Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 110/ШШ2017/0055

 

Баян-Ө**** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ө**** сумын *** дугаар багийн оршин суугч Х.Сын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Ө**** аймгийн Ө**** сумын Засаг дарга, тус сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдох,

Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоол, Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагч Ө**** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саулеш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Я.Сьезд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабекнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн хүсэлтдээ:

Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр явагдаж, улмаар Х.С би багийн Засаг даргад нэрээ дэвшүүлснээр хуралдаанд оролцсон иргэдээс хамгийн олон санал авч, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар буюу иргэдийн Нийтийн Хурлын саналын дагуу Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргаар сонгогдсон бөгөөд Ө**** сумын Засаг дарга /Ө.Хабай нь/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...багийн Засаг даргыг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилно... гэж заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дугаартай захирамжаар намайг Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилсон.

Энэ хугацаанд төр, засгийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багийн иргэдийн ажил, үйлсийг туслан дэмжих, иргэд, хөдөлмөрчдийн төлөө Засгийн газар, сумын болон аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас зохиосон ажил, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд гүйцэтгэх зэрэг хууль тогтоомжид заасан бүрэн эрхийг зохих ёсоор биелүүлэн үр бүтээлтэй ажиллаж ирсэн бөгөөд миний хуульд заасан бүрэн эрхийн хугацаа 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болох учиртай юм.

Гэтэл Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хууль бусаар явуулж, улмаар Ө**** сумын Засаг дарга Х.Бабахумар нь 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай захирамжаар Х.С намайг 7 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, иргэн Х.Сарымсахыг тус багийн Засаг даргаар томилсон шийдвэр гаргасан байх ба энэ өдрөөс буюу 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн миний хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзээд шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийн этгээдээс холбогдох захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гаргахаар зохицуулсан. Тиймээс миний бие Х.С Ө**** сумын Засаг даргад холбогдууланӨ**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлоо шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хандсан ба одоогоор хариу өгөөгүй тул Ө**** сумын Засаг даргын 55 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах талаарх гомдлоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусдаа нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлнэ.

Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааныг явуулсныг хууль бус гэж үзэх үндэслэлийн талаар:

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т ...багийн Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах саналыг хэлэлцэн сумын Засаг даргад уламжлах... эрх нь тухайн Хурлын бүрэн эрхэд хамаардаг боловч Ө**** сумын 7 дугаар багийн Засаг дарга Х.С надтай холбогдуулан намайг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэлгүйгээр 7 дугаар багийн Засаг дарга Х.С миний хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байхад 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хурлын даргыг сонгох, улмаар багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг зохион байгуулсныг хууль бус гэж үзэж байна. Тодруулбал,

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т ...багийн Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулна..., 28.5-д ...багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн, сумын Засаг дарга шийдвэрлэнэ..., хуулийн 32 дугаар зүйлд бүх шатны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэлийн талаар зохицуулсан ба үүнд багийн Засаг дарга адил хамаарна. Гэвч сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын хууль бус шийдвэрийг үндэслэж намайг шууд ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн хэрэг болно.

Учир нь, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т ...багийн Засаг даргыг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилно... гэж заасныг баримтлан 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дугаартай захирамжаар намайг Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилсон бөгөөд миний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй буюу томилсон өдрөөс хойш 3 жил, 2 сар ажилласан. Иймд бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй, мөн 32 дугаар зүйлд заасан Засаг даргыг чөлөөлөх, огцруулах үндэслэл гараагүй байхад Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь дээрх хууль тогтоомжид заасныг ноцтой зөрчснийг харуулж байна.

Зүй нь хуулийн 17.1.2, 28.4, 28.5-д заасныг баримтлан 32 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас чөлөөлөх, огцруулах шалтгаан байна гэж үзвэл Ө**** сумын 7-р багийн Засаг дарга Х.С надтай холбогдуулан асуудлыг шийдвэрлэсний дараа иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх, багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоол гаргавал хуульд нийцэх боломжтой байсан.

Гэвч Х.С миний хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн нь, улмаар Ө**** сумын7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан үйл явдал нь дээрх хуульд заасантай нийцэхгүй.

Мөн Х.С би энэхүү багийн иргэдийн Нийтийн хуралдааныг явуулахгүй байх талаар 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр Ө**** сумын Засаг даргад хандаж байсан хэдий ч миний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хуралдаан болдгоороо болно гэж хэлсэн.

