Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2017/001600

 

Ц.Гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1775 дугаар магадлалтай,

Ц.Гийн нэхэмжлэлтэй

Г.Б, Т.Б, Г.Д нарт холбогдох

Орон сууцнаас албадан гаргуулах, хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь улсын бүртгэлийн Ү-2204034069 дугаар гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 дүгээр байр, 144 тоот орон сууцыг Г.Батсууриас 55 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Анх уг орон сууцыг худалдан авахаар Г.Эрдэнэтогтохтой уулзахад тодорхой хэмжээний маргаан байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу шилжүүлэхэд таны өмчлөлийн эд хөрөнгө болно гэдгийг тайлбарлаж байсан. Ингээд уг орон сууцны өмчлөгч болох Г.Бтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 55 000 000 төгрөгөөр худалдан авч, Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох баримтыг өгснөөр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан. Худалдах, худалдан авах гэрээ хийхээс өмнө бүртгэлийн хэлтсээс асууж тодруулахад Г.Батсуурийн өмчлөлийн орон сууц, ямар нэгэн барьцаа бүртгэгдээгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө гэсэн хариу өгсөн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч дээр очоод гэрээгээ байгуулахад нотариатч уг орон сууцны эрх шилжүүлэхийг хориглосон талаарх урьдчилсан тэмдэглэгээ хийгдсэн байна гэж хэлээгүй, харин ч ямар нэгэн дарамт, шахалтгүй, өөрсдийн хүслээр гэрээ хэлцэл хийж байгааг биднээс тодруулж асууж байсан. Уг байранд одоо хууль бусаар оршин сууж байгаа Г.Д, Т.Б нар дулаан орохоор суллаж өгнө гэсэн боловч байраа суллаж өгөхгүй байна. Г.Б уг байранд оршин суудаггүй боловч тэрээр худалдах, худалдан авах гэрээний үүргээ бүрэн биелүүлж, байрыг суллаж хүлээлгэж өгөөгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахгүй. Орон сууцыг худалдаж авахаас өмнө Г.Батсуурийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтохын хамт очиж, бүх өрөөгөөр явж үзсэн. Тэгэхэд Г.Д гэдэг настай хүн байсан бөгөөд гэрт Т.Бийн охин, нөхөр байсан. Г.Д, Г.Эрдэнэтогтох 2 муудалцаж Г.Д нь Т.Баас болж орох оронгүй боллоо гээд уурлаад байсан. Дараа нь өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан хойно өөрөө оройн цагаар очсон боловч гэрт хүнтэй байж хаалгаа тайлж өгөхгүй байсан учраас тэнд амьдарч байгаа хүмүүстэй уулзаж чадаагүй. Миний бие хуулийн дагуу дээрх орон сууцны өмчлөгч болсон бөгөөд үүнийхээ дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан болохоос эдгээр хүмүүсийн өмнөх асуудал надад хамааралгүй гэж үзэж байна. Өмчлөх эрхийн гэрчилгээ нь миний нэр дээр байгаа учраас өмчлөгч гэж өөрийгөө тодорхойлж байна. Уг орон сууцыг би худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгийг нь төлөөд худалдан авсан учраас өмчлөгчийн эрх хөндөгдсөн гэж нэхэмжлэл гаргасан. Иймд миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот 63.9 м.кв байрыг хууль бусаар эзэмшиж байгаа Г.Б, Т.Б, Г.Дуламханд нарыг уг байрнаас албадан гаргуулж, тэдний хууль бус эзэмшлээс байрыг чөлөөлж өгнө үү гэжээ.

ХариуцагчГ.Б шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэтогтох шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Г.Д, Т.Б нар 2015 оны 07 дугаар сарын 20-ны үед Г.Б, Г.Эрдэнэтогтох бидэнтэй уулзаад байрыг Бид ББСБ-д зээлийн өрөнд хураагдаж зарагдах гээд байгаа тул яаралтай мөнгөний хэрэг байна, 1 сарын дараа найдвартай төлнө гэж 10 хоног гуйсаар байгаад авсан. Тухайн үед Т.Б нь Г.Дгээс олгосон итгэмжлэлтэй байсан бөгөөд хамтран өмчлөх байраа бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлж өгье гэсэн. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр байрны өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Батсуурийн нэр дээр шилжүүлж өгөөд надаас мөнгө авсан, ингэхдээ мөнгөө төлөхгүй бол байрыг аваарай, бусдад худалдаж болно гэсэн болзол тавьсан гэрээ, хэлцэл хийсэн. Г.Д, Т.Б нар зээлийн гэрээний дагуу мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 70 095 169 төгрөгийг хариуцагч Т.Баас гаргуулан нэхэмжлэгч Г.Б, Г.Эрдэнэтогтох нарт олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн боловч Т.Б нь төлбөрийн чадваргүй учир 57 000 000 төгрөгөөр дээрх байр 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар зарагдаагүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн санал болгох комиссын хурлын 154 тогтоолоор Т.Бийн төлөх ёстой 70 095 169 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улс гудамж 412 байр, 144 тоот орон сууцыг Г.Эрдэнэтогтох, Г.Б нарт шилжүүлэхээр шийдвэрлэж, уг орон сууцны захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байсныг сэргээснээр хууль ёсны өмчлөгч Г.Б болсон. Дээрх орон сууц нь 2 жилийн өмнө бэлэглэлийн гэрээгээр Г.Батсуурийн өмчлөлд шилжсэн боловч шүүхийн 761 тоот шийдвэрийн дагуу Т.Бийн төлөх ёстой байсан 70 095 169 төгрөгийн өр төлбөрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 154 тоот шийдвэрээр тооцож Г.Бт ирсэн тул тэрээр бусдад худалдах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд ээж Г.Д, охин Т.Б, хүргэн Д.Ганбат нар удаа дараа амаар болон бичгээр зээл авсан нь үнэн, зээлээ төлөөгүй нөхцөлд байраа суллаж өгнө гэж амлаж өөрсдийн гараар бичиж өгч байсан ба НШГА-нд хүртэл цаг дулаарахаар байрыг суллаж өгнө гэж нотариатаар батлуулсан амлалтаа өгсөн боловч үүргээ сайн дураар биелүүлэхгүй байнга худлаа ярьж залилсаар өнөөдрийг хүрсэн. 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Г.Б, Г.Эрдэнэтогтох болон Т.Б, Г.Д бид 4 хүний хийсэн эвлэрлийн гэрээгээр тэд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зээлээ төлнө, зээлээ төлөөгүй нөхцөлд бэлэглэсэн байранд маргаан гаргахгүй өгнө гэж тохирсныг нотариатаар батлуулсан.  Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2016 оны 07 дугаар сард байрыг дуудлага худалдаанд оруулахыг мэдэгдэхэд Г.Д, Т.Б нар нь бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасан. Гэвч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2016/05463 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны 412 дугаар байрны 144 тоот 2 өрөө, Ү-2204034069 бүртгэлийн дугаартай орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр Г.Батсуурийн өмчлөлд шилжүүлсэн асуудлаар маргахгүй гэж Т.Б, Г.Д, Г.Б бид гурав харилцан тохиролцож, Г.Д, Т.Б нар уг байраа 70 095 169 төгрөгний өрөнд өгсөн үнэн, зээлсэн мөнгөө төлөөгүй нөхцөлд бэлэглэлийн гэрээг буцаахгүй, зөвхөн мөнгөө төлж дууссаны дараа буцааж болохгүй гэсэн эвлэрлийн гэрээг баталгаажуулж, тэднийг дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсан шийдвэр гаргасан юм. Т.Б, Г.Д нар дахин 2017 оны 01 дүгээр сард дахин бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах нэхэмжлэл гаргасныг урьд нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэртэй гээд хүлээж авахаас татгалзахад нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар өөрчилж, бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзэн бэлэглэсэн байраа буцааж авахаар нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00556 тоот шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Ингээд дээр дурдсан шүүхийн шийдвэр, 154 дүгээр тогтоол зэргээр дээрх орон сууцыг Г.Д, Т.Б нарын 70 095 169 төгрөгийн өрөнд тооцож, захиран зарцуулах эрхийг сэргээсэн ба бэлэглэлийн гэрээний дагуу болон өр төлбөрт тооцож шилжсэн гэх аль ч утгаараа Г.Б-ийн хувьд захиран зарцуулах хууль ёсны эрхтэй болсон. Миний зүгээс Г.Д, Т.Б нарт орон сууцны зөрүү мөнгөөр хашаа, байшин авч өгье гэтэл зөвшөөрөөгүй, өөрсдөө байраа 130-140 сая төгрөгөөр үнэлээд байсан. Г.Эрдэнэтогтох миний бие нь ээж Г.Б нь өндөр настай, хорт хавдартай, эмчилгээний зардал хэрэгтэй болоод байна, өр төлбөрөө барагдуулаач гэж 2 жилийн турш гуйхад Г.Д, Т.Б нар намайг хэл амаар доромжлох, худлаа ярих, утсаа салгах, хаалгаа тайлж өгөхгүй байх, эсхүл хариуцагчаар татаж 4 удаа шүүхэд өгөх зэргээр цаг хугацаа хожиж байсан бөгөөд өдийг хүртэл байраа суллаж өгөхгүй чирэгдүүлж байна. Ц.Гтой орон сууц худалдах гэрээ хийхээр нотариатч дээр очиход шүүхэд ямар ч маргаан байхгүй байсан, хэрэв нотариатчдын танхимаас нь мэдэгдсээр байтал энэ гэрээг баталсан гэж байгаа бол тэрээр өөрөө хариуцлагаа хүлээх учиртай гэж үзэж байна. Г.Д нь өндөр насаараа түрий барьж дулаан орохоор суллана энэ тэр гэж гуйсан мөртлөө одоо болохоор байрыг суллаж өгөхгүй байгаа тул хуулийн дагуу худалдаж авсан иргэн Ц.Гт байрыг чөлөөлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Г.Б уг байранд амьдардаггүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Б, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Маргааны зүйл болох байртай холбогдолтой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Г.Д, Т.Б болон Г.Б, Г.Эрдэнэтогтох нарын эвлэрлийн гэрээ, үүн дээр үндэслэсэн гаргасан 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан. Дээрх шүүгчийн захирамж, эвлэрлийн гэрээгээр Г.Б нь бусдад маргаантай байгаа байрыг худалдах эрхгүй бөгөөд зээлийн мөнгийг буцааж өгөхөөр зээлийн дүн, хугацааны талаар талууд тусад нь бичгээр харилцан тохиролцож, тэрхүү гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дд хадгалуулах, Г.Б байрыг зарах, зээлийн барьцаанд тавихгүй байх, Г.Б нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг Г.Д, Т.Б нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Шүүх уг гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Б нь дээрх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж, эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, эцэст нь бидэнд мэдэгдэхгүйгээр бусдад худалдаж одоо биднийг нүүлгэн гаргах асуудлыг тавьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Бид Баянзүрх дүүргийн шүүхэд Г.Б, Т.Б нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Т.Б, Г.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болох нь тогтоогдлоо гэж үзэж 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрээр Г.Б нь бэлэглэлээр шилжсэн байрыг худалдан борлуулах эрхгүй болсон юм. Өөрөөр хэлбэл байр зээлийн гэрээний барьцааны зүйл тул Г.Б барьцааны зүйлийг дур мэдэн борлуулдаг эрх бүхий этгээд биш. Ц.Г нь байрыг чөлөөлөх асуудлаар урьд нь уулзаж байгаагүй, бид өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэдгийг энэ нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба түүнийг Г.Бтай хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, дээр нь орон сууцанд амьдран суудаггүй түүнийг нүүлгэн гаргуулахаар хариуцагчаар татсан зэрэг байдлыг биднийг хууран мэхэлж, бидний өмчийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авсан байна гэж үзэж байна. Энэ хүнд дулаан орохоор суллаж өгнө гэж хэлээгүй байхад тэгж хэлсэн мэтээр хүнийг гүтгэж хуурамч гэрээгээр бидний эрхэнд халдаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 60 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгч, төлбөр авагч харилцан тохиролцож дууссанаар дуусгавар болсон. Түүнээс биш Г.Эрдэнэтогтохын тайлбарлаад байгаа шиг орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад бусдын өмчлөлд шилжүүлснийг хууль бус гэж үзэж байна. Бид Монголын нотариатчдын танхимд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хандаж, маргаантай байгаа орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасаар байтал Баянзүрх тойргийн нотариатч Г.Мэндбаяр худалдах, худалдан авах гэрээг гэрчилсэн байгааг хууль бус гэж үзэж байна. Энэ талаарх гомдлоо нотариатын танхимд 10 гаруй хоногийн өмнө гаргасан, хариуг өгөөгүй байна. Эдгээр баримтыг шүүхэд өгөөгүй. Ийм байтал Г.Б нь Ц.Гийн өмчлөлд орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн байгааг хууль бус гэж үзэж байна. Ц.Гийн өмчлөлд орон сууц шилжсэн талаар зохих газар, байгууллагад гомдол гаргаагүй. Иймд Ц.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.4 дэх хэсэгт зааснаар Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204034069 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж, 412 дугаар байр, 144 тоот хаягт байршилтай, 63.6 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг хариуцагч Г.Д, Т.Б нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас Г.Бт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Д, Т.Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Гт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1775 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч нараас төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Б, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбат хяналтын гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн шүүхийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 сарын 07-ны өдрийн 1775 тоот магадлалыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна. Маргааны зүйл болох байртай холбоотой асуудлаар олон удаа шүүхээс янз бүрийн шийдвэр гарч байсан ба энэхүү байртай холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны асуудал хөндөгдөж, эцэст нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн Г.Д, Т.Б болон Г.Б, Г.Эрдэнэтоггох нарын Эвлэрлийн гэрээ, үүнд дээр үндэслэн гаргасан 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжийн дагуу талууд эвлэрсэн гэдэг үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан. Дээрх шүүгчийн захирамж, Эвлэрлийн гэрээгээр Г.Б нь бусдад маргаантай байгаа байрыг худалдах эрхгүй бөгөөд зээлийн мөнгийг буцааж өгөхөөр зээлийн дүн, хугацааны талаар талууд тус тусад нь бичгээр харилцан тохиролцож, тэрхүү гэрээ хүчин төгөлдөр болох хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг Г.Дд хадгалуулах, Г.Б байрыг зарах, зээлийн барьцаанд тавихгүй байх, Г.Б нь зээлээ төлж дууссан өдөр уг байрны гэрчилгээг Г.Д, Т.Б нарын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Шүүх уг гэрээг Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Г.Б нь дээрх шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж Эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлэхээс зайлсхийж, эцэст нь бидэнд мэдэгдэхгүйгээр бусдад худалдаж, одоо биднийг нүүлгэн гаргах асуудлыг тавьж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм. Бид Баянзүрх дүүргийн шүүхэд Г.Б, Т.Б нарын хооронд байгуулсан орон сууц бэлэглэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргахад Т.Б, Г.Б нарын хооронд хийгдсэн бэлэглэлийн гэрээ нь бэлэглэлийн гэрээний шинжийг агуулаагүй буюу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой болох нь тогтоогдлоо гэж үзэж 2017 оны 2 сарын 9-ний өдрийн 101/ШШ2017/00556 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрээр Г.Б нь бэлэглэлээр шилжсэн байрыг худалдан борлуулах эрхгүй болсон юм. Өөрөөр хэлбэл байр зээлийн гэрээний барьцааны зүйл тул Г.Б барьцааны зүйлийг дур мэдэн борлуулдаг эрх бүхий этгээд биш. Ц.Г нь байрыг чөлөөлөх асуудлаар урьд нь уулзаж байгаагүй, бид өмчлөгчийн эрх зөрчигдсөн гэдгийг энэ нэхэмжлэлийг гардан авснаар мэдсэн ба түүнийг Г.Бтай хуйвалдаж, дүр үзүүлсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж, дээр нь орон сууцанд амьдран суудаггүй түүнийг нүүлгэн гаргуулахаар хариуцагчаар татсан зэрэг байдлыг биднийг хууран мэхэлж, бидний өмчийг зөвшөөрөлгүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авсан гэж үзэж байна. Энэ хүнд дулаан орохоор суллаж өгнө гэж хэлээгүй байхад тэгж хэлсэн мэтээр хүнийг гүтгэж хуурамч гэрээгээр бидний эрхэнд халдаж байгаад бид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 60 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2016/05463 дугаар шүүгчийн захирамжийг үндэслэн талууд харилцан тохиролцсон гэдэг үндэслэл гаргасан болохоос биш шийдвэр гүйцэтгэлд дээр нэхэмжлэгч хариуцагч нар харилцан тохиролцож гар хөлийн үсэг зурж ямар нэгэн бичиг баримт үйлдээгүй байгаа фактыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд харгалзан үзэлгүйгээр шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Түүнээс биш Г.Эрдэнэтогтохын тайлбарлаад байгаа шиг орон сууцыг өмчлөлд нь шилжүүлэн өгөхөөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй юм. Иймд Ц.Гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч Ц.Г нь хариуцагч Г.Б, Т.Б, Г.Д нарт холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч Г.Б нэхэмжлэлийг маргаагүй ба хариуцагч Т.Б, Г.Д нар нэхэмжлэлийг татгалзаж, маргасан байна.

Ц.Г нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их Монгол Улс гудамж 412 дугаар байр, 144 тоот 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг Г.Батсууриас шилжүүлэн авч, өмчлөх эрхээ бүртгүүлсэн нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /хх4/, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаар тогтоогджээ.

Т.Б, Г.Д нар маргаан бүхий орон сууцны өмчлөгч байсан, уг сууцыг эзэмшиж байгаа боловч өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн нь дараах баримтуудаар тогтоогдсон, тэдгээрийн эзэмшлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй болжээ. Тухайлбал:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/000761 дүгээр шийдвэрээр Т.Б нь Г.Эрдэнэтогтох, Г.Б нарт 69 589 269 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс өмнө Т.Б, Г.Д нар орон сууцны өмчлөх эрхийг Г.Бт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн байсан ба Г.Д, Г.Б нар 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан, уг гэрээнд зааснаар...зээлээ төлсөн тохиолдолд Г.Б нь орон сууцны өмчлөх эрхийг буцааж өгөхөөр тохирсон, ийнхүү эвлэрснээр Г.Д нь Г.Бт холбогдох орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/05463 дугаар шүүгчийн захирамж, мөн Г.Бт холбогдох бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн Т.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2017/00556 дугаар шийдвэр хэрэгт авагджээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2016/000761 дүгээр шийдвэрийг гүйцэтгэж Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас явуулсан ажиллагааны баримтуудаас үзвэл дээрх орон сууцыг 2 удаа албадан дуудлага худалдаанд оруулсан боловч борлогдоогүй, уг орон сууцыг төлбөртөө тооцож авахыг төлбөр авагчид санал болгох ажиллагаа хийгдсэн нь албадан дуудлага худалдааны холбогдох баримтууд, 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 154 тоот тэмдэглэлээр тогтоогджээ.

Т.Б нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлбөрөө дуусгаагүй тохиолдолд байрыг чөлөөлж өгөх хүсэлтийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргасан боловч энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй байна. Хариуцагч нараас хэлбэрийн хувьд бэлэглэлийн гэрээний үндсэн дээр, агуулгын хувьд зээлийн үүргийг хангуулах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг олж авсан Г.Батсуурийн өмчлөл хуульд нийцээгүй боловч Г.Б нь шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй уг орон сууцыг төлбөртөө авахыг санал болгосноор түүний өмчлөх эрхийг хуулийн хүрээнд үүссэн гэж үзнэ.

Улмаар Г.Батсууриас худалдах худалдан авах гэрээний дагуу өмчлөх эрхийг олж авсан нэхэмжлэгч Ц.Гийн өмчлөх эрх Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

Иймд хариуцагч нарын эзэмшил хууль бус болох бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар орон сууцыг чөлөөлж өгөх үүрэгтэй болно.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/02054 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1775 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Т.Б, Г.Д нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              Х.СОНИНБАЯР  

ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА