Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2025/02176

 

 *******, *******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08323 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******, ******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* нь Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчээр 25 жил тасралтгүй ажиллаж байна. Миний бие анагаах ухааны доктор, тэргүүлэх зэрэгтэй бөгөөд *******-ийн үргүйдэл нөхөн үржихүйн төвийн их эмчээр ажил үүргээ гүйцэтгэж байтал 2025 оны 03 сарын 27-ны өдрийн эмч нарын хурлаар бүтэц, орон тоо өөрчлөгдөж, зарим эмч нарыг шилжүүлэх тушаал гарсан талаар хэлж нэхэмжлэгчийг амбулаторид ажиллуулах талаар хэлсэн боловч шилжүүлэн ажиллуулах тушаалыг эмч нарт танилцуулаагүй. Иймд *******г *******ийн үргүйдэл нөхөн үржихүйн төвийн их эмчээрээ үргэлжлүүлэн ажиллаж хүсэлттэй байна.

1.2. Нэхэмжлэгч ******* нь *******ийн ******* эмнэлгийн ******* тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор, их эмч. 1999 онд Анагаах ухааны Их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн цагаасаа хойш эрүүл мэндийн салбарт 26 дахь жилдээ эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж ирсэн. *******ийн ******* эмнэлэгт 2007 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна.

1.3. 2025 оны 03 сарын 27-ны өдрийн эмч нарын хурлаар сайдын тушаалаар бүтцийн өөрчлөлт хийгдсэн хэмээн намайг ******* эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч албан тушаалд ажиллаж байхад амбулаторид ажиллуулахаар шилжүүлсэн байх ба өнөөдрийг хүртэл албан ёсоор бичгээр тушаал танилцуулаагүй. Иймд *******г *******ийн эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү.

1.4. Анагаах ухааны доктор, клиникийн профессор ******* нь *******д 2007 оноос хойш тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна. Одоогоор эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт зөвлөх эмчээр ажиллаж байгаа болно.

1.5. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч *******ыг ээлжийн амралттай байх хугацаанд *******ийн захирлын 2025 оны 03 сарын 27-ны өдрийн Б/125 дугаар Ажилд томилох, ажил хүлээлцэх тухай тушаалаар Эрүүл мэндийг дэмжих төвийн эрхлэгчээр 2025 оны 03 сарын 28-ны өдрөөс эхлэн томилж, тус өдрөө ажил хүлээлцэхээр шийдвэрлэсэн байсан.

1.6. Энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй ба бусад эмч нараас сонсож, асууж тодруулахад 2025 оны 04 сарын 14-ний өдөр энэхүү тушаалын хуулбарыг надад танилцуулсан. Иймд 2025 оны 03 сарын 27-ны өдрийн Б/125 дугаар тушаалын дагуу миний мэргэжил ажилд үл хамаарах эрүүл мэндийг дэмжих төвийн эрхлэгчээр томилсон тушаалыг хүчингүй болгож намайг урьд эрхэлж байсан зөвлөх эмчийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* эмчийг *******ийн захирлын А/34 тоот тушаалаар эрх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмчээр хуучин албан тушаалд нь буцаан томилсон. Одоо эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмчийн албан тушаалд ажиллаж байна.

2.2. 2025 оны 03 сарын 27-ны өдөр Төвийн төсөвт ор, орон тоог батлах тухай захирлын ******* тоот тушаал батлагдан гарсан. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн одоо ажиллаж байгаа 72 эмчийг ЭБЭЭ хариуцсан даргатай зөвшилцөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.4 дэх хэсэгт заасныг үндэслэн ажлын ачааллыг тэнцүүлэх, нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор тасгуудад сэлгүүлэн ажиллуулж байна.

2.3. Тус төвийн эмч, эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмч нарыг жил бүр тасаг нэгжүүдэд сэлгүүлэн ажиллуулдаг. ******* тоот тушаалаар эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч *******г нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн их эмчээр томилсон байна. ******* эмчийн ажилласан тасаг нэгжийг сүүлийн 10 жилийн байдлаар судлан үзэхэд тухайн жилийн 01 тоотоор 2015 онд нөхөн үржихүйн зөвлөх поликлиник, 2016 онд эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч, 2017 онд эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч, 2018-2021 онд хүүхэд асрах чөлөө, 2021 онд яаралтай тусламжийн тасгийн их эмч, 2022 онд төрсний дараах тасгийн эрхлэгч, 2023 онд эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмч, 2024 онд эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн их эмчээр тус тус томилон ажиллуулж байсан байна.

2.4. Үргүйдэл нөхөн үржихүйн төвийн их эмч ******* төсвийн хөрөнгийг хувьдаа завших хэргээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа тул 59.4 дэх заалтыг үндэслэн нэг ажлын байранд дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гадны нөлөөллөөс урьдчилсан сэргийлэх зорилгоор үргүйдэл нөхөн үржихүйн төвийн их эмчээс нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн эмчээр шилжүүлэн ажиллуулахаар томилсон байна. Тасаг шилжүүлэн ажиллах нь тус төвийн дотоод зохион байгуулалтын ажил бөгөөд цалин хөлс, албан тушаалын зэрэглэл буураагүй. Иймд дээр дурдсан тайлбар үндэслэлийг харгалзан үзэж нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******-ийн Үргүйдэл, нөхөн үржихүйн төв-ийн их эмч, Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг-ийн их эмчийн албан тушаалд тус тус эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг-ийн зөвлөх эмчээр эгүүлэн томилуулах нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2025 оны 10 сарын 16-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай 182/Ш32025/43180 дугаар шүүгчийн захирамжийн Үндэслэх нь хэсэгт ... Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч нарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн төдийгүй нэхэмжлэгч *******г өмгөөлөгчөөс мэргэжлийн туслалцаа авах эрхийг хязгаарласан.

4.2. Анхан шатны шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн байх тул шийдвэр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

4.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт ... *******-ийн захирлын 2016-2024 оны Төвийн төсөвт ор, орон тоо, цалин нэмэгдлийг батлах тухай тушаалуудаар тус төвийн ажилтнуудын албан тушаал, цалин нэмэгдэл, хөдөлмөрийн нөхцөлийг тогтоож байсан, эдгээр тушаалын дагуу нэхэмжлэгч нар албан тушаалд томилогдож байсан нь тогтоогдсон. /хх-ийн 36-65/ хэмээн дүгнэлт хийхдээ энэхүү тогтоогдсон гээд байгаа баримтууд нь нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн хариу тайлбартай хэрхэн яаж холбогдож байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүйгээс гадна хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй болно.

4.4. Түүнчлэн хэрэгт авагдсан *******ын Иргэний шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагчийн өгсөн тайлбарт нэхэмжлэгчийн няцаалт гарчигтай он, cap, өдөр нь тодорхойгүй гар бичмэл хүсэлтийг анхан шатны шүүх ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан баримт хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.5. Нэхэмжлэгч ******* нь тухайн бичвэртээ *******-ийн ерөнхий захирал Ж.Отгонбаатарт хүний гавьяат эмчийн цолны шагналд тодорхойлсон баримт бичигт гарын үсэг зуруулж, тамга, тэмдэг даруулахаар хүсэлт гаргахад шүүхээс өргөдлөө татаж ав тэгвэл тамга дарж өгнө хэмээн дарамталсан болохыг дурдаад цаашид удирдлагын зүгээс шударга бусаар хардаж сэрдэж байгаа үйлдэл, хууль бус дарамт шахалт хирээс хэтэрч байгаа тул цаашид хамтарч ажиллах боломжгүй болоод зогсохгүй. түүнчлэн хувийн эрүүл мэнд болоод ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлж байгаа тухайгаа тодорхой дурдсан байхад энэ бүх нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр, нэхэмжлэгчид нэхэмжлэлээсээ татгалзсаны улмаас цаашид гарах эрх зүйн үр дагаврыг тайлбарлахгүйгээр түүнийг болон өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шүүх шийдвэр гаргахдаа нотлох баримтыг хэрэгт хамааралтай холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

4.6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Тогтоох хэсэгтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д баримталсан нь ойлгомжгүйгээс гадна *******-ийн захирлын 2025 оны 03 сарын 27-ны өдрийнТөвийн төсөвт ор орон тоог батлах тухай ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч нарын ажлын байрыг өөрчлөхдөө баримталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.4-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.7. Өөрөөр хэлбэл, талууд харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын албан тушаал, цалин хөлс буураагүй, өөр албан тушаалд сэлгэн ажиллуулснаас эрх ашиг нь хохирсон гэх үндэслэл нөхцөл байдал тогтоогдохгүй хэмээн дүгнэлт хийсэн нь анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтууд, талуудын гаргасан тайлбарууд, хэргийн үйл баримтад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хуулийг буруу хэрэглэсэн

4.8. Түүнчлэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/34901 дугаар захирамжаар хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч энэ баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад буюу шүүгчийн захирамж биелэгдээгүй, нэхэмжлэгч тал хүсэлтээсээ татгалзаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох юм.

