Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 110/2019/0085/З |
Дугаар | 221/МА2020/0293 |
Огноо | 2020-04-30 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2020/0293
С.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Е /цахимаар/ нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х-д холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Б-ийн “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С.Берик шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “... З.М-ийг ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах шүүхийн шийдвэрүүдэд Засаг дарга С.Б би санаатай буюу болгоомжгүй байдлаар хүн хохироож бусдад гэм хор учруулсан гэсэн нэг ч үг үсэг байхгүйгээс гадна энэ талаар өөр бусад эрх бүхий байгууллагаас Иргэний хуулийн 498.5-д заасан нөхцөл болох шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсаныг тогтоосон ямар ч акт байхгүй юм. Аудитын байгууллагад захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол шаардлага ирүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дур мэдэн дангаараа эрхээ хэрэгжүүлэх боломжгүй юм. Манай нөхцлийн хувьд хохиролоо шаардах эрх бүхий захиргааны байгууллага болох Баяннуур сумын ЗДТГ-аас Баян-Өлгий аймгийн Санхүү хяналт, аудитын газарт хохирол төлүүлж өгөх талаар ямар ч гомдол шаардлага хүргүүлээгүй байхад дээрх хуулийн заалтуудыг зөрчин дур мэдэн акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал байсаар байтал шүүх анхаараагүй. Захиргааны ерөнхий хуулийн 103-р зүйл нь Төрийн албаны хуульд харшлан хэрэгжих боломжгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж эхлэн 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчингүй болж шинэ хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тусгаж өгсөнөөр Захиргааны ерөнхий хуулийн 103-р заалт 2019 оны 01-р сарын 01-нээс хойш л хэрэгжих нөхцөл үүссэн. З.М-тэй холбоотой шүүхийн шийдвэр болон бусад эрхийн актууд 2019 оны 01-р сарын 01-нээс өмнө гарч дуусгавар болсон бөгөөд би З.М-ийг ажлаас чөлөөлөх, ажилд эгүүлэн томилох ажиллагааны үед 2002 оны Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхлээгүй байсан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103-р зүйл хэрэгжих боломжгүй тухайн үед болсон явдалд энэхүү хуулийн заалтыг баримтлан акт үйлдэж буй нь хууль зөрчсөн явдал юм. ...Улсын байцаагчийн акт гаргахад хууль зөрчсөн явдалтай эвлэрч түүнийг зөвтгөж, хариуцагч хууль зөрчиж болно харин та нар болохгүй гэсэн өнгө аяс бүхий дүгнэлт хийж байгаа нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, 2 дахь хэсэгт заасан “Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна” гэх суурь зарчимд нийцэмгүй жинхэнэ утгаар хууль зөрчсөн явдал гэж үзнэ. Иймд улсын байцаагчийн акт болон анхан шатны шүүхийн шийдвэр зэргийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, ач холбогдолтой талаас нь үнэлж үйл баримт, бодит нөхцөл байдлыг зөв тодорхойлсон байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч С.Берик нь Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч Х.Х-д холбогдуулан “Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаар актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “төрийн албан хаагч төрийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэнээс үүссэн эрсдэл, бусдад гэм хор учруулсан нөхцөлд ажил олгогч байгууллага, эсхүл төр хариуцах ёстой, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл хэрэгжих боломжгүй байсан үед энэ хуулийн заалтыг баримтлан акт үйлдсэн нь хууль бус” гэж маргажээ.
Маргаан бүхий Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18-01/80 дугаар актаар Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1, 103.2-т заасныг тус тус баримтлан Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсөвт учирсан хохирол болох 10.163.422 төгрөгийг Баяннуур сумын Засаг дарга С.Б-ээр төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 4 дүгээр зүйлийн 4.2.7-д “хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах”, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана”, 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг эхний ээлжинд нэн даруй төр хариуцан арилгах үүрэгтэй гэж ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч С.Берикийн Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга З.М-ийг ажлаас халсан шийдвэр хууль бус болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, шүүхийн шийдвэрийн дагуу З.М-д ажилгүй байсан хугацааны олговорт 10.163.422 төгрөгийг Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс олгосон үйл баримт тогтоогдож байх тул хуульд заасан урьдач нөхцөл хангагдсан гэж үзнэ.
Түүнчлэн, Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т зааснаар Засаг дарга нь хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаанд баримтлах хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн байх, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг баримтлах үүрэгтэй атал хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүйн улмаас З.Мийг ажлаас халсан шийдвэр хууль бус болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул шууд санаатай үйлдлийн улмаас иргэнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар шүүх зөв дүгнэлт хийжээ.
Энэ тохиолдолд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан “шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан” гэх урьдач нөхцөл мөн хангагдсан гэж үзэх тул хууль бус шийдвэр гаргасан буруутай албан тушаалтан болох Баяннуур сумын Засаг дарга С.Берикээр хохирлыг буцаан төлүүлэхээр шийдвэрлэсэн Баян-Өлгий аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн акт үндэслэлтэй, холбогдох хуулийг зөв хэрэглэсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн “Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйл 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө хэрэгжих боломжгүй байсан, шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр бусдад гэм хор учруулсаныг тогтоосон ямар ч акт байхгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу сумын Засаг даргыг шууд харьяалах буюу томилох эрх бүхий этгээд болох аймгийн Засаг даргын дотоод аудитын нэгж болох Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаас төсвийн хөрөнгийг нөхөн төлүүлэхээр акт тогтоосон нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн “захиргааны байгууллагаас хохирол төлүүлж өгөх талаар гомдол шаардлага ирүүлээгүй тохиолдолд аудитын байгууллага дур мэдэн дангаараа эрхээ хэрэгжүүлэх боломжгүй” гэх гомдол үндэслэлгүй.
Хариуцагч улсын ахлах байцаагч нь сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулснаа нотолж чадаагүй, хяналт шалгалтын явцад шалгалтын тэмдэглэл үйлдээгүй байх боловч энэхүү процессын шинжтэй зөрчил нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасан “...бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” бүрэн эрхээ хэрэгжүүлж гаргасан улсын ахлах байцаагчийн актыг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй, үүнтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.Хонинхүү
ШҮҮГЧ О.НОМУУЛИН