Иймд сонгуулийн хугацааг зөрчиж хуралдааныг зохион байгуулсан нь хууль зөрчсөн мөн байх үйлдэл тул Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье.

Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэн, хуулийнэтгээдээс холбогдох захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны байгууллагад гаргахаар зохицуулсан ба Х.С Ө**** сумын Засаг даргад холбогдууланӨ**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахтухай гомдлоо шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргад хандсан боловч бичгээр албан ёсны хариу өгөлгүйгээр зөвхөн гаргасан гомдолд холбогдуулан бүртгэл, хяналтын хуудасны шийдвэрлэсэн хэсэгт хуулийн байгууллагад шийдвэрлүүлнэ үү гэж шийдвэрлэсэн гэж Х.Сд утсаар мэдэгдсэн байна. Нэгэнт аймгийн Засаг даргаас хариу өгөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар ихэсгэж байна. Үүнд,

Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, 2. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Миний бие 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилгүй болсон. Намайг ажилгүй болгохдоо бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй байсан ба Ө**** сумын Засаг дарга Х.Бт бичгээр 2 удаа, амаар 3 удаа хандаж байсан юм. Нэгдүгээрт, би ард түмэндээ илтгэлээ тавьж, хийсэн ажлаа дүгнүүлж, цаашид нэр дэвших эрх авах үүднээс хэдэн хэдэн удаа хүсэлт тавьсан боловч авч хэлэлцээгүй учраас 2017 оны 02 дугаар сард явагдсан ИНХ-ыг хүчингүй гэж үзэж танайд нэхэмжлэл гаргасан байгаа. Урьд нь ажиллаж байсан хугацаанд ямар нэгэн зөрчил гаргаагүй, сахилгын арга хэмжээ авахуулж байгаагүй. Ө**** сумын Засаг дарга 55 дугаар захирамжаар Т.Сыг хууль бусаар томилсон гэж үзэж байгаа гэв.

Хариуцагч Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан даргалагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Ө**** аймгийн Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хуралны хуралдаан 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хотгор багт явагдсан юм. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулан явуулах дэгийг хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар баталж, тухайн өдрийн хуралдааны зохион байгуулан явуулах даргалагчаар сургуулийн захирал Х.Күлпаран намайг сонгож, нарийн бичгийн даргаар Ж.Быг сонгосон юм. Энэ хурлын үед Х.С өөрөө оролцсон. Өөрөөр хэлбэл сонгууль явуулахгүй байх ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй учраас сонгууль явуулсан юм.

Х.Күлпаран би хурлыг удирдан хэлэлцэх асуудлыг иргэдэд танилцуулан батлуулж, Ж.Б нь хурлын тэмдэглэлийг хөтөлсөн юм. Хурлаас тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагаагч 15 цагт эхэлж 17 цагт дуусгахаар тохиролцсон юм. Багийн Нийтийн Хуралд арга зүйн зөвлөгөө өгөх газар дээр нь зохион байгуулахад туслах зорилгоор Ө**** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Х.Есенбол, Х.Асет, М.Онгар нар оролцсон ба бид бүгдээрээ хамтарч багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг зохион байгуулан явуулсан юм.

Ингээд тус багийн иргэдийн Нийтийн хурлын даргыг сонгох санал хураалтад 292 иргэн оролцож тус багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад А.Б, О.М, Ж.Е нар нэр дэвшиж үүнээс А.Б 139 хүний, О.М 90 хүний, Ж.Е 53 хүний санал тус тус авч А.Б иргэдийн олонхийн санал авсан тулс 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон юм. Харин тус багийн Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад мөн 292 иргэн оролцсоноос нэр дэвшигч С.Мы төлөө 141, Т.Сын төлөө 136 иргэн тус тус санал өгч, 15 ширхэг саналын хуудас хүчингүй болсон. Ингээд эхний санал хураалтаар 292 иргэн оролцсон нь нэр дэвшигч нарын аль аль нь санал хураалтад оролцсон иргэдийн хүчинтэй саналын хуудас нь буюу 50 хувийн босгыг даваагүй учраас дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм. Дахин санал хураалтыг тус багийн Засаг даргад нэр дэвшигч С.М, Т.С нар болон багийн иргэдээс хоёр дахь санал хураалт явуулахгүй байх талаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй учраас явуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хүчингүй гарсан саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг шууд багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр болж ажлын хэсэг шийдвэрлэсэн юм.

