| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
| Хэргийн индекс | 181/2024/00798/И |
| Дугаар | 210/МА2025/02225 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02225
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07606 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-д холбогдох,
504,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь Худалдаа хөгжлийн банкинд MN******* гэсэн IBAN дугаартай төгрөгийн харилцах данстай. Гэвч 2018 оноос хойш дансны зарлагын хөдөлгөөнд хаалт хийгдээд байна.
Компанийн зүгээс олон удаа Худалдаа хөгжлийн банкинд хандаж байсан ч Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, Иргэний хуульд зааснаар үүргээ гүйцэтгэж гүйлгээ хийж өгөөгүй.
Хариуцагч талаас данс дахь мөнгөн хөрөнгийг *******-ийн хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэргүйгээр компанийн хөрөнгийг өгөхгүй байгаа нь үндэслэлгүй. Мөн ******** тус компанийн дахин томилсон тул төлөөлөх эрхтэй эсэх дээр маргаан байхгүй.
Иймд хариуцагчийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, тус банк дахь 504,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ байгуулсан бөгөөд тухайн компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргаантай холбоотойгоор тус компанийн дансны зарлагын гүйлгээг зогсоосон.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 3968 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тогтоолоор *******-ийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа худалдах, түүнд хамаарах эрх шилжүүлэх тухай 23/01 тоот, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд даргыг сонгох тухай 23/03, 23/04 тоот тогтоолыг хүчингүй болгосон.
Ингэснээр гүйцэтгэх захирлаар ******** томилсон тогтоол хүчингүй болсон тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасан эрх хэмжээг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь ******* биш юм.
Үүнээс үзвэл ******* нь нэхэмжлэл гаргах үед хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол нь хүчингүй болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 17.1-т зааснаар хариуцагч *******-иас 504,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,678,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 2,678,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анх нэхэмжлэл гаргах үед *******-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг томилсон хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23/03 дугаар тогтоол хүчин төгөлдөр бус байсан.
2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дахин ******** захирлаар томилсон байх боловч улсын бүртгэлд бүртгүүлж албажуулаагүй тул хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь ******* биш юм.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан.
Мөн нэхэмжлэгч нь Худалдаа, хөгжлийн банкнаас мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ гэм хор, гэрээний зэрэг үүргийг нэхэмжлэлд нэрлэн заагаагүй.
Нэхэмжлэгч нь дансанд байгаа мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах боломжоор хангуулах, дансыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийн бүртгэлийг өөрчлөхийг даалгах зэрэг талаар нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл шүүхээс бэлэн мөнгө гаргуулах нэхэмжлэлийг хангаж, харилцах данс дахь мөнгийг хэрхэх, төлбөр тооцооны даалгавар өгөгдсөн эсэх зэргийг харгалзан үзээгүй, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын томьёолол, агуулгыг тодруулах арга хэмжээ аваагүй.
Энэ нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд тохирсон хариу тайлбар, татгалзал гаргах боломжийг хязгаарласан.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй гэж байгаа боловч 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг гардаж аваад хариу тайлбарыг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд бичгээр гаргасан тул гомдол гаргах эрх хязгаарлагдаагүй. Хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх тайлбар мөн үндэслэлгүй бөгөөд гүйцэтгэх захирлыг томилсон шийдвэр хэрэгт авагдсан. Мөн ******* нь харилцагчийн мөнгийг хууль ёсны үндэслэлгүйгээр царцаах эрхгүй бөгөөд 504,000,000 төгрөгийг олон жил олгоогүй нь хууль бус юм.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан тус банк дахь дансыг үндэслэлгүйгээр битүүмжилсэн гэж 504,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд тодорхойгүй, хувьцаа эзэмшигч хооронд маргаан үүссэн тул данснаас гүйлгээ хийх боломжгүй гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.
2.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бус, мөн маргаанд хамаарах үйл баримт тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.
3. Нэхэмжлэгч нь 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсны үндсэн дээр хариуцагч банкинд MN******* тоот дансыг эзэмшдэг боловч уг данснаас мөнгөн гүйлгээ хийхэд үндэслэлгүйгээр хаалт хийсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргасан.
Гэхдээ нэхэмжлэгч нь данснаас гүйлгээ хийхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоож, гүйлгээ хийхийг даалгуулахаар шаардлага гаргалгүй дансны үлдэгдэл гэж тодорхойлсон 504,000,000 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
Ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага зөрүүтэй байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь үүргийн эрх зүйн хүрээнд, эсхүл хуульд зааснаар үүсэх үүргийн хүрээнд нэхэмжлэл гаргаж буй эсэхийг тодруулах зайлшгүй шаардлагатай байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарлан өгөх замаар нэхэмжлэлийг тодруулах үүрэгтэй болно.
Энэхүү ажиллагааг хийгээгүй орхигдуулснаас шалтгаалж хариуцагч нь үүргийн эрх зүйн, эсхүл хуульд зааснаар үүсэх үүргийн хүрээнд нэхэмжлэгчид 504,000,000 төгрөгийг төлөх ёстой эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөхгүй боломжгүй болжээ.
4. Хэдийгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчмын хүрээнд явагдах боловч маргааны зүйлд хамаарч буй үйл баримтыг тогтоох нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцнэ.
Гэвч анхан шатны шүүх маргаанд хамаарч буй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тогтоогоогүй байна.
4.1. Тухайлбал, нэхэмжлэлийн үндэслэлд хамаарч буй MN******* тоот дансыг эзэмших гэрээ, уг данснаас *******-ийг төлөөлж гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн бүртгэл, мөн хариуцагчийн зүгээс данснаас гүйлгээ хийхэд хаалт хийсэн шийдвэр зэрэг баримт хэрэгт авагдаагүй.
Данс эзэмших гэрээний хуулбар хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй.
4.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/03968 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2025/00001 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2025/00057 дугаар тогтоолоор *******-ийн гүйцэтгэх захирлаар ******** 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр томилсон хувьцаа эзэмшигчдийн хурлын 23/03 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.
Үүний дараа тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор дахин ******** гүйцэтгэх захирлаар томилсон боловч холбогдох улсын бүртгэл хийгдээгүй. Энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс дахин улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
Эдгээртэй холбогдуулан *******-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлд орсон өөрчлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд эрх бүхий байгууллагаас шилжилт, хөдөлгөөний хориг тавьж байсан лавлагааг авсны үндсэн дээр *******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлж нэхэмжлэл гаргах, банкнаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой.
4.3. Түүнчлэн маргаанд хамаарал бүхий буюу *******-ийн улсын бүртгэлд 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр орсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн гэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2025/0536 дугаар шийдвэр хэрэгт бичмэл нотлох баримтад тавигдах шаардлагыг хангаагүй хэлбэрээр авагдсан.
5. Дээрх алдааг одоо залруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд уг алдаанаас шалтгаалан маргааны зүйл болон холбогдох үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөх боломж бүрдээгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй учир маргааны зүйлд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 191/ШШ2025/07606 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,677,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Т.БАДРАХ