4.9. Нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил, мэргэжилд ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаараа хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангах хугацаа дуусахад цөөхөн хугацаа үлдсэн байхад ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч нарыг хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх боломжийг үндэслэлгүйгээр хааж байгаа нь Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч тал өмгөөлөгчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэж тайлбарладаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдаан өмнө нь 2 удаа товлогдон хойшилж байсан. Тухай бүрд нэхэмжлэгч талын гаргасан өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

5.2. 2025 оны 10 сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч өмгөөлөгчгүй ирсэн ба нэхэмжлэгч өмгөөлөгч ирж байгаа, зам түгжрэлтэй байна гэх асуудлыг хөндсөн ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр бус, харин хариуцагч талын гаргасан хүсэлтийн дагуу мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хуульд нийцсэн үндэслэлтэй байна.

5.3. *******өөс бүрдсэн баримт материалыг 2014 оноос 2024 он хүртэлх сүүлийн 10 жилийн *******ийн захирлын ажлын байрны тодорхойлсон тушаалыг архиваас авч, өөрийн байгууллагын хуулбар үнэн гэх тамга дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байгаа тул энэ талаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.4. 2025 оны 03 сарын захирлын тушаалаар ажлаас чөлөөлсөн байхад 06 сард ажлын хэсэг хянасан нотлох баримт ирүүлсэн гэж тайлбарладаг. Энэ нь өмнө онд болсон үйл явдал бөгөөд тухайн үед *******гийн хувьд сувилагч нь Эрүүл мэндийн яамд гомдол гаргаж, гомдлын дагуу Эрүүл мэндийн яамнаас *******д хяналт шалгалт хийж, яамнаас зохих журмын дагуу Авлигатай тэмцэх газарт хэргийн материалыг явуулсан. Үүний дараа *******өөс дотоод хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж хяналт шалгалт хийсэн зөрчлийг тогтоосон дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчөөгүй.

5.5. Ажлын байрыг өөрчилсөн тушаал, шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.4, 59.3 дахь хэсэгт тус тус зааснаар ажлын байранд удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрыг сольсон.

5.6. Нэхэмжлэл гаргасан 3 этгээдийн нэг болох ******* нь үргүйдэл, нөхөн үржихүйн төвд эмчээр ажиллаж байх хугацаандаа дүгнэлтэд зааснаар байгууллагад орох ёстой байсан орлого болох 372,000,000 төгрөгийг хувийн дансаар авсан гэх дүгнэлт гарсан. Өнөөдрийн байдлаар Авлигатай тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг үүсэж, холбогдох баримт материалыг хураан авсан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд явж байна.

5.7. *******гийн хувьд 2023 онд тасгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд төлбөртэй өрөөний төлбөрийг өөрийн хувийн дансаар авч байсан болох нь тогтоогдсон. Тус үйл ажиллагаатай холбоотойгоор тухайн тасгийн сувилагч Авлига тэмцэх газарт өргөдөл гаргаж, өнөөдрийн байдлаар эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байна.

5.8. *******ын хувьд тухайн тасагт үргүйдэл, дурангийн зөвлөх эмчээр ажилладаг. Тус этгээд хувийн эмнэлэгтэй бөгөөд хувийн эмнэлэгтээ үзлэг хийлгэсэн этгээдүүдийн төлбөрийг авч, албан тушаалын давуу байдлаа ашиглаж *******д дараалалгүйгээр хагалгааны төлөвлөгөөнд оруулах үйлчилгээг үзүүлдэг байсан.

5.9. Иймд ажлын байрыг өөрчлөх тухай шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааны өмнө ажлаас гарах тухай өргөдөл өгч байсан. Ажлаас халах тухай тушаалыг хэрэгт хавсарган өгсөн.

5.10. Шүүхээс ажил байдлыг өөрчлөхдөө ажилтны эрх, ашгийг хөндөөгүй, цалин бууруулаагүй учир түүний эрх, ашгийг хөндөөгүй байна гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй. Иймд гомдлыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч *******, *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад маргааныг хянан шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.

 

3.1. Нэхэмжлэгч *******, ******* нарын албан тушаалыг өөрчилсөн *******ийн захирлын 2025 оны 03 сарын 27-ны өдрийн Төвийн төсөвт, ор, орон тоог батлах тухай ******* дугаар тушаалд хариуцагч байгууллага хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байхад анхан шатны шүүх үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарна.

3.2. Мөн, хэрэгт хариуцагч байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, нэхэмжлэгч нартай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, өмнө эрхэлж байсан болон томилогдсон ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт хэрэгт авагдаагүй байхад маргааныг шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй үндэслэлд хамаарна.

 

4. Гомдлоор үүсэх маргаан буюу хөдөлмөрийн маргаанд хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангуулах болон дурдсан нотлох баримтыг гаргуулах талаар чиглүүлэх нь шүүх хөндлөнгийн байх зарчимд харшлахгүй.

 

5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 сарын 16-ны өдрийн 192/ШШ2025/08323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧИД  Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

С.ЭНХБАЯР