Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2026/00010

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Азбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/05687 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 75,683,360 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн *******ын хилийн боомт дээр ******* ХХК-ийн эзэмшлийн ******* УАК дугаартай North Benz маркийн нүүрс тээврийн хүнд даацын жолооч ******* нь зам тээврийн осол гаргаж, иргэн *******гийн өмчлөлийн ******* ӨМА дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг мөргөн автомашинд болон тээвэрлэлтэд хохирол учруулсан.

Тус компаниас тээврийн хэрэгслийн эд ангиудын засварыг , нар хариуцлагатай, найдвартай ажиллаж, тохиролцсоны дагуу засварлан 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Улмаар 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр машины эйр кондейшн цэнэглэж өгөхөөр тохиролцсон байна.

...******* ӨМА дугаартай Howo маркийн тээврийн хэрэгсэл нь ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг бөгөөд уг компани нь тээврийн тооцоог бодож олгодог. 2023 оны 12 дугаар сард --ын чиглэлд 2 удаа тээвэр хийгээд байсан юм. Машины эд анги засварлах хугацаанд тээвэрт явах боломжоо алдаад орлого байхгүйгээс авто машиныхаа зээлийн төлбөрийг төлж чадахгүй хохироод байгаа билээ. Би, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл /2023 оны 12 дугаар сард 2 удаагийн тээвэрлэлт, 2024 оны 01 дүгээр сард 3 удаагийн/ нийт 5 удаагийн тээвэрлэлтийн хийсэн байсан. Нэг удаагийн тээвэрлэлтээр 15,172,672 төгрөгийн орлого олдог бөгөөд 5 удаагийн тээвэрлэлтийн орлого болох 75,683,360 төгрөгийг гэм хорын хохирлоор гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Тухайн үед нүүрс ачилт, буулгалтын талбайд байсан тээврийн хэрэгслүүдийн хооронд ослын шинжтэй тохиолдол болсон бөгөөд ******* ӨМА тээврийн хэрэгслийн өмчлөгч талын хүсэлтээр манай компани засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Тус ослын шинжтэй тохиолдлын шалтгаан нөхцөл тодорхойгүй бөгөөд энэ нь зам тээврийн осол байсан эсэх, мөн ******* ХХК-ийн эзэмшлийн ******* УАК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй юм. Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хариуцлага ногдуулахад юуны өмнө гэм хор учруулагчийн гэм буруу байгаа эсэх нь тогтоогдсон байх шаардлагатай байдаг. Энэ тохиолдолд тус компанийн осолд өртсөн ******* дугаартай тээврийн хэрэгслийн жолооч *******ын гэм буруу нь тогтоогдоогүй тул ******* ХХК нь ******* ӨМА тээврийн хэрэгслийн тээвэрлэлтэд учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэлгүй юм.

Мөн нэхэмжлэгч нь ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг байсан гэх боловч ямар үндэслэлээр 5 удаагийн тээврийн орлого нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, мөн нэг удаагийн тээврийн орлого 15,172,672 төгрөг байдаг гэдэг нь ямар тооцоо баримтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 75,683,360 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,367 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

******* ХХК-ийн ******* УАК North Benz маркийн автомашины жолооч ******* нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн хилийн боомт дээр нүүрс буулгах дараалалд зогсож байсан. Түүнээс хоёр чиргүүл хэмжээтэй буюу 50 орчим метрийн хойно иргэн *******гийн өмчлөлийн HOWO маркийн ******* ӨМА улсын дугаартай нүүрс тээврийн автомашин нүүрсээ буулгах гээд зогсож байсан. Гэтэл жолооч ******* нь машинаасаа буутал машин нь тормоз алдаад ухарсан. ******* машиндаа орж амжаагүй, машин нь ухарч ирээд манай машины урд талаас мөргөсөн үйл баримт болсныг гэрч ын мэдүүлгээр нотолсон. Хариуцагч тал ослын шинжтэй тохиолдол болсныг үгүйсгээгүй. Энэ болсон үйл баримтыг шүүх дүгнэхдээ гэрч ын мэдүүлэг, тухайн үед орлого олох байсныг нотолсон тээврийн хэрэгслийн тооцоолол баримтуудыг болон гэрч ийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 5.3-т ХХК-ийг өмчлөгч гэж үзэж шаардах эрхээ *******д шилжүүлэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан гэрч ын мэдүүлэг, ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 24/141 дүгээр албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тухайн машин нь *******гийн өмч гэдгийг давхар нотолдог, HOWO маркийн ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* гэдэгтэй хариуцагч тал маргадаггүй.

