Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2026/0076

 

Б.А-ийн гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, танхимын тэргүүн:     Д.Мөнхтуяа

            Шүүгчид:                                                 Г.Банзрагч

                                                                                Д.Батбаатар

                                                                                М.Батсуурь

            Илтгэгч шүүгч:                                     П.Соёл-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга:                    У.Оюунзаяа

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/40 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар магадлалтай хэргийг, гомдол гаргагч Б.А-ийг оролцуулан хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гомдлын шаардлага: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/40 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгах,

2.Хэргийн нөхцөл байдал: Б.А нь өмгөөлөгч П.Б-д холбогдуулан “… 2013 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд “Сайншандад амьдардаг Л.А гэдэг хүний нэр дээр, түүнийг Дарханд байхгүй байхад худалдах, худалдан авах гэрээ хийж, Л.А-гийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан бөгөөд дээрх 1 өрөө байрны өмчлөгчөөр Л.А, Б.А, А.И, А.И, А.А нарыг тогтоосон нь хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр, 3,888,000 төгрөгийг Л.А-гаас гаргуулсан нь нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий шийдвэр болсон гэх зэргээр үндэслэлгүй тайлбар гаргаж, шүүхийг илт хууль бус шийдвэр гаргахад хүргэсэн, эд хөрөнгийг минь залилж мэхэлж авсан, миний өмгөөлөгч П.Б миний өмнөөс хуурамч хүсэлт гаргасан” гэж,

- өмгөөлөгч Ч.Э-д холбогдуулан “... шүүгч Тү.Э нь хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаагүй, нэхэмжлэгчид эрх, үүргийг танилцуулаагүй, өмгөөлөгч Ч.Э шүүгчтэй хуйвалдаж, эвлэрүүлэх захирамж гаргасан” гэж,

- өмгөөлөгч Б.Ц-д холбогдуулан “... 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүгч Тү.Энхжаргал эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2633 тоот хэргийг сэргээсэн захирамж гаргасан, шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргахад өмгөөлөгч Б.Ц хариуцагч нарын өмгөөлөгч, гуравдагч этгээд М.М нарын өмгөөлөгчөөр оролцож шүүхийг хууран мэхэлсэн, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд Л.А, түүний эгч Л.А-гийн гэмт үйлдлийг нуун дарагдуулахын тулд намайг гүтгэн, ноцтой хохирол учруулсан” гэж,

- өмгөөлөгч Л.Ц-д холбогдуулан “... Б.А-ийн нэхэмжлэлтэй Л.А-т холбогдох иргэний хэрэгт өмгөөлөгч нь хуурамч гуравдагч этгээд М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон” гэх агуулгатай гомдлыг гаргасан байна.

3.Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн М17/023 дугаар тогтоолоор өмгөөлөгч Ч.Э, Л.Ц, П.Б нарт холбогдуулан, 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МҮ/34 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Б.Ц-д холбогдуулан тус тус маргаан үүсгэсэн байна.

4.Хариуцагчаас “... Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.3-т “энэ хуулийн 31.8-д заасан хариуцлага хүлээлгэх хугацаа өнгөрсөн бол маргааныг хэрэгсэхгүй болгох” гэснээр шийдвэрлэсэн, хууль зөрчөөгүй, маргаан үүсгэхээс татгалзсан тогтоолд гомдол гаргах эрхгүй байдаг” гэж,

5.Өмгөөлөгч Л.Ц-гаас “... нэхэмжлэгч нь өөрийнхөө өмгөөлөгч болон хариуцагч нарын өмгөөлөгч, түүнчлэн шүүгч, туслах гээд олон хүмүүст холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргаснаар маш олон жилийн нүүрийг үзэж байна. Энэ маргаанд би ямар ч оролцоогүй. Би хуулийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. Б.А-ийн эрх ашгийг хохироох асуудал үүсгээгүй” гэж,

6.Өмгөөлөгч П.Б-аас “... Миний бие Б.А-ийн нэхэмжлэлтэй гэр бүл цуцлуулах, гэр бүлийн дундын өмчөөс гэр бүлийн гишүүдэд оногдох хэсгийг гаргуулах тухай иргэний хэрэгт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж оролцсон бөгөөд тухайн хэрэг Б.А-т ашигтайгаар шийдвэрлэгдсэн” гэж,

