Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00131

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2025/00131

 

 

2025        12          08                                          207/МА2025/00131

 

 

Р.****ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Р.****т холбогдох

иргэний хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/01808 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Р.****ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.****т холбогдох,

  “Гэм хорын хохирол 47,176,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамба нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа, хариуцагч Б.****, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.**** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Р.**** би ****аймаг руу 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн орчимд ****сумын нутаг дэвсгэр дээр засмал зам дээр ****маркийн ****номерийн авто машиндаа эхнэр ****, 3 хүүхдийн хамт явж байтал машины өөдөөс урсгал сөрөөд **** маркийн ****ОРН дугаартай хар өнгийн суудлын авто машины жолооч Б.**** нь миний машины зүүн урд талаас мөргөж засмалын хажуу талын модонд хавчуулагдсан. Тухайн үед ****дундын цагдаагийн хэлтсээс замын цагдаагийн зохицуулагч цагдаагийн ахлах дэслэгч ****, кариминалист шинжээч цагдаагийн ахмад ****нарын 3 хүн ирж газар дээр нь үзлэг хийн гэм бурууг тогтоож, зөрчлийн хэрэг үүсгэн Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар арга хэмжээ аван тухайн үед Б.**** нь миний машины эвдрэл хохирлыг бүрэн барагдуулна гэж тохиролцсон юм. Би хохирлоо авъя гэхээр өгөөгүй шүүхээр яваад ав гэсэн учраас би нэхэмжлэл гаргаж байгаа юм. Иймд Зөрчлийн 2533000141 дугаартай хэргийг 2025 оны 05 сарын 11-ний өдөр шийтгэлийн хуудсаар 100 000 төгрөгөөр Б.**** торгуулсан. Р.**** миний автомашины Вендо-н автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон 41,541,500 /дөчин нэгэн сая таван зуун дөчин нэгэн мянга таван зуун/ төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 2,900,000 /хоёр сая есөн зуун мянган/ төгрөг, ****аймгаас Улаанбаатар хотруу тээвэрлэсэн зардал 900 000 /есөн зуун мянган/ төгрөг, оношилгооний зардал 195 000 /нэг зуун ерэн таван мянган/ төгрөг, хот дотор засварын газар, айлын хашаанд хүргэсний зардал 300 000 /гурван зуун мянган/ төгрөг, шатахууны зардал 290 000 /хоёр зуун ерэн мянган/ төгрөг, мөн тухайн үед ажлаас цалингүй чөлөө авсаны 7 хоногийн цалин 1,050,000 /нэг сая тавин мянган/ төгрөг нийт 47,176,500 /дөчин долоон сая нэг зуун далан зургаан мянга таван зуун/ төгрөг Б.****аас хохирлыг барагдуулж авахыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.**** шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Р.****оос ирүүлсэн Б.**** надаас автомашины эвдрэл гэмтлийн хохиролд 47,176,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхээс хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. 1. 2025 оны 04 сарын 07-ны өдрийн 17 цаг орчимд миний бие өөрийн эзэмшлийн ****ОРН дугаартай Наrrег маркийн автомашиныг жолоодож УБ хотоос Эрдэнэт чиглэлд явж байгаад ****дугаарын машинтай ****сумын нутагт мөргөлдсөн осолд холбогдсон. Тухайн үед миний сахарын хэмжээ ихсэж 20 хүрч улмаар артерийн даралт 160/100 болж түр ухаан балартан эсрэг урсгалд орсон байсан нь эмчийн үзлэгээр илэрсэн ****хэсгээс зохицуулагч **** үзлэг шалгалт хийгээд намайг Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалт зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулиар 100 000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан үйл явдал болсон нь үнэн. 2.