Ингээд Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах дахин санал хураалтыг тухайн өдрийн оройн 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл явуулахаар шийдвэрлэж 2 дахь санал хураалтыг тогтоосон цагтаас эхэлж, харин 21 цаг хүртэл бүх иргэд саналаа өгчсөн учраас заавал 21 цаг 30 минутыг хүлээхгүй 21 цаг өнгөрч байхад иргэдийн санал өгсөн саналын хуудсыг тоолсон юм. Багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах хоёр дахь санал хураалтад ту багт бүртгэлтэй 301 иргэн оролцож, нэр дэвшигч С.Мы төлөө 145 хүн, нэр дэвшигч Т.Сын төлөө 147 иргэн санал өгч, хүчингүй 9 саналын хуудас гарсан юм. Ингээд Т.С нь тус багийн иргэдийн олонхийн санал авсан учраас Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргал нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд хуралдаан даргалагч Х.Күлпаран би, нарийн бичгийн дарга Ж.Б гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг Монгол улсын Засаг захиргааны, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зарлан хуралдуулсан, багийн Засаг дарга нь улс төрийн албан хаагч бөгөөд тэрээр орн нутгийн сонгуулийн үр дүнд улс төрийн ажлаас өөрчлөгдөх жамтай юм. УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь 4 жил тутамд явагддаг юм. Сонгууль явуулсаны дараа улс төрийн албан хаагч болох багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилдог юм. Х.С нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 7 дугаар багийн Засаг даргад томилогдсон байна. Энэхүү томилгооноос үзэхэд Х.С нь нөхөн томилогдсон багийн Засаг дарга тул түүний бүрэн эрх нь 2016 оны УИХ ба орон нутгийн сонгуулийн үр дүнгээр дуусгавах болох ёстой юм.

Иймд Х.Сын Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсныг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Хариуцагч Ө**** сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хугацаа 4 жил байх тухай мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д зааснаар хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн Хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрснөөр дуусгавар болох тухай заасан байдаг. Дээрхи бүрэн эрхийн хүрээнд Ө**** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ө**** сумын 13 багийн Засаг даргыг сонгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн зохион байгуулж, зохих хуулийн дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлын төлөөлөгчдийн тогтоолыг үндэслэн багийн Засаг дарга нарыг сумын Засаг даргын захирамжийн дагуу тус тус томилсон болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Ө**** сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Ө**** сумын Засаг даргыг сонгох иргэдийн Нийтийн Хурлыг зарлаж, энэхүү хуралдаанаар гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар Т.Сын нэрийг санал болгосон байгаа. Уг саналын дагуу Т.Сыг багийн Засаг даргаар томилсон Ө**** сумын Засаг даргын 55 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан байгаа. Харин нэхэмжлэгч Х.С нь би 10 сар дутуу ажилласан, миний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй гэж маргаж байна. Х.С 2013 онд ажиллаж бүтэн жилийн цалин хөлс авсан нь цалингийн цэсээр нотлогдож байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

 

Гуравдагч этгээдээс шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Баян-Ө**** аймгийн Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох, багийн Засаг даргад нэр дэвшүүлэх багийн иргэдийн Нийтийн Хурал нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хотгор багийн төвд явагдсан. Багийн иргэдийн Нийтийн Хурлыг зохион байгуулан явуулах дэгийг хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар баталж, тухайн өдрийн хуралдааны зохион байгуулан явуулах даргалагчаар сургуулийн захирал Х.Күлпараныг нарийн бичгийн даргаар Ж.Бердимурат нарыг тус тус сонгосон юм. Ингээд хуралдааны дэгийн дагуу Х.Күлпаран хурлыг удирдан хэлэлцэх асуудлыг иргэдэд танилцуулан батлуулж, Х.Бердимурат нь хурлын тэмдэглэл хөтөлж байсан юм.

Багийн иргэдийн Нутгийн Хурлын даргыг сонгох санал хураалтад нийт 292 иргэн оролцож тус багийн Нийтийн Хурлын даргад А.Б, О.М, Ж.Е нар нэр дэвшиж үүнээс А.Б 139 хүний, О.М 90 хүний, Ж.Е 53 хүний санал тус тус авснаар А.Б иргэдийн олонхийн санал авсан тул Хотгор багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдсон юм. Харин тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтад мөн 292 иргэн оролцож санал өгснөөр нэр дэвшигч С.М 141, Т.С 136 саналыг тус тус авч 15 ширхэг саналын хуудас хүчингүй болсон. Эхний санал хураалтаар 292 иргэн санал хураалтад оролцож үүнээс нэр дэвшигч нарын аль аль нь санал хураалтад олонхийн санал аваагүй учраас дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн юм.

Дахин санал хураалтыг тухайн үед тус багийн Засаг даргад нэр дэвшигч С.М, Т.С нар болон багийн иргэд санал нэг хүлээн зөвшөөрч байсан. Өөрөөр хэлбэл тус багийн иргэдээс хоёр дахь санал хураалт явуулахгүй байх талаар ямар нэгэн санал хүсэлт гараагүй учраас явуулсан юм. Ингээд санал хураалт явуулахад хүчингүй гарсан саналын хуудсыг оролцуулахгүйгээр нэг хүний илүү санал авсан нэр дэвшигчийг шууд багийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр болж ажлын хэсэг шийдвэрлэсэн юм.

Ө**** сумын Хотгор багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах дахин санал хураалтыг мөн өдрийн оройн 19 цагаас 21 цаг 30 минут хүртэл явуулахаар шийдвэрлэн 2 дахь санал хураалтыг тогтоосон цагтаа эхэлж, харин 21 цаг хүртэл бүх иргэд саналаа өгсөн учраас заавал 21 цаг 30 минутыг хүлээхгүй 21 цаг өнгөрч байхад иргэдийн санал өгсөн саналын хуудсыг тоолсон юм. Багийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах хоёр дахь санал хураалтад тус багт бүртгэлтэй нийт 301 иргэн оролцож, нэр дэвшигч С.М 145 хүн, нэр дэвшигч Т.С нь 147 иргэний санал авч, хүчингүй 3 саналын хуудас гарсан юм. Т.С би тус багийн иргэдийн олонхийн санал авсан учраас Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг баталсан юм. Уг тогтоолд хуралдаан даргалагч Х.Күлпаран, нарийн бичгийн дарга Ж.Бердимурат нар гарын үсэг зурж баталгаажуулсан.

Тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд зарлан хуралдуулсан, багийн Засаг дарга нь улс төрийн албан хаагч бөгөөд тэрээр орон нутгийн сонгуулийн үр дүнд улс төрийн ажлаас өөрчлөгдөх жамтай юм. УИХ, аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь 4 жил тутамд явагддаг юм. Ингээд сонгууль явуулсаны дараа улс төрийн албан хаагч болох багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилдог юм. Х.С нь 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хотгор багийн Засаг даргад томилогдсон байна. Энэхүү томилгооноос үзэхэд Х.С нь нөхөн томилогдсон багийн Засаг дарга учраас түүний бүрэн эрх нь 2016 оны УИХ ба орон нутгийн сонгуулийн үр дүнгээр дуусгавар болох ёстой юм.

Ө**** сумын Хотгор багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан эхлэх үед багийн Засаг даргаар ажиллаж байсан Х.С хөдөлмөрчдөд хандан үг хэлж ...би 4 жил та бүхэнтэй хамт ажиллав. Миний албан тушаал улс төрийн албан тушаалтан учраас одоо сонгууль явагдах гэж байна. Би та бүхэнд баярлаж талархаж явдгийг илэрхийлье, шинээр сонгогдох багийн Засаг даргад ажлын амжилт хүсье гэж хэлж байсан юм. Үүнээс үзэхэд тухайн үед Х.С нь багийн Засаг даргад нэр дэвшүүлэх сонгуулийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэсэллтэй байна.

