Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/ма2025/00133

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 207/МА2025/00133

 

 

 

 

Д.****ийн нэхэмжлэлтэй,

  хариуцагч Х.****, Б.**** нарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Баттөр даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/01807 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч : Д.****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.****, Б.**** нарт холбогдох,

“Ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Х.****, Б.**** нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Үүрийнтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн, хариуцагч Х.****, Б.****, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Д.****ийн нэхэмжлэлийн агуулга:

**** аймгийн Орхон сумын Засаг дарга Г.****гийн баталсан Элс, хайрга ашиглах гэрээ-ний Нэг. Ерөнхий зүйлийн 1.2-т Х.**** нь сумын 1-р багийн сумын төвөөс ... Хайрга 700 тн бэлтгэхээр 2025 оны 04 дугаар сарын 23 ны өдрөөс 2025 оны сарын 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал /тээврийн хэрэгслийн дугаар/ 81-88 ОРХ, ГЧ 36-34 тээврийн хэрэгслээр Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 33.1-р зүйлд заасны дагуу элс ашиглуулахаар тохиролцов. гэсний дагуу Д.**** миний өмчлөлийн авто машин энэхүү гэрээнд бичигдэн албажсан ба 2025-04-23-ны өдрөөс би тээвэрлэх ажлыг гүйцэтгэж эхэлсэн. 2025-04 дүгээр сарын гэрээ ажил олгогч Х.****т бий. Ажил олгогч Х.****, Б.**** нар нь тээвэрлэх ажлыг гүйцэтгүүлэхдээ надтай ам хэлцэл хийж, 2025 оны хавар, зун, намрыг дуустал хугацаанд сар бүр гэрээгээ сунгаж, өдөрт 1-2 удаа тээвэрлэлт хийж, Говил багт байрлах Х.****, Б.**** нарын бетон зуурмагийн үйлдвэрт хүргэнэ. Нэг удаагийн тээвэрлэлтийн ажлын хөлсийг 1.050.000 төгрөг /нэг сая тавин мянган төгрөг/-өөр тохиролцсон юм. Ажлаа миний зүгээс зохих ёсоор хийж, гүйцэтгэж байсан.Х.**** нь 5 дугаар сарын эхээр надад байсан гэрээг ... сунгана, нэмж машин оруулна, гэрээнд өөрчлөлт оруулна. гэж аваад намайг удаагүй ажилд явуулаагүй. Дээрх гэрээг утсан дээрээ зургийг авч үлдсэн байснаа хэвлэж өгч байна. Хариуцагч нар Элс, хайрга ашиглах гэрээ байгуулахдаа миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглан хавар, зун, намар тууштай, тээвэрлэлт хийлгэнэ гэсэн итгэлцэлд нь найдаж, итгэн энэ ажлыг эхлүүлсэн. Д.**** миний МУ-ын Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчиж, Ажил гүйцэтгэх гэрээний тал болох Д.**** миний ажлын хөлсийг тооцож төлөхгүй байгаа Х.****, Б.**** нар өөрсдийн үзэмжээр хэлцлийг дуусгавар болгосон тул дээрхи гэрээний дагуу хайрга тээвэрлэх ажлын хөлсийг нэхэмжилж байна. Нэг удаагийн тэвэрлэлтийн хөлсийг 1,200,000 төгрөгөөс бууруулж, удаан хугацаанд тогтвортой тээвэрлэлт хийлгэнэ гэсэнд нь итгэж, /1.050.000 төгрөг х 20 = 21.000.000 /хорин нэгэн сая/ төгрөгийг олгохыг ажил олгогч Х.****, Б.**** нарт даалган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Х.****, Б.**** нар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд хариуцагч Х.****ын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарын агуулга:

2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Д.**** явна гээд амаараа тохиролцоо хийсэн. 9 сар хүртэл явуулна гэж яриагүй. Өдөр болгон явна гэж аман тохиролцоо хийсэн. Яваад ирэнгүүт 1.050.000 төгрөг шилжүүлнэ гэж тохирсон. Түлшний мөнгө байхгүй гэсэн учраас тээвэрлэлтэнд яваагүй байхад 2.100.000 төгрөг өгсөн. Өмгөөлөгч ажилгүй болсон, яваагүй рейсний мөнгө нэхэж байна. Гэхдээ тэр хүнд хариуцлага гэж байх ёстой байх. 5 дугаар сард дор хаяж 25-27 удаа явах байснаас 13-хан удаа явсан. Дунд нь архи уугаад алга болсон. Ингээд 5 дугаар сарын 15-31-ний өдрийг хүртэл явах байсан гэрээний хугацаа дууссан. Тэр хугацаанд бид нар авна гэж тооцоолж байсан хайрга, шороогоо авч чадаагүй. Тэндээс манайх тодорхой хэмжээний алдагдал хүлээсэн. Тийм учраас таныг ажиллуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манайд гэрээгээр явж байсан хүмүүс рүү ярьж та нарыг сайн явахыг харна гээд дарамтлаад нөгөө хүмүүс нь бид нар больё, Д.**** дарамтлаад байна гэж байсан. Бид нар ашгийн төлөө явж байгаа, бид нар өөрсдийн ажлаа явуулъя гэж хэлсэн. Д.**** 6,7 сард ажил хийгээгүй гээд байх юм. 6 сард гүйлгээний утга дээр хайрга гээд бичсэн гүйлгээ орж ирээд ажил хийсэн байна лээ. Илт худлаа зүйл яриад байна” гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.5.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.****, Б.**** нараас 10,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.****ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 10,500,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2.-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262,950 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.****, Б.**** нараас улсын тэмдэгтийн хураамжид 182,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.****ид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.****, Б.**** нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Бидний зүгээс **** аймгийн Орхон сумтай байгуулсан Элс хайрга ашиглах гэрээний хүрээнд Д.****оор элс хайрга тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон. Ингэхдээ **** аймгийн Орхон сумтай байгуулсан гэрээний хүрээнд нь л буюу уг гэрээний хугацаанд 2025.05.31-ний өдрийг хүртэл тээвэрлэлт хийлгэхээр ажил гүйцэтгүүлэхээр 1 рэйсийг 1,050,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр амаар тохиролцсон. Нэг. Шүүх бидний хооронд амаар тохиролцсон гэрээг хариуцагч биднийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн бөгөөд татгалзангуут нэмэлт хугацаа олгох ёстой байсан боловч олгоогүй учир 10 рэйсийн мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх гэрээнээс татгалзах болсон нь Д.****ийн үүрэг зөрчсөн байдлаас хамаарч гэрээнээс татгалзах болсныг үндэслээгүй, учир нь Д.**** нь дуудахаар утсаа авдаггүй, архи уугаад ажилдаа ирдэггүй, орондоо хүн явуулна гэх зэргээр гэрээт ажлыг гүйцэтгэх үүрэг зөрчсөн. Тодруулбал Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1. дэх хэсэгт “үүргийг тогтоосон газар, цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1. дэх хэсэгт “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ Д.**** гэрээнд заасан хугацаанд архи ууж ажил таслах гэх мэт байдлаар удаа дараа үүргээ зөрчсөн. Үүнийг ч түүний төлөөлөгч Б.Долгорсүрэн нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа бэр гуйна гэж яваад ажилдаа очоогүй талаарх ажил тасалдаг үйл баримтыг хүлээн зөвшөөрч тайлбарласан. Энэ мэт байдлаас болоод Д.****оос шалтгаалан манай ажил зогсох дээрээ тулсаны улмаас гэрээнээс татгалзах болсон, түүнээс ямар ч хамаагүй үндэслэлээр бид гэрээнээс татгалзаагүй, гагцхүү гүйцэтгэгчийн үүрэг зөрчсөнөөс болж гэрээнээс татгалзсан. Мөн нэгхэн удаа ажилдаа ирээгүй байхад нь гэнэт гэрээнээс татгалзаад байгаа үйл процесс биш таг алга болно, утсаа авахгүй архи уугаад явна, явахаар нь ирээд ажилаа хийгээч ээ орондоо хүн явуулаад ч болов хий гэж урьдчилан сануулаад байхад энэ хүн ажил хийхгүй байсан тул гэрээнээс татгазлзахаас өөр аргагүй байдалд орсон. Цаг хугацаа алдалгүй хайргыг зөөх шаардлагатай байсан тул удаа дараа сануулж хэлж шаардлага тавьсны үндсэн дээр татгалзаж байгаагаа хэлсэн. Иймд бид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2. дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхийг ажилаа хийхийг урьдчилан тавьсны үндсэн дээр татгалзаж байгаагаа хэлсэн. Иймд бид Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2. дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэхийг ажилаа хийхийг урьдчилан мэдэгдэж боломжтой байдлаар 05 сарын дунд үе хүртэл харсан тул нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэж байна. Хэрэвээ шууд татгалзах байсан бол 5 cap эхлээд шууд татгалзах байсан боловч тэгээгүй. Д. ****ид нэмэлт хугацаа олгож 05 дугаар сарын 15 болтол ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэх хугацаа олгосны үндсэн дээр дуусгавар болгосон. Гэтэл нэг өдөр ирээд шууд гэрээнээс татгалзсан мэтээр шүүх дүгнэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёр. Бидний гүйцэтгүүлэх ажлын хувьд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу 1 рэйсээр зөөсөн элс хайрга бөгөөд зөөж тээвэрлэсэн ажил буюу явсан рэйсээр тооцож ажлын хөлсийг олгоно. Түүнээс сард 20 юм уу 25 юм уу зөөвөрлөх тогтмол тогтсон тоо үр дүн гэж байхгүй хэдэн рэйс хийнэ түүгээрээ цалинжина. Яагаад гэвэл бидний энэ ажил үүргийн хувьд бусад энгийн ажилтай харьцуулахад өөр орон нутгаас зөөж тээвэрлэхээр онцлог бөгөөд техникийн болоод хүн хүчний байдал болон цаг агаарын онцлогоос хамаарч өдөр бүр рэйсэд гарах нь ховор, өдөр бүр рэйс хийх тохиолдол цөөхөн. Иймдээ ч Д.****ийн хувьд 2025.04.24-ний өдрөөс хойш 13 удаа рэйс хийсэн бөгөөд энэ ажлын хөлс 13,370,000 төгрөгийг бид тухай бүрт төлсөн. Зөвхөн 5 сард л гэхэд 2025.05.01-ний өдрөөс 2025.05.08-ны өдрийг хүртэл 3 удаа л тээвэрт явсан, энэ байдлаас үзвэл өдөр бүр нэг рэйс хийж байгаагүй, хийдэггүй. Гэтэл шүүх дүгнэхдээ ажил гүйцэтгэх нэмэлт хугацаа олгоогүй буюу 10 хоног ажиллах байсныг нь ажиллуулаагүй тул 10 өдрийн ажиллах байсан 10,500,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд хэтэрхий хийсвэр зүйл болсон гэж үзэж байна. Учир нь бидний хооронд өдөр бүр тогтмол ийм ажил хийнэ гэсэн тогтсон гүйцэтгэх ажил үүрэг байгаагүй бөгөөд ажлаа хийсний дүнд цалинжина гэдэг гүйцэтгэсэн ажлын үр дүнгээр ажлын хөлс тодорхойлогдоно. Гэтэл шүүх рэйс хийвэл хийсэн дүнгээрээ цалинжих гэрээний гол нөхцлийг харгалзан үзэлгүй тасралтгүй 10 хоног өдөр бүр рэйс хийх байсан мэтээр 10 хоногоор 10 рэйсээр тооцож мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.09.30-ны өдрийн 312/ШШ2025/01807 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагч X. ****, Б.**** нар давж заалдах гомдолдоо: “ Нэгхэн удаа ажилдаа ирээгүй байхад гэнэт гэрээнээс татгалзаад байгаа үйл процесс биш, таг алга болно, утсаа авахгүй архи уугаад явна, явахаар нь ирээд ажлаа хийгээчээ орондоо хүн явуулаад ч болов хий гэж урьдчилан сануулахад байхад энэ хүн ажил хийхгүй байсан тул гэрээнээс татгалзахаас өөр аргагүй байдалд орсон...” гэж бичсэнийг нэхэмжлэгч Д.**** зөвшөөрөхгүй байна. Хариуцагч нар “гэрээг сунгана” гэж хэлээд ****оос гэрээг авч ажилд явуулаагүй. Харин гомдолдоо: “...05 дугаар cap эхлээд шууд татгалзах байсан боловч ...Д.****ид нэмэлт хугацаа өгч 05 дугаар сарын 15 болтол ажлаа зохих ёсоор хийж гүйцэтгэх хугацаа олгосны үндсэн дээр дуусгавар болгосон. Гэтэл нэг өдөр ирээд шууд гэрээнээс татгалзсан мэтээр шүүх дүгнэсэн байгааг зөвшөөрөхгүй” гэжээ. Дээр дурьдагдсан үйл баримтыг нэхэмжлэгч Д.**** нь давж заалдах гомдлыг өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. Долгорсүрэнгээс цахимаар хүлээн авах үедээ мэдсэн ба хариуцагч нар гомдолдоо бичээд байгаа дээрх үйл явдал огт болоогүй. /нэхэмжлэгч Д. ****ийн бичгээр гаргасан тайлбарыг давж шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарлана./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсний дагуу Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 01807 дугаартай шийдвэр үндэслэлтэй байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу хариуцагч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хариуцагч Х.****, Б.**** нарын шүүхэд гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.       

2.Нэхэмжлэгч Д.**** хариуцагч Х.****, Б.**** нарт холбогдуулан ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “...Миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, ажлын хөлсийг тооцож төлөхгүй, өөрсдийн үзэмжээр хэлцлийг дуусгавар болгосон тул гэрээний дагуу хайрга тээвэрлэх ажлын хөлсийг нэхэмжилж байна” гэж тайлбарлаж байгаа./хх1-2х/

 

Хариуцагч нар “...Д.****той өдөр болгон явна гэж амаар тохиролцоод яваад ирэнгүүт ажлын хөлс 1,050,000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Яваагүй рэйсний үнэ нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.Энэ хүн ажлаа таслаад ирдэггүй.Бид хайргыг тасралтгүй авч чадаагүйгээс алдагдал хүлээсэн.Тиймээс таныг ажиллуулах боломжгүй гэдгээ хэлсэн” гэсэн үндэслэл зааж, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

3.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв, бодитой тогтоогоогүй, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

 

4.1 **** аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Р****болон хариуцагч Х.**** нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр “Элс, хайрга ашиглах гэрээ” бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Х.**** нь **** аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс түгээмэл тархацтай ашигт малтмал болох 1000 тонн хайрга бэлтгэх, ашиглуулах, уг хайргыг нэхэмжлэгч Д.****ийн өмчлөлийн ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгсэл, 36-34 ГЧ улсын дугаартай FLOG20 маркийн ачааны хэрэгсэл зэргээр тээвэрлэхээр, гэрээний хугацааг 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны сарын 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал байхаар тус тус харилцан тохиролцсон байх ба тус гэрээг **** аймгийн Орхон сумын Засаг дарга баталсан байна. (хх 35-36 тал)

4.2 Мөн **** аймгийн Орхон сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Р****болон хариуцагч Х.**** нарын хооронд 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дахин “Элс, хайрга ашиглах гэрээ” бичгээр байгуулагдаж, тус гэрээгээр хариуцагч Х.**** нь **** аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн нутаг сумын төвөөс түгээмэл тархацтай ашигт малтмал болох 700 тонн хайрга бэлтгэх, ашиглуулах, уг хайргыг нэхэмжлэгч Д.****ийн өмчлөлийн ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгсэл, 36-34 ГЧ улсын дугаартай FLOG20 маркийн ачааны хэрэгсэл зэргээр тээвэрлэхээр, гэрээний хугацааг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны сарын 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал байхаар тус тус харилцан тохиролцсон байх ба тус гэрээг **** аймгийн Орхон сумын Засаг дарга баталсан байна. (хх 61-62 тал)

4.3 Дээрх “Элс, хайрга ашиглах гэрээ”-нүүдийн дагуу хариуцагч Б.****, Х.**** нар нь нэхэмжлэгч Д.****оор буюу түүний өмчлөлийн дээр дурдсан ****улсын дугаартай ****маркийн тээврийн хэрэгсэл, 36-34 ГЧ улсын дугаартай FLOG20 маркийн ачааны хэрэгслүүдээр **** аймгийн Орхон сумын нутгаас гэрээний зүйл болох хайргыг тээвэрлүүлэн өөрсдийн хариуцан ажиллуулдаг гэх Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багт байрлах бетон зуурмагийн үйлдвэртээ авч ирүүлэхээр, талууд 1 удаагийн тээвэрлэлт /рэйс/ хийх хөлсийг 1,200,000 төгрөг байсныг 1,050,000 төгрөг байхаар тохирч, уг хөлсийг тээвэрлэлт хийсний дараа нэхэмжлэгчид тухай бүр нь олгож байхаар тус тус амаар харилцан тохиролцсон байна.

4.4 Нэхэмжлэгч Д.**** нь гэрээний хугацаанд нийт 12 удаа явж, 2025 оны 04 дүгээр сарын 25-нд 2,100,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-нд 3,300,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 01-нд 1,200,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 02-нд 1,050,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 03-нд 1,050,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 06-нд 1,050,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 13-нд 1,050,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 12-нд 1,500,000 төгрөг, нийт 13,350,000 төгрөгийг хариуцагч Б.****гийн зүгээс нэхэмжлэгч Д.****ид төлсөн байна.

5.Нэхэмжлэгч нь өөрийн тээврийн хэрэгслүүдээр хайргыг ачин авч ирж хариуцагч нарын эзэмшилд шилжүүлэн өгч, хариуцагч нар харилцан тохиролцсон хөлсийг төлж байгаа шинжээс нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.Хөлсөөр ажиллах гэрээний гол онцлог нь гэрээний зүйлээс материаллаг буюу биежсэн үр дүн гарахгүй, гэрээний зүйл нь ажиллагчаас үзүүлж буй ажил үйлчилгээ юм.

6.Анхан  шатны шүүх  “...хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчид гэрээнд заасан үүргээ гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, үүнээс хойш арав хоногийн дотор нэхэмжлэгчид үүргээ гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэх боломж олголгүйгээр гэрээнээс татгалзсан нь үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж 10 удаагийн тээвэрлэлтийн хөлс болох 10,500,000 төгрөгийг хариуцагч Б.****, Х.**** нараас хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч Д.****ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  буруу байна.

6.1.Учир нь нэхэмжлэгч нь “...хариуцагч нар миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж, өөрсдийн үзэмжээр хэлцлийг дуусгавар болгосон, миний зүгээс зохих ёсоор ажлаа хийж гүйцэтгэж байсан, Х.**** нь 5 дугаар сарын эхээр надад байсан гэрээг аваад, намайг ажилд явуулаагүй” гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон  боловч тэрээр ажилласан буюу тээвэр хийсэн рэйсний ажлын хөлсөө тухай бүр гүйцэт авсан, харин ажиллаагүй хугацааны хөлс нэхэмжилсэн байна.

7. Нэхэмжлэгчийн  2025 оны 05 дугаар сарын 01, 02, 03-ны өдрүүдэд элс, хайрга тээвэрлэсэн, 04,05-нд тээвэрлээгүй, 06-нд тээвэрлэсэн, 07,08, 09, 10,11, 12-нд тээвэрлээгүй, 13-нд тээвэрлэсэн нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг ажиллуулаагүй, нэхэмжлэгчид үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэх боломж олгоогүй гэж  үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч хуульд заасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

8.Давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгт авагдсан  баримтанд үнэлэлт, дүгнэлт хийж  нэхэмжлэгчийг гүйцэтгээгүй ажлын хөлсийг шаардах эрхгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 312/ШШ2025/01807 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.****ийн хариуцагч Х.****, Б.**** нарт холбогдуулан гаргасан ажлын хөлс 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

           

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хариуцагч Х.****, Б.**** нар давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 182,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас                                                                                            өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Б.БАТТӨР

                                                    ШҮҮГЧ                                            Б.ОЮУНЦЭЦЭГ

                                           ШҮҮГЧ                                            Р.ҮҮРИЙНТУЯА