7.Өмгөөлөгч Ч.Э-ээс “... Б.А-ийн нэхэмжлэлтэй гэрлэлт цуцлуулах иргэний хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчөөр ажиллаж байх хугацаанд хэн нэгэн шүүгч, өмгөөлөгч, хэргийн оролцогчтой бүлэглэн, хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгчид хохирол учруулж байгаагүй. Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны МТ/2024/40 дүгээр тогтоолтой танилцаагүй, ямар нэг хариуцлага, арга хэмжээ тооцох эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул товлогдсон шүүх хуралд биечлэн оролцохгүй, тайлбар мэдүүлэг байхгүй” гэж,

8.Өмгөөлөгч Б.Ц-гаас “... Б.А-ийн гомдолд би хамааралгүй, яагаад гэвэл би 2021 онд гомдлын талаар тайлбар гаргаж өгсөн, Б.А-ийн өмгөөлөгч биш учраас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тухайн хүмүүст эрх зүйн туслалцаа үзүүлж, эрх ашгийг нь хамгаалсан, шүүхийн шийдвэр Б.А-ийн талд гарсан, миний үйлчлүүлэгч надад гомдол гаргаагүй байхад Б.А гомдол гаргаж байгааг би ойлгохгүй байна” гэжээ.

9.Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “Маргаан хэрэгсэхгүй болгох тухай” ХБ/2024/36 дугаар захирамжаар “... гомдолд дурдсан асуудал, болсон үйл явдал нь ... анх зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 12 жил, сүүлд зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн” гэж маргааныг хэрэгсэхгүй болгосныг Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/40 дүгээр тогтоолоор хэвээр үлдээжээ.

10.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс дараах үндэслэлээр гомдлын шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үүнд:

10.1.Б.А-ээс 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр өмгөөлөгч П.Б, Ч.Э, Л.Ц, Б.Ц нарт холбогдуулан 2012 оноос 2020 он хүртэл хугацаанд болсон үйл баримттай холбоотой асуудлыг шалгуулахаар хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороонд гомдол гаргасан байх ба Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар зөрчил гаргасан өдрөөс эхлэн 3 жилийн дотор шалгаж, хариуцлага хүлээлгэх бөгөөд энэ тохиолдолд дээрх өмгөөлөгч нарт ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох нь захиргааны хэрэг болон Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгасан (5 хавтас) хавтаст хэрэгт авагдсан байна.

10.2.Гэхдээ Өмгөөллийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь шаардлагатай бол хүсэлт, гомдол, мэдээлэлд дурдсан үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох этгээдээс тайлбар, тодорхойлолт авах, Мэргэжлийн хариуцлагын хороонд ирж тайлбар өгөх тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд холбогдох хүн, хуулийн этгээд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу хариуцагч нь Б.А-ийн гомдлыг хянан шалгахдаа гомдолд дурдсан үйл баримт, үндэслэл бүрд хамаарах нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, нотлох баримтын хүрээнд өмгөөлөгч Б.Ц, Л.Ц, П.Б, Ч.Э нарыг Өмгөөллийн тухай хууль, Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

10.3.Нэхэмжлэгчийн тус шүүхэд хандан гаргасан “хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй байна.

11.Гомдол гаргагч Б.А-ээс гомдолдоо:

11.1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/ШШ2022/0032 тоот магадлалаар “… өмнө хэрэг үүсгэн шалгаж байсан Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хувьд хөөн хэлэлцэх хугацаа зогссон, эрх залгамжлан авсан өмнөх маргааны материалыг хүлээн авсан атлаа шалгаж, дүгнэлт хийлгүй, зөвхөн сүүлд нэхэмжлэгчээс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд гаргасан гомдолд үндэслэн” хуульч, өмгөөлөгч Тү.Э, П.Б, Ч.Э, Л.Ц нарт холбогдох маргааны А/17043 тоот маргааныг шийдвэрлээгүй Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан шийдвэрлэх бүрэлдэхүүний 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн МТ-01 тоот тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэсэн.

11.2.Б.А миний овог, нэр, регистрийн дугаартай Л.А-гийн зурагтай хуурамч бичиг баримт олгож, улсын бүртгэлийн цахим санд хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг устгахыг даалгасан Монгол Улсын дээд шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШТ2024/0021 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 221/ШТ2024/0774 дүгээр тогтоол нь Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Эрүүгийн 20746164, уг хэргээс тусгаарласан Эрүүгийн 20847065 тоот хэргийг сэргээн шалгаж, Тагнуулын байгууллагын дарга, мөрдөгч, прокурор, шүүгч нарт хуульд заасан хариуцлага тооцох үндэслэл болж байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаас “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн үндэслэл гаргасан нь хуурамч нотлох баримтыг ашигласан хууль бус шийдвэр байх тул магадлалыг хүчингүй болгож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.

11.3.Нэр бүхий 4 өмгөөлөгчид анх 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд маргаан үүсгэсэн. Энэ маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу хийгдээгүй байна гэж 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолоор маргааныг дахин хэлэлцүүлэхээр Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо руу шилжүүлсэн. Гэтэл 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хууль, эрх зүйн өөрчлөлтөөр Монголын Хуульчдын Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо татан буугдсан. Иймд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр эрх залгамжлагчаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороог тогтоож, уг маргааныг шийдвэрлүүлэхээр болсон.

11.4.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 1 жил 2 сар 29 хоногийн дотор энэ маргааныг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 32 дугаар магадлалаар тогтоосон. Өөрөөр хэлбэл, анх 2017 онд үүсгэсэн маргааныг 2022 он хүртэл шийдвэрлээгүй болохыг тогтоосон 2 шатны шүүхийн магадлал гарсан. Маргаан үүсгэх тогтоол гарснаар энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр 32 дугаар магадлал гарсан. Маргааныг шилжүүлсний дараа Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос 2 тогтоол гарсан. Нэг нь шинээр маргаан үүсгэсэн сахилгын шинжээчийн тогтоол, нөгөө нь маргааныг нэгтгэсэн тогтоол юм.

11.5.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журамд заасан 49 дүгээр зүйлийн 49.1-д “дор дурдсан үндэслэл байвал маргаан шийдвэрлэх ажиллагааг гишүүний захирамжаар түдгэлзүүлнэ”, 49.1.1-д “хариуцагчийн байгаа газар мэдэгдэхгүй, эсхүл хариуцагч Монгол Улсын хилийн гадна байгаа”, 49.1.3-т “эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө маргааныг шийдвэрлэж болохгүй” гэх үндэслэлээр энэ маргааныг Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг мөрдөн шалгах хэсэгт мөрдөгдөж байгаа эрүүгийн хэрэг, мөн хариуцагч Ч.Э 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Буянт-Ухаа, Замын-Үүдийн хилийн боомтоор Америкийн Нэгдсэн Улс руу гарсан байсан. 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн ба хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Одоо ч Ч.Э-ийг хилээр орж ирсэн цагаас нь хойш хянахаар шүүх хуралдааныг 2026 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хойшлуулсан” гэжээ.

ХЯНАВАЛ:

12.Хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр магадлал, тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцааж шийдвэрлэв.

13.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн бол хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан, энэ тохиолдолд гомдол гаргагч Б.А нь нэр бүхий өмгөөлөгч нарт холбогдуулан анх 2016 онд гомдол гаргасан, Мэргэжлийн хариуцлагын хорооны 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн М17/023 дугаар тогтоол болон 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн МҮ/34 дүгээр тогтоолоор өмгөөлөгч Ч.Э, Л.Ц, П.Б, Б.Ц нарт холбогдуулан маргаан үүсгэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2018 болон 2022 онд хоёр удаа хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, хянан шалгах ажиллагаа үргэлжилж байжээ.

14.Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 5.2-т “маргаан үүсгэх тухай шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацааг тоолохыг зогсооно” гэж заасан, гомдол гаргагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2017 онд маргаан үүсгэх тогтоол гарсан цаг хугацаанаас хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж маргасан байхад хариуцагч Мэргэжлийн хариуцлагын хороо энэ талаар ямар нэгэн эрх зүйн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүх талаас нь бодитоор хянан шалгах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй байна.

15.Тодруулбал, хариуцагчаас “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” зохицуулалтыг хэрэглэх эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, 2019 оны Өмгөөллийн тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг маргааны үйл баримтад хэрхэн хэрэглэх, өмгөөлөгч нар зөрчил гаргасан эсэх, зөрчил тус бүрийн хувьд хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох, эсхүл тоолохгүй байх, тасалдах эсэхийг тодруулаагүй байх тул хяналтын шатны шүүхээс уг хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

16.Түүнчлэн Мэргэжлийн хариуцлагын хорооноос “сүүлд зөрчил гаргасан гэх хугацаанаас хойш 3 жил 6 сар гаруй хугацаа өнгөрсөн” гэж дүгнэхдээ хэн гэдэг өмгөөлөгчийн ямар үйлдэлд хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцсон талаар тодорхой дүгнээгүй, давж заалдах шатны шүүхээс уг алдааг залруулаагүй нь буруу болжээ.

17.Учир нь давж заалдах шатны шүүхээс “...хариуцагч нь Б.А-ийн гомдлыг хянан шалгахдаа гомдолд дурдсан үйл баримт, үндэслэл бүрд хамаарах нотлох баримтуудыг бүрэн дүүрэн цуглуулж, нотлох баримтын хүрээнд өмгөөлөгч Б.Ц, Л.Ц, П.Б, Ч.Э нарыг Өмгөөллийн тухай хууль болон Мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй” гэж дүгнэсэн. Гэтэл Мэргэжлийн хариуцлагын хороо нь 2024 оны МТ/2024/40 дүгээр тогтоолоор 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ХБ/2024/36 дугаар хорооны гишүүний захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “өмгөөлөгч тус бүрийг зөрчил гаргасан, эсхүл гаргаагүй” гэж үзсэн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, энэ талаарх гишүүний захирамжийн хууль зүйн үндэслэлийг дүгнээгүй байгаа нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 11.1-д “Хянан шалгагч, гишүүн нь зөрчлийг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоохын тулд энэ журамд заасан бүх арга хэмжээг авч, өмгөөлөгч зөрчил гаргасан болон гаргаагүй болохыг бүрэн тогтоох үүрэгтэй” гэж заасанд нийцэхгүй байна.

18.Магадлалын “үндэслэх” хэсгийн 14-т “... зөрчил гаргасан өдрөөс эхлэн 3 жилийн дотор шалгаж, хариуцлага хүлээлгэх бөгөөд энэ тохиолдолд дээрх өмгөөлөгч нарт ёс зүйн зөрчилд хариуцлага ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болох нь захиргааны хэрэг болон Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шалгасан (5 хавтас) хавтаст хэрэгт авагдсан байна” гэсэн дүгнэлт хийхдээ ямар баримтыг үндэслэсэн талаар заагаагүй, гомдол гаргагчийн “хөөн хэлэлцэх хугацаа тасалдах” тухай тайлбарыг үгүйсгээгүй нь буруу байна.

19.Өмгөөллийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8-д “Өмгөөлөгч ёс зүйн зөрчил гаргаснаас хойш …” гэж заасанд агуулгын тайлбар хийхэд Мэргэжлийн хариуцлагын хороо эхлээд өмгөөлөгч зөрчил гаргасан эсэхийг тогтоох, зөрчил гаргаагүй гэж үзвэл маргааныг хэрэгсэхгүй болгох, хэрэв зөрчил гаргасан гэж үзвэл хөөн хэлэлцэх хугацааны асуудлыг дүгнэх шаардлагатай, энэ тохиолдолд дээр дурдснаар хариуцагч нь нэр бүхий өмгөөлөгч нарыг зөрчил гаргасан эсэхийг дүгнээгүй, зөвхөн хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтыг хэрэглэсэн, ийнхүү хэрэглэхдээ хугацаа тасалдах зохицуулалтыг тайлбарлаагүй байгаа нь маргааныг бүх талаас нь бүрэн дүүрэн шийдвэрлэх зарчимд нийцэхгүй.

20.Иймээс гомдол гаргагч Б.А-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, тогтоол, магадлалыг хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн МТ/2024/40 дүгээр тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 221/ШШ2026/0016 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, маргааныг дахин хэлэлцүүлэхээр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Д.МӨНХТУЯА

ШҮҮГЧИД                                                 Г.БАНЗРАГЧ

                                                                      Д.БАТБААТАР

                                                                      М.БАТСУУРЬ

                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