Иймд нэхэмжлэгч Х.Сын Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хэлсэн нэхэмжлэгчийн тайлбарыг дэлгэрэнгүй тайлбарлахад, 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр багийн ИНХ-ын санал хураалт явагдсан өдрөөс эхлэн Х.Бериболын эрх ашиг нь хөндөгдсөн мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр тухайн тогтоолыг уламжилсан, түүнийг ажлаас чөлөөлсөн өдрөөс эхлэн эрх ашиг нь хөндөгдсөн учраас хуулийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үйл баримтын талаар тодорхой тайлбарлалаа. Ө**** сумын 7 дугаар багийн ИНХ-ын дарга, Засаг даргыг сонгох хуралдаан анх 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр явагдаж байсан байна. Тухайн хуралдаанд Х.С нь нэр дэвшиж иргэдийн хамгийн олонхийн саналыг авч, багийн Засаг даргаар сонгогдсон ба Ө**** сумын Засаг даргаар ажиллаж байсан Ө.Хабай нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар буюу ... багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилно ... гэснийг үндэслэн Х.Сыг Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргаар томилсон байдаг.

Энэ хугацаанд багийн Засаг дарга Х.С нь төр, засгийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, ард иргэдийн ажил үйлсийг туслан дэмжих, Засгийн газар, Засаг дарга түүний Тамгын газрын ажил, үүргийг цаг тухайд нь биелүүлж ирсэн байна. Гэтэл Ө**** сумын ИНХ-ын хуралдааныг хугацаанаас өмнө буюу тус багийн ИНХ болон Хурлын Тэргүүлэгчид байсаар байтал, Ө**** сумын ИТХ-аас хөндлөнгөөс тогтоол гаргаж хугацаанаас өмнө хуралдуулсан учраас 55 тоот захирамж болон нэхэмжлэгчийг чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэдгийг дурдах нь зүйтэй байна. Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан хууль бус явагдсан, сумын Засаг даргын 55 тоот захирамж хууль бус гарсан гэх үндэслэлийг тайлбарлахын тулд нэгдүгээрт, Х.Сыг үүрэгт ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг огт хэлэлцээгүй байдаг. Хуульд зааснаар багийн Засаг даргыг чөлөөлөх, огцруулахад багийн ИНХ-ын саналыг заавал авсан байх ёстой. Гэтэл өмнөх Засаг даргыг чөлөөлөх асуудлыг хөндөөгүй байж хууль бусаар хуралдаан явуулж шууд Т.Сын нэрийг тус багийн Засаг даргад томилуулахаар уламжилсан нь хуульд нийцээгүй байна.

Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал нь Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, сумын Засаг даргад уламжлах бүрэн эрхтэй. Гэвч сумын Засаг дарга нь тухайн багийн ИНХ-ын санал нь хууль ёсны байна уу гэдгийг харгалзан үзэх ёстой. Хоёрдугаарт, багийн Засаг даргыг чөлөөлөх асуудлыг Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт тодорхой заасан байгаа. Үүнд: 1. Эрүүл мэндийн шалтгааны улмаас гэж заасан байх ба Х.С нь тийм шалтгаанаар хүсэлт гаргаж байгаагүй. 2. Хүндэтгэн үзэх бусад шалтгаан гэж заасан ба хүндэтгэн үзэх бусад шалтгаан байхгүй. 3. Гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, дээрээс нь чиг үүргийг хэрэгжүүлж чадаагүй бол ажлаас чөлөөлөхөөр заажээ. Мөн нэхэмжлэгч тухайн жилийн эцэст тайлан тавьсан, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөөгүй учраас чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэх үндэслэл байхгүй байна.

Тэгэхээр энэ хүний ажилласан жил 3 жил 2 сар байхад шууд хөндлөнгөөс оролцож, Х.Сыг чөлөөлж, хууль бусаар явуулсан иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолыг үндэслэн өөр хүнийг томилсон нь хуульд нийцээгүй гэж бид нар үзэж байна. Мөн нэхэмжлэгч сумын Засаг даргад хандаж байсан талаар өөрөө тайлбарлаж хэлсэн байгаа. Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгч тухайн өдрийн хуралдаанд сэтгэгдлээ илэрхийлсэн гэж байгаа ба нэхэмжлэгч сэтгэгдлээ илэрхийлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ урьд өмнө багийн Засаг даргаар ажиллаж байсан нь үнэн, миний бүрэн эрхийн хугацаа 4 жил байх ёстой, тиймээс энэхүү хуралдаан хууль бус гэдгийг тодорхой дурдаж хэлсэн байгаа. Гэтэл тухайн хуралдааны үед тэмдэглэл хөтөлсөн этгээд тэмдэглэлийг бүрэн, бүтэн хөтлөх үүрэгтэй байдаг. Сэтгэгдэл гэдгийг тухайн хуралдааныг зөвшөөрч байгаа гэж ойлгох ямар нэгэн үндэслэл байхгүй гэдгийг хэлмээр байна.

Гуравдугаарт, нөхөн сонгууль гэж байна. Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.3, 11 дүгээр зүйлийн 11.1, 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллага болох бага, хорооны Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар тусгасан байдаг. Мөн хуулийн 23.4 дэх хэсэгт анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар зохицуулсан байдаг. Хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх нь тухайн Хурлын бүрэн эрхийн асуудал байна.

Гэтэл уг Хурлын бүрэн эрхийг харгалзахгүйгээр шууд Ө**** сумаас хөндлөнгөөс оролцож, хуралдаан явуулсан нь хууль бус байна. Мөн 2013 оны 12 дугаар сард анх явагдсан гэх сонгууль нь Т.Сын багийн ИНХ-ын даргаар ажиллаж байх хугацаанд бүрэн эрхийг хэрэгжүүлж чадаагүйн улмаас Ө**** сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс багийн ИНХ-ын дарга, багийн Засаг даргыг сонгох хуралдааны товыг тогтоож, зохион байгуулж явуулсныг буруутгах үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлүүлэх саналтай байна гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Т.Сын өмгөөлөгчөөр оролцож байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл ямар ч үндэслэлгүй учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Багийн Засаг даргын албан тушаал өөрөө улс төрийн албан тушаалтны ангилалд хамаардаг ба Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д ... аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй ... гэжээ. Тийм учраас Х.С улс төрийн албан тушаалтан байсан гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт, Х.С нь Хотгор багийн Засаг даргаар тасралтгүй 11 жил 2 сар ажилласан хүн байгаа. Хамгийн сүүлчийн асуудал бол 2013 оны 4 дүгээр сарын асуудал байгаа. Тухайн үед ээлжит сонгууль явуулаагүй ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгч цалин хөлс авч, ажлаа хийж явж байсан юм. 4 жил байтугай 11 жил ажилласан гэдгийг дурдаж хэлмээр байна.

Хэдийгээр уг захирамж 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр гарсан ч гэсэн өмнө нь тасралтгүй ажиллаж байсан учраас бүрэн эрхийн хугацаа цалин хөлс авснаар нотлогдох ёстой. Нэхэмжлэгч цалин хөлсийг авч тасралтгүй ажиллаж байсан учраас дараагийн ээлжит сонгуулийг явуулснаар сумын Засаг дарга хууль зөрчөөгүй гэж бодож байна. Мөн Х.С нь багийн Засаг даргаар олон ажил ажилласан, хууль мэдэх ёстой, дээрээс нь Хотгор багийн иргэдэд хууль сурталчлах ёстой хүн юм. Багийн ИНХ-ыг 2017 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр тогтоож, орон нутгийн радиогоор нийтэд зарласан байна. Хурлын хуралдааныг буруу газраас зарлаж болно. Гэхдээ үүний улмаас эрх нь зөрчигдсөн гэвэл уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй байсан.

Гуравдугаарт, нэхэмжлэгч Х.С нь 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ИНХ-ын хуралдаанд өөрөө оролцож багийн Засаг даргад нэр дэвшигч нарт санал өгч байсан нь тогтоогдож байгаа. Дээрээс нь хүн зөөж н.Мүшелханы төлөө хоёр удаа санал өгүүлсэн хүн байгаа. Тухайн үед Х.С нь нэр дэвших эрх нь нээлттэй байсан байна. Гэтэл сумын Засаг даргад хууль бус хуралдааны явуулахгүй байхыг амаар болон бичгээр мэдэгдсэн гэж худал тайлбар хэлж байна. Үнэхээр хандаж байсан бол хүсэлт гаргаж Засаг даргын бичиг хэргээс шүүлгэх хэрэгтэй. Амаар гаргасан байвал Х.Быг гэрчээр асуулгаж мэдүүлэх авахуулах бүрэн боломжтой байсан. ИНХ-д холбоотой асуудал Засаг даргын бүрэн эрхэд хамаарахгүй учраас тэр хүн танд заавал хариу өгөх үүрэг хүлээхгүй, буруутгах үндэслэлгүй гэдгийг хэлье. Нэхэмжлэгч өөрөө 11 жил багийн Засаг даргаар ажилласан аливаа асуудлын учир байдлыг мэддэг. Өнгөрсөн жил УИХ-ын болон орон нутгийн ээлжит сонгууль орон даяар явагдсан. Дээрээс нь аймгийн хэмжээний 86 багт сонгууль явагдсан ба хуралдааны зарыг орон нутгийн радиогоор олон нийтэд зарласан байсан. Үүнийг нэхэмжлэгч мэдээгүй, баримтад гарын үсэг зураагүй, миний гарын үсэг биш гэж маргаж байгаа боловч гарын үсгийн шинжилгээ хийлгэвэл мөн болж гараад ирнэ.

Тийм учраас 11 жил төрийн албанд ажиллаж байсан хүн тухайн үед энэ асуудлыг холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж таслан зогсоох бүрэн боломжтой байсан боловч ямар нэгэн байдлаар хандаагүй явдалд харамсаж байна. Өөрөө тухайн үед хүлээн зөвшөөрч санал өгсөн мөртлөө өнөөдөр шинэ хүн мэт гарч ирээд дахин 4 жил Засаг дарга хийнэ гэж маргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна. Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй шүүдээ. Дахин нэр дэвших эрх нь нээлттэй байсан гэдгийг би танд удаа дараа хэлж байна. Нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй гэсэн хуулийн зохицуулалттай. 2013 оны 12 дугаар сард нөхөн томилогдсон учраас тэр хугацаа хамаарахгүй, 4 жилийн хэлбэлзэл нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргад хамаарах Үндсэн хуулиар тогтоогдсон хэм хэмжээ юм. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн асуудал байгаа. Материаллаг талаас нь авч үзвэл нэхэмжлэгч 11 жил тасралтгүй багийн Засаг даргаар ажилласан хүн байгаа.

Тухайн өдрийн ИНХ-ын хуралдаан маргаантай байж болно. Гэхдээ тэрнийг таслан зогсоох, түдгэлзүүлэх Захиргааны хэргийн шүүх гэж байгаа. Та хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол шүүхэд хандсан бол өнөөдөр ийм маргаан үүсэхгүй. 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр бүрэн эрхийн хугацаа дуусахаар харагдаж байгаа боловч тасралтгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж цалин хөлс аваад ажиллаж байсан учраас өнөөдөр нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна гэдгийг хэлье гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.С нь 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах-аар[1] нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь үнэлж дүгнээд, нэхэмжлэгчийн гаргасан Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1.    Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг Ө**** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар[2] баталсны дагуу 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулж, хуралдааны дэгээр[3]багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр баталж, улмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад А.Бердхан, О.М, Ж.Е нарын, Засаг даргад Т.С, Т.Мүшелхан нарын нэрийг тус тус дэвшүүлжээ.

Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгох санал хураалтаар А.Бердхан нь олонхийн санал авч багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор[4] Хурлын даргад сонгогдсон, харин багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн Х.Мүшелхан, Т.С нарын авсан саналын тоо эхний санал хураалтаар 50 хувь хүрээгүй үндэслэлээр тухайн өдөр дахин санал хураалт явуулж, 2 дах санал хураалтаар Т.С нь 147, С. Мүшелхан 145 саналыг тус тус авч, Хурлын хуралдааны 02 дугаар тогтоолоор[5] Т.Сыг багийн Засаг даргад томиллуулахаар Ө**** сумын Засаг даргад санал болгосон байна.

Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд хэргийн оролцогчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч Х.С нь Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлаас Т.Сын нэрийг Засаг даргад томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засаг даргаар ажиллах хуульд заасан бүрэн эрхийн хугацаа өнгөрөөгүй байхад багийн Засаг даргыг сонгох асуудлыг багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж тодорхойлсон, энэхүү шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-т заасан ... энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв. Учир нь,

Ө**** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталсан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг зохион байгуулах товыг хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгч мэдсэн нь түүний шүүх хуралдаанд гаргасан Миний бие сумын Засаг даргад бүрэн эрхийн хугацаа дуусаагүй тул Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэхгүй байх талаар удаа дараа амаар гомдол гаргаж байсан гэсэн тайлбараар тогтоогдож байна.

Үүгээр нэхэмжлэгч өөрийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэдгийг багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаан болохоос өмнө мэдсэн, мөн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр болсон хуралдаанд өөрөө биечлэн оролцож саналаа[6] өгсөн, шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж үзлээ.