Зөрчлийн хэрэг шалгасан албан тушаалтан **** тэр даруй мэргэжлийн "****" ХХК-ийг Р.****ын жолоодож явсан автомашинд учирсан гэмтэл, хохирлыг тогтоолгохоор томилж би машиныг өөрийн зардлаар Хөтөлд журмын хашаанд хүргэсэн. Тус компани автомашинд үзлэг хийж тухайн ослын үед үүссэн эвдрэл гэмтлийг нэг бүрчлэн тодорхойлон солих, засварлах эд анги, үнэ зардлыг тодорхойлон үнэлгээний тайлангаа 2025 оны 04 сарын 10-нд гаргаж ирүүлсэн. Энэхүү тайлангаар тогтоогдсон 17,485,000 төгрөгийн хохирлыг бодитой гэж үзэж миний бие хүлээн зөвшөөрсөн. 3. Гэтэл Р.**** би энэ үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг авахгүй, өөрийнхөө машинтай он ижилтэй машин авахуулна, машиныг машинаар авна гэсэн. Тэгвэл манай хүүгийн Бенз-350 машиныг авах уу гэсэн чинь заавал Бенз -400 машинаа авна гэсэн. Тэгээд 2011 оны **** зах зээлээс авч өгөөд энэ машиныг нь би авья гэж ярилцаад Дарханаас ****дугаарын гэмтэл учирсан машиныг нь Эрдэнэт хот руу 800,000 мянган төгрөгөөр тээвэрлэж авчирсан. Улаанбаатар хотод **** авто машины үнэлгээ нь 30,000,000-35,000,000 төгрөгийн хооронд үнэлгээтэй байсан. Би 35,000,000 саяар машин авч өгөхийг санал болгосон. Гэтэл Р.**** нь 48,000,000 саяар машин авна гэсэн тул би дахин 2 дахь 38,000,000 сая төгрөгийн үнэлгээтэй машиныг 35,000,000 саяаар авч өгье гэхэд дахин татгалзаж, та бид хоёр тохиролцохгүй юм байна, машин буцааж авчирч өг гэсэн. Ингээд дахин 650,000 мянган төгрөгний зардлаар машин хөлсөлж ****машиныг ачуулж шөнө очиход, утсаа хаагаад алга болсон тул таньдаг айлын хашаанд тухайн машиныг буулгаад буцсан. Гэтэл ******** бенз машиныг жолоодож явсан Р.**** нь 2025 оны 05 сарын 12-нд “Вендо” ХХК-иар гаргуулсан 6 төрлийн эд анги засварлах 1,945,000 төгрөг, 34 төрлийн эд анги солих 36,112,500 төгрөг, шууд бус зардалд 3,484,000 төгрөгийн зардал бүгд 41,541,500 төгрөгийн үнэлгээний тайлан авч ирсэн ба энэ дүнгээр хохирол төлүүлэх шаардлага тавьсан. Энэхүү тайлан, хавсралт нь ослын тухайн цаг үед машинд үзлэг хийсэн байдлаар тогтоогдсон эвдрэл, гэмтэлтэй дүйцэхгүй олон эд анги нэмэгдсэн байсан тул миний бие зөвшөөрөөгүй. Хөтөл сумын цагдаагийн газрын ахлах дэслэгч **** намайг хоёр дахь удаа дуудаж тус үнэлгээтэй танилцуулсан. Би зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. Иймд ахлах дэслэгч ****, та хоёрын асуудлыг манай зүгээс зөрчлийн хэргийг хааж прокурорт шилжүүллээ. Иргэний журмаар хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул би хэрэг бүртгэгчийн тус саналыг зөвшөөрч тайлбараа бичгээр гаргаж өгсөн. 4.Миний бие Р.**** **** нарт эмнэлэгт үзүүлж оношлуулсны 1,740,000 төгрөг, машиныг ослын газраас Хөтөл-Дархан хүргэх ачилтын хөлс, шатахуун 1,032,000 төгрөг, "****" ХХК-ийн оношлогооны зардал 1,410,000 төгрөг, журмын хашааны төлбөрийг төлж барагдуулсан. Өнөөгийн зах зээлийн ханшаар 2011 онд үйлдвэрлэгдсэн 2022 онд Монголд орж ирсэн **** маркийн авто машин 30,000,000-35,000,000  төгрөгийн үнэ ханштай байна. Р.****ын унаж явсан ****, ****дугаарын автомашин завсарлагдах, дахин ашиглах боломжгүй гэсэн ямар ч дүгнэлт бодит байдал байхгүй. Миний бие түүний өөрийнх нь хүсэлтээр адил төрлийн машин авч өгөөд уг машиныг нь авч засварлаад өөрөө авч болохоо хангалттай илэрхийлсэн. 2025 оны 08 дугаар сарын дундуур Р.****ын хадам ах нь надтай утсаар холбогдож, шүүхээр нэхэмжлэхээ болъё бид нарт 35,000,000 сая төгрөг өгчих гэсэн ба гэхдээ үүнийгээ ****од хэлээгүй гэсэн учир маргаж байгаа хүний оролцоогүй дэмий учир шүүхээрээ шийдвэрлүүлье гэсэн хариу өгсөн. 5.Р.****ын өөрийн хүсэлтээр "Вендо" ХХК-иар хийлгэсэн үнэлгээ 41,541,500 төгрөг, үнэлгээ хийлгэж үйлчлүүлсэн зардал 2,900,000 төгрөг, оношлогооны 195,000 төгрөг нь сайн дурын шинжтэй, бодитой эсэх нь эргэлзээтэй, цалингийн зардал 1,050,000 төгрөг үндэслэлгүй тул би төлөх үндэслэлгүй. 6.Харин "****" ХХК-иар албан ёсоор тогтоосон үнэлгээ 17,485,000 төгрөгийн хохирлыг бодитой гэж үзэж, түүнчлэн машинаа ****аймаг-УБ хот руу тээвэрлэсэн 900,000 төгрөг, айлын хашаа, засварын газар хүргэсний 300,000 төгрөг, шатахууны 290,000 төгрөгийг мөн бодитой гэж үзэж нийт 18,975,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/01808 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.****аас 18,975,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.****од олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,201,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393,832 төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 252,825 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Вендо ХХК-ийн машины эвдрэлийн хохирлын үнэлгээг анхан шатны шүүх үнэлээгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй байна. **** ХХК-ийн үнэлгээгээр 18,695,000 төгрөгөөр тогтоосны дотор тус компани үнэлэх боломжгүй мэргэжил дутагдаж байгаа нөхцөл байдлаас шалтгаалж ****маркын ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын Рулын аппарат-1,875,000, зүүн урд талын амартизатор 1,125,000 төгрөг, цахилгаан моторын инвертор 6,000,000 төгрөг, батерай 8,250,000 төгрөг, крокны слектор 1,875,000 төгрөг, Паркинг брейк мотор 1,500,000 төгрөг, гал хамгаалагчийн компютер 1,500,000 төгрөг гэх мэтчилэн 20 эд ангийн 26,952,500 төгрөгийн хохирлыг **** ХХК үнэлэж чадаагүй байгаа нь ихэнх нь моторын явах эд ангитай холбоотой эвдрэл гэмтэл байсныг Вендо ХХК үнэлсэн байна. Вендо ХХК-ийн үнэлсэн 41,541,500 төгрөгийн үнэлгээг шүүх үндэслэх боломжгүй гэсэн нь шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор тогтооно гэсэн зарчмыг зөрчиж зөвхөн нэр солигдсон гэсэн үндэслэлээр үнэлэхгүй байгаа нь хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна. **** ХХК-ийн үнэлгээ 18,695,000төгрөг, Вендо ХХК-ийн үнэлгээ 41,541,500 төгрөг байгааг хавтаст хэрэгт байгаа материалаас авч ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээний задаргааг харьцуулан гаргаж хүргүүллээ. Эндээс харахад **** ХХК-ийн үнэлэж чадаагүй Моторын эд анги болон 20 эд ангийн 26,952,500төгрөгийн хохирлын ихэнх хэсгийг моторын эд анги эзэлж байна. Уг тээврийн хэрэгсэл одоо хашаанд байгаа, засвар авах ямарч боломжгүй. Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.30-ны өдрийн 312\ШШ2025\01808 дугаартай шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Вендо ХХК-ийн гаргасан хохирлын хэмжээг үндэслэн 47,176,500 төгрөгийг хариуцагч Б. ****аас гаргуулж өгнө үү. Шүүх хуралд өмгөөлөгч Б. Цэдэндамбаагийн хамт Р. **** би биеээр оролцох хүсэлтэй байна гэжээ.

Хариуцагч Р.****, хариуцагчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолд өгсөн  хариу тайлбартаа:

Зам тээврийн осол дээр тогтоосон эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар жолооч Б.**** буруутай гэж үзсэнийг Б.**** болон Р.**** нар зөвшөөрсөн. Энэ тохиодолд хохирол арилгах үүрэг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар Б.****т үүснэ. Эд хөрөнгийн хохирлыг мөн хуулийн 510.1.-д заасан журмаар арилгана. Энэ хүрээнд адил нэр, марк, чанарын автомашинаар хохирол барагдуулна гэсэн Р.****ын саналаар адил онтой машин зах зээлээс судалж санал болгосныг Р.**** хүлээн аваагүй. 2.Р.****ын машиныг сэргээн засварлах зардлыг төлөх тухайд дараах үйл байдал бий болсон. а.Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэгч **** Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3.-т заасан эд хөрөнгөд /******** бенз авто машин/учирсан хохирол тогтоолгохоор мөн хуулийн 4.1.1.-д зааснаар үнэлгээний эрх бүхий “****” ХХК-д хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу “****” ХХК нь “Ашидхүлэг” оношлогооны компаниар тухайн автомашины эвдрэл гэмтлийг оношлуулж, тус компани 2025 оны 04 дүгээр сарын 09-ний 55 тоотоор илэрсэн гэмтлүүдийг тодорхойлж ирүүлсэн. “****” ХХК энэхүү бодит оношилгоог үндэслэн засварын 17,485,000 төгрөгийн болон даатгалын хохирлын 18,695,000 төгрөгийн үнэлгээ гаргаж хэрэг бүртгэгчид ирүүлсэн. Энэ үнэлгээг Б.****, Р.**** нар хүлээн зөвшөөрсөн/ 12-14 тал/. б. Гэтэл Р.**** нь энэ үнэлгээгээр биш адил төрлийн автомашин авч осолд орсон машиныг Б.****т өгөхөөр тохирч машин судалж санал болгосон ч татгалзсан ба улмаар өөрийн хүсэлт санаачлагаар Хэрэг бүртгэх ажиллагаа, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагаанаас гадуур өөрөө Вендо ХХК-иар ****дугаарын машины засварын шууд зардал 36,112,500 төгрөг, шууд бус зардал 3,484,000 төгрөг нийт зардал 38,075,500 төгрөг, үнэлгээгээр тогтоогдсон дүн 41,541,500 төгрөг гэсэн 2025 оны 05 дугаар сарын 10-ны үнэлгээ авч ирж энэ хэмжээгээр хохирол шаардсныг Б.**** бодитой биш гэж үзэж эс зөвшөөрсөн ба талууд хохирлын асуудлаа шүүхээр шийдвэрлүүлэх санал гарган Хэрэг бүртгэлийн хэргийг хаалгасан. в.Р.****ын хувиараа хийлгэсэн Вендо ХХК-ийн үнэлгээ нь хууль ёсоор хийлгэсэн “****” ХХК-ийн үнэлгээнээс солих засварлах нэр төрлийн хувьд эрс зөрүүтэй байх ба зөрчлийн хэрэгт тогтоосон үйл байдлаар уг автомашины осолд орсон байдал, засварлах боломжгүйгээр эвдэрсэн гэх үндэслэл дүгнэлт байхгүй, засварлах зардал нь тухайн онтой машины зах зээлийн үнээс давсан хохирол шаардаж байгаа зэрэг нь үндэслэлгүй, үзлэг оношлогоогоор мотор, хроп, рам, бүхээг бүхэлдээ гэмтсэн, уг машин засвар авахгүй, ашиглагдаагүй байгаа гэдэг нь ч батлах баримтгүй байх бөгөөд шүүх маргааны үйл баримт, хохирол шаардсан үндэслэл, нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх хуралд оролцоно гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Р.**** нь хариуцагч Б.****т холбогдуулан  “Гэм хорын хохирол 47,176,500 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д заасныг баримтлан хариуцагч Б.****аас 18,975,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.****од олгож, нэхэмжлэлээс үлдэх 28,201,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

 Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед  ****сумын нутаг дэвсгэрт хариуцагч Б.****ын Toyota **** маркийн ****0РН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа “...Монгол Улсын Замны хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д заасан эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б, тэмдгээр тодорхойлоно.Хэрэв эдгээр, тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно...”  гэсэн заалтыг зөрчиж нэхэмжлэгч Р.****ын жолоодож явсан ****маркийн 70-75БР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Р.****ын жолоодож явсан ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирол учруулж,  хариуцагч Б.**** нь  зөрчлийн тухай хуулийн 14.7. дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгуулсан байна.  

 Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Р.****ын эзэмшлийн ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ гаргуулахаар эрх бүхий албан тушаалтан "****" ХХК-ийг шинжээчээр томилж, "****" ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлыг үнэлгээг 18,695,000 төгрөгөөр тогтоожээ.

“Вендо” ХХК нь 2025 оны 05 дугаар сарын 12 ны өдөр ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын  үнэлгээг 41,541,500 тогтоожээ.

"****" ХХК  болон   Вендо” ХХК-ийн ****маркийн ****улсын дугаартай тээврийн хэрэгсэл гаргасан  эвдрэл хохирлын  үнэлгээний үнийн дүн  нь зөрүүтэй, "****" ХХК-ийн үнэлгээний тайланд автомашины моторын талаар дүгнээгүй, харин Вендо” ХХК-ийн үнэлгээний тайланд автомашины моторын талаар дүгнэсэн, Андын хүлэг ХХК нь 2025 оны 09 дүгээр сарын 29 ний өдрийн 168 дугаар “... мотор асахгүй байсан тул цахилгааны гэмтэлтэй холбоотой моторын гэмтлүүдийг Дархан -Уул аймагт оншлох боломжгүй тул Улаанбаатар хот руу бенз сервис рүү явж гэмтлээ тодорхойлуулахыг зөвлөсөн нь үнэн болно...” гэсэн албан бичгийг анхан шатны шүүхэд өгснөөр дээрх 2 үнэлгээний тайлан зөрүүтэй, эргэлзээтэй мөн  дээрх 2 үнэлгээний тайлан болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар нэхэмжлэгч Р.****,  хариуцагч Б.**** нар нь маргалдаж байгаа тохиолдолд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй юм.

 Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжаар даргалагчаар Б.Хишигдаваа, шүүгч Г.Жаргалтуяа, Г.Энхтунгалаг нар томилогджээ.

Анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн  шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар гэрч асуулгах тухай хүсэлт гаргасныг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.Алтангадасыг оролцуулсан, дээрх хүсэлтийг хангаж шүүх хуралдаанд гэрчээр Я.Эрдэнэжавыг оролцуулсан, түүний өгсөн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт үнэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчсөн байна.

Иргэдийн төлөөлөгч Б.Бүргэдбаатарын шүүх хуралданы явцад  гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар дүгнэлт хийх боломжгүй болно. 

Нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдлын зарим хэсэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүлээн авах боломжтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаагийн нэрийг Б.Цэдэндамба гэж буруу бичсэн байна.

Нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын  давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298,957 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр  сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/01808 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар   зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгч Р.****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 298,957 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн  хууль хэрэглээний  зөрүүг арилгах, хэрэг  хянан  шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын  дээд  шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход  зарчмын   хувьд   нийтлэг ач  холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ОЮУНЦЭЦЭГ

 

                                                      ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА

 

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.БАТТӨР