| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/00935/И |
| Дугаар | 210/МА2025/02145 |
| Огноо | 2025-12-10 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2025/02145
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08010 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 23,920,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь ******* ХК-тай 2024 оны 07 сарын 19-ний өдөр 15 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ-г, мөн 2024 оны 07 сарын 30-ны өдөр 16 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ-г тус тус байгуулсан.
1.2. Түрээсийн үлдэгдэл төлбөр нийт 20,728,778 төгрөг, мөн тээврийн зардал 3,200,000 төгрөг, бүгд 23,920,778 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна. Хавтаст хэргийн 3 дугаар талд ******* нь *******өд иргэний нэхэмжлэл олгосон байна. Хавтаст хэргийн 4 дүгээр талд мөн авагдсан байгаа. Энэ хоёр талд ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал гэсэн баримт байхгүй.
2.2. Дүрэмдээ ******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, гүйцэтгэх захирал гэдэг нь тодорхой харагдахгүй. ******* ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа байхгүй, Улсын бүртгэлийн гэрчилгээгээр орж ирээгүй, иргэний итгэмжлэлээр оролцож байгаа тул нэхэмжлэгчийн төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байна.
2.3. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчид мэдэгдэлгүйгээр ачигчийг авч явсан, мөн экскаватор засвартай гээд хэдэн өдөр сул зогсоод ажиллаагүй, авто ачигчаа авч явахдаа хэлээгүйгээс болж манайд хохирол учирсан тул хохирлоо гаргуулна гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Талууд хоёр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч ******* УН улсын дугаартай авто ачигчийг гэрээнд заасан хугацаанаас өмнө авч явсан тул хариуцагч байгууллагад алдагдал үүссэн учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үүнээс учирсан хохирол 30,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн хариу тайлбарын агуулга:
Ачигчийг хэлэлгүй авч явсан зүйл байхгүй, экскаватор засвартай байгаагүй, ажиллуулж байсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, авто ачигчаа авч явахдаа хэлж мэдэгдсэн гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч ******* ХХК-аас 20,720,778 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-д холбогдуулан гаргасан 30,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 277,554 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 308,950 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 261,554 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд хэн болох, нэхэмжлэгчийг шүүхэд төлөөлөх эрх бүхий этгээдийн бичгийн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байтал шүүх сайн дураараа нэхэмжлэгчийн төлөөлөх эрхийг ******* гэж дүгнэн шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй. Энэхүү тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тайлбарласан боловч, шүүх огт авч үзээгүй, шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй.
6.2. Талууд түрээсийн хугацаанд дээр маргасан, нэхэмжлэгч тал ******* УН улсын дугаартай Doosan DX 300 маркийн экскаваторыг түрээсийн дуусгавар болгох хугацааг 2024 оны 09 сарын 18-ны өдөр гэж, хариуцагчаас 2024 оны 09 сарын 18-ны өдрөөр тооцно гэж маргасан. Хавтаст хэргийн 59-60 Техник түрээсийн тооцоо нийлсэн хуудас нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон. Энэхүү баримт нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн баримт ба талууд харилцан тооцоо нийлж үйлдээгүй.
6.3. Түрээсийн техникийн ажлын талбайд ажиллаж байх.техникийн ажилласан цагийн бүртгэлийг түрээсэлсэн тал буюу манай тал бүртгэдэг, бүртгэсэн бүртгэлийг шүүхэд гаргаж өгсөн хэдий ч шүүх зохих ёсоор үнэлээгүйд гомдолтой байна. Тус түрээсэлсэн техникийн ажилласан бүртгэлийн талаар манай зүгээс хариу тайлбартаа ч тодорхой дурддаг.
6.4. Бидний зүгээс шалтгаалаагүй шалтгаан буюу жолооч нь ажлаа орхиод явсан, операторын (жолооч) ажиллаагүй байх үеийн түрээсийг өгөх боломжгүй. ******* УН улсын дугаартай SD300 маркийн авто ачигчийг 2024 оны 07 сарын 30-ны өдрөөс эхлэн ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар түрээслүүлэхээр харилцан тохиролцсон.
6.5. Авто ачигч нь ажлын талбайд нэг байдаг, энэ авто техник байхгүй бол бусад техникүүд бүгд зогсдог. Энэ талаар сөрөг нэхэмжлэлдээ дурдсан, сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болсон. Ажлын талбайд ажил ид өрнөж байхад нэг л байдаг бусад техникээр орлуулдаггүй ажил үүрэгтэй авто ачигчийг зарж борлуулахаар болсон гэх нэрийдлээр шууд татан авсан нь бидний ажил үүрэг хэвийн үргэлжлэх боломжгүй болж, хүндрэлд орсон. Дахин түрээслэхээр авто ачигч хайсан боловч олдоогүй.
6.6. Гэтэл шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж өгсөн баримтууд болох бусад техникүүдийг түрээсэлсэн гэрээг Нэхэмжлэгч ******* ХХК-тай байгуулсан 2024 оны 07 сарын 30-ны өдрийн 16 дугаартай Түрээсийн гэрээ-гээр ******* УН улсын дугаартай SD-300 маркийн авто ачигчийг түрээслүүлэхээр тохирсон хугацаа дуусаагүй байхад ******* ХХК авто ачигчийг авч явснаас болж, хариуцагч Дэвжих чин оюу рөүд ХХК бусадтай дээрх түрээсийн гэрээнүүдийг байгуулж байсан гэж үзэхээргүй байна гэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт болно.
6.7. Ажлын талбайд авто техникүүд тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой, бид нэг цаг хугацаанд нэг дор бүхий л авто техникийг түрээслэх боломжгүй, харин үйл ажиллагаа ажлын талбайд тасралтгүй явуулах нөхцөл байдлыг бүрэн ойлголгүй буруугаар дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв талаас үнэлсэн гэж үзэж байна.
7.2. 2025 оны 01 сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл нэг жил орчмын хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж уг хэрэг шийдвэрлэгдсэн.
7.3. Хариуцагч тал энэ хугацаанд шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан. Хуульд заасан мэтгэлцэх болон нотлох баримт бүрдүүлэх эрхийг шүүхээс бүрэн хангасан гэдгийг дурдах нь зүйтэй.
7.4. Талуудын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой асуудлаар нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус 2 гэрээг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд буюу нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* байгуулсан. ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нь *******т итгэмжлэл олгосон баримт хэрэгт авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр, тээврийн зардалд 23,920,778 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Талуудын хооронд 2024 оны 07 сарын 19-ний өдөр 15 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* УН улсын дугаартай, Dooson DX300 маркийн экскаваторыг 2024 оны 07 сарын 19-ний өдрөөс 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар, 1 сарын 25,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон, мөн талуудын хооронд 2024 оны 07 сарын 19-ний өдөр 16 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* УН улсын дугаартай, SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 07 сарын 30-ны өдрөөс 2024 оны ажил дуусах мэдэгдэл өгөх хүртэл хугацаагаар, 1 сарын 16,000,000 төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон байна. /хх-11-18/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэлт өгчээ.
5. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн ачилтын зардал 3,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг, хариуцагч нь 30,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг тус тус эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.
6. Анхан шатны шүүх Dooson DX300 маркийн экскаваторын ажилласан хугацааг буруу тооцоолсноос шалтгаалан хариуцагчаас түрээсийн гэрээний үүрэгт 20,720,778 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул энэ талаар хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.
6.1. Талууд SD-300 маркийн авто ачигчийг 2024 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл ажиллуулсан үйл баримтад маргаангүй, харин, Dooson DX300 маркийн экскаваторыг ажиллуулсан хугацааг нэхэмжлэгч ... 2024 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл ... гэж, хариуцагч ... 2024 оны 09 сарын 10-ны өдрийг хүртэл ... гэж тус тус зөрүүтэй байдлаар тайлбарласан.
6.2. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагаас SD-300 маркийн авто ачигчийн түрээсийн үлдэгдэл төлбөрт 7,571,428 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Талууд 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн зүйл буюу 2 машин механизмын тооцоог нийлж, SD-300 маркийн авто ачигчийн үлдэгдэл төлбөрийг 7,571,428 төгрөг гэж баталгаажуулжээ.
Хариуцагч талаас талуудын SD-300 маркийн авто ачигчийн түрээсийн төлбөрийг зөвшөөрч баталгаажуулсан баримтыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй тул анхан шатны шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, хариуцагчаас 7,571,428 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэх журмыг зөрчөөгүй байна.
6.3. Талуудын маргааны зүйл нь Dooson DX300 маркийн экскаваторыг ажиллуулсан хугацаа нь маргааны зүйл болсон төдийгүй хариуцагчийн давж заалдах гомдлын үндэслэл болжээ.
Талууд 2024 оны 07 сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар түрээсийн зүйл болох Dooson DX300 маркийн экскаваторын ажилласан хугацааг тооцож, баталгаажуулсан бөгөөд уг баримтад 2024 оны 09 сарын 18 өдрийг дуустал 18 хоног ажилласан хугацааг хариуцагч талаас баталгаажуулаагүй байхад анхан шатны шүүх 18 хоногоор тооцсон алдаа гаргасан байна.
Нотлох үүргийн хуваарилалтын хувьд нэхэмжлэгч нь Dooson DX300 маркийн экскаваторыг 2024 оны 09 сарын 18 өдрийг дуустал ажилласан байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр нотлоогүй тохиолдолд хариуцагч талын зөвшөөрсөн хэмжээгээр буюу 2024 оны 09 сарын 10-ны өдрийг дуустал 10 хоног ажилласан хугацаагаар тооцох нь зүйтэй.
Зохигчдын хооронд байгуулсан 2024 оны 07 сарын 19-ний өдөр 15 дугаартай Машин, механизм түрээслэх гэрээ-ний 2.5-д зааснаар Dooson DX300 маркийн экскаваторын 28 хоног буюу нэг сар ажиллах хөлсийг 25,000,000 төгрөгөөр тохиролцсон байна.
Нэг сарын түрээсийн төлбөрийг 25,000,000 төгрөгийг нийт ажиллах 28 хоногоор тооцоход нэг өдрийн түрээсийн хөлс 892,857 төгрөг болж байна. Хариуцагчийн зөвшөөрсөн 10 хоногоор тооцоход хариуцагч байгууллагаас Dooson DX300 маркийн экскаваторын хөлс 8,928,571 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 4,220,780 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд ******* нь *******т 2025 оны 01 сарын 25-ны өдөр шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл олгосон байх ба гэрээний үүрэг шаардах эрхтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.
Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөн ******* гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн хариуцагчийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд *******өөс олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй үндэслэлгүй.
8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08010 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 20,720,778 ... гэснийг ... 16,499,998 ... гэж, ... 3,200,000 ... гэснийг ... 7,420,780 ... гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... 261,554 ... гэснийг ... 240,450 ... гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
С.ЭНХБАЯР