Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02175

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/07926 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******, ******* нарт холбогдох,

 

******* ******* нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, *******тэй газар эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, *******, хариуцагч*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн *******тай түүний эзэмшлийн гэх ******* зуслан дахь *******нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг 10,000,000 төгрөгөөр үнэлэн зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд уг өдөр гэрээний нийт төлбөрийн 50 хувь болох 5,000,000 төгрөгийн урьдчилгааг *******д бэлнээр өгч, энэ талаар гэрээний 4.1-д тусгаж, үлдэгдэл төлбөрийг удаахгүйгээр төлсөн.

1.2. Ингээд 2017 оны 05 сарын 11-ний өдөр *******тай хамт иргэн*******той уулзаж, 7 буудлын эцэст байрлах нотариат орж, тухайн газрын эзэн *******тай гэрээ байгуулан төлбөрийг барагдуулсан тул үнэ төлбөргүй газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг иргэн *******той байгуулж, нотариатаар баталгаажуулсан.

1.3. Нэгэнт газрын эрх шилжүүлэх гэрээ байгуулсан тул газар дээрээ 2 метрийн өндөртэй 3 тал төмөр хашааг ******* ХХК-аар хийлгэж, найз *******ээр газар дээр нь 3 өдөр суулгаж, гагнуулж будуулсан бөгөөд нийт 12,000,000 төгрөгийн зардал гарсан.

1.4. Гэвч иргэн******* нь газрын гэрчилгээг үрэгдүүлсэн, газар шилжүүлэхээ түр хугацаанд хүлээж байгаарай гэж надад хэлж, би газраа өөрийн нэр дээр шилжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. 2020 оны хавар хашаан дээрээ очиход хашааны цоожийг сольж өөр цоожоо сольсон байсан. Манаач*******оос манай хашааны цоожийг хэн сольсон талаар асуухад ******* гэх залуу манай хашаа гээд яваад байгаа гэсэн.

1.5. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх газрын талаар лавлахад иргэн*******ын нэр дээр 2019 оны 10 сарын 21-ний өдрийн ******* дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг шинээр гаргуулан авч,*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр *******д дээрх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай өргөдөл гаргаж, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийн 2020 оны 02 сарын 19-ний өдрийн ******* дугаартай *******гийн нэр дээр газар эзэмших гэрчилгээг гаргуулсан болохыг олж мэдсэн.

1.6. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 56.6, 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт тус тус зааснаар*******ын *******тэй 2019 оны 12 сарын 27-ны өдөр хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон холбогдох хэсгийг хүчингүй болгож, *******гийн дээрх газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч *******эд дээрх газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрх олгож, гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч*******ын хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь*******той 2020 оны хавьцаа уулзаад Таны нэр дээр зуслангийн газар байдаг юм байна, энэ газраа надад өгчхөөч гэхэд нь бид мэдэхгүй хэрэг төвөгт орно гэж хэлсэн.

2.2. Гэрээг сайн мэдэхгүй гарын үсэг зур гэхээр л зурсан. ******* хашаа барьсан 4-5 жил болсон. 7 буудлын нотариат дээр очиж гарын үсэг зуруулна гээд аваад явдаг байсан. Ямар баримт дээр гарын үсэг зурснаа мэдээгүй.

2.3.******* нь 6 дугаар ангийн боловсролтой гарын үсэг зур гэхээр нь зурсан. *******гээс мөнгө авсан хэдийг авсан. Гэхдээ хэдэн төгрөг авснаа сайн мэдэхгүй байна, 10,000,000 төгрөг бол аваагүй. 2019 оны 12 сарын 27-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:

3.1. ******* нь уг газрыг ******* гэх иргэнээс 2019 оны 12 сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх худалдах, худалдан гэрээ, газар эзэмших эрх шилүүлэх гэрээ-гээр худалдан авсан юм. Уг газар нь ******* ийнх биш боловч, газар эзэмшигч иргэн******* нь газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх эрхийн итгэмжлэлийг иргэн ******* д олгосон, хүчин төгөлдөр хэлцлийг үндэслэн уг газар эзэмших эрхийг олж авсан. Нэхэмжлэгч энэ талаар нэхэмжлэлдээ тодорхой үйл баримтаар дурдсан байна.

3.2. Аливаа эрхийг худалдан авч байгаа этгээд нь эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлснээс хойш эрх бүхий бүртгэлийн байгууллагад 14 хоногийн дотор бүртгүүлэх учиртай. Эс бөгөөд эрх шилжүүлэх гэрээний хүчин төгөлдөр байдал дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь дээрх газар эзэмших эрхийг 2016 оны 05 сарын 05-ны өдөр иргэн *******гаас Худалдах, худалдан авах гэрээ-гээр худалдан авсан гэж, мөн дээрх газар эзэмших эрхийг 2017 оны 05 сарын 11-ний өдөр Эрх шилүүлэх гэрээ-г иргэн*******той байгуулсан. Гэтэл 2020 оны хавар уг газар *******д шилжсэн болохыг мэдсэн гэжээ.

3.3. Иргэн *******ын газрыг, иргэн *******тай гэрээ байгуулж худалдан авч байгааг ойлгохгүй байна. Мөн, нэхэмжлэгч нь 2017 оны 05 сарын 17-ны өдөр иргэн*******той Эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг газрыг худалдан авах хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзвэл, 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс хойших түүний үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж ойлгохоор байна.

3.4. Хэдийгээр хамааралгүй боловч нэхэмжлэлд дурдсан үндэслэлийг анзаарч үзвэл, ******* гэх иргэн нэхэмжлэгчийг хуурч мэхэлсэн байна. Хэрэв уг газар нь *******н газар гэж үзвэл ямар учир, шалтгааны улмаас газар эзэмших эрхийг зуслангийн манаач, иргэн*******ын нэр дээр гаргуулах болсон, эцэст хэн нэгэн иргэнийг /иргэн *******г/ хохироох сэдэлт, санаа зорилго агуулж байсан эсэх, мөн үүсэж болох эрх зүйн үр дагаврыг тооцох учиртай.

3.5. Хариуцагч ******* нь газар эзэмших эрхийг хуулийн дагуу шилжүүлэн авсан, шударга эзэмшигч юм. Нэхэмжлэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эрх зүйн үр дагаврыг сайтар ухамсарлаж, асуудалд муйхар хандах бус, бодиттой дүгнэлт хийх нь зүйтэй болов уу. Нөгөөтээгүүр, хувь хүний буюу иргэн ******* миний нууцад халдаж, нууцад хамаарах мэдээллийг хууль бусаар олж авсан байж болзошгүй үйлдлийг тань харьяалагдах байгууллагаар шалгуулах болно гэдгээ илэрхийлье нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1,56.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч******* ******* нарын хооронд байгуулсан 2019.12.27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, *******тэй газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 140,400 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.*******ын нэр дээр 2015 оны 03 сарын 24-ний өдөр гэрчилгээ олгогдсон байна.******* нь 2017 оны 05 сарын 11-ний өдөр *******тэй гэрээ байгуулжээ. ******* нь 2016 оны 05 сарын 05-ны өдөр *******тай гэрээ байгуулж түүнд 10,000,000 төгрөг төлсөн гэдэг. ******* нь өөрийн нэр дээр газрын гэрчилгээ авах боломжгүй тул 2015 оны 03 сарын 24-ний өдөр*******ын нэр дээр гэрчилгээ гарсан гэж тайлбарладаг.

5.2. Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл*******ыг 2015 оны 03 сарын 24-ний өдрөөс буюу гэрчилгээ түүний нэр дээр гарсан үеэс хойш түүнийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь улсын бүртгэл үнэн зөв байх учиртай болно. ******* нь *******тэй гэрээ хийсэн хэдий боловч үүнээс өмнө*******ын нэр дээр гэрчилгээ гарсан байна.******* нь тухайн газартай холбоотойгоор *******н өмнө үүрэг хүлээсэн гэх бичгийн баримт, гэрээ хэлцэл хэрэгт авагдаагүй байна.

5.3.******* нь 2017 оны 05 сарын 11-ний өдөр нэхэмжлэгч *******тэй гэрээ байгуулсан байж болно. Гэвч энэхүү гэрээний эрх, үүргийг талууд хэрэгжүүлээгүй, гэрээний үүргийн зөрчил үүссэн байна Гэрээний эрх, үүргийг хэрэгжүүлэлгүй, үүргийн зөрчил үүсгэсэн байдал нь *******ийг газрын эзэмшигч болсон гэж үзэх үндэслэл болохгүй байна. Учир нь түүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрчилгээ огт гараагүй байна. Иймд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар *******ийг газар эзэмшигч мөн мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй байна

5.4.******* нь 2019 оны 12 сарын 27-ны өдөр ******* надтай гэрээ байгуулсан ба давхардуулан гэрээ хийхийг хуулиар хориглоогүй бөгөөд давхардуулан гэрээ хийсэн нь аль нэг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлд болохгүй. Энэ үед ******* нь *******ийн талаар урьдаас мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Хариуцагч нь маргаан бүхий газар дээр байшин бариад зориулалтын дагуу ашиглаад 5 жил өнгөрсөн байна. Энэ тал дээр хэргийн оролцогч талууд маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Иймээс Иргэний хуулийн 114 дүгээр зүйл, 183 дугаар зүйл, 250 дугаар зүйлийн 250.1 дэх заасны дагуу хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч давуу эрхтэй байна гэсний дагуу миний бие давуу эрхтэй болно.

5.5. Анхан шатны шүүхээс гэрээ байгуулахаас өмнө *******ийн газар байсан талаар мэдэж байсан гэж алдаатай, хоорондоо уялдаагүй буруу дүгнэлт хийсэн байна. Ингэхдээ: ... ******* нь *******тэй 2020 онд уулзаж миний газар гэдгийг хэлсэн мөн хашаа барьсан зэргээр дээрх газар, хашааг *******ийнх гэдгийг мэдэж байсан тул хариуцагч ******* нь газар эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй." гэсэн дүгнэлт хийсэн байна. Гэвч намайг 2019 онд гэрээ хийж, 2020 оны 02 сард гэрчилгээг баталгаажуулан авсан гэдгийг анхаарч үзээгүй байна. Үйл баримтын цаг хугацаа, логик дарааллын хувьд алдаатай дүгнэлт хийсэн байна.

5.6. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ******* нь газрын гэрчилгээг үрэгдүүлсэн тул газрыг миний нэр дээр шилжүүлээгүй хойшлуулж байсан гэдэг. Гэвч газрын гэрчилгээг эх хувиар нэхэмжлэлдээ хавсарган өгсөн. Газрын гэрчилгээг гээгдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд магадгүй тухайн цаг хугацаанд нэхэмжлэгчид байжээ.

5.7.******* нь нэхэмжлэгчид газрын гэрчилгээ эх хувь байсныг мэдсэн хэр нь тухайн газрыг бусдад худалдах зорилгоор 2019 оны 10 сарын 21-ний өдөр шинээр газрын гэрчилгээг авсан байна.*******ын бусдад худалдах хүсэл зориггүй байсан мэт тайлбарууд үүгээр няцаагдаж байна.

5.8.*******ын нэр дээр 2015 оны 03 сарын 24-ний өдөр гэрчилгээ олгогдсон байна.******* нь *******тэй 2017 оны 05 сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. ******* нь 2016 оны 05 сарын 05-ны өдөр *******тай гэрээ байгуулж түүнд 10,000,000 төгрөг төлсөн гэдэг. ******* нь өөрийн нэр дээр газрын гэрчилгээ авах боломжгүй тул 2015 оны 03 сарын 24-ний өдөр*******ын нэр дээр гэрчилгээ гарсан гэдэг.

5.9. Дээрх үйл баримтуудаас дүгнэн үзвэл *******ыг 2015 оны 03 сарын 24-ний өдрөөс буюу гэрчилгээ түүний нэр дээр гарсан үеэс хойш түүнийг газар эзэмших эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.

5.10. Түүнчлэн*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, байр суурь энэ маргааны явцад олон удаа өөрчлөгдсөн. Талуудаас газар шилжүүлсний хариуд мөнгө авсан гэж ярина, огт авч байгаагүй гэж ярина. Заримдаа 5 сая төгрөг авсан гэнэ, заримдаа 3 сая төгрөг авсан гэнэ. Тодруулбал, дансны хуулга хэрэгт ирэхүй байхад огт мөнгө аваагүй гэж хэлж байсан. Дансны хуулга хэрэгт ирснээс хойш мөнгө авсан гэж яриа нь өөрчлөгддөг.

5.11. Тухайлбал, 2024 оны 07 сарын 01-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан дээр миний гомдлыг дэмжиж тайлбар гаргаж байсан, харин хэрэг анхан шатны шүүхэд буцсан үеэс хойш нэхэмжлэгчийг дэмжиж тайлбараа өөрчилсөн байна.*******д нэхэмжлэгч тал нөлөөлсөн байж болзошгүй гэж хардаж байна. Энэ тохиолдолд түүний тайлбарыг шууд үнэн зөв гэж үнэлэх боломжгүй, гагцхүү өөр баримтаар нотлогдвол үнэлэх боломжтой байна.

5.12. Түүнчлэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад байгаа гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 10 дугаарт дүгнэсэн нь илэрхий алдаатай дүгнэлт болсон. Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбар зэргээр *******гийн барьсан байшин тухайн газар дээр байгаа тухайд талууд маргадаггүй, энэ байшинд үзлэг хийлгүүлэх хүсэлт тавьсныг талуудын маргахгүй гэсэн тайлбарт үндэслэн үзлэг хийгээгүй.

5.13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтыг зөрчиж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож, захиргааны акт гаргахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албан даалгаж шийдвэрлэсэн байна. Товчхондоо, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудлаар шийдвэр гаргасан байх ба энэ нь үндэслэлгүй.

5.14. Нэхэмжлэгчийн зүгээс*******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ нь ямар хууль зөрчсөн талаар огт тодорхойлоогүй байдаг бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм, хэмжээг зөрчсөн гэж тайлбарладаг. Тус нөхцөлийг тодруулахад******* өөрийн биш газраа *******д худалдсан нь түүнийг хуурч байгаа учир нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж тодорхойлсон.

5.15. Гэтэл бусдыг хууран мэхэлж гэрээ хэлцэл хийсэн нөхцөл хэрхэн шийдвэрлэх талаар Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд нарийвчлан зохицуулсан буюу хууран мэхлэгдсэн этгээд шаардлага гаргасан нөхцөл хүчин төгөлдөр бусад тооцоохоор зохицуулсан байна. Иймд *******г******* хуурсан гэх үндэслэлээр гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй харин ******* миний бие Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан нөхцөлд хууран мэхэлсэн гэх үндэслэлээр гэрээг хүчин бус болохыг шүүхээр тогтоолгох боломжтой байна. Хуульд нарийвчлан зохицуулсан буюу хууран мэхэлж хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зохицуулсан атал мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй.

5.16. Иймээс, *******гийн өмнө дурдсан үндэслэл тайлбаруудаар *******ийн нэхэмжлэл бүхэлдээ үндэслэлгүй, түүний тодорхойлсон үндэслэлээр шаардах эрх олгогдоогүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

6.1. 2016 оноос эхлэн зуслангийн газартай болох гэж хөөцөлдсөн. Үүний дагуу гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Маргаан бүхий газар тал газар байсан. Миний бие 3 талт төмөр хашаа барьж, цоожилсон. Уг газар дахин цааш худалдан борлуулагдсан. Хашааны цоожийг эвдэж, эзэмшсэн байсан.

6.2. Тухайн үед байшин бариагүй байсан. Хашааг *******ын барьсан хашаа биш болохыг тухайн үед мэдэж байсан гэж тайлбарладаг. Шүүхийн шийдвэрийг удаа дараа алдаатай шийдвэрлэсэн гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүхээс 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байдаг.

6.3. Шүүхийн 3 удаагийн шийдвэрийг удаа дараа алдаатай гэж үзэж буйг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх үүссэн маргааныг хуулийн хүрээнд үнэн зөвөөр шийдвэрлэсэн. ******* маргаан бүхий газарт байшин барьсан учир давуу эрхтэй гэж түүний өмгөөлөгч тайлбарлаж байна.

6.4. Миний хувьд мөн тус газарт түрүүлээд хашаа барьчихсан байсан ба хашааны цоожийг эвдэн нэвтэрч орсон. Маргаан үүссэний дараа байшин барьсан этгээд давуу эрхтэй бол миний бие түрүүлж маргаан бүхий газар хашаа барьсан учир давуу эрхтэй байх боломжтой эсэхийг асуумаар байна.

6.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөрүүтэй тайлбар гаргаж байна гэж тайлбарладаг. ******* анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд мөнгийг аваагүй талаар тайлбарладаг. Мөн *******д шахалт, дарамт үзүүлсэн байх боломжтой гэж тайлбарлаж байна. Миний бие ямарваа дарамт, шахалт үзүүлэх хүн биш. Үнэн бодитоор, хуулийн хүрээнд шийдвэрлүүлсэн.

6.6. Мөн хариуцагч талаас бодит байдлаас өөр тайлбар ******* гаргасан гэж тайлбарлаж байна. Болж өнгөрсөн үйл явдлыг шүүхэд үнэн зөвөөр мэдүүлсэн. Худал хэлээгүй, болсон процессыг мэдүүлсэн. 2016 оноос хойш 10 жилийн хугацаанд газар ч үгүй, хашаа ч үгүй хохирч буй этгээд би юм.

6.7. Анхан шатны шүүх хуралдаанд хуулийн үндэслэлээ тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүх хууль хүрээнд, үнэн зөвөөр шийдвэрлэсэн учир хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч миний талд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч*******ын тайлбарын агуулга:

******* 3,900,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Уг өр төлбөрийг барагдуулна. ******* анхан шатны шүүх хуралдаанд 6,000,000 төгрөг бэлнээр өгсөн гэж тайлбарласныг ойлгохгүй байна. Ямар ч байсан 3,900,0000 төгрөгийг төлж барагдуулна. Өөр хэлэх зүйлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******, ******* нарт холбогдуулан 2019 оны 12 сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож, *******тэй газар эзэмших эрх олгох гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч******* маргаагүй, хариуцагч ******* нь ... маргаан бүхий газрын эзэмших эрхийг хуулийн дагуу гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан, шударга эзэмшигч гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон ******* нь газрын албанд ажиллаж байсан, өөрийн нэр дээр газрыг авах боломжгүй тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 03 сарын 16-ны өдрийн А/90 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын *******дугаар газрыг 15 жилийн хугацаатайгаар ******* зуслан дахь 700 м.кв газрын гэрчилгээг 2015 оны 03 сарын 24-ний өдөр*******д олгосон;

 

3.2. ******* нь *******тай 2016 оны 05 сарын 05-ны өдөр Зуслангийн газар худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* зуслан дахь ******* нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг нийт 10,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, *******ээс газрын төлбөрт 10,000,000 төгрөгийг *******д төлсөн;

 

3.3. Нэхэмжлэгч нь*******той 2017 оны 05 сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий газрын эзэмших эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон;

 

3.4. ******* нь*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын хооронд 2019 оны 12 сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* зуслан дахь ******* нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв газрыг эзэмших газрын эрхийг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон;

 

3.5. Хариуцагч ******* нь*******ын дансанд газрын төлбөрт 5,000,000 төгрөг шилжүүлсэн;

 

3.6. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 сарын 17-ны өдрийн А58 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ******* дугаар газрыг 15 жилийн хугацаатайгаар *******ын зуслан дахь 700 м.кв газрыг*******д 2020 оны 02 сарын 19-ний өдөр гэрчилгээ олгожээ.

 

4. Анхан шатны шүүхийн ******* болон ******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаарх эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

5. Харин ******* болон*******ын хооронд байгуулсан 2019 оны 12 сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон алдаа гаргасныг залруулна.

 

5.1. Нэхэмжлэгч нь ... ******* нь*******ын нарын хооронд байгуулсан 2019 оны 12 сарын 27-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчсөн хэлцэл, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл байх тул хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулна гэж тайлбарласан.

5.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хэн аль нь Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар маргаан бүхий газрын эзэмших эрхийг хэлцлийн үндсэн дээр шударгаар олж авсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан жам ёсны эрх буюу өмчлөх эрхийг шударгаар олж авах зохицуулалтыг эзэмших эрх олж авах харилцаанд буруу тайлбарлан хэрэглэсэн алдаа гаргаснаас хариуцагч *******г газар эзэмших эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

5.3. Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан бол уг эд хөрөнгийг хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч, хэрэв эд хөрөнгө хэний ч эзэмшилд шилжээгүй байвал түрүүлж гэрээ хийсэн этгээд эзэмшилдээ шилжүүлэн авах давуу эрхтэй.

 

Хуулийн дээрх зохицуулалтаар худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй.

 

Хариуцагч******* нь газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй, мөн газрын эзэмшлийг бусдад шилжүүлсэн зэрэг нь эрхийн доголдолтой хөрөнгийн эрхийг худалдсан байх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзах, эсхүл хохирол шаардах эрх үүсэх боломжтой ба хариуцагч******* нь нэг хөрөнгийг 2 этгээдэд худалдсан нь хожим байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл болохгүй.

 

5.4. Нэхэмжлэгч ******* нь ... маргаан бүхий газарт гурван тал хашаа барьсан, хариуцагч ******* нь ... маргаан бүхий газрыг одоо эзэмшилдээ байлгаж, торхон байшин барьсан гэж тус тус тайлбарласан үйл баримтад талууд маргаагүй.

Хариуцагч *******д маргаан бүхий газрын эзэмших эрх нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 02 сарын 17-ны өдрийн А58 дугаар захирамжаар шилжсэн, мөн газрыг бодитоор ашиглаж байгаа тул хариуцагч *******гийн газрын эзэмших эрх хамгаалагдана.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* нь 2019 оноос хойш маргааны бүхий газарт зуслангийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө барьсан, бодитоор эзэмшиж, ашиглаж байх тул хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч гэж үзэх ба түүний эзэмшил бодитоор тогтсон байна.

 

Нэхэмжлэгч ******* нь *******тай тохиролцож,*******той 2017 оны 05 сарын 11-ний өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээний үнийг төлсөн талаар маргаангүй боловч уг хугацаанаас хойш газрын эзэмших эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж аваагүй, гурван тал хашаа барьсан үйл баримт нь Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт заасан хамгийн түрүүнд эзэмшилдээ авсан худалдан авагч этгээд гэж үзэхгүй.

 

5.5. Анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан маргаанд хамаарахгүй, нийтийн эрх зүйн хүрээнд хамаарах шаардлагыг хувийн эрх зүйн маргааны хүрээнд шийдвэрлэж байгаа алдаа гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлага нь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаврыг арилгуулах агуулгатай ба Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгох шаардлагыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэхгүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/07926 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч******* болон ******* нарын хооронд байгуулсан 2019 оны 12 сарын 27-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоох, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/58 дугаар захирамжийн *******д газар эзэмшүүлэх эрх олгосон хэсгийг хүчингүй болгох, *******тэй газар эзэмших гэрээ байгуулахыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

 

С.ЭНХБАЯР