| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2019/0740/Э |
| Дугаар | 747 |
| Огноо | 2019-10-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 747
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн дарга Б.Номинзул,
улсын яллагч М.Энхбаатар,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Боржигин овогт Одончимэгийн О.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911010900995 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Дорноговь аймгийн Маань зав 7-24 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо зүүн тасган 1-7 тоотод түр тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Одончимэгийн О.М /РД: ЕЮ98032509/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч О.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд тасганы 1-7 тоотод байрлах нийтийн байранд хохирогч Д.Пагмадуламтай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь "тархи доргилт, шуу, сарвуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч Д.Пагмадуламын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 09-ний орой 03 цаг 20 минутын үед түрээслэгч хүмүүс надруу залгаад энэ хүмүүс зодоон хийгээд унтуулахгүй байна гэхээр нь би гэрээсээ гарч ирэхэд нийтийн байрнаас 3 залуу 1 залууг зодож байгаа харагдсан. Тэгэхээр нь би бүгдэд нь та нар боль цагдаа дуудлаа гэж хэлсэн чинь уучлаарай эгчээ бид нар орж унтлаа гэсэн хэрнээ 2 нь салахгүй хоорондоо зодолдоод байхаар нь би цагдаа дуудсан. Цагдаа дуудаад ирэх хооронд нь нөгөө залууучууд нь зугтаагаад явчихсан зодуулсан залуу нь ганцаараа үлдсэн. Зодуулсан залуу нь өөрийнхөө 16 тоот өрөөндөө ороод унтлаа гэхээр нь нөгөө хэд чинь эргээд ирж дахиад зодоон болж магадгүй хажуу талын өрөөнд Баяраа найзындаа орж унтчихаа гэж хэлсэн. Тэр хоёр 14 тоот өрөөнд орж амарсан. Би 16 тоот өрөөг гаднаас нь цоожлоод гэртээ орж амрах гэж байтал О.М нэг залуугийн хамтт орж ирээд 16 тоотын хаалгыг эвдэх гээд өшиглөөд байхаар нь очин чи наад хаалгаа эвдлээ наанчинь хүмүүс амарч байна гэсэн чинь өөдөөс шууд эвдэж байна яадгын юмаа авъя гичий минь гээд дахиад өшиглөөд байхаар нь би боль гээд цаашаа холдуулах гэсэн чинь миний энгэрээс барьж аваад намайг үсдэж доош дхрхн баруун хөлөөрөө баруун хөл рүү өшиглөөд толгой руу хэд хэдэн удаа гараараа цохьсон. Тэр үед гаднаас О.Мийн найзууд гэх 3 залуу орж ирээд биднийг салгах нэрийдлээр миний гарыг барьж байгаад О.Мээр үсдүүлж толгойруу цохиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14х/,
гэрч Г.Отгонсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... тухайн өдрийн шөнийн 2,3 цагийн үед манай нийтийн байрны эзэн Пагмадулам коридороор яваад тэнд шуугилдаад байсан хүмүүсийг боль гэж шаардлага тавих нь өрөөнөөс сонсогдсон. Тэгсэн мөн өөдөөс нь нэг эмэгтэй хашгираад байгаа сонсогдсон. Тэгэхээр нь хаалгаа нээгээд хартал Пагмадулам тэнд байсан намхан, бүдүүн хүүхэнтэй үсдэлцээд зууралдчихсан зогсож байсан бөгөөд надад хандан цагдаа дууд гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар ирээд нөгөө хүүхнийг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 3689 дугаартай "... Д.Пагмадуламын биед тархи доргилт, шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
-Дээрх гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
-Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 39х/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч О.Мийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч О.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи нь тус хэргийн үйл баримтыг тогтооход чухал ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигин овогт Одончимэгийн О.Мийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Мийг 550 нэгж буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар О.Мийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгийг тус хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, О.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