Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 387

 

                                                            

 

 

 

 

 

  Ц.Наранболдод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Г.Золзаяа,

Ялтан Ц.Наранболдын өмгөөлөгч Д.Одонтунгалаг,

            Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ц.Наранболдын гаргасан давж заадлах гомдол, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 5 дугаар эсэргүүцлээр Ц.Наранболдод холбогдох эрүүгийн 201726010050 дугаартай хэргийг 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч C.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Өндөр  овогт Цоодолын Наранболд, 1976 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Сэврэй суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 20 дугаар гудамжны 16А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:КВ76073010/;

 

Ц.Наранболд нь согтуугаар, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай гэх газар байгаа хашаанд танхайн сэдэлтээр, заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн эхнэр Э.Одонтуяагийн нүүр, хүзүүн тус газруудад зүсэж, бие махбодид нь “зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Наранболдын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ц.Наранболдод холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ц.Наранболдыг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Ц.Наранболдыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Наранболдод оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Наранболдын цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Ц.Наранболдын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчид 900.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ногоон өнгийн хуванцар иштэй төмөр заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ц.Наранболдод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хорих ял эдлэх хугацааг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Ялтан Ц.Наранболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, гэр бүлийн маргааны улмаас хохирогч болох эхнэр Э.Одонтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулсан. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр эхнэр Э.Одонтуяатай уулзах гэж очихдоо өөрийн гэсэн ухаантай байсан. Амь насанд нь халдах санаа зорилго байгаагүй. Э.Одонтуяатай гэр бүл болоод 12 жил амьдрах хугацаандаа 4-12 насны хүү, охин хоёртой болсон.

Иймд эхнэр Э.Одонтуяад гэмтэл учруулсан гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байгаа бөгөөд зүйл ангийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

 

Дээд шатны прокурор Д.Отгонбаяр бичсэн эсэргүүцэлдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 165 дугаар шийтгэх тогтоолыг 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцахад шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Прокуророос Ц.Наранболдыг “...танхайн сэдэлтээр заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэн хүнийг санаатай алахыг завдсан” гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь: Шүүгдэгч Ц.Наранболд, хохирогч Э.Одонтуяа нар нь эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс, дээрх гэмт хэрэг нь тэдний хоорондын маргаанаас үүдэлтэй боловч Ц.Наранболд нь дээрх гэмт хэргийг нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчин, хүч хэрэглэн догшин авирлаж үйлдсэн болох нь хохирогч Э.Одонтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “...тухайн үед гадаа харанхуй бүрэнхий болж байсан. Наранболд машинаас бууж ирээд “би чамд бичиг баримтаа өгье, картанд мөнгө байвал ав” гэхээр нь би Наранболдод “би чиний мөнгөөр яадаг юм” гэхэд Наранболд миний гарнаас бариад авахаар нь би гараа татаад авчихсан чинь Наранболд өмсөж явсан нэхий куртикнийхээ баруун халааснаас ногоон иштэй заазуур гаргаж ирээд шууд миний духанд зүсчихсэн. Тэгэхээр нь би зугтаах гээд эргэж харах гэхэд Наранболд миний хувцаснаас гараараа зуурчихсан байсан ба намайг тавихгүй байсан. Би “ааваа ааваа” гээд чанга орилсон. Тэгээд би зугтах гээд тийчилж байхад Наранболд заазуураа дахин далайж миний хацрыг зүсчихсэн. Би эргэж хараад зугтах гээд Наранболд гараа тавихгүй байхаар нь өөрийн өмсөж явсан куртикны захнаас хоёр гараараа урагш татаад өөр юу хийхээ мэдэхгүй Наранболдын эсрэг тал руу харчихаад зугтах гэхэд Наранболд хойноос татаад хүзүү зүсчихсэн. Тэгээд би зугтаах гээд гэрийн зүг рүү хүчлэхэд Наранболд гараа тавьсан уу, араас түлхсэн үү эсвэл татаж байсан гар нь тавигдсан уу, би хүчлээд зугтах гэж байсан чигтээ маш хүчтэй унаад өгсөн. Тэгсэн чинь Наранболд хүрээд ирэхээр нь би эргэж хараад хөлөөрөө өөдөөс нь тийрээд тийчилж байсан чинь аав Элстбаатар гарч ирсэн” гэсэн мэдүүлгээр тогтоогддог.

Дээрх мэдүүлгээс үзвэл Ц.Наранболд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, “уулзахгүй гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн ойр дотны хүндээ догшин авирласан үйлдлээ удтал үргэлжлүүлэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлгүй байна.

2. Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг дангаар журамлаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт заасан “Онц хүнд" гэмт хэргийн ангилалд хамаарч байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг давхар баримтлаагүй байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дүгээр тогтоолд “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт заасан “аль хүнд төрлийн ял...” гэдэгт мөн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан сонгомол ялын аль хүнд төрлийн ялыг ойлгоно. Энэ зүйлийн 60.2, 60.3 дахь хэсэгт заасан “...төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын хоёрны нэгээс, ...гуравны хоёроос хэтрэхгүй байна” гэдгийг мөн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох, албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ялын “дээд” хэмжээнээс хувилан тооцож хэрэглэнэ. Энэ зүйлийн 60.4 дэх хэсэгт “Онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд 15 жилээс дээш хугацаагаар хорих буюу цаазаар авах ял оногдуулахгүй” гэж заасан тул онц хүнд гэмт хэрэгт бэлтгэсэн буюу завдсан этгээдэд мөн зүйл, хэсгийг журамлан 15 буюу түүнээс доош хугацаагаар хорих ял оногдуулж болно. Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 10 дугаар тогтоолд “...Хэтрэхгүй байна” гэдэгт энэ зүйлийн 60.2 дахь хэсэгт “...аль хүнд төрлийн ялын доод хэмжээний хоёрны нэгээс...”, 60.3 дахь хэсэгт “...аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос” гэж тус тус заасан хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахгүй байхыг ойлгоно” гэсэн заалтыг зөрчиж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Гэтэл анхан шатны шүүхээс Ц.Наранболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

 

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ц.Наранболд нь танхайн сэдэлтээр, догшин авирласан гэмт үйлдэлээ удтал үргэлжлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг дангаар журамлаж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлд заасан “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.4 дэх хэсэгт заасан “Онц хүнд" гэмт хэргийн ангилалд хамаарч байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсгийг давхар баримтлаагүй байна. Иймд дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна...” гэв.

 

Ялтан Ц.Наранболдын өмгөөлөгч Д.Одонтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Ц.Наранболдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Ц.Наранболдын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Яагаад гэхээр уг хэрэг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар давхар зүйлчлэх үндэслэлгүй. Анхан шатны шүүх хуралдаанд мөн энэ байр сууринаас мэтгэлцсэн. Гэмт хэргийн үндсэн шинж болох бусдыг илтэд хүндэтгэсэн, нийгмийн хэв журмын ноцтой зөрчсөн, санаатай байх гэсэн шинжүүдийг агуулсан байвал танхайрах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл хэргийн үйл баримтаас харахад эхнэр, нөхөр хоёр маргалдсан, хувийн хоорондын таарамжгүй харилцаа үүссэн байдаг. Иймд улсын яллагчийн гаргасан эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхээс хэргийг дүгнэхдээ санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байгаа учраас 4 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг орхигдуулсан нь шийтгэх тогтоолоос харагддаг. Ц.Наранболд эхнэртэйгээ эвлэрч, дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй гэсэн саналтай очсон. Гэтэл эхнэр нь маргалддаг. Тэгэхээр Ц.Наранболдын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар хэргийг шийдвэрлэж өгнө үү. Мөн миний үйлчлүүлэгч хохирогчийг санаатай алахаар очоогүй болохыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нотолдог. Гэрч Одонтуяагийн төрсөн эгч алахыг завдсан гэдэг боловч анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээн, гэрч нарын мэдүүлгээр уг үйлдэл няцаагддаг. Тэгэхээр гэрч худал мэдүүлэг өгсөн. Энэ талаар хүргэн С.Буянт нотолдог. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгч оролцоогүй. Ц.Наранболдыг сэжигтнээр тооцож байцаахдаа түүний сонгож авсан өмгөөлөгчийг оролцуулаагүй. Сүүлд анхан шатны шүүх рүү хэрэг шилжих үед өөр өмгөөлөгч оролцуулсан байдаг. Ц.Наранболд эхнэр Э.Одонтуяад гэмтэл учруулсан гэмт үйлдэлдээ маш их гэмшиж байгаа, санаатай алах зорилго байгаагүй, эхнэртэйгээ 12 жил амьдрах хугацаандаа 4-12 насны хүү, охин хоёртой. Иймд Ц.Наранболдын гаргасан давж заалдах гомдол хууль ёсны үндэслэл бүхий байх тул шүүх бүрэлдэхүүн эдгээр байдлыг харгалзан үзэж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг хэрэглэж, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

                                                                    ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ц.Наранболд нь согтуугаар, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний орой 18-19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай гэх газар байгаа хашаанд хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр эхнэр Э.Одонтуяагийн нүүр, хүзүүн тус газруудад заазуураар зүсэж, бие махбодид нь “зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулан алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ялтан Ц.Наранболд мөрдөн байцаалтын шатанд “...Эхнэр хүүхэд салаад явчихсан байсан учир би 2016 оны 12 дугаар сарын 31-ний орой гэртээ ганцаараа байсан ба 0.75 литрийн 2 шил архи аваад ганцаараа ууж байгаад нэг шил архийг нь дуусгаад, нөгөө шил архийг ууж байгаад талаас дээгүүр хэсгийг нь үлдээгээд 00 цагийн орчим тасраад унтаад өгсөн байсан. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өглөө 06 цаг болж байхад даараад сэрсэн чинь хувцастайгаа унтаж байсан. Тэгээд би ус уучихаад үлдсэн хагас шил архиа ганцаараа уучихаад буцаад унтаад өгсөн. Тэгээд 10 цаг өнгөрч байхад сэрээд гал түлэх гээд модоо оруулж ирээд заазуур авч, модоо цуулж галаа асаачихаад нүүрс байхгүй байсан учир хэсэг модоор галлаж байгаад орхисон. Гэртээ байж байгаад 14 цагийн орчим гэрээсээ гарсан. Тухайн үед би халамцуу, архи бараг гарсан, шарталтын байдалтай байсан болохоор пиво аваад уучих санаатай дэлгүүр орсон боловч архи зардаггүй өдөр байсан болохоор дэлгүүрүүд өгөөгүй. Гэрийнхээ ойр орчмоор хэсэг явж байгаад архи олдохгүй болохоор нь Одонтуяатай уулзахаар хадам аавын гэрт 17 цагийн орчим очоод гэрт нь орох гэсэн чинь гадаа нь эгчийнх нь машин байсан. Гэрт хүмүүс шуугиад байхаар нь олон хүн байгаа юм байна гэж санаад орж чадалгүй буцаад явах гэж байгаад өөрийн машины хаалгыг нь татсан чинь онгорхой байсан. Тэгээд би автомашины арын суудал дээр суугаад байж байтал удаагүй Одонтуяа гарч ирээд машины хаалга онгойлгоод намайг харсан. Миний хажуу талд байсан тортой юмыг аваад намайг “машинаас буу, юу хийж байгаа юм” гэхээр нь би “таван үг сольё” гэсэн чинь “Архи үнэртээд байсан, архичин минь буугаач, юу хийгээд байгаа юм, чамтай юугаа яридаг юм” гэхээр нь “чи надтай ярих юм байхгүй бол амьдрал дуусч байгаа юм байна л даа” гээд би уурлаад халаасандаа байсан заазуурыг гаргаж ирээд хацрынх нь хажууд заазуураа барьсанаа санаж байна. Тэгээд би уурласан байсан болохоор хаана, хаана нь зүссэнээ санахгүй байгаа юм. ...Би уг заазуурыг санаатай авч гараагүй. Гэрт мод түлэх гэж оруулж ирээд галаа асаахын тулд ганц нэг ширхэг модыг нь цуулж асаасан. Тэгэхдээ уг заазуурыг халаасандаа хийчихсэн юм байна лээ. Тэгээд мэдээгүй явж байгаад санаандгүй халаасандаа гараа хийсэн чинь заазуур байж байсан. Би уг нь уулзаж ярилцах санаатай очсон. Ярилцах гэхэд өөдөөс доромжлоод “буу, гар, зайл” гээд байхаар нь уур хүрээд айлгах санаатай заазуур гаргаж ирсэн...” /хх-ийн 98/,

