Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00132

 

 

2025 12 08 207/МА2025/001382

 

 

   **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч **** ХХК-нд холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/01932 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : **** ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: **** ХХК-нд холбогдох,

“Хохирол 84,208,000 төгрөг гаргуулах ” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.****ийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.****, хариуцагчийн төлөөлөгч **** нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч **** ХХК-ийн нэхэмжлэлийн агуулга:

Манай “****” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сум **** багт харъяалагдах “Үйлчилгээний төв” гэж нэрлэгдсэн худалдаа үйлчилгээний зориулалттай 9349 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар /үл хөдлөх эд хөрөнгө оршин байрладаг/ эзэмшдэг. Уг худалдаа үйлчилгээний зориулалттай Үл хөдлөх эд хөрөнгийн баруун талд “****” ХХК нь 2024 оны 09 дүгээр сарын 90-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө манай компаний Үл хөдлөх эд хөрөнгийн барилгын үндсэн сууринд нөлөөлөх хэмжээний газарт барилгын ажлыг гүйцэтгэх ямарч зөвшөөрөлгүй дур мэдэн ухаж барилгын үндсэн суурь хэсэгт сөргөөр нөлөөлөн манай компаний өмч хөрөнгө эвдэрч нурах байдлыг үүсгэлээ. Учир нь Үл хөдлөх эд хөрөнгийн газар доорх хэсэгт дулааны бүх шугам сүлжээ, дулааны узель, мөн ухсан нүхний яг доогуур бохирын шугам байдаг бөгөөд өвөл болж хүйтэрч халаалт дулаанаа авахад, уг подвалийн дулаалгыг хуулсан учир эдийн засгийн алдагдал гарч, дулааны алдагдал үүсэх /их хэмжээний уур савсах, цантах/ зэрэг сөрөг нөлөө үзүүлж манай болон бусдын эд хөрөнгө болон барилгын сууринд шууд нөлөө үзүүлж, маш их хохирол үүснэ гэж сануулан, захирал гэх ****гэгчид энэ үйл ажиллагааг зогсоо гэсэн шаардлага тавихад, “чамд хамаагүй” гэж элдвээр доромжлон дайрч, шаардлагыг хүлээж аваагүй тул энэ талаар ГХБХБГазар болон, Орхон аймгийн прокурорын газарт 2024 оны 10 дугаар сарын 12-ний өдөр тус тус гомдол гаргасан. омдлын дагуу ГХБХБГазраас зөрчлийн хэрэг нээн хариуцагч ****д зөрчлийн үр дагаврыг арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг 2025 оны 02 дугаар сарын 27 -ны өдөр биелүүлэхээр даалгасан боловч тогтоосон хугацаанд зөрчлийн үр дагаврыг арилгаагүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4.5.-д зааснаар ****д зөрчлийн үр дагавар арилгуулах ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар албадан гүйцэтгүүлэхээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2525000283 дугаартай зөрчлийн хэргийг хүргүүлсэн. Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Сарангэрэл хүсэлтийг буцаасан. Иймд манай компани өмч хөрөнгө одоог хүртэл эвдрэлтэй мөн ухсан нүхнээс болж дэлгүүрийн үйлчлүүлэгчийн зорчих хэсгийн шат нурах аюултай эрсдэл үүсээд байна. Иймд манай зүгээс хэвийн байдалд нь буцаан оруулж хохирсон эд хөрөнгөө сэргээн засварлахад шаардлагатай дараах учруулсан хохирлыг барагдуулах төлбөрийг нэхэмжилж байна. Иймд хууль зөрчсөн зөрчлийн үр дагаврыг өнөөдрийг хүртэл арилгаж хуучин байдалд нь оруулахгүй байгаа, дараах зардлыг гаргуулж энэ үр дагаврыг арилгах шаардлагатай боллоо.

