Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 00502

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1956 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Баян-Агт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, Булган аймгийн Баян-Агт сумын 6 дугаар багт оршин суух, Тайгын баян овогт Баасанжавын Дамдинсүрэнг /РД:ГА56020475/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00553/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Буманбаяр оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дамдинсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие 1971 онд трактор комбайны курс төгсөөд 1972 онд тус суманд трактор комбайны жолоочоор ажилд орж 1982 он хүртэл ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтрийн бичилтэнд зөрчил гарсан учир дээрхи ажиллаж байсан байдлаа үнэн зөвөөр нь тогтоож өгнө үү. Мөн намайг Баасанжавын Дамдинсүрэн гэдэг бөгөөд ажилд анх ороход цалин олгохдоо 70 дугаар дансны туслах дээр миний хойд эцэг Балдоржоор овоглон бичсэн байх юм. Миний иргэний үнэмлэх хөдөлмөрийн дэвтэр бусад бичиг баримт бүгд өөрийн эцгээр овогтой байгаа юм. Иймд дээрхи нөхцөл байдлыг харгалзан дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Миний бие нь Булган аймгийн Баян-Агт сумын 6 дугаар багт оршин суудаг. Өндөр настай тул шүүхэд очих боломжгүй байгаа тул миний эзгүйд хэргийг яаралтай шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын Архивын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 3/162дугаартай лавлагаа, Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдлийн зөвлөлийн даргын №31 дугаартай ээлжийн амралт олгох тухай тушаал, хавсралт, 1972 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Н.Хурганы... Дамдинсүрэн бид хоёр 1971 онд сумандаа трактор комбайны курст хамт суралцаж төгсөөд 1972 оноос эхэлж Их-Ирээдүй нэгдэлд трактор комбайны жолоочоор ажилд орсон. Дамдинсүрэн нь 1982 он хүртэл ажиллаад явсан. Би өөрөө нэгдэл тартал 1992 он хүртэл ажилласан. Л.Энхбат, Дамдинсүрэн бид нар суманд байгуулагдсан трактор комбайны курст хамт суралцан төгсөж байсан гэх..., гэрч Л.Энхбатын...1971 онд трактор комбайны курс суманд байгуулагдаж Дамдинсүрэн бид 2 уг курсыг төгсөөд трактор комбайны жолооч болж байсан. Ингээд Дамдинсүрэн бид хоёр Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдлийн тариа бригадад тракторын жолоочоор 1972 оны хавараас эхлээд ажиллаж эхэлсэн. Курс 1971 оны 11 дүгээр сард эхлээд 1972 оны хавар дуусч байсан. Дамдинсүрэн нь 1982 оны 5 сард ажлаасаа гараад автын курст явсан. Би өөрөө Дамдинсүрэнгийн хамт тус нэгдэлдээ ажилд ороод нэгдэл тартал ажилласан. 1992 он хүртэл ажиллаад компани болоход нь үргэжлүүлэн ажилласан гэх... мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б.Дамдинсүрэнгийн цалингийн түүвэр бүхий архивын лавлагаанд түүний овог нэр зөрүүтэй Балдоржийн Дамдинсүрэн нэрээр бичигдсэн байх боловч тэрээр Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд ажиллаж байсан нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Тайгын баян овогт Баасанжавын Дамдинсүрэнг Булган аймгийн Баян-Агт сумын Их-Ирээдүй нэгдэлд тракторын жолоочоор 1972 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 10 /арван/ жил 1 /нэг/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН