Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2019/ШЦТ/88

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч М овогт Н-н Г-д холбогдох эрүүгийн 1917000000078 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 24-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Г аймгийн Сүмбэр сумын  дүгээр баг, Т... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх М овогт Н-н Г, /РД: ЗГ/

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Г нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тээвэрчдийн байрны 13 тоот хашааны урд талд иргэн Б.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Н.Г нь согтуурсан үедээ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Тээвэрчдийн байрны 13 тоот хашааны урд талд хохирогч Б.А-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.Г мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр цагийг нь санахгүй байна гэрийнхээ хашаан дотор Т гэх найзтайгаа өөрийнхөө маяти маркийн 0507 ГСА улсын дугаартай машин дотор нэг шил Эдэн нэртэй 0,75 граммын архи хувааж ууж байсан. Тэгээд нэг харахад манай гэрийн хашаан дотор манай эхнэр Б өөрийнхөө машинтай ирээд зогссон байсан. Дотор нь А-н эхнэр Ц суусан байсан. Архи бараг дуусаж байхад манай хашаан дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь би машин дотроосоо буугаад очиход Ц түүний нөхөр А хоёр хоорондоо маргалдаад зогсож байсан. Намайг яваад очиход А та манай эхнэртэй архи уулаа гээд над руу дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би тийм зүйл байхгүй бид нар хамт архи уугаагүй гэж учирлаж хэлэхэд А толгойгоороо миний дээд уруул хэсэг рүү мөргөөд хэд хэдэн удаа нүүр лүү цохисон тэгэхээр нь би зөрүүлээд цохих гэтэл цохиж чадаагүй А цаашаагаа зугтаагаад явсан. Тэгээд би араас нь цохих гээд хөөсөн чинь гүйцэхгүй байхаар нь А-т намайг уучлаарай хоёулаа гар баръя гэж худлаа хэлэхэд А над дээр хүрээд ирсэн. Тэгээд би баруун гарыг нь барьж байгаад зүүн гараараа нүүр хэсэг рүү нь цохисон чинь цагдаа дуудна гээд зугтаагаад явсан. Тэгээд манай эхнэр Б над дээр ирээд гэр лүү аваад явсан. Тэгсэн чинь гадаа Т цагдаа нар дээр очиж байхаар нь Т-н араас цагдаа нар дээр очиход цагдаагийн машины хажууд А доошоо хагас суусан хамрынхаа цусыг гойжуулсан байж байхаар нь би хажууд нь очоод нүүр хэсэг рүү нь нэг удаа баруун хөлөөрөө өшиглөхөд А хойшоогоо саваад унасан. Тэгтэл цагдаа нар намайг машинд суулгаад эрүүлжүүлэх байранд авчирсан... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

 

1.3. Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Манай эхнэр Ц 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20 цагийн үед гэрээсээ гараад Б гэх бөөтэй уулзаж юм асууна гээд явсан. Тэгээд ирэхгүй байхаар нь би Б гэх бөөгийн утас руу залгаад манай эхнэр очсон уу гэж асуухад Б бөө над дээр ирчихээд 22 цаг өнгөрч байхад цагаан өнгөтэй машин ирээд аваад явсан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би Б гэх найз хүүхэн нь ирээд аваад явсан юм байхдаа гэж бодоод Б-н гэр болох ТБ-304 тоот хашааны гадаа очиход хашаан дотор манай эхнэр Ц, Б хоёр, Б-н цагаан өнгийн машин дотор нэг пиво задалсан ууж байсан. Б-н машины хажуу талд өөр машинтай Б-н нөхөр Г найзтайгаа архи уугаад сууж байсан. Тэгээд би эхнэр Ц-т орой үдэш алга боллоо гэх маягаар жоохон маргалдсан юм. Тэгтэл нөгөө машинд сууж байсан Б-н нөхөр Г-н, түүний найз хоёр над дээр ирээд чи манай байрны бацаан бид нар архи уухаараа яадын гэсэн маягтай дайраад байсан. Тэгээд хэрэлдэж байтал Б миний гараас бариад хэрэлдэхээ боль гээд байж байтал Б-н нөхөр Г намайг ирээд зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгтэл Б болиоч гээд намайг цаашаа түлхтэл хажуу талаас зүүн талын гуя хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд бид барилцаж аваад хэсэг ноцолдож байгаад салаад би цаашаагаа 100 метр очим гүйгээд зугтсан. Тэгтэл араас Г намайг уучлаарай хоёулаа эвлэрье, гар баръя гээд дуудахаар нь би яваад очтол гар бариад Г намайг зүүн гараараа миний хамар хэсэг рүү цохисон. Тэгээд миний хамраас цус гарахаар нь ингэх юм бол цагдаа дуудна гээд цаашаагаа хэсэг явж байгаад гудамжиндаа сууж байтал Г-ны найз гэх залуу намайг одоо зодолдож хэрэлдэхээ боль гээд уурлангуй хэлж байсан. Тэрнээс биш цохиж зодсон зүйл байхгүй. Тэгэхээр нь цагдаагийн хэлтсийн утас руу залгаад согтуу хүмүүс намайг зодох гээд гэж хэлэхэд яг хаана байгаа юм гэж асуугаад засмал зам руугаа гараад ир гэж хэлсэн. Тэгээд засмал зам руугаа гартал цагдаа нар ирсэн. Би цагдаа нарт бид нар эвлэрсэн одоо одоо гомдол санал байхгүй гэж хэлээд цагдаа нартай хамт байж байтал миний хамраас цус гараад тогтохгүй байсан. Тэгэхээр нь доошоо газарт явган суугаад байж байтал урдаас Б, Г түүний найз гурав ирээд цагдаа нар тэр гурвыг машинд суу гэхэд Г нь миний нүүр лүү өшиглөөд би хойшоогоо саваад унасан. Тэгээд цагдаа нар Г болон түүний найзыг аваад явсан. Тэгээд миний хамрын цус тогтохгүй байхаар нь би аймгийн эмнэлэг дээр очиж хамрын зураг авхуулахад Улаанбаатар хот явж үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

Надад Г-с нэхэмжлэх мөнгө байхгүй. Миний эмчилгээний зардал мөнгийг нь бүгдийг Г гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/

 

1.4. Гэрч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 21 цаг өнгөрч байхад Г-ны гэрийн хашаан дотор маяти маркийн 0507 ГСА улсын дугаартай машин дотор нэг шил Эдэн нэртэй 0.75 граммын архи хувааж уусан байсан. Тэгээд нэг харахад хашаан дотор Г эхнэр Б өөрийнхөө машинтай ирээд зогссон байсан. Дотор нь А-н эхнэр Ц суусан байсан. Архи бараг дуусаж байхад хашаан дотор хүмүүс хэрэлдээд байхаар нь Г бид хоёр машин дотроосоо буугаад очиход А эхнэр Ц-г хардсан байдалтай маргалдаад байж байсан. Тэгээд Г очоод А-тай маргалдаад байсан. Тэгээд А, Г хоёр маргалдсан юм шиг байна лээ. Би яг зодолдож байгааг нь хараагүй. Тэгээд А нэг харсан чинь цаашаагаа зугтаагаад нэлээд цаана очоод газарт сууж байхад би очоод цамцнаас нь татаад одоо болио гээд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нартай очоод уулзаад байж байтал А цагдаагийн машины хажууд сууж байгаа харагдсан. Тэгтэл Г цаанаас ирээд А нүүр лүү нь өшиглөөд унагасан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 09 дүгээр сарын 17-ны 20 цагийн үед Б гэх хүнтэй гэрийнх нь хашаан дотор машинд хувийн асуудлаар уулзсан юм. Тэгтэл Б-н нөхөр хажуу талд машин дотор Т гэх хүнтэй архи ууж байсан. Тэгээд байж байтал Б-н утас руу манай нөхөр А залгаад удалгүй бид хоёр дээр ирсэн. Тэгтэл Б-н нөхөр Г-н машин дотроос бууж ирээд манай нөхөр А-тай юм ярьж байгаад муудалцсан. Би юу ярьж байгаад муудалцсан талаар мэдэхгүй байна. Тэгтэл Г манай нөхөр А-н шанаа хэсэг рүү гараараа нэг цохисон. Дараа нь Б-маа тэр хоёрыг салгаад боль гээд голоор нь ороход Г дахиад нэг удаа гуя хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгтэл манай нөхөр зодолдохгүй гээд цаашаа зугтаасан. Г манай нөхөр лүү намайг уучлаарай гээд орилоод байсан. Тэгээд Г, А хоёр уулзаад гар барихад Г дахиад манай нөхрийн хамар хэсэг рүү нь цохисон. Тэгээд манай нөхрийн хамраас цус гараад эхэлсэн. Манай нөхөр уурласандаа ингэх юм бол цагдаа дуудъя гээд цагдаа руу залгаж байсан. Цагдаа ирэх хооронд нь Б нөхөр Г-г аваад гэр лүүгээ ор гэхэд Б нөхрөө аваад гэр лүүгээ цаашаа явж байсан. Удалгүй цагдаа нар ирээд Г, Т нарыг цагдаа дуудахад Г цагдаагийн машины хажууд цусаа гоожуулаад сууж байсан. Манай нөхрийн нүүр лүү нь өшиглөөд манай нөхөр хойшоогоо саваад газар унасан. Тэгээд цагдаа нар эмнэлэг дуудаад түргэний машин ирээд А-г эмнэлэг дээр аваачиж рентген зураг авахад хамар нь хугарсан байна гэж эмч хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

1.6. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 20 цаг өнгөрч байхад манай найз Ц над руу залгаад уулзах уу гэж хэлсэн. Тэгээд би Ц-г ахуйн үйлчилгээний ар талын 15 дугаар байрнаас машинтайгаа очиж авсан. Машинтайгаа очиж авахад Ц нэг лааз пиво барьсан машин дотор орж ирсэн. Тэгээд шууд манай гэрийн хашаан дотор орж зогсоод юм ярьж байсан юм. Манай нөхөр бас хашаан дотор өөрийнхөө маяти маркийн машин дотор найз Т-тэй нэг шил архи хуваагаад ууж байсан. Удалгүй Ц-н нөхөр А над руу залгаад эхнэрээ байна уу гэж асуусан юм. Тэгээд байна гэж хэлээд утсаа салгасан. Хэсэг хугацааны дараа А манай гэрт Ц-г авах гээд хүрээд ирсэн. А ирээд Ц-г хардаад хэнтэй хаагуур архи уугаад яваад байгаа юм бэ гээд уурлаад байсан. Тэгтэл манай нөхөр Г, Т хоёр машинаас бууж ирээд А-т битгий эхнэрээ хардаад уурлаад бай гэж хэлэхэд манай нөхрийг А толгойгоороо мөргөж байгаа харагдсан. Манай нөхөр зөрүүлээд шанаа хэсэг рүү цохиод тэгээд А цаашаа гүйгээд явсан. Манай нөхөр хойноос нь хөөгөөд явсан. Тэгээд би хүүхдүүдээ харах гээд гэр лүүгээ орсон. Тэгээд эргээд гараад ирэхэд А-н хамраас цус гоожсон байж байсан. Тэгээд би Г-г аваад гэр лүүгээ орох гээд явахад цагдаа нар ирсэн. Г цагдаа  нар дээр очсон би араас нь бас цагдаа нар дээр яваад очиход А цагдаагийн хажууханд явган сууж байсан чинь манай нөхөр Г очоод нүүр лүү нь өшиглөөд унагасан. Тэгээд манай нөхрийг цагдаа нар машинд суулгаад аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

1.7. Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2019 оны 09 дүгээр сарын 18-ны шөнийн 00 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад цагдаагийн хэлтсийн 7054102 дугаараас Тээвэрчдийн байрны 304 тоот хашааны урд согтуу хүмүүс намайг зодоод байна гэх дуудлага мэдээлэл өгч байна яаралтай очоорой гэсэн. Дуудлага мэдээллийг хүлээн аваад Тээвэрчдийн байрны 304 тоот хашаа руу явж байхдаа дуудлага өгсөн гэх 9966... дугаартай А гэх хүн лүү залгаад та яг хаана байна, засмал зам руугаа гараад ир гэж хэлсэн. Удалгүй засмал зам дээр хамрын цусаа гоожуулсан хүн гарч ирж уулзаад нөгөө хүмүүстэйгээ эвлэрсэн, гомдол санал байхгүй гэж хэлж байсан. Тэгээд Тээвэрчдийн байрны 304 тоот хашааны гадна очиход А гэх хүний хамрын цус нь гоожоод тогтохгүй машины хажууд цусаа гоожуулаад сууж байсан. Тэгэхээр нь А-с хамрыг чинь цохисон хүн хаана байгаа талаар асуухад Г гэх залуу гээд намхан нуруутай тарган бор залууг зааж байсан. Тэгээд тэр хүнийг нь та наашаа хүрээд ир гээд дуудахад наашаа нэг эмэгтэй, нэг залуугийн хамт ирж яваа харагдсан. Тэр Г гэх залуу цагдаагийн машины хажууд ирснээ цусаа гоожуулаад сууж байсан А гэх залуугийн нүүр лүү баруун хөлөөрөө шууд өшиглөсөн. Тэгтэл А гэх залуу хойшоогоо орилгоод саваад унасан. Тэгээд Г бид хоёр Г-ны гарыг гавлаж машинд суулгаад А-н хамар нь хугараад далийсан байсан. Тэгээд эмнэлгийн тусламж дуудаж Г болон түүний найз Т-г эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

1.8. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 282 дугаартай дүгнэлтэд:

- Б.А-н биед тархи доргилт, хамрын таславчийн хугарал, зүүн нүдний зовхи, дээд уруулын дотор хэсэгт цус хуралт, зүүн чамархай, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

1.9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 283 дугаартай дүгнэлтэд:

- Н.Г-ны биед дээд уруулын дотор хэсэгт язрал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

 

1.10. Хохирогч Б.А-н түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчтөний түүх /хх-ийн 55-68 дугаар хуудас/

 

1.11. Шүүгдэгч Н.Г-ны согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, /хх-ийн 3 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Г-ны үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Н.Г нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Уг гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нь шүүгдэгч Н.Г нь согтууруулах ундааг зохистой хэрэглээгүйгээс үүдэн гарсан байна гэж шүүхээс дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Г-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Ганчулуун хүн чанар сайтай, даруухан, илүү дутуу ааш зангүй... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

2.2. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

 

2.3. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар хуудас/,

 

2.4. Шүүгдэгч Н.Г-ны мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 72 дугаар хуудас/

 

2.5. Хохирогч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 73 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Г-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Прокуророос шүүгдэгч Н.Г-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан байна.

Иймд шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Н.Г нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болно.

         

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасаныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овогт Н-н Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Н.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-нд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Н.Г-н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.Г-н нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Г-нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ЭНХМАНДАХ