Гэрч Ж.Б, М.Онгар, Х.Асет нар нь шүүхэд ... тухайн хуралдааны үед хэн нэгнээс багийн Засаг даргын асуудлыг хэлэлцэхгүй байх талаар санал гаргаагүй, өмнөх багийн Засаг дарга Х.С нь багийн иргэдэд баярлаж талархсан агуулгатай үг хэлж, сэтгэгдлээ илрхийлсэн гэж мэдүүлсэн[7] нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ... багийн иргэдийн Нийтийн хуралдааны эхэнд багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхгүй байх талаар сэтгэгдлээ илэрхийлсэн гэсэн тайлбарыг үгүйсгэж байна.

Түүнчлэн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шийдвэрийг сумын Засаг дарга хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэгчийг хуульд заасан журмын дагуу гомдол гаргасан гэж үзэх боломжгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

2.    Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий захиргааны акт болох Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжаар[8] Х.Сыг Ө**** сумын 7 дугаар багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, Т.Сыг тухайн багийн Засаг даргаар томилжээ.

Х.С нь шүүхэд ... Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д заасан Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилох тухай заалт зөрчигдөж багийн Засаг даргаар 3 жил 2 сар ажилласан байхад ажлаас чөлөөлсөн гэсэн үндэслэлээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Анх нэхэмжлэгч Х.Сыг Ө**** сумын Засаг даргын 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 37 дугаар захирамжаар[9] 7 дугаар багийн Засаг даргаар томилсон ба үүнээс хойшхи хуульд заасан 4 жилийн бүрэн эрхийн хугацаа 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дуусах ёстой байсан боловч Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаар тогтоолын[10] нэг дэх заалтаар түүнийг багийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 249 дүгээр захирамжийн[11] 1 дэх заалтаар 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн багийн Засаг даргаар томилжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч 2009, 2013 онуудын багийн иргэдийн Нийтийн хуралдаанаар багийн Засаг даргад нэр дэвшигдэн олонхийн санал авч 2 удаа дараалан Засаг даргаар томилогдсоноор тэрээр нийт 8 жил 8 сарын хугацаанд багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна.

Ийнхүү 8 сар илүү хугацаанд багийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн явдалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй, харин багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдээс тухай багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдааныг хуульд заасан хугацаанд зохион байгуулаагүйгээс үүссэн үр дагавар гэж үзэх боловч нэхэмжлэгч энэ хугацаанд Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлсэн, цалингаа бүрэн авч байсан нь түүний шүүх хуралдаанд өгсөн тайлбараар тогтоогдож байгаа тул түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзлээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /цаашид хуулийн гэх/ 23 дугаар зүйлийн 23.4-дэх хэсэгт Хурлын хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар хуульчилсан байхад Ө**** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидээс Ө**** сумын багуудын хуралдааныг хуралдуулах товыг зарласан нь хууль зөрчсөн асуудал боловч энэ талаар нэхэмжлэгч тал маргаагүй, багийн иргэдийн Нийтийн Хурлын багийн иргэдийн Хурлын даргад болон багийн Засаг даргад нэр дэвшүүлэх хуралдаан зохион байгуулагдаж, хуралдаан болон хуралдаанаас гарсан шийдвэрүүд хүчинтэй тул уг шийдвэрийг үндэслэж гарсан Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Соос Ө**** сумын 7 багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаан даргалагчид холбогдуулан гаргасан Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн багийн Засаг даргад нэр дэвшүүлсэн хуралдааныг болон Ө**** сумын 7 дугаар багийн иргэдийн Нийтийн Хуралаас Т.Сын нэрийг багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд уламжилсан тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Соос Ө**** сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Ө**** сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 55 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 19 дүгээр хуудас

[2] Хэргийн 93-96 дугаар хуудас

[3] Хэргийн 54 дүгээр хуудас

[4] Хэргийн 64 дүгээр хуудас

[5] Хэргийн 69 дүгээр хуудас

[6] Хэргийн 74, 84 дүгээр хуудас

[7] Хэргийн 116, 181, 185 дугаар хуудас

[8] Хэргийн 9 дүгээр хуудас

[9] Хэргийн 182 дугаар хуудас

[10] Хэргийн 6 дугаар хуудас

[11] Хэргийн 7 дугаар хуудас