Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0078

 

Д.Д***ийн нэхэмжлэлтэй, Монгол

Улсын Ерөнхий аудитор С.М***нд

 холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа

Шүүгчид:                                             Д.Батбаатар

                                                                М.Батсуурь                                           

                                                                П.Соёл-Эрдэнэ  

Илтгэгч шүүгч:                                Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2026/0011 дүгээр шийдвэртэй хэргийг,

Нэхэмжлэгч Д.Д***ийн давж заалдах гомдлоор,

Нэхэмжлэгч Д.Д***г оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага:

Д.Д*** нь Монгол Улсын Ерөнхий аудитор С.М***нд холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2.Хэргийн нөхцөл байдал:

2.1.“Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг баталсан байна.

3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

“ ... Үндэсний аудитын газар нь аливаа дүрэм, журам, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг батлахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргах үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байхаар” тогтоосон. Гэтэл энэхүү тогтоосон сонгуулийн санал авах өдрөөс 24 хоногийн өмнө хариуцагч маргаан бүхий журмыг баталсан нь хууль дээдлэх зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг ноцтой зөрчсөн. Уг журмын улмаас нэр дэвшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж, сонгуулийн үйл ажиллагаанд оролцож буй олон иргэнд хүндрэл учирсан. Хуульд нийцээгүй журам баталсан нь иргэдийн болон сонгуульд өрсөлдсөн миний эрхийг зөрчсөн ... ” гэжээ.

4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д заасан зохицуулалтын хүрээнд холбогдох хууль тогтоомжийг үндэслэн маргаан бүхий журмыг шинэчлэн баталсан. Нэхэмжлэгчээс “сонгуулийн санал авах өдрөөс нэг жилийн өмнө уг журмыг баталсан нь хууль зөрчсөн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь уг журмыг батлах хугацааны талаар хуульд тусгайлан хязгаарлалт тогтоогоогүй тул аливаа иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хязгаарлалт нь тус журамд хамаарахгүй …” гэжээ.

5.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн. Үүнд:

5.1.“... Хариуцагчаас “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг батлахдаа хуульд заасны дагуу холбогдох судалгаа, нөлөөллийн шинжилгээг тус тус хийсэн… Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6, 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасан зохицуулалтын дагуу аливаа хүн, хуулийн этгээдээс захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гарган шүүхэд маргаж буй тохиолдолд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

5.2.“Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-д нэмэлт, өөрчлөлтийг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангасан буюу хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн, захиргааны хэм хэмжээний актын төслийг бэлтгэх, актын төсөлд санал авах, актыг баталж, хүргүүлэх журмыг үндэслэн баталсан болох нь тогтоогдсон ...

5.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг нь “Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахаас өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглох” агуулгатай байна. Харин нэхэмжлэгчээс “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-тай маргаж буй бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон бусад хуулиудад тавигдах хязгаарлалтыг тус журамд хамааруулан маргаж байгаа нь үндэслэлгүй. Маргаан бүхий журмын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна ...” гэх зэргээр дүгнэжээ.

6.Нэхэмжлэгч Д.Д*** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

6.1.“... Миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9-д заасан хуулиар олгогдсон сонгогдох эрхээ эдэлж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 6 дугаар тойрогт нэр дэвшсэн. Дорнод аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч Г.А*** нь 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн *** дүгээр шийтгэлийн хуудсаар сонгогч бөгөөд хандивлагчийн хууль, эрх зүйн мэдлэг дутмагаас үүсэн гарсан алдаанд тулгуурлан, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас давж батлагдсан, өөрчлөгдсөн хууль, журам хэрэглэж хариуцлага тооцсон. Дээрх шийтгэлийн хуудас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирж, миний дансыг битүүмжлэн, 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгийг торгуульд авсан …

6.2.Намайг торгох үндэслэл болсон маргаан бүхий журам нь Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиас давж батлагдсан хэмээн үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Үндэсний аудитын газар хамтран Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зүйл, заалтыг зөрчин, Зөрчлийн тухай хууль, нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” баталж, улс төрийн нам, эвсэл, бие даан нэр дэвшигч нарыг сонгуулийн дараа торгож шийтгэх, дахин Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшихээс халшраах зохион байгуулалттай үйлдэл хийсэн гэж үзэж гомдол гаргаж байна.

6.3.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4-т “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.” ..., 82 дугаар зүйлийн 82.1-д “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.”, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-д “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан. Энэ зүйлийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг зөрчсөн.

6.4.Мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

6.5.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, маргаан бүхий журмыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргаж байна, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

8.Давж заалдах шатны шүүх маргаан бүхий журмыг нэхэмжлэгчийн маргаж буй хууль зүйн үндэслэлээр хязгаарлалгүйгээр захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлагыг бүхэлд нь хянаж (шийдвэр гаргах журам болон агуулгын хувьд), нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

9.Тодруулбал, хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.5-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам”-ыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу баталж, эрх бүхий этгээдэд бүртгүүлсэн, уг журам нь мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах эрх зүйн шаардлагыг хангасан талаар үндэслэл бүхий дүгнэжээ.

10.Учир нь, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тус тус заасан.

11.Маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох “Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлан гаргах, зардлын тайланд аудит хийх, хянах, дүнг нийтэд мэдээлэх, танилцуулах журам” нь дээрх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуультай нийцүүлэн гаргасан “хууль тогтоомжийн бусад акт”-д хамаарах боловч мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй. 

12.Учир нь, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “… сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж тухайлан заасан. Өөрөөр хэлбэл, уг зүйлд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль” гэснээс бус, мөн хуулийн 2 дугаар зүйлд заасан агуулгаар буюу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн “хууль тогтоомж” гэж заагаагүй байна.

13.Иймд, “хариуцагч Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын сонгуулийн санал авах өдрөөс 24 хоногийн өмнө 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн *** дүгээр тушаалын хавсралтаар холбогдох журмыг баталсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг зөрчсөн …” гэсэн агуулгатай нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

14.Нэгэнт маргаан бүхий журам нь хууль зөрчөөгүй буюу хууль ёсны, тухайлбал Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангасан байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх боломжгүй юм.

15.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 221/ШШ2026/0011 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧИД                                                             Д.БАТБААТАР

                                                                                       М.БАТСУУРЬ

                                                                                               П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                                                                                       Г.БАНЗРАГЧ