| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00534/И |
| Дугаар | 00501 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 00501
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1965 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, Булган аймгийн Баян-Агт сумын 2 дугаар багт оршин суух, Доо овогт Буриадын Цэрэнчимэд /РД:ГА65082360/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00534/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Цэрэнчимэд нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Би 1965 онд Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн. 51 настай. Би Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1982 оноос 1986 оныг дуустал саальчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.Миний бие хөдөө мал маллан амьдардаг тул шүүхэд очих боломжгүй байна. Иймд миний эзгүйд хэргийг минь яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3/163 дугаартай лавлагаа, тухайн үед Б.Цэрэнчимэдтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Хурганы...Цэрэнчимэд нь Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдлийн 2 дугаар бригадад 1982 оноос хойш малчин, саальчнаар аав, ээжийн хамт ажиллаж байсан. Би өөрөө тус нэгдэлд тракторын жолоочоор 1972 оноос 1990 он хүртэл ажилласан. Тракторын жолоочоос гадна малчнаар ажиллаж байсан. Цэрэнчимэд нь ээж аавын хамт нэгдэлд ажиллаж байгаад гэр бүл болж тусдаа гараад тус нэгдэлдээ үргэжлүүлэн нэгдэл тартал ажилласан. Яг хэдэн он хүртэл ажилласныг сайн мэдэхгүй байна гэх... гэрч Н.Түвшинжаргалын...Миний бие 1985 онд Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд үржлийн зоо техникчээр ажиллаж байсан. Цэрэнчимэд нь 1982 оноос ээж Шаандарын хамт үнээ саадаг буюу саальчнаар ажиллаж байсан. 1985 онд Б.Цэрэнчимэд нь Л.Гансүхтэй гэр бүл болж тус нэгдлийн 2 дугаар бригадад төллөх эм хонийн суурьт ажиллаж байсан. Бид Их-Ирээдүй нэгдэлд 1985-1991 он хүртэл хамт ажиллаж байсан гэх... мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйдхэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Доо овогт Буриадын Цэрэнчимэдийг Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд 1982 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар нийт 5 /таван/ жил ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН