Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 1289

 

Б.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,    

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03027 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Уян-Унд” ХХК-д холбогдох

Гэм хорын хохиролд 4 326 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэгийн гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Уян-Унд” ХХК-ийн “Спарк плаза” худалдааны төвд бэлэн хувцасны лангуу түрээслэдэг. 2012 оны 03 дугаар сард 5 хоног үргэлжлэн цасны шар ус гоожсоны улмаас 14 ширхэг монгол дээл норж бохирдсон. Ингээд тус төв 05 дугаар сарын 05-ны өдрөөс засварт орж 06 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад орсон боловч 8 дугаар сард дахин борооны ус гоожиж, бараа материал бохирдуулсан. Энэ талаар зохион байгуулагчид хэлэхэд “засвар хийсэн компанийн буруу, хэлье” гэж байсан. 2014 оны 05 дугаар сард өглөө ажилдаа ирэхэд бүх бараа норсон байсан. Түүнээс хойш 3 хоног хүлээгээд ус гоожихоо больсоны дараа гэрээгээ цуцлая гээд гарсан. Түүний дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт хандсан. 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тус худалдааны төвд 18 250 000 төгрөгийн түрээс төлсөн. Мөн зуны улиралд гадаа үүдэнд зогсож бараа зарахдаа нэмэлт татвар болох 10 000, 5 000 төгрөгийг баримтгүйгээр тухай бүрд нь төлж байсан. Норсон бараагаар бээлий хийж хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зориулж өгсөн. Гадаад улсаас импортоор оруулж ирсэн хувцаснуудыг хими цэвэрлэгээнд өгсөн боловч шошгонууд унасан. Кашмеран дээлнүүдийг хими цэвэрлэгээнд өгөхөд толбо нь арилахгүй, дахин цэвэрлүүлсэн. Эдгээр бараанууд зарагдах аргагүй болсон нь түрээслүүлэгчийн буруу тул 4 326 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч хөрөнгийн үнэлгээний газар зарах байсан үнээр нь үнэлгээ гаргах боломжгүй гээд өртгийн үнээр үнэлгээ хийсэн тул хөрөнгийн үнэлгээний дүн болох 2 321 930 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч “Уян-Унд” ХХК шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд талбай түрээслэн ажилласан гэж бичсэн байна. Гэтэл 2015 оны 05 дугаар сард түрээслэн ажиллаж байсан юм уу. Хэрэгт байгаа фото зургаас хэдэн төгрөгийн бээлийг жинсэн өмдөөр хийсэн нь харагдахгүй байна. Жинс нь байхгүй байхад жинсээр бээлий хийсэн гээд байгаа нь худлаа. Нэхэмжлэгч норсон гээд байгаа бараагаа шинэ бараа байсан гэжээ.  Энэ барааг шинэ бараа байсныг нотлох баримтгүй, шошгогүй байна. Хөрөнгийн үнэлгээний газрын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Үйлдвэрлэсэн он, сар, өдөр шошгогүй барааг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй. Үнэлгээний хамгийн гол шалгуур нь хаана, ямар материалаар үйлдвэрлэсэн нь чухал. Мөн норсон гэх бараанууд нь фото зураг дээрх  бараанууд мөн гэдгийг нотлох баримтгүй. Дээврээс ус алдсан он сар өдрийг тогтоохыг тулд Ус цаг уурын шинжилгээний газраас гаргуулж нотлож, үгүйсгэдэг. Тэгэхээр тэр худалдааны төвд ус алдсаныг нэхэмжлэгч батлах ёстой. Гэтэл төрийн байгууллагын актаар тогтоож байна гэж байна.  Ц.Цэгмид гэж байцаагч “Уян-Унд” ХХК дээр очиж үзлэг хийх ёстой. Гэтэл үзлэг хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ус алдсан зүйл байхгүй гэсэн. 2012 оны 03 дугаар сард шар ус орж ирэх боломжгүй, 3 дугаар сард бид өвлийн хувцастайгаа л байдаг. Иймд энэ нь цаг хугацааны хувьд зөрчилтэй байна. Үнэхээр 2012 онд ус алдаад хохирсон юм бол нэхэмжлэгч яагаад тухайн байгууллагад хандалгүй 2016 он хүргэсэн юм бэ. Нэхэмжлэгч төрийн албан хаагчийг гуйж байгаад гаргасан нэг хуудас баримт нь хохирол учруулсныг тогтоох баримт биш. Зураг дээрх хувцаснууд яг тэр лангуунд зарагдаж байсан бараа гэдгийг юугаар нотлож байгаа юм бэ. Б.Тэгшжаргалын лангуун дээр жинсэн өмд зарж байгаагүй, харин лангуу түрээслэхээ больсны дараа нэг ширхэгийг нь 5 000 төгрөгөөр жинсэн өмд бөөндөж авсан байдаг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Уян-унд” ХХК-иас гэм хорын хохирол 4 326 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч "Уян-Унд" ХХК-ийн Спарк плаза төвийн дээврээс ус гоожсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүний улмаас нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын эд хөрөнгөд хохирол учирсан байх үндэслэлтэй гэж шүүх зөв дүгнэсэн боловч хохирол төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлсэнгүй. Мөн үнэлгээ хийлгэсэн гутал, хувцаст шүүх хуралдааны өмнө үзлэг хийлгэж, норж гэмтсэн байдлыг нь фото зургаар бэхжүүлж, тэмдэглэлд тусгуулсан. Эдгээр баримтуудаар Б.Тэгшжаргалд учирсан хохирлын хэмжээ хангалттай нотлогдох бөгөөд үүнээс өөр байдлаар нотлох боломжгүй. Шүүх 2 321 930 төгрөгийн хохирол учирснаа баримтаар нотлоогүй, ус гоожиж хохирол учирсан талаар тухайн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, энэ талаар баримтжуулаагүй, акт үйлдээгуй, уг үйл баримтыг гэрчээр нотлуулах хусэлт гаргаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон."Уян-Унд" ХХК-ийн Спарк плаза төвийн захирал менежерүүд ус алдсан гэдгийг мэдсэн байх бөгөөд шүүх хуралдаанд Б.Тэгшжаргалын барааг зөөж өөр газарт байрлуулсан талаар ч мэдүүлдэг. Мөн ус алдаж, таазны хавтан нурсан байдлыг харуулсан зургийг хэрэгт хавсаргасан. Шудрага өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын ажилтны шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэг зэргээр үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг  хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын дүнг буруу бичсэн, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь хариуцагч “Уян-Унд” ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 4 326 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 321 930 төгрөг болгон өөрчилжээ.

