Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/06568 дугаар шийдвэртэй,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

*******д холбогдох,

 

Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* дугаар байрны ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай компани *******тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр захиалагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөх, гүйцэтгэгч нь барилгыг 2023 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар тохиролцсон. Бид гэрээний үүргээ бүрэн биелүүлж барилгыг 2022 оны 12 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 2.1-т орон сууцны нийт үнийг 1,313,145,195 төгрөг байхаар харилцан тохиролцсон. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 382,556,773 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 42,556,773 төгрөг, нийт 625,113,546 төгрөгийг төлсөн. Үлдэх 688,031,649 төгрөг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Манай компани *******тай байгуулсан орон сууц захиалгын гэрээг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан. Иймд, Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж гэрээний дагуу 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 200,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 382,556,773 төгрөг, нийт 582,556,773 төгрөг буюу нийт төлбөрийн 50 хувийг төлсөн ба 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 42,556,773 төгрөгийг төлснөөр үндсэн төлбөрөөс 540,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ******* ХХК-аас надад гэрээг албан ёсоор цуцалсан тухайгаа мэдэгдээгүй. Иймд, дээр дурдсан үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын бүртгэлийн ******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* //, гудамж, ******* дугаар байр ******* тоот орон сууцыг Б.Наранлхагвын хууль бус эзэмшлээс чөлөөлж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д  олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд биечлэн орлох боломжгүй буюу эрүүл мэндийн шалтгаантай эмчилгээ хийлгэж байгаа тул шүүх хуралдааныг түр хугацаагаар хойшлуулж өгөхийг хүсэж, хүсэлтдээ эмнэлгийн магадалгаа, өвчний хүнд үед удаан хугацааны эмийн эмчилгээ, физик эмчилгээ, биохимийн шинжилгээ, үе мөчний шинжилгээ, цусны шинжилгээ, эрдсийн шинжилгээ зэргийг хийлгэж байсан талаарх холбогдох баримтуудыг хавсаргаж өгч байсан.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу хариуцагчид мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй, шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлсэн байх боловч хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдохгүй байх тул шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно... гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний хуулиар олгогдсон шүүх хуралд биечлэн оролцох, шүүх хуралдаанд адил тэгш эрхтэй оролцох, шударгаар мэтгэлцэх эрхийг ноцтойгоор зөрчиж хэргийн оролцогчийн гаргасан хүсэлт, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Жич: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ...шүүх хуралдааныг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү... гэсэн хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн огноотойгоор гарсан байх ба энэхүү хүсэлтийг тухайн шүүх хуралдаан дээр буюу 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан гэж үзэж үндэслэлгүй байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч тал шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх агуулгаар маргасан. 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авч, улмаар 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл буюу шүүх хуралдаан зарлагдах хүртэлх хугацаанд хүсэлт, баримт бичиг гэх мэт нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүх хуралдаан зарлагдсан өдрийн маргааш нь өвчтэй байгаа гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Уг хүсэлт нь Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалын хавсралтад заасан баримтын шаардлагыг хангаагүй, ямар эмнэлгээс магадалгаа гарсан нь тодорхой бус, ерөнхий эмчийн гарын үсэг, тамга тэмдэг дарагдаагүй байсан. Шинжилгээ өгсөн, өвчтэй байсан, өвчтөн асрамжилсан, хөл хоригдсон эмчид үзүүлсэн шинжилгээ, ариутгал эмчилгээ, протез хийлгэсний аль нь болохыг зурж тодорхойлсон зүйл байгаагүй. Дээрх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иймд, давж заалдах гомдол үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...манай компани *******тай 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн боловч хариуцагч нь гэрээний үүрэгт 1,313,145,195 төгрөг төлөх ёстойгоос 625,113,546 төгрөгийг төлж, үлдэх 688,031,649 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй төлөөгүй тул түүнтэй байгуулсан байгуулсан орон сууц захиалгын гэрээг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр цуцалсан. Иймээс манай компанийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, ******* хороо, *******, ******* дугаар байр, ******* тоот орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү... гэсэн бол,

 

хариуцагч нь ...******* нь орон сууц захиалан бариулах гэрээний дагуу нийт 625,113,546 төгрөгийг төлснөөр үндсэн төлбөрөөс 540,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд ******* ХХК энэ гэрээг албан ёсоор цуцалсан тухайгаа мэдэгдээгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

3. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Скай гардени резиденс ХХК нь тус орон сууцны өмчлөгч болохын хувьд өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй боловч гагцхүү хариуцагч Б.Наранлхагвын эзэмшил нь хууль бус байх тохиолдолд түүнээс чөлөөлж өгөхийг шаардах эрхтэй.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, гэрээ хүчин төгөлдөр аль эсхүл цуцлагдсан эсэх талаар талуудыг мэтгэлцүүлэхгүй хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасантай нийцээгүй байна.

 

4.1. Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараар талууд 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, нэхэмжлэгч ******* ХХК нь орон сууцыг 2023 оны 1 дүгээр улиралд барьж ашиглалтад оруулах, хариуцагч ******* нь 1,313,145,195 төгрөг /2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн дотор 582,556,773 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор 582,556,773 төгрөг/-ийг төлөхөөр харилцан тохиролцож, улмаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг ашиглалтад оруулсан бөгөөд хариуцагч нь 625,113,546 төгрөгийг орон сууцны үнэд төлсөн талаар талууд маргаагүй. /х.х-ийн 6-8, 14-16/

 

4.2. Харин хариуцагч ******* нь 540,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй, нэхэмжлэгч ******* ХХК-ийн зүгээс гэрээг албан ёсоор цуцалсан тухайгаа мэдэгдээгүй, гэрээний үүргээ биелүүлэх боломжтой, тухайн худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж маргажээ. /х.х-ийн 10/

 

Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан өмчийн нэхэмжлэл буюу өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн зүйлд хариуцагчийг хууль бусаар амьдарч байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

Энэ тохиолдолд шүүх талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгч нь үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцалж, үр дагаврыг буюу өгсөн зүйлийг харилцан буцаах нэхэмжлэл, аль эсхүл зохигч харилцан зөвшөөрч гэрээг цуцалсан байхад хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйлд хууль бусаар амьдарч байгаагийн чухам аль нь болохыг тодруулах нь зүйтэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна гээд 67.1.1-д зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх гэж заасан.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн оролцогч нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлах, маргааны зүйлийг тодруулах, тогтоох, мөн зохигчийн мэтгэлцэх хүрээ хязгаарыг тодорхойлох чиг үүргийг зохих ёсоор хэрэгжүүлж, талуудыг чиглүүлэх үүрэгтэй.

 

6. Анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШЗ2025/35226 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтдээ хавсарган ирүүлсэн эмнэлгийн магадалгаа нь эмнэлгийн тамга дарагдаагүй, ерөнхий эмчээр баталгаажуулаагүй, баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр түүний хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгахгүй. /х.х-ийн 33, 45-46/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

Иймд, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад хэрэгт авагдсан баримтыг үндэслэн давж заалдах шатны шүүх маргаанд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 192/ШШ2025/06568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Б.МАНДАЛБАЯР