| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0015/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2019-01-18 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням
Хохирогчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ю.Нямсүрэн
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг
Шүүгдэгч О.А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ат холбогдох эрүүгийн ...... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ...... суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, /бичиг үсэг мэдэхгүй/ мал малладаг хувьдаа 100 гаруй бог малтай, ам бүл 1, Дорноговь аймгийн ..... сумын ... дүгээр баг ........... бригадад оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Ц овогт Оын А
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.А нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим тус аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаар, бүртгэлгүй өөрийн эзэмшлийн гэх мотоциклийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7.а-д зааснаар “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 2.2-т Монгол улсын нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцод нийцэх жолоодох эрхийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй байх. б/ тээврийн хэрэгсэл нь бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдэг, дугаартай байхаас гадна Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын хяналтын алба /цаашид замын цагдаагийн алба гэх/-д тэмдэглүүлсэн байх. 2.3 в/ мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн Тээврийн хэрэгслийн хурд. 9.2-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн дүрмийн заалтуудыг зөрчин жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад зам хөндлөн гарч явсан хохирогч Н.Оийг мөргөж хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 10 сарын 16-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд .... сумаас ирсэн. Маргааш нь зах гараад хөдөө явах юмаа аваад 11 цагийн үед найзындаа очиж 0,5 граммын архи 2-уул хувааж уугаад 16 цагийн орчим хөдөө явахаар гарсан. Саарал өнгийн машиныг зүүн талаар нь гүйцэд түрүүлсэн, тэгээд ойчсон. Ойчсоноос хойш юу болсныг мэдээгүй, хүн дайрснаа мэдээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож байна, цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэсэн мэдүүлэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Хын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай эхнэр ер нь ажлаасаа тараад 6 цаг өнгөрөөгөөд гэртээ ирдэг юм. Гэтэл 2018 оны 10 сарын 17-нд манай эхнэр 19 цаг 30 минут болоод ирэхгүй болохоор нь яасан юм бол гээд залгахад эмнэлгийн хүн аваад утасны эзэн нь аваарт орсон байна гэж хэлсэн. Эмнэлэгт 7 хоног ухаангүй байж байгаад ухаан ороод 10 сарын 25-нд Улаанбаатар хотын Гэмтлийн эмнэлэгт 11 сарын 12 хүртэл хэвтсэн. Зүүн шилбэ нь хугараад арьсаа цоолоод гарсныг эмчилсэн. 12 сарын 11-нд эмнэлгээс гараад аймагт ирсэн. 12 сард И-Өлзийт, Ачлал эмнэлэгт хэвтсэн. Зүү тавиулах, бариа засал хийлгэх эмчилгээ хийлгэсэн. Зүүн тал нь саажилттай, хагалгаанд орох боломжгүй гээд шимэгдүүлэх эмчилгээ хийсэн. Зүүн талын нүд нь харж чадахгүй байгаа. 6000000 төгрөг авсан. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Дахин эмнэлэгт хэвтэх шаардлагатай байгаа гэсэн мэдүүлэг
Хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Миний зүүн талын хөл хугарч биеийн зүүн талын хэсэг харвалт өгсөн. Мөн миний зүүн талын хүүхэн хараа зүүн тал руугаа тогтсон, мөн зүүн зовхи уначихаад дээшээ болохгүй байна ...хамгийн түрүүнд нүдээ эмчлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Н.Оийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн талаар тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн 02/0349 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: "...Н.Оийн биед тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн шилбэ, тахилзуур ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо ...тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь тэнссэн байдалд хүргэсэн тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3-7/,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 35, 42, 47, 51, 57,67, /
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 38-39, 43-44, 48, 52-53, 58,60/
Ашид билгүүн ХХК-ний үнэлгээ /хх-ийн 64-66/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх -82/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий дээрхи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр шүүгдэгч О.А нь 2018 оны 10 сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Сайншанд сумын 3-р багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүйгээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эзэмшлийн гэх мотоциклийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.7.а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа.. хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл... жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг, мөн бүлгийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэн Н.Оийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулжээ.
Шүүгдэгч О.А нь энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний зүүн талын хөл хугарч биеийн зүүн талын хэсэг харвалт өгсөн. Мөн миний зүүн талын хүүхэн хараа зүүн тал руугаа тогтсон, мөн зүүн зовхи уначихаад дээшээ болохгүй байна...”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сайншанд сумын төвд орж ирээд явж байх үед мотоцикль унасан эрэгтэй хүн машины зүүн талаар гүйцэж түрүүлэх үйлдэл хийж урд талд орж ирээд машинаас урагш 70 метр хавьцаа зам хөндлөн гарч байсан эмэгтэй хүнийг хажуу талаас нь очиж мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...аймгийн төвийнхөө зүүн хойд зүгт байх колонкоос газ авахаар явж байхад мотоцикльтой хүн миний жолоодож явсан машиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлээд 70-100 метрийн зайтай зүүн талаасаа баруун хойшоо чиглэлтэй тортой юм барьчихсан зам хөндлөн гарч явсан эмэгтэйг мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг, гэрч Э.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сайншанд сумын төвд тээврийн товчоо арай хүрээгүй,тээврийн товчооноос баруун тийш замынхаа баруун талын урсгалаар зүүн тийш чиглэлтэй явж байхад нэг мотоцикльтой хүн бидний хажуугаар /зүүн гар талаар/ хурдтай гүйцэд түрүүлээд урд гараад явсан...г гүйцэж түрүүлээд урд явж байхад нэг цагдаа нь энэ хүн дайрах нь ээ гэж хэлээд л удаагүй түс тас хийх чимээ гараад явчихсан...”гэсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 02/0349 дугаартай шинжээчийн дүгнэлт, Замын Цагдаагийн албаны 2018 оны 11 дүгээр сарын 22-ний өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2-р бүлгийн 2.7.а, 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан журмыг биелүүлэх үүргээ хэрэгжүүлж аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авч зам тээврийн ослоос сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй байна.
Иймд шүүгдэгч О.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Аыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2,3-т зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч О.Ат ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэм буруугийн талаар маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад учруулсан хохирлыг нэхэмжилсэн дүнгээр төлж барагдуулсан, цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлыг тухай бүр нь төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг харгалзсан болно.
Шүүгдэгч О.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгэээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгчийг тэнсэж хянан харгалзсантай холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хохирогчийн цаашид нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэхийн зэрэгцээ мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3, 3.4-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэх, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалтын албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Хохирол төлбөрийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас Н.Оийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х 5995475 төгрөгийн гэм хорын хохирол нэхэмжилснийг шүүгдэгч О.А нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1500 000 төгрөгийг, шүүхийн шатанд 4500 000 төгрөг нийт 6000 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Х шүүхийн хэлэлцүүлэгт ”О нь цаашид эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай байгаа учир гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалж үүссэн гэм хорын нэхэмжлэл, цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч О.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын мэдэээлэл судалгааны төвийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ц овогт Оын Аыг согтуурсан мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч О.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 3-ын 3.3, 3.4-т зааснаар шүүгдэгч О.Ат хохирогчийн цаашид нэхэмжилсэн гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх хязгаарлалтыг тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.А нь тэнссэн хугацаанд тогтоосон үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах учрыг анхааруулсугай.
6.Шүүгдэгч О.Аын иргэний бичиг баримт, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7.Хохирогч Н.О болон түүний хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН