| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 191/2025/04526/И |
| Дугаар | 210/МА2025/02224 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02224
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08694 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******-д 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байсан.
Гэтэл ерөнхий захирлын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25Б/107 дугаар тушаалаар намайг удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг, соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цагийг баримталдаггүй зөрчил гаргасан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, байгууллагын дотоод журмын 8.3.13-т зааснаар ажлаас халсан.
Би тус компанид ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрд нь хийж гүйцэтгэн, ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасны дагуу надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зогсоох талаар мэдэгдсэн болон тайлбар авсан асуудал огт байхгүй.
Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд компаниас ирүүлсэн тайлбар, ажлын цаг ашиглалтын талаарх мэдэгдэл цагийн бүртгэл, 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 25Б/53 дугаартай сахилгын шийтгэл ногдуулсан тухай тушаал гэх мэт өмнө нь огт танилцуулж байгаагүй баримтуудыг хавсарган ирүүлсэн.
Иймд 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаанд ажилчид олноороо ажлаасаа гарч эхэлсэн бөгөөд шалтгааныг асуухад захиргаа удирдлагын хэлтсийн дарга ******* хүнийг өмссөн зүүснээр нь ялгаж харьцдаг, өөрийн ажил үүргээ гүйцэтгэж байхдаа шан харамж авдаг, хэрэв шан харамж өгөхгүй бол ажлаа хийхэд хүндрэлтэй, нөхцөл байдлыг үүсгэдэг талаар тайлбарласан.
Дээрх асуудлыг бид тэвчиж ажиллуулсаар байсан боловч 2025 оны 02 дугаар сарын дундуур ажилдаа заавал хэн нэгнээр хүргүүлж ирдэг. Ирж авахгүй бол байгууллагын онц чухал объектын харуул хамгаалалт алдагддаг гэх зэрэг зүйл яригдаж байсан тул ажилласан цагийг нь санхүү бүртгэлийн албанаас авч шүүж үзэхэд 2025 оны 02 дугаар сарын эхний байдлаар ажилдаа нэг ч өдөр цагтаа ирж байгаагүй байсан.
Бид дээрх асуудлаар өөрөөс нь тайлбар авах гэж үзэхэд үйлдлээ хүлээн зөвшөөрдөггүй байсан. Иймд ажлаа сайжруулах шаардлагатай гэж үзэж 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Үүнээс хойш ажил үүргээ сайжруулах талаар 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дараа ч байгууллагын ажилчдаас ажлаас гарах өргөдөл удаа дараа ирж шалтгаан нь зөвхөн ******* харилцаа хандлагын талаар байсан.
Иймд, нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан *******-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Гэрч *******, *******, ******* нар нь хариуцагч талд одоо ажиллаж байгаа тул ямар нэг нөлөөнд автахгүйгээр үнэн зөв мэдүүлэг өгч байгаа гэхэд эргэлзээтэй. Мөн мэдүүлэгт дурдаж байгаа үйл баримтыг цаг хугацаа, үйл явдлаар нь тогтоосон гэж үзэх боломжгүй.
Гэрчүүдийн мэдүүлсэн үйл баримт болсон эсэх, ёс зүйн зөрчил мөн эсэхийг тухайн байгууллагын ёс зүйн хороо тогтоосон байх ёстой. Мөн үзлэгийн тэмдэглэлд дурдаад байгаа фейсбүүк чатын ****** гэдэг хүний бичлэг нь 2024 оны 09 дүгээр сарын үйл баримт бөгөөд тус бичвэрт дурдаад байгаа үйл баримтад нэхэмжлэгч ямар гэм буруутайг шалгаж тогтоосон баримт байхгүй.
Хэрэгт авагдсан баримтаар ******* нь ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхөөр сөрөг үр дагаврыг буй болгосон, хөдөлмөрийн гэрээгээр харш үйлдэл хийсэн нь нотлогдоогүй.
Тухайн компанийн Ерөнхий захирал тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 д зааснаар "хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан" гэсэн заалтыг барьсан нь ойлгомжгүй, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүйн гэрээний ямар заалтыг ажилтан зөрчсөн талаар заагаагүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
*******ыг цагдаагийн байгууллагад олон жил ажилласан туршлагатай гэж үзэн тодорхой дэг журам, хариуцлагын шаардлага тавьж ажилд авсан боловч тэрээр ажилдаа удаа дараа хоцорч, хамт олны уур амьсгалыг эвдэн, удирдах байдлаараа ажилтнуудад дарамт учруулж 67 ажилтан ажлаас гарахад хүргэсэн.
Ажилтнууд болон салбарын захирлын мэдүүлгээр түүнийг чөлөөлөхөөс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн, дахин ажиллавал хамт олон ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.
Иймд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлсөн. Анхан шатны шүүх ажлаас чөлөөлсөн тушаалын агуулга, гэрчүүдийн мэдүүлгийг бүхэлд нь үнэлж, ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон гэж дүгнэсэн. Гэрчийн мэдүүлгийг хууль сануулж, гарын үсэг зуруулан авсан тул үнэн зөв гэж үзэх үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж урьд эрхэлж байсан Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын даргын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь нэхэмжлэгч сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах нөхцөл бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүй байгааг залруулан дүгнэх боломжтой байна.
2.2. Нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25Б/107 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлага нь бие даасан шаардлага биш бөгөөд нэхэмжлэлийг шүүх хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч буйг дурдвал зохино.
3. *******-ийн ерөнхий захирлын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 25Б/107 дугаар тушаалаар *******ыг тус компанийн Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын даргын хэлтсийн даргын ажил, албан тушаалаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.2.5-д ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах эрх хэмжээг тусгасан боловч дээрх тушаалд энэ талаар тодорхой заагаагүй.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч нь сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж тайлбарлажээ.
3.1. 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажил олгогч нь 25Б/53 дугаар тушаалаар ажилтанд сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэхүү сахилгын шийтгэл ногдуулсан асуудалд нэхэмжлэгч нь хуульд заасан журмаар гомдол гаргаагүй учир сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийн шийдвэр хүчин төгөлдөр.
Анхан шатны шүүх уг сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж алдаатай дүгнэлт өгснийг ийнхүү залруулж дүгнэв.
Хэдийгээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь хүчин төгөлдөр боловч хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг давтан зөрчил гаргасан бус ажиллах хугацаандаа удаа дараа хамтран ажиллагсадтайгаа бүдүүлэг соёлгүй харьцаж, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэж, ажлын цагийг баримталдаггүй ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн болохоо заасан билээ.
3.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг зохих журмын дагуу шалгаж тогтоосны үндсэн дээр ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах ёстой.
Өөрөөр хэлбэл, нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгчийг хөдөлмөрийн болон ёс зүйн гэрээнд заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан болохыг хариуцагч нотлох ёстой.
3.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь дээрх үүргээ хэрэгжүүлэх хүрээнд *******, *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулж, ****** УБ шуурхай алба гэх фейсбүүк чат /мессенжер/-д ****** гэх фейсбүүк хэрэглэгчийн үлдээсэн зурваст үзлэг хийлгэж, дотоод хяналтын 2025 оны 03 дугаар сарын 03, 10-ны өдрийн тайлан, цагийн бүртгэлийг баримтаар гаргаж өгсөн.
Гэвч эдгээр баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй.
3.4. Учир нь ****** гэх фейсбүүк хэрэглэгчийн зурвас нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бичигдсэн буюу сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, цагийн бүртгэл нь анхан шатны баримт биш бөгөөд эх баримтыг гаргаж өгөөгүй, үзлэг хийлгэх хүсэлт гаргаагүй болно.
Түүнчлэн дотоод хяналтын тайланд шалгалтын анхан шатны баримтууд хавсаргагдаагүй, гэрчүүдийн мэдүүлэг бусад бичгийн баримтаар үнэн зөв болох нь тогтоогдоогүй, тодорхой үйл баримтыг цаг хугацаатай нэрлэн заагаагүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хэзээ, хаана хэнтэй бүдүүлэг соёлгүй харьцсан, хамт олны эв нэгдлийг үл хүндэтгэсэн, ажлын цагийг баримтлаагүй зөрчил гаргасан болохыг ажил олгогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.
Хөдөлмөрийн сахилгын зөрчлийн асуудал яригдаж байгаа тохиолдолд энэ нь холбогдох бүртгэл, бичгийн баримтад үндэслэх ёстой бөгөөд зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдох үйл баримт биш юм.
3.5. Иймд ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй үндэслэлийг тодорхой заагаагүй, ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь баримтаар тогтоогдоогүй тул ажил эгүүлэн тогтоолгох шаардлагыг хангах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцэж байна.
4. Нэгэнт ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангасан учир үүний үр дагаварт ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д нийцнэ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д зааснаар тооцоход нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 15,714,285 төгрөг болов.
Хариуцагч нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 24Б/471 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн үндсэн цалинг 2,200,000 төгрөгөөр тогтоосонд үндэслэн дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын тооцооллыг хийв.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШШ2025/08694 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан *******ыг *******-ийн Улаанбаатар салбарын Захиргаа шуурхай удирдлагын даргын хэлтсийн даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 15,714,285 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 236,521 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Н.ОЮУНТУЯА
Т.БАДРАХ