Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 115

 

                                     

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Ш.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Мөнхнавчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  М овогт Шгийн Сд холбогдох эрүүгийн 1919000680117 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
     
Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Даланжаргалан суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сайншанд сумын хүүхдийн 11 дүгээр цэцэрлэгт ахлах тогооч ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын .. дугаар баг 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, М овогт Шгийн С, регистрийн дугаар....,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ... дугаар багийн нутагт иргэн Т.Мийн таксинд гээсэн Самсунг Жи 2 маркийн гар утсыг завшиж 340.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт  дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Ш.С шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Өглөө ажил руу явах замд таксинд сууж утас олоод утасны эзэн нь залгавал буцаагаад өгье гэж бодоод аваад буусан. Манай хүүхэд утсыг  унтраасан байхаар нь асаахад код нэхээд байхаар нь унтраасан. Хэд хоногоос хүүхэд утасгүй байна гээд байхаар нь барьж бай гэж хэлээд Улаанбаатар хот руу явуулсан. Хэд хоногоос ээж би нөгөө утсыг чинь алга болгочихсон гэж хэлсэн чинь ломбардад тавьсан байсан юм билээ. Цагдаагаас яриад ийм утас олсон уу гэхээр нь олсон гэж хэлсэн   ...” гэв.

          Шүүгдэгч Ш.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр өглөө 07 цагийн үед замаас такси барих гээд гараа өргөтөл нэг жижиг машин ирж зогссон. Тэгээд арын суудал дээр нь суутал гадуураа хар өнгийн хавтаст гэртэй, хар өнгийн Самсунг гэсэн бичиглэлтэй мэдрэгчтэй гар утас байсан. Тэгэхээр нь би жолоочид хэлэлгүй аваад өөрийнхөө үүрч явсан цүнхэндээ хийгээд ажлынхаа харалдаа зам дээр буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

       Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага дээр 2019 оны 01 сарын 17-ны өдөр лизингээр гар утас худалдаалсан, тэр лизингээр зарж байсан гар утаснаас Самсунг фермийн Жи 2 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр урьдчилгаа мөнгө төлөөгүй цалин дээрээсээ сар бүр 39.817 төгрөг төлж байхаар худалдаж авсан. Тэгээд 2019 оны 01 сарын 23-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн урд засмал замаас такси барин Нарлаг шанд хороололд гэртээ хүргүүлэхээр явсан, гэрийн гадаа хүргүүлээд таксинаас буухдаа Самсунг фермийн Жи 2 маркийн гар утсаа арын суудал дээр мартаад буусан....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/,

           Гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сард ...би барих утасгүй болчихоод ээж С руу яриад барих утас байна уу гэсэн чинь ээж нь нэг гар утас олсон, тэрийг чам руу явуулъя гэж хэлэхээр нь за за тэгвэл тэр гар утсаа над руу явуулчихаарай гэсэн чинь ээж вагоноор хүнд өгөөд явуулчихлаа тосоод аваарай гэхээр нь би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, төмөр замын вокзал орж Сайншандын суудал тосож ээжийн явуулсан гар утсыг нь авчихаад Тэнгис кино театрын Тэди худалдааны төвийн 2 давхарт нь очиж кодыг нь 15.000 төгрөгөөр гаргуулчихаад өөрийнхөө .... гэсэн дугаарыг хийлгээд барьсан, тэр утас нь сим байхгүй, хавтас байхгүй, хар хөх өнгөтэй шилэн наалттай, шилэн наалт нь цуурч хагарсан Самсунг жи 2 маркийн гар утас байсан. Би тэгээд хэд хоног барьж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь баруун 4 замаас Улсын их дэлгүүр рүү алхаж байгаад онгорхой ломбард байхаар нь 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

Гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг баруун 4 замын 11 дүгээр сургуулийн хойд талд Тэкү 2 салбар ломбардаа ажиллуулж байхад нэг танихгүй залуу хоолны мөнгө хэрэгтэй байна, хоолны мөнгөгүй болчихлоо гээд хар хөх өнгийн Самсунг жи 2 маркийн гар утас барьцаалж 60.000 төгрөг аваад явсан... тэгээд нөгөө залуу буцаж ирэхгүй барьцаалан зээлдүүлэх гэрээний хугацаа дуусахаар нь 85254778 дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй гээд байхаар нь сар гаран байлгаж байгаад дүү Өыг барих утасгүй гээд байхаар нь 100.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20- 21 дүгээр хуудас/

Насанд хүрээгүй гэрч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур ... баруун 4 замын 11 дүгээр сургуулийн хойд талд Тэкү 2 салбар ломбард ажиллуулдаг нагац ах Баас барих утас байгаа талаар асуухад манай ах надад хүн нь барьцаанд тавиад авч чадаагүй сар гаран болж байгаа хар хөх өнгийн Самсунг жи 2 маркийн гар утас байгаа, чи үүнийг авч барихгүй юу гэхээр нь би ахаас тэр утсыг нь 100.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө дугаарыг хийгээд барьж байсан юм... Би тэр утсыг 2019 оны 05 дугаар сарын сүүлээр автобусанд явж байх үедээ алга болгочихсон...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ6/18- 070 дугаартай: “...Жи 2 маркийн гар утас 340,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 27- 29 дүгээр хуудас/,

Барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 68 дугаар хуудас/,

Мобиком корпораци ХХК-ний лавлагаа /хх-ийн 32-35 дугаар хуудас/,

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.С нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутагт иргэн Т.Мийн таксинд гээсэн Самсунг Жи 2 маркийн гар утсыг завшиж 340.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан  шүүгдэгч Ш.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч гэм буруугаа ухамсарлаж байна... 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр өглөө 07 цагийн үед замаас такси барих гээд гараа өргөтөл нэг жижиг машин ирж зогссон. Тэгээд арын суудал дээр нь суутал гадуураа хар өнгийн хавтаст гэртэй, хар өнгийн Самсунг гэсэн бичиглэлтэй мэдрэгчтэй гар утас байсан. Тэгэхээр нь би жолоочид хэлэлгүй аваад өөрийнхөө үүрч явсан цүнхэндээ хийгээд ажлынхаа харалдаа зам дээр буусан...” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллага дээр 2019 оны 01 сарын 17-ны өдөр лизингээр гар утас худалдаалсан, тэр лизингээр зарж байсан гар утаснаас Самсунг фермийн Жи 2 маркийн гар утсыг 350.000 төгрөгөөр урьдчилгаа мөнгө төлөөгүй цалин дээрээсээ сар бүр 39.817 төгрөг төлж байхаар худалдаж авсан. Тэгээд 2019 оны 01 сарын 23-ны өдөр Сайншанд сумын 1 дүгээр сургуулийн урд засмал замаас такси барин Нарлаг шанд хороололд гэртээ хүргүүлэхээр явсан, гэрийн гадаа хүргүүлээд таксинаас буухдаа Самсунг фермийн Жи 2 маркийн гар утсаа арын суудал дээр мартаад буусан....” гэсэн мэдүүлэг, гэрч Я.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 1 дүгээр сард ...би барих утасгүй болчихоод ээж С руу яриад барих утас байна уу гэсэн чинь ээж нь нэг гар утас олсон, тэрийг чам руу явуулъя гэж хэлэхээр нь за за тэгвэл тэр гар утсаа над руу явуулчихаарай гэсэн чинь ээж вагоноор хүнд өгөөд явуулчихлаа тосоод аваарай гэхээр нь би яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна, төмөр замын вокзал орж Сайншандын суудал тосож ээжийн явуулсан гар утсыг нь авчихаад Тэнгис кино театрын Тэди худалдааны төвийн 2 давхарт нь очиж кодыг нь 15.000 төгрөгөөр гаргуулчихаад өөрийнхөө .... гэсэн дугаарыг хийлгээд барьсан, тэр утас нь сим байхгүй, хавтас байхгүй, хар хөх өнгөтэй шилэн наалттай, шилэн наалт нь цуурч хагарсан Самсунг жи 2 маркийн гар утас байсан. Би тэгээд хэд хоног барьж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь баруун 4 замаас Улсын их дэлгүүр рүү алхаж байгаад онгорхой ломбард байхаар нь 60.000 төгрөгөөр барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр намайг баруун 4 замын 11 дүгээр сургуулийн хойд талд Тэкү 2 салбар ломбардаа ажиллуулж байхад нэг танихгүй залуу хоолны мөнгө хэрэгтэй байна, хоолны мөнгөгүй болчихлоо гээд хар хөх өнгийн Самсунг жи 2 маркийн гар утас барьцаалж 60.000 төгрөг аваад явсан... тэгээд нөгөө залуу буцаж ирэхгүй барьцаалан зээлдүүлэх гэрээний хугацаа дуусахаар нь 85254778 дугаар луу залгаж үзэхэд холбогдох боломжгүй гээд байхаар нь сар гаран байлгаж байгаад дүү Өыг барих утасгүй гээд байхаар нь 100.000 төгрөгөөр худалдсан...” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын дундуур ... баруун 4 замын 11 дүгээр сургуулийн хойд талд Тэкү 2 салбар ломбард ажиллуулдаг нагац ах Баас барих утас байгаа талаар асуухад манай ах надад хүн нь барьцаанд тавиад авч чадаагүй сар гаран болж байгаа хар хөх өнгийн Самсунг жи 2 маркийн гар утас байгаа, чи үүнийг авч барихгүй юу гэхээр нь би ахаас тэр утсыг нь 100.000 төгрөгөөр худалдаж аваад өөрийнхөө дугаарыг хийгээд барьж байсан юм... Би тэр утсыг 2019 оны 05 дугаар сарын сүүлээр автобусанд явж байх үедээ алга болгочихсон...” гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ТХҮ6/18- 070 дугаартай: “...Жи 2 маркийн гар утас 340,000 төгрөг...” гэсэн үнэлгээ, Барьцаат зээлийн гэрээний хуулбар, Мобиком корпораци ХХК-ний лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд:”...шүүгдэгч хэдийгээр гэм буруугийн талаар маргаагүй боловч холбогдсон хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна. Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд үйлдэгдсэн, хохирлыг нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн байдал, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байдал, хүнийг заавал ял оногдуулж шийтгэх бус хуулийн боломжийг харгалзан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэн шүүгдэгчид ашигтайгаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж мэтгэлцсэн болно.

Гээгдэл хөрөнгө гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран, хаягдаж гээгдсэн хөрөнгийг хэний эд хөрөнгө болохыг шүүгдэгч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байснаараа уг гар утсыг гээгдэл хөрөнгө гэж үзнэ. Энэхүү эд хөрөнгийг шүүгдэгч Ш.С олж авч хүү Гомбод шилжүүлэн өөрийн өмч мэт ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хэдийгээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдсэн ч гээгдэл эд хөрөнгийг олсон даруйдаа таксины жолоочид өгөх, өмчлөх, эзэмших эрхтэй этгээдийг олох зорилгоор эрх бүхий байгууллагад хандах боломж шүүгдэгчид байсан боловч тэрээр тодорхой хугацаанд хадгалж байгаад өөрийн хүүхэддээ шилжүүлж түүнд ашиглах боломжийг олгосноор гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийг төгсгөж, хохирогчид 340 000 төгрөгний хохирол учруулсан байна. Иймд өмгөөлөгчийн мэтгэлзэж байгаагаар гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ нь хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хор уршиг учруулаагүй эс үйлдэхүй гэж үзэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

           Шүүгдэгч Ш.С нь гэм буруугийн талаар маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн саналыг харгалзан хуульд зааснаар торгох ялын доод хэмжээгээр ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн эд хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломж зэргийг харьцуулж торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

    Шүүгдэгч Ш.Сгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд прокурор, шүүгдэгч, түүний өмгөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгч оролцоно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч оролцох хүсэлт гаргасан бол оролцуулна” гэж заасан. Хохирогч Т.М нь шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргаагүй, хуульд зааснаар 72 цагийн дотор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан тул шүүх хуралдааны товыг хохирогчид мэдэгдсэн боловч оролцохгүй гэсэн тул хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

    Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Монгол овогт Шгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Сд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч Ш.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ                Н.АДЪЯА