хохирогч Э.Одонтуяа мөрдөн байцаалтын шатанд “...Би Ц.Наранболдтой 2004 онд танилцсан. 2005 онд гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. 4-10 насны 2 хүүхэдтэй ба хүүхдүүд маань Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургууль, 158 дугаар цэцэрлэгт хүмүүждэг. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 17 цагийн үед аавындаа ирээд хоол идээд гэр гэр рүүгээ явах болоод ах, эгч хоёр миний машинд “тортой зүйлээ үлдээсэн байна, аваад ир” гэхээр нь би хашаанд байсан 73-08 УНГ улсын дугаартай “Toyota Raun” загварын автомашин руугаа очоод жолооч талын хаалгыг түлхүүрээр нээн арын хаалгыг дотор талаас нь нээх гэтэл маш их архи үнэртсэн, эхэндээ гайхаад дараа нь гэнэт нөхөр ирсэн юм байна гэж санаад салоны гэрэл асаасан чинь нөхөр Наранболд арын суудал дээр сууж байсан. “Чи юу хийж байгаа юм, буугаач” гэхэд буухгүй суугаад байсан. Би жолооч талын хаалгаа хааж, арын хаалгыг гаднаас нь онгойлгож “чи ингэж явахаар ажил хийгээд өөрөө өөрийгөө аваад яваач” гэхэд “ороод ир таван үг солъё” гэхээр нь “чамтай юу ярьдаг юм” гээд зогсож байхад эгч Тунгалаг ирээд машинаас авсан тортой зүйлээ надаас аваад цаашаа явсан. Тунгалаг эгч ээжийн дүүгийн машинаар хүргүүлнэ гээд машинд нь суугаад хөдлөөд явсан. Наранболд машинаас бууж ирээд “би чамд карт, бичиг баримтаа өгье, чи картанд мөнгө байвал ав” гэхээр нь би “чиний картаар яадаг юм, чиний бичиг баримтаар надад мөнгө өгдөг банк гэж хаана байдаг юм” гэж яриад байж байтал миний зүүн гараас татахаар нь гараа татаж авсан. Нэг харсан чинь Наранболд гүйж ирээд халааснаасаа заазуур гаргаж ирээд шууд миний духыг зүссэн. Би ч “ааваа” гэж орилоод цаашаа зугтах гэтэл дахин хацар зүссэн. Би эргэж хараад зугтахад куртикны захаас татаад хүзүүн дээр дахин зүссэн. Би куртикны захаа урдаас нь хамж бариад доошоо хэвтээд дахин босоод зугтах гэтэл Наранболд намайг татаж унагасан. Би дээшээ эргэж хараад 2 хөлөөрөө түүнийг жийсэн, энэ үед аав ирээд Наранболдыг дарж унагасан. Аавд “наадах чинь хутгатай шүү” гэж хэлчихээд гарнаас нь хутгыг авахаар хайсан чинь ногоон өнгийн иштэй заазуур хөлнийх нь хажууд унасан байсныг олж аваад гэр рүүгээ орсон. Үүнээс 10 минутын дараа дуудлагын цагдаа, түргэн тусламж ирсэн. Гэмтлийн эмнэлэг орж зүүн талын хацар, хүзүүний зүүн хэсэгт тус бүр 16-18 оёдол тавьсан. ...Гар утсаа машинд орхисон байсан тул 10 настай хүү Азжаргалд түлхүүрээ өгч гарган утсаа авахуулсан, тэгэхэд хүү машинаа түгжихээ мартсан байж магадгүй гэж бодсон. ...Ногоон өнгийн хуванцар бариултай манай гэрт хоол хийхэд ашигладаг заазуур байсан. 2016 оны 10 дугаар сард Наранболдыг архи уугаад машинаа журамлуулан хүн зовоогоод байхаар нь хүүхдүүдээ аваад аав Элстбаатарын гэрт ирсэн. Түүнээс хойш энэ заазуурыг хэрэглээгүй… Наранболд миний нэхэмжилсэн 900.000 төгрөгийг өгч, намайг хохиролгүй болгосон. Миний зүгээс одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх- ийн 21-23, 74-76/,

 

гэрч Л.Эрдэнэчимэг мөрдөн байцаалтын шатанд “...Э.Одонтуяа миний төрсөн охин, Ц.Наранболд нь охин Одонтуяагийн нөхөр. 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүүхдүүд маань салхинд гараад манайд ирээд орой 19-20 цагийн үед тарсан. Миний дүү нөхрийнхөө хамт ирсэн байсан тул охин маань өөрийнхөө машинд үлдээсэн юмнуудыг авч өгнө гээд хамт гарсан. Би аяга тавгаа хураагаад үлдсэн, энэ хооронд нөхөр маань бие засах гээд жорлон руу гарсан юм байна лээ. Одонтуяагийн том хүү “эмээ гадаа сүйд болоод байна” гэхээр нь “юу болоод байгаа юм” гээд зогсож байтал гаднаас Одонтуяа “ээжээ түргэн дуудаарай” гээд цус нөжөө гоожуулаад орж ирсэн. “Юу болов” гэхэд “Наранболд намайг заазуурдчихлаа” гэсэн. Тэгээд охин руугаа харахад хүзүү, дух, зүүн талын хацарыг нь зүсээд ярчихсан, маш их цус гарч байсан. Би “яаж байгаа юм” гээд орилоод гадагшаа гарахад охины 73-08 УНГ улсын дугаартай автомашины хойд хэсэгт нөхөр маань Наранболдыг дараад унагачихсан байсан. Би очоод “чи яаж байгаа юм бэ” гээд Наранболдыг ганц нэг өшиглөсөн. Тэгээд гэртээ орж 102, 103-т дуудлага өгсөн. Зүүн талын хацар, духны гол хэсэг, хүзүүний зүүн талд хутгаар зүсэгдсэн байсан...” /хх-ийн 25-26/,

гэрч Э.Одонтунгалаг мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр манай ах, дүү нар гэр бүлээрээ салхинд гарч, аавынд ирж хоол идсэн. Тарах болоод Одонтуяа ээжийн дүүг хүргэж өгнө гээд, би аавынхаас 50 орчим метрийн зайтай байдаг гэртээ орсон. Удаагүй аавын гэрийн орчимд “аллаа” гэж хашгирах чимээ гарахаар нь тэрүүхэн үедээ хэн л хашгирав гэж бодсон. Гэтэл дүүгийн том хүү уйлсан байдалтай гэрт орж ирээд “аав ээжийн хүзүү рүү хутгалчихлаа” гэхээр нь “юу болсон” гээд аавынх руу гүйгээд очтол аав гэрийн гадаа эгчийн машины хажууханд Наранболдыг газар дараад унагачихсан байсан. Тэгээд аавынх руу ортол Одонтуяагийн хацар, толгой хүзүүнээс нь цус гоожсон байсан. Хэд хоногийн өмнө Наранболд нь манай нөхөр Буянттай архи ууж байхдаа “та нарыг яаж баяр тэмдэглэхийг харнаа, нэг нь шоронд нөгөө нь шороонд булагднаа” гээд занаад байсан, анхнаасаа л дүүг маань алах санаатай байсан юм байна лээ...” /хх-ийн 27-28/,

гэрч Б.Элстбаатар мөрдөн байцаалтын шатанд “...2017 оны 1 дүгээр сарын 1-ний орой 18-19 цагийн үед манай хүүхдүүд гэр бүлийн хамт салхинд гарчихаад манайд ирээд хоол идээд байж байсан. 19 цагийн үед гэр гэртээ харих болоод Одонтунгалаг хүүхдүүдээ аваад гэр рүүгээ явсан. Харин Тунгалаг Одонтуяагаар хүргүүлнэ гээд гарсан ч эхнэрийн дүү “тэд нарыг хүргээд өгье” гээд Одонтуяа явахаа больсон юм байна лээ. Тэр үед би бие засах гээд гарсан. Тэгэхэд хүн чанга чанга дуугараад “буу наанаасаа” гэх сонсогдсон. Тэгтэл “ааваа авраарай” гэж миний охидоос нэг нь хашгирсан. Тэгэхээр нь 00-оос гүйгээд гартал охин Одонтуяагийн 73-08 УНГ улсын дугаартай цагаан өнгийн машины хойд талд Наранболд Одонтуяагийн нэг гарнаас барьсан, өөрөө баруун гараа түүн рүү далайж байсан. Тэгэхэд Наранболдын баруун гарт нэг зүйл гялс хийж харагдсан. Би ч сандраад гүйж очоод Наранболдын хувцаснаас татаад барьцалдсан чинь Наранболд гараа угз татаад намайг түлхсэн. Тэгэхээр нь дахин зууралдаж аваад нуруу орчимд нь цохисон чинь газар өнхөрөөд унасан. Тэгэхээр нь би дээрээс нь дараад дээр доороо оролцон, бид 2 нилээн ноцолдсон. Тэр үед Наранболд гартаа байсан хутгаа хаячихсан юм байна лээ. ...Гадаа бүрэнхий болсон, харагдах орчин хязгаарлагдсан байсан тул охиныхоо биеийн аль хэсэгт ямар гэмтэл учирсныг хараагүй. Цагдаа ирэний дараа би гэртээ ороход охин Одонтуяагийн зүүн талын хацар, духны зүүн тал хэсэгт зүсэгдсэн маш их цус гоожиж байсан. Харин түргэний эмч ирсний дараа охины маань хүзүүнд бас зүссэн байна гэдгийг мэдсэн. Гүрээний судастай их ойрхон байсан гэж хэлсэн байна лээ...” /хх-ийн 29-30/,

Шинжээч эмч Д.Дэжидмаа мөрдөн байцаалтын шатанд “...Архины шалтгаант зан үйлийн эмгэг гэдэг нь архи олон жил уусан хүнд үүсдэг өвчин. Энэ нь хүн солиорохгүй, зөвхөн архинд дуртай болж ааш зан эвдэрч муухай ааш гаргана. Уг өвчтэй хүн архи уусан ч уугаагүй ч, өөрийгөө удирдан жолоодож чадна...” /хх-ийн 81/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “…Э.Одонтуяагийн биед “зүүн хацар, хүзүүнд шарх, дух, зүүн шуу, баруун алганд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” болохыг тогтоосон шинжээчийн 1024 тоот дүгнэлт /хх-ийн 33/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн “…Ц.Наранболд нь DS архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг өвчтэй байна. Архины шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг нь олдмол өвчин юм. Ц.Наранболд нь мэдүүлэг өгөх чадвартай байна. Ц.Наранболд    нь өөрийн хийсэн үйлдлээ удирдан жолоодох чадвартай…” болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 162 тоот дүгнэлт /хх-ийн 88-90/ зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус хөдөлбөргүй нотлогдон тогтоогджээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс Ц.Наранболдын гэм буруу, түүний хувийн байдалд тохирсон ял оногдуулсан бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

 

Давж заалдах шатны шүүхэд ялтан Ц.Наранболдын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн эсэргүүцлийн дагуу хэргийн нөхцөл байдлуудыг судлан үзвэл:

 

Ялтан Ц.Наранболдын “…хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү…”, дээд шатны прокурор Д.Отгонбаярын “…Ц.Наранболд олон нийтийг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчихдөө нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдан ирсэн зан заншлыг үл тоомсорлон, “уулзахгүй гэлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн ойр дотны хүндээ догшин авирласан үйлдлээ удтал үргэлжлүүлэн үйлдсэн болох нь тогтоогдож байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь үндэслэлгүй. …Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй байна...” гэсэн утга агуулга бүхий гомдол, эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй болно.

 

Анхан шатны шүүхээс ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан Ц.Наранболдод ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан, түүнчлэн түүний хувийн байдал, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болон хэргийн нөхцөл байдал зэрэг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5 дахь хэсэгт зааснаар Ц.Наранболдод оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд ялтан Ц.Наранболдыг танхайн сэдэлтээр өөрийн эхнэр Э.Одонтуяаг алахыг завдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, танхайн сэдэлттэй гэмт хэргийг ойролцоо төрлийн бусад гэмт хэргээс ялгахад гэмт этгээдийн гэм буруугийн сэдэлт, зорилго зэрэг субъектив талын шинж, түүнчлэн хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, үр дагавар, нөхцөл байдлыг зөв тогтоох нь чухал ач холбогдолтой байдгаас гадна уг үйлдэл нь урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй, эмх замбараагүй байдаг бол уг хүндрүүлэх нөхцөл байдалгүй хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн тооцож төлөвлөсөн, тодорхой үр дүнд хүрэхийг эрмэлзэж, үйлдлээ өөрөө хянаж, хүссэн үр дүндээ хүрээд үйлдлээ зогсоодог зэрэг онцлогтой байдаг.

Хавтаст хэрэгт, хохирогч Э.Одонтуяагийн “...Намайг өөрөөс нь сална гээд явснаас хойш ажил дээр ирж, хашааны булан тохойд зогсож хүн айлгаад, “чамайг алчихаад өөрийгөө ална” гэж заналхийлдэг байсан тул би түүнээс аль болох зугтаадаг, машин тэргээ байнга түгждэг байсан. Хоёр ч удаа ажлын ойролцоо булан тохойд зогсож байхад нь зугтаасан. Намайг ална гэж эртнээс л төлөвлөж байсан юм шиг байна лээ...” /хх-ийн 21-23/, “...Ажил дээр байж байтал Наранболд ирээд надаас уучлалт гуйгаад байхаар нь би яв гэхэд явахгүй дагаад цэцэрлэг рүү орох гэхэд гарнаас татаад явуулахгүй байж байснаа “уучлаарай” гээд уучлалт гуйгаад байхаар нь би “үгүй” гэхэд “тэгвэл чамайг алчихаад өөрийгөө ална” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь “чамд алуулдаг хэн юм бэ” гэх утгатай хэрүүлийн чанартай зүйл яриад ажил руугаа орох гэтэл “за за чи үнэхээр уучлахгүй гэж байгаа бол чамд сайн сайхныг ерөөе” гэж хэлээд Наранболд яваад өгсөн…” /хх-ийн 74-75/, ялтан Ц.Наранболдын сэжигтнээр өгсөн “...Зайл, чамтай ярих юм байхгүй гээд хөөгөөд байхаар нь уур хүрээд гэрт өглөө гал асаах гэж мод цуулж байгаад халаасалсан байсан заазуураа халааснаас гарган “Тэгвэл хоёулаа ингээд амьдралаа дуусгачихъя” гэж байсан. Хэзээд нь Одонтуяагийн дух, нүүрэнд заазуур хүргэснээ мэдэхгүй байна. ...Ер нь миний архи ууж байгаагаас болж эхнэр гэрээсээ явсан. Энэ хооронд нь би олон удаа эхнэртэйгээ уулзах гэж очсон боловч машинаа унаад зугтаачихдаг. Нэг удаа яг машиных нь хажууд яваад очсон чинь шүргэж унагачихаад явсан. Энэ байдалд нь би гомдоод архи уудаг байсан…” /хх-ийн 42-45/, “...чи намайг ойлгоод уучилж болдоггүй юм уу гэж хэлсэн чинь чамтай юм ярихгүй зайл гэж хэлэхээр нь чи надтай ярих юм байхгүй юм бол бидний амьдрал дууссан юм байна гээд халаасанд байсан заазуураа гаргаж ирээд айлгах санаатай хацрынх нь хажууд заазуураа барьснаа санаж байна... Тэр өдөр эхнэрийг уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь би тухайн үед согтуу байсан болохоор гэнэт уур хүрч халаасанд байсан заазуураа санаад гаргаж ирсэн байна. Хэл амаар доромжлоод хөөгөөд байсан ба намайг ойлгоогүйд нь бухимдсандаа ийм үйлдэл гаргасан байна. Түүнээс алах, гэмтээх санаа огт байгаагүй…” /хх-ийн 94-95/ зэрэг мэдүүлгүүд авагджээ.

Дээрх мэдүүлгүүдийг харьцуулан дүгнэж үзвэл, дээд шатны прокурор Д.Отгонбаярын бичсэн танхайн сэдэлтээр, хүнийг санаатай алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн гэх прокурорын эсэргүүцэл няцаагдаж байна.

Харин ялтан Ц.Наранболд нь согтуугаар, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний орой 17-18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн задгай гэх газарт байгаа хашаанд уг гэмт хэргийг үйлдэхдээ эхнэр, нөхөр буюу гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийн хоорондын маргааны улмаас хувийн сэдэлттэйгээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт гэнэ.” гэж заажээ.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Одонтуяагийн /хх-ийн 21-23, 74-76/, гэрч Л.Эрдэнэчимэгийн /хх-ийн 25-26/, Э.Одонтунгалагийн /хх-ийн 27-28/, Б.Элстбаатарын /хх-ийн 29-30/ нарын өгсөн мэдүүлгүүдгээс үзэхэд ялтан Ц.Наранболд эхнэр Э.Одонтуяад халдаж, гэмт хэрэг үйлдэж байхад түүний гэмт үйлдлийг гэрч Б.Элстбаатар таслан зогсоосон байна. Эдгээрт хууль зүйн дүгнэлт хийвэл, ялтан Ц.Наранболдыг эхнэр Э.Одонтуяагийн нүүр, хүзүүн тус газруудад заазуураар зүсэж, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан түүнийг алахыг завдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасан төгсөөгүй завдалттай гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна.” гэж хуульчилжээ.

  Анхан шатны шүүхээс ялтан Ц.Наранболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна. Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн бөгөөд дээрх хуулийг зөв ойлгож хэрэглэсэн байх тул дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцэлд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт заасныг давхар журамлах шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.

Энэ хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон, анхан шатны шүүх ялтан Ц.Наранболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ зөвхөн ялтны мэдүүлгийг үндэслэл болгоогүй, түүний мэдүүлгээс гадна дээр дурдсан хэргийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн хохирогч, гэрч, шинжээч нарын мэдүүлэгтэй нийцэж байгаа мэдүүлгийг үнэлж, бусад нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол үндэслэлтэй юм.

 

Харин анхан шатны шүүхээс ялтан Ц.Наранболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлалгүй орхигдуулсан байна.

 

 Иймээс анхан шатны шүүхээс Ц.Наранболдод холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг журамлалгүй орхигдуулсаныг зөвтгөж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иймд ялтан Ц.Наранболдын гаргасан давж заалдах гомдол, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: