Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 631

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа хөтлөн,

улсын яллагч Т.Болор-Эрдэнэ,

шүүгдэгч Н.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

М овогт Нгийн Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0165 70852 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Нгийн У нь Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “...”-д нягтлан бодогчоор ажилладаг, эцэг, эх, охины хамт ... тоотод оршин суух, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Зг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Уээс: Мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон асуудлыг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж өгөх мэдүүлэг байхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн 1908 0165 70852 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Ө.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 5 дугаар сарын 21-ны өдөр өгсөн:

“...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны орчим найз Эрдэнэбилэгийн хамт машинаар нь халтуур хийж байгаад “Сая сая сарнай” дэлгүүрийн эсрэг талаас нэг эмэгтэй хүн авсан. Шөнийн дэлгүүр орно гээд явж байхад тэр эмэгтэй буруу замаар яваад байна гэхээр нь буцаж эргээд дүүргийн хойд талын замаар явж байгаад энд буучихъя гэхээр нь зогсоод 4000 төгрөг гарлаа гэхэд ямар их гардаг юм бэ 2500 төгрөг гардаг биз дээ гэснээс болж бид нар маргалдсан. Эрдэнэбилэг бид хоёрыг эхнэр нөхөр байж нийлж луйвар хийлээ гээд байсан. Бид хоёр эхнэр нөхөр биш гэж хэлэхэд миний үснээс зулгаагаад нүүр рүү хоёр удаа гараараа цохьсон. Тэр үед цуг байсан Эрдэнэбилэг цагдаад үзүүлнэ гээд утсаараа бичлэг хийгээд байсан. Би шүүх эмнэлгийн 3531 дугаартай дүгнэлттэй танилцсан. Миний биед учирсан гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн, машинд суусан Н.У үсдэж гараараа нүүр рүү 2 удаа цохиж учруулсан. Надад эмчилгээ хийлгэсэн зарлагын баримт байхгүй. Н.У надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 80.000 төгрөг өгсөн. Тухайн үед найз Эрдэнэбилэг, У бид гурав байсан. Би тухайн үед Утэй барьцалдаж байгаад гар утсаар бичлэг хийх гэж байгаад газар унагаачихсан юм. Би гар утсандаа үнэлгээ хийлгэхгүй. Миний гар утас “G mobile Y-6” маркийн гар утас байсан. Би гар утсаа унагааж дэлгэцийг нь хагалсан болохоор өөрөө засуулчихсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

2. Гэрч Х.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өгсөн:

“...2019 оны 3 дугаар сарын 16-ны орой нэг байранд хамт амьдардаг эмэгтэй олон хүүхэдтэй хүнд тус болоод юм аваачиж өгөх гэсэн юм тус болооч гэхээр нь би өөрийн эзэмшлийн 13-34 УБҮ улсын дугаартай “Приус-20” маркийн машинтайгаа түүний охины хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхон руу хүргэж өгөөд буцаад гартал зам дээр нэг эмэгтэй гар өргөөд байхаар нь зам дагуу хүргэж өгье гэж бодоод суулгасан чинь буруу явлаа гээд дахин эргэж дүүргийн хойд замаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, шөнийн дэлгүүр хүргээд өгтөл энд бууя гэхээр нь 4000 төгрөг гэж хэлтэл 2500 гардаг гэхээр нь би буцаад хүргээд өгье километрээ хар гээд байтал буцаад явж байтал тэр эмэгтэй “та нар луйвардлаа” гэж байгаад надтай хамт явсан Зтай маргалдаж байснаа шууд үснээс нь зулгааж толгой руу нь цохьсон. Би бичлэг хийгээд утсаа гаргаад байж байтал над руу дайраад утас булаацалдах үед З утас эвдчихлээ гэж байсан. Гэтэл тэр эмэгтэй цагдаа дуудаж бид цагдаа дээр ирсэн. Би таксины мөнгөө аваагүй. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

3. Шүүгдэгч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өгсөн:

“... Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн гэмтлийн эмнэлгийн орчим байдаг найз Болорын гэрт очиж 2.5 литрийн хэмжээтэй пиво хоёрыг хувааж уугаад 22 цагийн үед гэртээ харих гээд автобусанд сууж яваад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буусан. Тэндээсээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 27-9 тоот гэртээ харих гээд такси бариад Толгойтын шөнийн дэлгүүр явна гээд суусан. Тэр таксинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүүхдийн хамт байсан. Тэгээд би шөнийн дэлгүүрийн үүдэнд ирээд буух гээд хэд гарсан бэ гэтэл 4500 төгрөг гарсан байна гэсэн. Тийм их гарах ёсгүй дээ 2500 төгрөг гардаг шүү дээ гэж хэлэхэд тэгвэл авсан газар чинь буулгачихъя гээд “Сая сая сарнай” дэлгүүрийн үүдэнд ирээд намайг буу гээд байсан. Би танихгүй газар буухгүй шөнийн дэлгүүрийн урд буулгана гэснээс болж маргалдсан. Тэгээд таксины урд сууж байсан эмэгтэй хүн намайг “одооны энэ хүүхдүүд ингээд янхандаад яваад сурчихсан” гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр эмэгтэйг үснээс нь зулгаасан. Тэр үед намайг зөрүүлээд үсдээд бид хоорондоо барьцалдсан байхад миний зүүн чихний ард маажих шиг болсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь баруун гараараа хоёр удаа цохьсон. Хэсэг хугацааны дараа бид хоёр салаад би цагдаа дуудсан. Тэр таксины жолооч бид хоёрыг барьцалдсан байхад бичлэг хийгээд чамайг од болгоно гээд байсан. Удалгүй цагдаа ирээд бид нарыг аваад явсан. Би шүүх эмнэлгийн 3531 дугаартай дүгнэлттэй танилцсан. Уг дүгнэлтээр Ө.Згийн биед учирсан гэмтлийг би машин дотор үсдэж болон гараараа 2 удаа нүүр рүү нь цохиж учруулсан гэмтэл байгаа юм. Би тухайн үед цагдаа дээр ирж согтолтын хэмжээг үлээж шалгуулахад 1,08 хувь гэж гарсан. ...Би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3531 дугаартай дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зулай дунд хэсэгт дунд зэргийн хавдартай, эмзэглэлтэй, 1х2см хүрэн улаан цус хуралттай, доод уруулын дотор зүүн хэсэгт 1х1см хүрэн ягаан цус хуралттай. 

ДҮГНЭЛТ:

1.Ө.Згийн биед тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ундармаа ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал)

5. Шүүгдэгч Н.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 30 дугаар тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 29 дүгээр тал), гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 33 дугаар тал), түүний нэр дээр эд хөрөнгө бүртгэгдээгүй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр тал), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар тал), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 31 дүгээр тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн  лавлагаа (хавтаст хэргийн 32 дугаар тал), “...”-ийн “...тус байгууллагад Н.У нь нягтлан бодогчоор ажилладаг” тухай тодорхойлолт (хавтаст хэргийн 36 дугаар тал), Н.Уийн Хаан банкинд эзэмшдэг депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 42-62 дугаар тал), шүүгдэгч Н.Уийн хувийн байдлын талаарх бусад нотлох баримтууд (хавтаст хэргийн 38-41 дугаар тал), хохирогч Ө.З (хавтаст хэргийн 74 дүгээр тал), шүүгдэгч Н.У нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 75 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч  Н.У нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 164  дүгээр тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

1.Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.У нь 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ө.Зг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч нь тус дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Уийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Н.У нь 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ө.Зг “таксины хөлсөнд илүү мөнгө нэхлээ” гэх шалтгаанаар үснээс нь зулгаах, гараараа цохих зэргээр зодож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Ө.Згийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны орчим найз Эрдэнэбилэгийн хамт машинаар нь халтуур хийж байгаад “Сая сая сарнай” дэлгүүрийн эсрэг талаас нэг эмэгтэй хүн авсан. ...дүүргийн хойд талын замаар явж байгаад энд буучихъя гэхээр нь зогсоод 4000 төгрөг гарлаа гэхэд ямар их гардаг юм бэ 2500 төгрөг гардаг биз дээ гэснээс болж бид нар маргалдсан. ...миний үснээс зулгаагаад нүүр рүү хоёр удаа гараараа цохьсон. ...Миний биед учирсан гэмтлийг сүүлд нэрийг нь мэдсэн машинд суусан Н.У үсдэж гараараа нүүр рүү 2 удаа цохиж учруулсан. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дугаар тал),

-Гэрч Х.Эрдэнэбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 3 дугаар сарын 16-ны орой 13-34 УБҮ улсын дугаартай “Приус-20” маркийн машинтай явж байхад ...зам дээр нэг эмэгтэй гар өргөөд байхаар нь зам дагуу хүргэж өгье гэж бодоод суулгасан чинь буруу явлаа гээд дахин эргэж дүүргийн хойд замаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт, шөнийн дэлгүүр хүргээд өгтөл энд бууя гэхээр нь 4000 төгрөг гэж хэлтэл 2500 гардаг гээд ...тэр эмэгтэй “та нар луйвардлаа” гэж байгаад надтай хамт явсан Зтай маргалдаж байснаа шууд үснээс нь зулгааж толгой руу нь цохьсон. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

- Шүүгдэгч Н.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...гэртээ харих гээд такси бариад Толгойтын шөнийн дэлгүүр явна гээд суусан. Таксинд эрэгтэй, эмэгтэй 2 хүн хүүхдийн хамт байсан. ...би шөнийн дэлгүүрийн үүдэнд ирээд буух гээд хэд гарсан бэ гэтэл 4500 төгрөг гарсан гэсэн. Тийм их гарах ёсгүй дээ 2500 төгрөг гардаг гэж хэлэхэд тэгвэл авсан газар чинь буулгачихъя гээд “Сая сая сарнай” дэлгүүрийн үүдэнд ирээд буу гээд байсан. ....буулгана гэснээс болж маргалдсан. Таксины урд сууж байсан эмэгтэй хүн намайг одооны энэ хүүхдүүд ингээд янхандаад яваад сурчихсан гэж хэлэхээр нь миний уур хүрээд тэр эмэгтэйг үснээс нь зулгаасан. ...Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр рүү нь баруун гараараа 2 удаа цохьсон. ...Ө.Згийн биед учирсан гэмтлийг би машин дотор үсдэж болон гараараа 2 удаа нүүр рүү нь цохиж учруулсан гэмтэл байгаа юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 70 дугаар тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3531 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20 дугаар тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Н.У нь хохирогч Ө.Згийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.У согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, согтуурсаны улмаас хэрүүл маргаан, үл ойлголцол үүссэн, мөн хохирогч Ө.З нь Н.Уийг зохисгүй үг, хэллэгээр доромжилсон зэрэг нөхцөл байдал нөлөөлжээ.

Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Н.У нь хохирогч Ө.Згийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Ө.З нь хавтаст хэрэгт гэм хорын хохирлын баримт хавсаргаагүй боловч шүүгдэгч Н.У нь хохиролд 80.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Уийг бусдад төлөх төлбөргүй  гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь Н.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ шүүгдэгч Н.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Н.У нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.У нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн  төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

 

Иймд шүүгдэгч Н.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай зэргийг харгалзан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний  орлого, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

3.Бусад асуудлаар

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Нгийн Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Уийн эдлэх торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Уийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Ө.Зд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Н.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА