Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 15

 

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бадрахгэрэл даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.Цагаанцоож

Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Д. Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас У  овогт Д ын  Б  д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1937000000001 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн удирдлагын менежер, нийгмийн ажилтан мэргэжилтэй, Ховд аймгийн Булган сумын Минжит Булган цогцолбор сургуульд нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 2 ээжийн хамт Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суух, РД:  , У  овогт Д ын   Б  ,

            Холбогдсон хэргийн талаар: / яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  Д. Б   нь 2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан  багийн  нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Б.Сэргэлэнгийн албаны хүрэмийг урж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д. Б   мэдүүлэхдээ: Манай байгууллагын ажилтан Д.Энхцэцэг, Т.Батмөнх, Ш.Хасбат нарын хамт өөрийн эзэмшлийн 89-73 УНЭ улсын дугаартай автомашинтай Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвараар урагшаа эргээд явж байхад цагдаа зогсоосон, цагдаа зогсоогоод цагдаагийн хэлтэс дээр авч ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгана гэхээр нь шампански уучихсан болохоор архи согтууруулах ундаа хэрэглэсэн гэж гарах байх гэж бодоод шалгуулаагүй. Тэгээд баахан хүмүүс бужигнаж байхад нь цагдаагаас гарч яваад Заяа буудлын тэнд явж байхад хоёр цагдаа тааралдсан. Тэр хоёр цагдаатай маргалдаж байгаад ноцолдоод халтирч унахдаа куртикнээс нь татсан чинь куртик нь урагдсан, тэгээд намайг дахиад цагдаа дээр авч ирээд цагдаагийн жижүүр Кошкаа ахыг дуудаж хүлээлгэн өгсөн гэв.

            Хохирогч Б.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ахлагч Н.Нэмэхбаяр, Олон нийтийн цагдаа Б.Баттөмөр нарын хамт албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай орой эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцож байсан 66- 08 УНЕ улсын дугаартай автомашиныг шалгаад цагдаагийн хэлтэс рүү авч явсан хэлтэс дээр ирээд авч ирсэн хүн шалгаж байхад удалгүй ахпагч Н.Нэмэхбаяр нэг жолооч авч ирээд шалгах гэхэд шалгуулахгүй байсан тэр хүн нь Д. Б   байсан. Тэгээд Д. Б  г жижүүрт хүлээлгэн өгөөд гараад албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай цагдаагийн ар талын асфальтан замаар дээшээ явж байхад автомашины урдуур хүн ороод ирсэн машинаа зогсоогоод буугаад ...та машинд дайрагдлаа гээд машинд суулгахад араас хамт явсан Д. Б   ирээд миний хувцаснаас татаад намайг унагаах гээд хөл рүү өшиглөхөд нь /хавсарахад нь/ хойш болоход миний куртикны ханцуйнаас татаад урчихсан тэгээд Д. Б  г дахиад цагдаа дээр авч ирээд жижүүрт хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг

            Гэрч Н.Нэмэхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр орой эргүүлийн үүрэг гүйцэтгээд албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай цагдаа, зохицуулагч, дэд ахлагч Б.Сэргэлэнгийн хамт хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгээд явж байхад дэд ахлагч Б.Сэргэлзн автомашин шалгахаар цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Би албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай явж байхад Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвараас урагшаа эргээд явж байсан 89-73 ХОА улсын дугаартай “Пробокс” маркийн тээврийн хэрэгслийг шалгахад жолоодож явсан Д. Б   согтуу байсан тул цагдаагийн хэлтэс дээр авч ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгах гэхэд шалгуулахаас зайлсхийгээд драгер багаж үлээж өгөхгүй байсан. ...Д. Б   нь чи миний автомашиныг журамлалаа, би автомашинаа авмаар байна гээд дэд ахлагч Б.Сэргэлэнтэй ноцолдоод дэд ахлагч Б.Сэргэлэнгийн албаны өвлийн хүрэмний зүүн талын ханцуйны хэсгийг урчихсан. Тэгээд Д. Б  , Ш.Хараа хоёрыг дахин цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн ...” гэх мэдүүлэг,

          Гэрч Т.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Манай байгууллагын шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүрэнхайрхан уул дээд талд Ц.Дэлгэрийн үйлчилгээний төвд болсон шинэ жилийн арга хэмжээ 00 цагийн үед тараад манай байгууллагын ажилтан Д.Энхцэцэг, галч Ш.Тасбат  бид нар Д. Б  гийн эзэмшлийн 89-73 УНЭ улсын дугаартай автомашинд суугаад Д. Б   автомашин бариад Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвараар урагшаа эргээд явж байхад цагдаа зогсоогоод Д. Б  г аваад  явсан, дараа нь ирээд Д. Б   согтуу байна гээд автомашиныг нь аваад явсан бид нар тэнд буугаад   манай эхнэр Д.Энхцэцэг бид хоёр гэрлүүгээ явсан, Ш.Тасбат салаад явсан тэгээд эхнэр бид хоёр гэртээ хариад амарсан өөр юу болсон талаар  мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг

          Гэрч Д.Энхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“...Манай байгууллагын шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Бүрэнхайрхан уул дээд талд Ц.Дэлгэрийн үйлчилгээний төвд болсон шинэ жилийн арга хэмжээ 00 цагийн үед тараад манай нөхөр Т.Батмөнх, галч Ш.Тасбат бид нар Д. Б  гийн эзэмшлийн 89-73 УНЭ улсын дугаартай автомашинд суугаад Д. Б   автомашин бариад Бүрэнхайрхан уулын 4 замын уулзвараар урагшаа эргээд явж байхад цагдаа зогсоогоод Д. Б  г аваад явсан, дараа нь ирээд Д. Б   согтуу байна гээд автомашиныг нь аваад явсан бид нар тэнд буугаад манай нөхөр Т.Батмөнх бид хоёр гэрлүүгээ явсан, Ш.Тасбат салаад явсан тэгээд нөхөр бид хоёр гэртээ хариад амарсан өөр юу болсон талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг

        Гэрч З.Дүгэржавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:“... Манай байгууллагын шинэ жил 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр болсон би тэр өдөр ээлжтэй байсан болохоор шинэ жилийн арга хэмжээнд ороогүй ажил дээрээ байж байхад 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 00 цагийн үед галч Ш.Тасбат над руу утсаар яриад Д. Б   цагдаад баригдчихлаа ирээд аваадах заавал эрүүл хүн байх ёстой гэж байна гэхээр нь би цагдаа дээр ирэхэд Ш.Тасбат үүдэнд Д. Б   цагдаагийн хувцас урчихлаа намайг согтуу байна гээд өгөхгүй байна гэж хэлсэн тэгээд цагдаа руу яваад ороход Д. Б   халамцуу үүдэнд зогсож байсан би жижүүртэй уулзахад миний овог, нэр, регистр, утасны дугаар бичиж аваад гарын үсэг зуруулаад Д. Б  г надад өгөөд явуулсан би гараад гэрт чинь хүргээд өгий гэхэд зүгээр зүгээр та очиж галаа түл ээлж шалгаж байгаа эргүүл ирнэ гэсэн гэхээр нь би яваад өгсөн Д. Б  , Ш.Тасбат хоёр гэр лүүгээ явна гээд цагдаагийн ар талын замаар дээш эргээд явсан би сургууль дээр очоод галаа түлж байхад Д. Б   ирээд автомашин гаргаж өгөхгүй байна, маргааш очиж уулзахаас гэж хэлсэн тэгээд би Д. Б  г гэрт нь хүргэж өгөөд амраасан....” гэх мэдүүлэг

         Гэрч Т.Оюунболдын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... Би Д. Б   гэх хүнийг танихгүй, намайг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Цагдаагийн хэлтсийн дуудлага хүлээн авах цагдаагаар ажиллаж байхад Д. Б   нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж ахлагч Н.Нэмэхбаяр цагдаагийн хэлтэс дээр авч ирж д/а Б.Сэргэлэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь  багажаар шалгах гэхээр шалгуулахгүй байсан, тэгээд жижүүрт үлдээгээд  явсан би ар гэрээсээ хүн дууд гэхэд надад тийм хүн байхгүй гэж байсан би үүдэнд сууж байгаарай гээд суулгачихаад зөрчил  гаргасан хүнийг ар гэрт нь хүлээлгэн өгөх хооронд гараад явчихсан байсан. Удалгүй д/а Б.Сэргэлэн, а/ч Н.Нэмэхбаяр хоёр албаны алаг автомашины урд орсон, д/а Б.Сэргэлэнгийн хувцас урсан гэж авч орж ирсэн д/а Б.Сэргэлэнгийн хувцас урагдсан байсан тэгээд хэлтсийн үүдэнд суулгаж байгаад хамт ажилладаг галч гэх хүн ирэхээр хүлээлгэж өгсөн, хүлээн авсан хүнийхэн нэрийг нь одоо санахгүй байна, тухайн өдөр нэлээн хөдөлгөөнтэй хүмүүс бужигнаж байсан .....” гэх мэдүүлэг  

         Гэрч  Д.Баттөмөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:”... 2018 оны 12 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед албаны 00-31 ХОҮ улсын дугаартай приус -30 маркийн автомашинтай үүрэг гүйцэтгэж явахад согтуу хүн тааралдаад д/а Б.Сэргэлэн бид хоёр тэр хүнийг аваад цагдаа дээр ирчихсэн байхад а/ч Н.Нэмэхбаяр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гээд Д. Б  г цагдаа дээр авч ирсэн, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг нь шалгах гэхэд Д. Б   цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлага биелүүлэхгүй, шалгуулахгүй байсан, Д. Б  г жижүүрт хүлээлгэн өгөөд а/ч Н.Нэмэхбаяр, д/а Б.Сэргэлэн бид гурав Д. Б  гийн 89-73 УНЭ улсын дугаартай автомашиныг авч ирж цагдаагийн хашаанд оруулаад албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай а/ч Н.Нэмэхбаяр, д/а Б.Сэргэлэн хоёр та түлхүүрийг нь жижүүрт өгчихөөд цагдаагийн хэлтсийн ар талруу гараад ир гэж хэлсэн. Тэгээд би автомашины түлхүүрийг жижүүрт өгчихөөд цагдаагийн хэлтсийн ар талд гарахад д/а Б.Сэргэлэн Д. Б  г барчихсан д/а Б.Сэргэлэнгийн хувцас нь урагдчихсан ирж байсан би урдаас нь очоод хамт цагдаагийн хэлтэс руу авч ирээд хамт ажилладаг галч З.Дүгэржавыг дуудаж хүлээлгэн өгсөн.....” гэх мэдүүлэг

             Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ц.Ононбатын 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийн 06 тоот шинжээчийн дүгнэлтэд :

              1. Оношлогооны шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн хүрмэнд ханзарсан уранхай үүссэн байна

               2. 740 мм-ийн хэмжээтэй уранхайн татаж чангаах хүчин зүйлсийн үйлчлэлээр үүссэн ханзарсан, шинэ уранхай байна ” гэх дүгнэлт,

              - камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл,

            - гэрэл зургийн үзүүлэлтүүд

           - эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл

           - эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол

            - эд зүйлийн үнэлгээ

              - хохирлын тооцоо, хохирол төлсөн баримт

              - шүүгдэгч Д. Б  гийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд

            - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

    Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

              Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Д. Б    нь  2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд  Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан  багийн  нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Б.Сэргэлэнгийн албаны хүрэмийг урж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн  гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Н.Нэмэхбаяр, Д.Энхцэцэг, З.Дүгэржав, Т.Оюунболд, Д.Баттөмөр, хохирогч Б.Сэргэлэн нарын мэдүүлэг, Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийн 06 тоот дүгнэлт,  камерийн  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд зүйлийн үнэлгээ, хохирол төлсөн баримт, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийг байцаасан тэмдэглэл зэргээр нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд Д. Б  г Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагч Б.Сэргэлэнгийн албаны хүрэмийг урж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй мэтгэлцээгүй.

Хэргийн үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл хохирогч Б.Сэргэлэн нь Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаа, зохицуулагчаар ажилладаг болох нь тус хэлтэсийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 09 тоот албан бичгээр, 2018 оны 12 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан  багийн  нутаг дэвсгэрт албаны 00-31 ХОҮ улсын дугаартай автомашинтай эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан болох нь тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч Д. Б   нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж албаны дүрэмт хувцсыг нь урж эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д. Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Сэргэлэнгийн цагдаагийн алба хаагчийн өвлийн хүрэмийг урж 217.813 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн “Хувцасны төлбөр болох 217.813.76 төгрөг хүлээн авсан. Ямар нэгэн санал хүсэлтгүй” гэх хүсэлтийг үндэслэн шүүгдэгч Д. Б  г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Д. Б  г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас битүүмжлэн ирүүлсэн шүүгдэгчийн эзэмшлийн 89-73 УНЭ улсын дугаартай “Тоёто Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн өвлийн хүрэмийг хохирогч Б.Сэргэлэнд олгож, камерийн бичлэгт үзлэг хийж, бэхжүүлж авсан 5 минут 17 секундын дүрс бичлэгтэй CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалж,  шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч У  овогт Д ын   Б  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д. Б  г хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Д. Б  д тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоосугай. 

               4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4, 9 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д. Б  д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Шүүгдэгч Д. Б   нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол төлбөргүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.8-д зааснаар шүүгдэгчийн эзэмшлийн 89-73 УНЭ улсын дугаартай “Тоёто Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг  хүчингүй болгосугай.

                7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагдаагийн өвлийн хүрэмийг хохирогч Б.Сэргэлэнд олгож,, камерийн бичлэгт үзлэг хийж, бэхжүүлж авсан 5 минут 17 секундын дүрс бичлэгтэй CD-ийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

               8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д. Б  гийн    регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

             9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д. Б  д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.