1.Зоорийн ханын дулаалга 12 мкв зардал /5,000,000/төгрөг

2.Бетонон ханан бэхэлгээ 14 мкв зардал /5,320,000/ төгрөг

3.Дүүргэлтийн элс дайрга, 20мкуб зардал угаасан элс 1 мкуб 48,0000 төгрөг, зардал /10,000,000/төгрөг

4.Ажиллах техникийн түрээс 1 цаг 250,000 төгрөг өдрийн 8 цагаар ажлын 10 өдөр зардал /20,000,000/ төгрөг

5.Ажиллах хүчний зардал 1 хүн өдөр 165,000 төгрөг зөвхөн мэрэгжлийн бус ажилтан 6 хүн ажиллуулахад ажлын 21 хоног 20,970,000 төгрөг

6.Битон зуурмагийн зардал 10 мкуб 1 мкуб 380,000 төгрөг, зардал 3,800,000 төгрөг

7.Үйлчлүүгчдийн явах зориулалттай шат цутгаж угсрах 9,6 мкуб зардал 3,648,000 төгрөг

8.Хэв хашмалын түрээс 1,000,000

9.Орчны тохижилтыг сэргээх 2,000,000 төгрөг

10.Зоорийн давхрын ус нэвтрүүлэхгүй чигжээс 3,000,000

11.Хаяавч битон цутгалт 10 мкуб зардал 3,800,000 төгрөг

Мэргэжлийн инженер 1 хүн, 1 өдрийн 270,000 төгрөг, ажлын 21 хоног 5,670,000 төгрөг, бүгд нийт зардал 84,208,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагч **** ХХК-ийн тайлбар татгалзлын  агуулга:

”Тус шүүхэд манай “****” ХХК-д холбогдуулан “****” ХХК-с 84,208,000 төгрөгийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Тухайн нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрийнх нь компаний өмч хөрөнгөд манайхыг халдсан. Түүний улмаас 84,208,000 төгрөгийн хохирол үүссэн гэж тайлбарлаж байна. Тухайн газрын өмчлөл эзэмшилтэй холбоотой 25 аж ахуй нэгж байгууллагын газрын асуудлыг Орхон аймгийн Засаг даргад хандан хуулийн дагуу шийдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талаар энэхүү маргаж буй нураасан хэсэг нь нэхэмжлэгчийн өмч биш манай өмч юм. Өөрөөр хэлбэл анх манайд энэхүү газрыг зарсан иргэн өөрөө холбогдох баримтаараа түүнийг нотолж өгсөн байгаа тул манай байгууллага хүйтэн салхинаас хамгаалах хамгаалалт барих болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зориулалтын шат хийх зорилгоор түр нурааж дараагийн барилгын ажил хийгдэхээр бэлдэж байхад нэхэмжлэл гаргаж иргэний маргаан үүсгэжээ. Мөн нэхэмжлэгч өөрийн өмч бүхий хөрөнгөдөө хохирол үүссэн талаар маргаж байгаа бол өөрийн өмчөө нотлох үүрэгтэй. Гэтэл өөрийн өмчид нь манай байгууллага учруулчихсан байгаа бодит хохирол тогтоогдохгүй байгаа тул барилгын мэргэжлийн хөндлөнгийн шинжээч томилж өгөхийг хүсье. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1., 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэгт заасныг баримтлан “****” ХХК-иас “84,208,000 төгрөг гаргуулах” “Хүрэн булаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 578,990 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.****ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

1 .Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: Хариуцагчийн тайлбар хэсэгт энэхүү маргаж буй нураасан хэсэг нь нэхэмжлэгчийн өмч биш манай өмч юм гэсэн байна. Гэтэл хариуцагч өөрийн өмч гэдгийг бүрэн нотлоогүй, харин хэний өмч хөрөнгө болохыг холбогдох мэргэжлийн байгууллагад хандсанаар ГХБХБГ, прокурорын байгууллага нь шалгаж тогтоогоод буруутай этгээдийг тогтоосон нотлох баримтыг хавсаргасан болно. 2.Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх үйлдлийн улмаас Үйлчилгээний төв үл хөдлөх эд хөрөнгийн барилгын үндсэн суурь хэсэгт сөргөөр нөлөөлөн манай компанийн өмч хөрөнгө эвдэрч нурах байдлыг үүсгэсэн, тус газар доорх хэсэгт дулааны бүх шугам сүлжээ дулааны үзел, бохирын шугам байдаг, өвөл болж хүйтэрч халаалт дулаан авахад, уг подволын гадна дулаалгыг хуулсан учир эдийн засгийн алдагдал гарч дулааны алдагдал үүсэх /их хэмжээний уур савсах, цантах/ зэрэг сөрөг нөлөөтэй тул маш их хохирол үүснэ гэж захирал Гүндсамбууд хэлж хандсан боловч хүлээж аваагүй учир ГХБХБГазар, аймгийн прокурорын газарт хандаж байсныг анхны нэхэмжлэлд дурьдаж өгсөн энэ талаар авсан арга хэмжээг нотлох баримтанд хавсаргасан болно. Тодруулбал: Уг нүхийг ухсанаас болж барилгын суурьт нөлөөлөн нурах байдлыг үүсгэсэн. Мөн тус газарын ухсан нүхний доод талд байдаг дулааны болон бохирын шугамнаас их хэмжээний уур савсаж, цанталт үүсэж дулаан алдаж байгааг фото зургуудаар баталгаажуулсан гэх боловч энэ талаар нотлох баримтыг ирүүлээгүй гэжээ. Дээрх байдал нь хэний ч нүдэнд ил байдаг мөн байгаа байдлыг фото зургаар баталгаажуулан нотлох баримтанд хавсаргасан. Фото зургаас ил тод харагдана. Эдгээр баримтуудыг нотлох баримт гэж үзсэн эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй байна. “Хүрэн булаг” ХХК-ний зүгээс дээрх буруутай этгээдийн улмаас үүссэн хохирлыг буцаан хэвийн байдалд нь оруулахад гарах зардлыг гаргуулж өгнө үү гэж анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гарган, барилгын мэргэжлийн байгууллагаар төсөв хийлгэн зардлыг тооцуулсан нотлох баримтыг хавсаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2.-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38-р зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлалын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй гэж үзнэ гэсэн байна. Энэ талаар тусгай зөвшөөрөлтэй, албан ёсны тамга тэмдэгтэй нотлох баримт гаргаж өгсөн. Гүндсамбуугийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас үүсэж байгаа нөхцөл байдлыг буцаан хэвийн хэмжээнд өмнөх байдалд нь оруулахад ийм хэмжээний зардал гаргах талаар мэрэгжлийн байгууллагын дүгнэлтийг гаргаж өгсөн. Энэ нь нэхэмжлэгч өөрийн нэхэмжлэлийн үндэслэлээ уг баримтаар үндэслэн гаргаж байгаа юм. Харин хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж буй тохиолдолд зөвшөөрөөгүй байгаа үндэслэлээ зааж, шүүхэд хандан шинжээч томилуулах, хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байхад шүүх нэхэмжлэгчийг буруутагасан нь шүүхийн өмнө тэгш байхыг алдагдуулж байна. Нотлох баримтыг буруу үнэлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Манай гаргаж өгсөн нотлох баримтын талаар хариуцагч тал нь ямар нэг үгүйсгэсэн тайлбар хийгээгүй байхад шүүгч нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Энэ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 40-р зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх 40.1., 40.2.-д заасныг зөрчсөн гэж үзэж буй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна . Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангуулж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж  дүгнэв.

2. Нэхэмжлэгч **** ХХК нь хариуцагч **** ХХК-д холбогдуулан зөрчлийн улмаас үүсэх хохирол 84,208,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3.Шүүх Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1., 135 дугаар зүйлийн 135.2. дахь хэсэгт заасныг баримтлан “****” ХХК-иас “84,208,000 төгрөг гаргуулах” Хүрэн булаг” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

4.****Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү Орхон аймгийн Прокурорын газрын Ерөнхий Прокурорын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2 дугаартай тогтоолын дагуу “...**** ХХК өөрийн өмчлөлийн үйлчилгээний төвийн барилгын суурийн баруун хажууд тус байранд 238,1м2 талбай өмчлөх эрхтэй иргэн ****өргөтгөл хийхээр нүх ухсан” гэх гомдлын дагуу зөрчлийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, улсын байцаагч Н.Эрдэнэзулын 0079534 дүгээр шийтгэлийн хуудсаар ****г Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2-д заасан буюу үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны, инженерийн шугам татах, гарц гаргах, бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэлээр 150,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэсэн, улмаар 150,000 төгрөгийн торгуулийг хариуцагч төлсөн үйл баримт тогтоогдсон.

5.Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилах ба гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваагдана. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль зөрчсөн зөрчлийн улмаас үүссэн гэм хорын хохирлыг арилгуулахаар шаардсан.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-д Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд гэм хор учруулах хэрэг нь шүүгч дангаар шийдвэрлэх хэрэг, маргаанд хамаарахгүй байхад шүүгч хэргийг дангаар хянан шийдвэрлэжээ.

7.Ийнхүү хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх, улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1.Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШШ2025/01932 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.****ийн давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  578,990 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.БАТТӨР

                                                   ШҮҮГЧ                                       Б.ОЮУНЦЭЦЭГ

                                             ШҮҮГЧ                                       Р.ҮҮРИЙНТУЯА