Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2025/02095

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч М.Баясгалан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07096 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалаар *******ийг ******* ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******т бүрдүүлэн өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалган шийдвэрлэсэн.

1.2. Иргэн *******ийн хүсэлтээр 2022 оны 11 сарын 04-ний өдрийн ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22371026 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна.

1.3. ******* газраас Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хүргүүлсэн 2023 оны 02 сарын 09-ний өдрийн ******* дугаартай Эзэмших эрх шилжүүлэх тухай албан бичгээр гэрчилгээний ******* дугаар, нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас тодотгол хийсэн 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч *******ийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинээр гэрчилгээ гарган хариу мэдэгдэхийг мэдэгдье гээд ******* ХХК-ийн 2019 оны 05 сарын 17-ны өдрийн кадастрын зургийг хавсаргасан болохыг нэхэмжлэгч нь 2023 оны 04 сарын 07-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас олж мэдсэн.

1.4. Шүүх иргэн *******т 1,056 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа ******* ХХК-ийн 2000 оны 12 сарын 20-ны өдрийн 30 тоот Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-ийн зүүн талд байрлах тус компанийн авто сервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв талбайг ******* ХХК-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна гэсэн агуулгатай албан бичигт үндэслэсэн билээ.

1.5. Манай компанийн одоогийн байдлаар эзэмшиж буй 4,014 м.кв газраас иргэн *******т 1,056 м.кв талбайтай газрыг шилжүүлэх тохиолдолд ******* ХХК-ийн тухайн үед буюу 2000 онд газар шилжүүлэх тухай албан бичгийг үйлдэх цаг мөчид эзэмшиж байсан 3,000 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайг салган шилжүүлэх ёстой юм. Гэтэл ******* нь манай компанид огт мэдэгдэж, тайлбар авалгүйгээр, хэт нэг талыг баримтлан иргэн *******ийн захиалгаар ******* ХХК-ийн хийсэн кадастрын зургийн дагуу 1,056 м.кв газрыг иргэн *******т шилжүүлсэн тохиолдолд манай компанийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна.

1.6. Шүүхийн шийдвэрийн дагуу бидний зүгээс барилгыг төлбөр авагчийн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа. Иймд ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4014 м.кв талбайтай газраас 1056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалаар нэхэмжлэгч *******ийг ******* компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож ******* ХХК-аас өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******т бүрдүүлэн өгөх, улсын тэмдэгтийн хураамж 210,600 төгрөгийг гаргуулж *******т олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна.

2.2. Тус газраас дээрх шүүхийн шийдвэр биелүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******т бүрдүүлэн өгөх тухай мэдэгдлийг 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 4-141/855, 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 4-141/2386 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн боловч тогтоосон хугацаанд биелүүлээгүй тул албадан биелүүлэхээр ******* компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагч *******ийн өмчлөлд шилжүүлэх бүртгэх тухай 2023 оны 02 сарын 09-ний өдрийн 4-141/2989 дугаар албан бичгийг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрыг төлбөр авагч *******ийн эзэмшилд шилжүүлэх бүртгэх тухай 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4-141/2988 дугаар албан бичгийг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд тус тус хүргүүлсэн.

2.3. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хариу тайлбарын агуулга:

3.1. Шүүх энэ газар болон үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэрлэхдээ *******ийн өмч юм гэдгийг тогтоосон. Ийм учраас энэ хөрөнгийн бүрдэл хэсэг болох газрын *******т олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

3.2. Нэхэмжлэгч нь маргаад байгаа давхцал болон давхцаагүй гэдэг асуудлыг өмнө нь энэ маргаан явж байхад нэхэмжлэгч тал бол үүн дээр шинжээч томилоод нотлох баримтуудаа гаргаад энэ үндэслэлээр маргах бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгээгүй. Энэ нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122.5 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан, ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Төлбөр авагч болон төлбөр төлөгч талуудын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалын Хянавал хэсгийн 12 дахь заалтаар Нэхэмжлэгчийн ноолуурын үйлдвэрийн доорх болон орчмын нийт 1,056 м.кв газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хангах нь зүйтэй. ******* ХХК-ийн 2000 оны 12 сарын 20-ны өдрийн 30 тоот өөрийн эзэмшлийн 1,056 м.кв талбайг ******* ХХК-д шилжүүлэх агуулга бүхий албан бичгээс харахад нэхэмжлэгч нь уг газрын эзэмших эрх бүхий этгээдээс шилжүүлэн авахаар харилцан тохирч барилгыг захиалан бариулсан гэж үзэх үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт зааснаар ноолуурын үйлдвэрийн барилга болон барилгын орчмын 1,056 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй гэж үзэх нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцнэ" гэж дүгнэсэн байдаг.

5.2. Өөрөөр хэлбэл шүүх иргэн *******т 1,056 м.кв газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа ******* ХХК-ийн 2000 оны 12 сарын 20-ны өдрийн 30 тоот Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-ийн зуун талд байрлах тус компанийн авто сервис, үйлчилгээний төвийн зориулалтаар ашиглуулахаар олгогдсон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м-ийн 1,056 м.кв талбайг ******* ХХК-д шилжүүлэхийг үүгээр зөвшөөрч байна гэсэн агуулгатай албан бичигт үндэслэсэн.

5.3. Иймээс манай компанийн одоогийн байдлаар эзэмшиж буй 4,014 м.кв газраас иргэн *******т 1,056 м.кв талбайтай газрыг шилжүүлэх тохиолдолд ******* ХХК-ийн тухайн үед буюу 2000 онд газар шилжүүлэх тухай албан бичгийг үйлдэх цаг мөчид эзэмшиж байсан 3,000 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайг нь таслан шилжүүлэх ёстой юм.

5.4. Учир нь Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар ******* ХХК-д ******* ХХК-ийн зүүн талд байрлах 3,000 м.кв газрыг хоёр жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн ба Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн ******* захирамжаар ******* ХХК-д олгосон 3,000 м.кв газрыг 4,014 м.кв болгон ихэсгэж ******* ХХК-д шилжүүлсэн байдаг юм.

5.5. Гэтэл ******* нь нэхэмжлэгч компанид огт мэдэгдэж, тайлбар авалгүйгээр, хэт нэг талыг баримтлан иргэн *******ийн захиалгаар ******* ХХК-ийн хийсэн кадастрын зургийн дагуу 1,056 м.кв газрыг иргэн *******т шилжүүлсэн тохиолдолд манай компанийн хууль ёсны эрх ашиг ноцтой зөрчигдөхөөр байна.

5.6. ******* ХХК-ийн иргэн *******ийн нэр дээр үйлдсэн кадастрын зураг нь манай компанид сүүлд буюу Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 сарын 28-ны өдрийн ******* захирамжаар эзэмшүүлсэн талбайгаас бидний зөвшөөрөлгүйгээр оруулсан байх тул уг кадастрын зургийг үндэслэн газар эзэмших эрхийг шилжүүлэх гэж байгаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна.

5.7. Түүнчлэн хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, 44 дүгээр зүйлийн 44.2.1, 44.2.2-т заасныг зөрчин биднээс ямар ч тайлбар, нотлох баримт, тодорхойлолт авалгүйгээр хэт нэг талын эрх ашиг. сонирхлыг дээгүүр тавьж, ямар ч тогтоол шийдвэр гаргалгүйгээр зөвхөн албан бичгээр манай эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэхээр хандаж буй нь манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсанд дурдсанаас давсан ажиллагааг гүйцэтгэсэн байна.

5.8. Энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07096 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 5-д нэгж талбарын *******, ******* дугаар бүхий, *******нд байрлах 4,014 м.кв талбайтай газраас үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй 1,056 м.кв талбайтай газрыг төлбөр авагч *******т шилжүүлэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчимд нийцсэн байна. Тодруулбал Орчим гэдэг үгийг Монгол хэлний тайлбар тольд Ойр тойрон" ... гэж тайлбарласан ба үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын эргэн тойрны эзэмшлийн газрыг хамруулан, төлбөр төлөгчийн эзэмшлийн 4,014 м.кв газраас 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг төлбөр авагч *******т шилжүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, 6-д: ... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалд ******* ХХК-ийн 2000 оны 12 сарын 20-ны өдрийн 30 тоот албан бичгийг нотлох баримтаар үнэлж, Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийг барилгын орчмын 1,056 м.кв талбайтай газрыг эзэмших эрхтэй гэдгийг тогтоосон бөгөөд Нийслэлийн Засаг даргын 1999 оны 08 сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар олгосон 0,3 га газрын баруун хэсэг болох 16 м.кв х 66 м.кв-ийн 1,056 м.кв талбайг нэхэмжлэгчид олгох агуулга огт байхгүй хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

5.9. Дээрх байдлаар анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан байдлаар зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

******* нь хуульд заасан журмын дагуу холбогдох ажиллагааг явуулсан буюу нэхэмжлэгч талд мэдэгдсэн. Анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:

7.1. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар бидэнд мэдэгдээгүй гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудад нэхэмжлэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар удаа дараа мэдэгдэж, тайлбар авах гэж байсан атал хүрэлцэн ирээгүй. Нягтлан болон тухайн байгууллагын захиралд нь мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан.

7.2. Гэтэл нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэж зөрүүтэй тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгчээс хийгдсэн ажиллагаанууд тогтоогдож, баримтаар нотлогдсон. Нэхэмжлэлийн гол агуулга нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар тогтоосон ажиллагааг хүчингүй болгох гэж байгаа боловч энэ нь өөрөө хэт ерөнхий, тодорхой бус байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой, ойлгомжтой байх ёстой. Ингэснээр хариуцагч болон гуравдагч этгээд тайлбар, татгалзлаа гаргах, мэтгэлцэх эрхээ тэгш хэрэгжүүлэх боломжтой.

7.3. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад миний эзэмшлийн газрыг шилжүүлэх гэж байна гэж маргадаг. 2022 онд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах боломж байсан атал үүнийг хэрэгжүүлээгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг өөрсдөө тайлбарлаж хүчингүй болгох боломжгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа тул талуудын мэтгэлцэх зарчмыг ноцтой зөрчиж байна.

7.4. Түүнчлэн уг маргаан нь гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн бөгөөд талууд өмнө нь тухайн барилгыг өмчлөх асуудлаар маргаж, шүүхийн тогтоолоор манай тал барилгыг өмчлөх эрхтэй болох нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор барилгын доод хэсэгт байрлах 1056 м.кв газрыг манай тал авах шаардлагатай гэж үзсэн. Давж заалдах шатны шүүх мөн барилгын доод талд байрлах газрыг манай талд олгох нь зүйтэй гэж дүгнэн, 2019 онд ******* ХХК-аар хийлгэсэн кадастрын зурагт үндэслэн 1,056 м.кв газрыг олгохоор шийдвэрлэсэн.

7.5. Тухайн үед нэхэмжлэгч тал барилгын доор байрлах 1,056 м.кв газрын байршил нь ******* ХХК-ийн 2019 оны кадастрын зургаар тогтоосон байршилд байх ёсгүй, уг зураг нь зөв байршлыг илэрхийлээгүй гэх маргааныг гаргах боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтэд 3,000 м.кв газраас 780 м.кв, 4,014 м.кв газраас 1,056 м.кв талбай нь давхцаж буй талаар тэмдэглэсэн бөгөөд энэ давхцал нь бодит нөхцөл байдлаасаа шалтгаалан зайлшгүй үүсэхээс өөр аргагүй байдалтай. Учир нь нэхэмжлэгчийн эзэмшлийн барилга нь ганц орц, гарцтай бөгөөд өөр чиглэлд гарах боломжгүй.

7.6. Анхан шатны шүүхийн хуралдааны явцад дээрх нөхцөл байдлыг тайлбарласан бөгөөд хэрэв уг гарцыг нэхэмжлэгчийн газар гэж үзэн шийдвэрлэвэл манай тал барилгаасаа гарах боломжгүй болж, үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй. Харин нэхэмжлэгч тал уг нөхцөл байдлыг ашиглан гарцыг хаах байдлаар шүүхийн явцад давуу байдал авах, гарцаагүй нөхцөл байдал үүсгэх оролдлого хийж буй нь ажиглагдаж байна.

7.7. Иймд хэрэгт авагдсан бүх нотлох баримтыг бодит нөхцөл байдалтай уялдуулан, эргэлзээгүй байдлаар үнэлж шийдвэрлэнэ үү. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн 22371026 дугаар тогтоолоор үүссэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгж талбарын ******* дугаарт бүртгэлтэй 4,014 м.кв талбайтай газраас 1,056 м.кв талбайтай газрын эзэмших эрхийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэсэн ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан ... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь хариуцагч талыг дэмжиж оролцсон.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 17-ны өдрийн 102/ШШ2022/00965 дугаар шийдвэрээр *******ийг ******* компанийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гарган шилжүүлэхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ийг ******* ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр, мөн дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тус тус тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийг улсын бүртгэлээр шилжүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг нэхэмжлэгч *******т бүрдүүлэн өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж шийдвэрлэж, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 09 сарын 26-ны өдрийн 001/ШХТ2022/00929 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна. /1хх-47-57/

 

3.1. Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч ******* ХХК нь сайн дураараа биелүүлээгүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 сарын 01-ний өдрийн 102/ГХ2022/01810 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, *******ын зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгийн доорх буюу орчмын газрын 1,056 м.кв талбайг шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага шилжүүлэх ажиллагааг явуулжээ.

 

3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр газар нь 4,014 м.кв газраас 1,056 м.кв газрыг шилжүүлэхдээ хэрэгт авагдсан болон тухай газар дээр хийгдсэн кадастрын зурагт үндэслээд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалд заасан хэмжээнд газрыг шилжүүлэх ажиллагаа явуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Тодруулбал, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлалд *******ийг ******* ХХК-ийн зүүн талд орших 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх эд хөрөнгө болон орчмын 1,056 м.кв талбайтай газрын эзэмшигчээр тогтоосон тул 432 м.кв талбайтай ноолуурын үйлдвэрийн барилга, 72 м.кв талбайтай гараж бүхий 2 давхар үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа орчмын газрын 1,056 м.кв талбайг кадастрын зургийг үндэслэн эзэмших эрхийг шилжүүлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д тодорхой үйлдэл, үйл ажиллагаа гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхыг даалгасан шийдвэрийг биелүүлсэн; гэж заасантай нийцсэн байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

3.3. Хариуцагч нь 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 4-141/855 дугаар, 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 4-141/2386 дугаар Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч ******* ХХК-д мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч талын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэгдээгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

4. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн шаардах эрхтэй холбоогүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан алдаа гаргасныг залруулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/07096 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... 122 дугаар зүйлийн 122.5 ... гэснийг ... 44 дүгээр зүйлийн 44.4 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

ШҮҮГЧИД  М.БАЯСГАЛАН

 

 

С.ЭНХБАЯР