Хариуцагч нэхэмжлэгчид эд хөрөнгийн гэм хор учруулаагүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч “Уян-Унд” ХХК-ийн эзэмшлийн Спарк плаза худалдааны төвд нэхэмжлэгч лангуу түрээслэн ажиллуулж байсан, барилгын дээврээс ус алдсан, дээврийг засварласан үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин ус алдсанаас нэхэмжлэгчийн бараа норж эд хөрөнгөд гэм хор учирсан эсэх талаар маргажээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу шүүх 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШТ2015/00650 дугаар тогтоолоор Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсны дагуу 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 04/2015 дугаар дүгнэлтэд “...Барилгын хавтгай дээврийн ашиглалт, одоогийн төлөв байдлыг шалгахад дээвэрт засвар үйлчилгээ хийгдсэн байгаа тул одоогийн байдлаар ус гоождог нөхцөл байдал ажиглагдсангүй. Дээврийн ашиглалт хэвийн байна” гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Спарк плаза” худалдааны төвийн дээврээс ус алдаж, бараа материал норгож гэмтээсэн, ажлын байрны нөхцөл хүнд, халаалт муу, түрээсийн төлбөр өндөр” гэх өргөдөл гаргасан ба Улсын ахлах байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 7/393 тоот албан шаардлагад “...иргэний гаргасан өргөдөл, хавсаргасан нотлох баримт зэргээс харахад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Хэрэглэгч эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, техникийн нөхцөл, барилгын болон эрүүл ахуй, ариун цэврийн норм, фармакопей, жор, түүнчлэн хууль тогтоомж, гэрээгээр тодорхойлсон зохих чанар, тоо хэмжээ, аюулгүйн шаардлагыг хангасан бараа хэрэглэх, ажил үйлчилгээгээр хангуулах” үндсэн эрх зөрчигдөхөд хүрсэн байна. Иймээс таныг ажлын байрны нөхцөлийг сайжруулж, худалдаа, үйлчилгээ явуулах ая тохитой орчныг бүрдүүлэх, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлж ажиллах, энэ чиглэлээр авсан арга хэмжээ, түүний үр дүнгийн талаар 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дотор манайд хариу ирүүлнэ үү” гэжээ.

Хариуцагч “Уян-унд” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 45 тоот албан бичигт “...түрээслэгч Б.Тэгшжаргалаас ирүүлсэн гомдлын тухайд манай байшингийн ус зайлуулах хоолойд хог орж бөглөрсний улмаас байрны таазнаас тухайн өдөр бага зэргийн ус гоожсон. Бид яаралтай арга хэмжээ авч, түрээслэгчийн барааг холдуулж түрээслэгчид ямар нэг хохирол учраагүй болно” гэжээ.  Иймд хариуцагч “Уян унд” ХХК-ийн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн албан бичгээр хариуцагч “Спарк плаза” төвийн дээврээс ус гоожсон үйл баримт тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид гэм хор учирсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч Б.Тэгшжаргал нь гэм хорын хохирлын улмаас эд хөрөнгөд 2 321 930 төгрөгийн хохирол учирснаа баримтаар нотлоогүй, ус гоожиж хохирол учирсан талаар тухайн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, энэ талаар баримтжуулан акт үйлдээгүй, уг үйл баримтыг гэрчээр нотлуулах хүсэлт гаргаж байсан үйл баримт тогтоогдоогүй тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Харин шүүх нэхэмжлэгч эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгуулах шаардлага гаргасан байхад гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг зохицуулсан ерөнхий заалт буюу Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг дангаар баримталсан, мөн нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 2 321 930 төгрөг гаргуулахаар өөрчилсөн байхад шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн үнийн дүнг 4 326 000 төгрөг гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Батцэцэгийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШШ2016/03027 дугаар  шийдвэрийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1…” гэсний дараа “510 дугаар зүйлийн 510.1…” гэж нэмж “…4 326 000 төгрөг…” гэснийг “…2 321 930 төгрөг…” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Тэгшжаргалын төлсөн 52 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

                                             ШҮҮГЧИД                                 М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                              Ш.ОЮУНХАНД