Өмчлөгч шаардах эрхээ хэрэгжүүлж байхад гэм хорын хохирол шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаа тээвэрлэлтэд учирсан хохирол өөрөөр хэлбэл олох байсан орлого гэж тодорхойлсон байхад үүнтэй холбоотой баримтуудад үнэлэлт дүгнэлт хийгээгүй атлаа нэхэмжлэлийг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр биечлэн гардаж авсан. Мөн өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг гардаж авсан тул давж заалдах гомдол гаргах хуулийн хугацаа өнгөрсөн. Давж заалдах гомдол гаргах хугацааг ямар үндэслэлээр сэргээсэн талаар асуухад хүндэтгэн үзэх шалтгаан нь шууданг буруу явуулсан, анх хаяглахдаа шууд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гэж хаягласантай холбоотой шуудан буцсан гэх тайлбарыг өгсөн. Гомдол гаргах хугацаа сэргээсэн баримттай холбогдуулаад Монгол шуудан ХК-ийн нээлттэй утсаар холбогдуулаад лавлагаа авсан. Тухайн лавлагаагаар шууданчийн буруугаас хугацаа хэтрүүлсэн гэх тайлбарт хамааралгүй өөр шуудангийн илгээмжийн баримтыг нотлох баримтаар өгсөн.

...1086 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ХХК болох нь Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогддог. ...Нэхэмжлэгч тал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хариуцагч тал *******г өмчлөгч гэдэгт маргаагүй гэх агуулгыг дурдсан нь үндэслэлгүй. Өмнө нь ХХК нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа ******* шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас эргэлзээтэй буюу нэхэмжлэх эрхтэй этгээд гэж хүлээн зөвшөөрөөгүй. Анхан шатны шүүх *******г нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзээд ХХК-аас итгэмжлэл аваагүй, эрх шилжүүлсэн талаар баримт байхгүй байна гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээний хугацаа нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Уг гэрээг цаашид сунгасан талаар баримт байхгүй, сунгаагүй талаар лавлагаа буюу хүчин төгөлдөр бус гэдгийг нотлох лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулж хэрэгт нотлох баримтаар хавсаргасан.

Түүнчлэн орлого олсныг нотлох өөр баримт байхгүй, орлогоо хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байдаг. Гэм буруугийн асуудлын талаар гомдолд дурдсан боловч хариуцагч гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Учир нь нүүрс ачилт, буулгалтын талбай, тээврийн хэрэгсэл хоорондын асуудалд хэн нь буруутайг тогтоосон хуулийн байгууллагын шийдвэр байхгүй. Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тодорхойгүй учраас гэм хор шаардах боломжгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 75,683,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа ...2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн *******ын хилийн боомт дээр ******* ХХК-ийн эзэмшлийн ******* УАК дугаартай North Benz маркийн нүүрс тээврийн хүнд даацын жолооч ******* нь зам тээврийн осол гаргаж, иргэн *******гийн өмчлөлийн ******* ӨМА дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг мөргөн автомашинд болон тээвэрлэлтэд хохирол учруулсан, тус компаниас тээврийн хэрэгслийн эд ангиудыг засварлаж 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээлгэн өгсөн, ******* ӨМА дугаартай Howo маркийн тээврийн хэрэгсэл нь ложистик ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг бөгөөд тээврийн хэрэгслийн эд анги засварлах хугацаанд тээвэрт явах боломжоо алдсан тул нийт 5 удаагийн тээвэрлэлтийн орлого болох 75,683,360 төгрөгийг гэм хорын хохирлоор гаргуулахаар нэхэмжилж байна... гэсэн бол,

 

хариуцагч нь ...тухайн үед нүүрс ачилт, буулгалтын талбайд байсан тээврийн хэрэгслүүдийн хооронд ослын шинжтэй тохиолдол болсон бөгөөд ******* ӨМА тээврийн хэрэгслийн өмчлөгч талын хүсэлтээр манай компани засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн, тус ослын шинжтэй тохиолдлын шалтгаан нөхцөл тодорхойгүй бөгөөд энэ нь зам тээврийн осол байсан эсэх, мөн манай эзэмшлийн ******* УАК дугаартай тээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй тул учирсан гэх хохирлыг хариуцах үндэслэлгүй, мөн нэхэмжлэгч нь ХХК-ийн нүүрсийг тээвэрлэдэг байсан гэх боловч ямар тооцоо баримтыг үндэслэж 75,683,360 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж татгалзлын үндэслэлээ тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагаа хийгээгүй, талуудыг мэтгэлцүүлэлгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн ******* ӨМА дугаартай Howo маркийн тээврийн хэрэгслийг ХХК-ийн нэр дээр түр шилжүүлэн тус компанийн тээврийг гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон. /х.х-ийн 42-45/

 

Хэдийгээр ХХК нь ******* ХХК-д холбогдуулан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч дээр дурдсан тээврийн хэрэгслийн өмчлөгчийг ******* мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

 

4. Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******гийн өмчлөлийн тээврийн хэрэгсэлд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан тохиолдолд тус компани хариуцлага хүлээнэ.

 

Зохигч 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн *******ын хилийн боомт дээр ******* УАК, ******* ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдөж зам тээврийн осол гарсан болон нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтлийг хариуцагч компани засварлаж өгсөн үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагч нь тухайн зам тээврийн осол хэний буруутай үйлдэл, эс үйлдэхгүйгээс болсон талаар маргажээ.

 

Гэтэл хэрэгт 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зам тээврийн осолд хариуцагч ******* ХХК-ийг гэм буруутай болохыг тогтоосон баримт авагдаагүй байна.

 

5. Хэрэгт авагдсан баримт болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр нь ...дөнгөж мөргөсөн даруйд нүүрс буулгалтын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн гэж хүн үзлэг хийсэн. Маргааш нь ******* боомтын цагдаа ирж үзлэг хийсэн... гэсэн мэдүүлэг өгчээ. /х.х-ийн 27-28/

 

Тодруулбал, уг зам тээврийн осол болох үед хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн болон цагдаагийн байгууллагаас ослын газарт үзлэг хийсэн байх тул энэ талаарх баримтыг гаргуулах нь талуудын гэм бурууг тогтооход ач холбогдолтой юм.

 

Талууд тухайн нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаагүй боловч хариуцагч нь зам тээврийн осол чухам хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон талаар маргаж байхад анхан шатны шүүх гэм бурууг тогтоох зорилгоор зохигчийг энэ талаар мэтгэлцүүлэх, чиглүүлэх ёстой.

 

6. Мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж, 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг ******* УАК дугаартай North Benz маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь тул гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэдэг агуулгаар гаргаж байгаа, аль эсхүл тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын ажил олгогч учир ажилтны учруулсан гэм хорын хариуцлагыг хүлээх үүрэгтэй гэсэн үндэслэлээр гаргаж байгаагийн аль болохыг анхан шатны шүүх тодруулаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, гэм буруугүй ч гэсэн хариуцлага хүлээх зарчмын хүрээнд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч ******* ХХК-ийг зам тээврийн осол гаргасан *******ын унаж явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч гэх үндэслэлээр тодорхойлж байгаа бол тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч хэн болох талаарх баримт хэрэгт авагдсан байх ёстой, харин ******* нь хариуцагч компанийн ажилтан гэдэг утгаар нэхэмжилж байгаа бол хөдөлмөрийн гэрээ болон түүнтэй адилтгах гэрээ, хэлэлцээр байгаа эсэх талаар тодруулах ёстой байжээ.

 

Анхан шатны шүүх зохигч энэ талаар бүрэн мэтгэлцээгүй, эдгээр үйл баримтыг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэм буруугийн талаарх хэргийн үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

 

Иймд, дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/05687 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 536,367 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

ШҮҮГЧИД  Б.АЗБАЯР

 

Б.МАНДАЛБАЯР