхгүй эргэлзээтэй байгаа нь анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын өдрийн 01480 тоот шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Жаргалсайхан нь хариуцагчийн гаргасан давж заалдах гомлдлын хариу тайлбартаа:
“…Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулан мэтгэлцэх болон нотлох баримт гаргах тайлбар хийх боломж олгоогүй гэжээ. Хавтаст хэргийн 31-р хуудаст Хангарьд-Ажнай ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотод төлөөлөгч болон өмгөөлөгчийн алингаар нь оролцуулахаар хүсэлт гаргасан болох нь тодорхойгүй буюу ойлгомжгүй. Мөн хариуцагч шүүхийн дуудсан цагт ирдэггүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 312/Ш32025/03473 дугаартай шүүгчийн захирамжаар албадсан. Энэ мэт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг санаатайгаар удаашруулан биднийг хохироож байгаад гомдолтой байна. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заадах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэв.
Нэхэмжлэгч **** ХХК нь шүүхэд “...Худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр хариуцагч компанид 2024 оны 5, 6 дугаар сард тарианы болон рапсны таримлын хог ургамлын эсрэг ургамал хамгааллын нийт 39,400,000 төгрөгийн бодисыг нийлүүлсэн, гэрээнд заасан үүргээ зөрчиж заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тул алдангийг 19,700,000 төгрөгөөр тооцож нийт 59,100,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Хангрьд ажнай ХХК-ний захирал Б.**** “...алданги тооцохгүйгээр чөлөөлж, үндсэн нэхэмжлэлийн дагуу төлөх боломжыг олгож өгөхийг хүсэж байна“ гэх тайлбар гаргасан байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч **** ХХК-ийн захирал Б.**** 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах“ тухай итгэмжлэлийг өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэд олгосон байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Оюун-Эрдэнэд олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3.-д “ Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ”, 64 дүгээр зүйлийн 64.2.-д “...хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж,тамга дарсан байх, олгосон он сар өдрийг заах, итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгосон бол хугацаа заах” гэх, мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5.-д “...тодорхой хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байна” гэж заасан хуулийн шаардлагыг тус тус хангасан байхаас гадна тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Гэтэл анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн тус компанид холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнийн шүүхэд ирүүлсэн дээрх хүсэлтийг хэлэлцээд “...итгэмжлэл нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байна” гэсэн дүгнэлт хийж хүсэлтийг хангахаас татгалзаж, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ“ гэж заасныг, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагчийн төлөөлөгч Б.****ын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 312/ШШ2025/01480 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагчийн төлөөлөгч Б.****ын давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАТТӨР
ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