| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2019/0129/Э |
| Дугаар | 34 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бт холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2019 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью кардинал ХХК-ний кемпэд иргэн С.Дын толгойн тус газарт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хөнгөн гэмтэл учруулсанаа зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй гэсэн мэдүүлэг,
Хохирогч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б надруу дайрахаар нь би хавсарч унагаад дээр нь дараад хэвтсэн. ......Бийг татаж босгоод эргэж хараад явж байтал хөөе гээд дуудахаар нь эргээд хартал толгой руу хүрзээр цохьсон. Миний баруун нүдний дээд талд 4 см урттай ангайсан шарх үүссэн. Улаанбаатар хотод очиж дотроо 6, гадна талд косметик оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө байр руу орж утсаар ярьчихаад гараад ирэхэд Дыг Б хүрзээр цохьчихлоо гэж байсан. Дын баруун хөмсөг задарч ангайсан шарх үүссэн байсан гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “........Доржоогийн хөмсөгнийх нь орчмоос цус гараад манайхан гараад ирчихсэн байсан. Тэнд байсан хүмүүсээс асуухад Баадгай Доржоогийн толгой руу нь хүрзээр цохьчихсон гэж байсан гэсэн мэдүүлэг,
Шинжээчийн 2019 оны 01 сарын 07-ны өдрийн “...С.Дын биед тархи доргилт, духны шарх, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 02/036 дугаартай дүгнэлт ,
Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 15, 21/
Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16, 22/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-25 дугаар хуудас / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 01 сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сум 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нью кардинал ХХК-ний кемпэд иргэн С.Дын толгойн тус газарт нь хүрзээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Хохирогч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийг татаж босгоод эргэж хараад явж байтал хөөе гээд дуудахаар нь эргээд хартал толгой руу хүрзээр цохьсон. Миний баруун нүдний дээд тал 4 см урттай ангайсан шарх үүссэн. Улаанбаатар хотод очиж дотроо 6, гадна талд косметик оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Т.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийнхөө байр руу орж утсаар ярьчихаад гараад ирэхэд Дыг Б хүрзээр цохьчихлоо гэж байсан. Дын баруун хөмсөг задарч ангайсан шарх үүссэн байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Доржоогийн хөмсөгнийх нь орчмоос цус гараад манайхан гараад ирчихсэн байсан. Тэнд байсан хүмүүсээс асуухад Баадгай Доржоогийн толгой руу нь хүрзээр цохьчихсон гэж байсан гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 сарын 07-ны өдрийн 02/036 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлцэгдсэн бусад нотлох баримтаар зэргээр тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал/, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д заасан хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан 1678000 төгрөгийг төлсөн нь хохирогч С.Дын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “1678 000 төгрөгийг бэлнээр авсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй”гэж мэдүүлсэн байх тул хохирол нөхөн төлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улаан шар өнгийн иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 600000 төгрөгийн торгох ялыг хуулийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн улаан шар өнгийн иштэй хүрзийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН