Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 31

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баярцогт даргалж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийж, 

 

           Нэхэмжлэгч:н С.Б-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох

 

           Гуравдагч этгээд: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.С 

 

           Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт  Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.С гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.С холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорыг  шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э, хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг, гуравдагч этгээд Г.С, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгч С.Баянмөнх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гаргасан тайлбартаа: С овогтой Б миний бие нь аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар ажлаас хууль бусаар чөлөөлөгдөж, эрх ашиг зөрчигдсөн. Дээрх тушаал Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтыг зөрчсөн бөгөөд миний ажиллаж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдаж байна.

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаал гаргахдаа Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолыг үндэслэн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдыг 1 дүгээр хавсралтаар чөлөөлсөн.

            Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу  аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдсаар байхад намайг уг албан тушаалд томилохоос татгалзаж, 2 дугаар хавсралтын 1 дэх заалтаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар Г.С томилж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан шийдвэр гаргасан. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа гэх байдал нь миний өөрийн ажиллаж байх үеийн ажлын байрны тодорхойлолтонд заасан чиг үүргийн хүрээнд бүтэц хийгдсэн байна. /2017 оны 02 дугаар сарын 13-нд ажлын байрны тодорхойлолт батлагдсан/

             Мөн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа нь Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2009 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн ХЭГ/18, 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 дугаар албан бичиг гэсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

            Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг нь Г.С хууль бусаар томилсоноо хүлээн зөвшөөрч дахин түр орлон гүйцэтгэгчээр томилж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан өөрийн хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр  байна.

            Иймд  Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын 1 дэх хэсгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.С гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.С холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.          

             Нэхэмжлэгч С.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б хувьд 2013 онд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилогдон 4 жил ажилласан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т  “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” гэсэн нэмэлт баталгаагаар хангаж өгсөн. Гэтэл аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 тушаалын хоёрдугаар хавсралтаар Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар Г.С томилсноор С.Б эрх ашгийг зөрчсөн. Засгийн газрын 09 дүгээр тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас ХЭГ/1433 тоот албан бичгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүдийн ажиллах чиглэлийг өгсөн. Энэ чиг үүргээр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн орон тоо, бүтэц өөрчлөгдсөн зүйл байхгүй.

 Тиймээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар томилогдсон Г.Сүхбаатарт холбогдох заалт болон түр орлон гүйцэтгэгч томилсон А/25 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин болох 9303338 төгрөг хариуцагчаас гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.

 

Хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Баянмөнх нь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон. 

С.Баянмөнх нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалтыг зөрчиж Монгол Улсын ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн захирамжийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйл ажиллагаа явуулсан, 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох”, 15.1.2-т заасан “... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан нь түүнийг хэлтсийн даргын ажлаас чөлөөлөх үндэслэл болсон. Энэ тухай Засаг дарга болон Тамгын газрын дарга өөртэй нь уулзаж ярилцаж байсан. Өөрийн алдаа зөрчлөө хүлээн зөвшөөрч, учир байдлыг тайлбарлан цаашид итгэл алдахгүй хамтран ажиллах, Архивын тасгийн даргаар ажиллах хүсэлтээ илэрхийлж байсан боловч дараа нь хүсэлтээсээ татгалзсан. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тушаалыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж гаргасан.  

Түүнд ажлаас чөлөөлөгдсөн учир 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний буюу 2.465.337 төгрөгийг олгож, 2 дугаар сарын 17-ны өдөр өөрийнх нь ХААН банкны 5630159218 тоот дансанд шилжүүлсэн. Ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон. 

Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. 

 

Гуравдагч этгээд Г.Сүхбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, 36 А-гийн 2-18 тоотод орсон суугч Живжээ овогтой Гомбосүрэнгийн Сүхбаатар миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтэст Орон нутаг дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын даргын А/10 тоот тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар томилогдсон. 

         Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийн өөрчлөлтийг Засгийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд өөрчилж, 2016 оны 09-р тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоож, Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоол, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 8 тогтоолууд тус тус хүчингүй болгосон. 

Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2017 оны А/09 дүгээр тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоог шинээр баталсантай холбогдуулж, уг тушаалын дагуу хуучин бүтэц, орон тоогоор ажиллаж байсан нэхэмжлэгч болоод  тус аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг үүрэгт ажлаас чөлөөлөх нь зайлшгүй байсан. 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг баталсан. Уг ажлын байрны тодорхойлолтын мэргэжил, мэргэшил, ур чадварын бүх шаардлагыг бүрэн хангаж байсан учраас тус хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон. 

            Иймд Г.Сүхбаатар миний бие өмнө нь төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Баянмөнхийн эрх ашгийг зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

            Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн саналдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 Гуравдагч этгээдийн хувьд төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1-т заасны дагуу төрийн албанд ажиллах эрхтэй. Төрийн албаны сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн, төрийн жинхэнэ албан хаагч. Шийдвэр гаргахдаа хуулийн шаардлагыг бүрэн хангаж гаргасан гэж үзэж байгаа. Төрийн албыг шуурхай тасралтгүй явуулах зарчмыг хангах үүднээс гуравдагч этгээд томилогдсон. Гуравдагч этгээдэд холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэхгүй мөн гуравдагч этгээд томилогдсноор нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөөгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

      

      Нэхэмжлэгч нь анх 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 тоот тушаалын С.Баянмөнхөд холбогдох заалтыг хүчингүй болгон, ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа, удирдлагын  хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

      Нэхэмжлэгч нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын 1 дэх хэсгийн  Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Г.Сүхбаатар гэсэн хэсгийг, мөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.Сүхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчилсөн.

 

      Хэрэг хянан шийдвэрлэх явцад 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан өдрөөр тогтоож хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн тодорхойлжээ.

 

      Талуудын тайлбар болон хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

 

      Нэхэмжлэгч С.Баянмөнх нь төрийн захиргааны албан тушаалын ТЗ-9-1 дэх шатлалаар аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр томилогдож, 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрийн албан хаагчийн тангараг өргөжээ.

 

      Маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай”  А/10 тоот тушаалаар Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн  40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.5, 42 дугаар зүйлийн 42.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 заалтууд болон Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлжээ.  

 

      Нэхэмжлэгч С.Баянмөнх  нь энэ тушаалын нэгдүгээр хавсралт “Бүтцийн өөрчлөлттэй холбоотой ажлаас чөлөөлөгдөх албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт бичигдэн аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна. 

 

     Ийнхүү чөлөөлсөн албан хаагчдаа мөн тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-аар албан тушаалд томилохдоо С.Баянмөнхийг ажилд томилолгүй, түүний оронд Г.Сүхбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар томилж мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтаар Г.Сүхбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

 

        Хариуцагч захиргааны байгууллагаас С.Баянмөнх нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-д заасан “харъяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэсэн заалтыг зөрчиж Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн захирамжийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйл ажиллагаа явуулсан, 15 дугаар зүйлийн 15.1.1-т заасан “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд оролцох”, 15.1.2-т заасан “ ... төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн бусад арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох”-ыг хориглоно гэсэн заалтуудыг зөрчиж, улс төрийн шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан нь түүнийг ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлан маргадаг боловч энэхүү нөхцөл байдал болон  хууль зүйн үндэслэлийг С.Баянмөнхийг албан тушаалаас чөлөөлсөн маргаан бүхий захиргааны актад тусгаагүй тул захиргааны актын үндэслэл болоогүй үйл баримтын талаар шүүх дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

 

      Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол болон, Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарийг батлах тухай” А/09 тоот тушаалаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын  орон тоо хасагдаагүй байна.  

 

      Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...”-аар заасан байна.

 

        Хэрэгт авагдсан Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт / 2014 оны 02 дугаар сарын 15-ны өдөр болон 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан/ -уудыг харьцуулан үзэхэд ажлын байрны зорилгоос хяналт шинжилгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж, зохион байгуулах гэсэн хэсэг хасагдаж бусад нь хэвээр, ажлын байрны үндсэн зорилтод хяналт үнэлгээ хийх ажлыг арга зүйгээр хангах гэсэн хэсэг хасагдаж орон нутагт хэрэгжиж буй олон улсын хөтөлбөр, төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг нэмэгдсэн, үүнтэй холбоотойгоор ажлын байрны үндсэн зорилтын хүрээнд багахан өөрчлөлт орсон боловч өмнөх агуулга нь хэвээр байх тул хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэхээр байна.

 

     Тухайн үед Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолт /хх-34/ 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр батлагдсанаас үзэхэд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалын чиг үүрэг өөрчлөгдөөгүй байхад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Тамгын газрын орон тоо, чиг үүргийн хуваарь өөрчлөгдсөн гэж нэхэмжлэгчийг ажилд томилохгүй  байх  нөхцөл бүрдээгүй байсныг дурдах нь зүйтэй байна.

 

    Хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгчийн ажлын байрны чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлэлгүйгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар Г.Сүхбаатарыг томилж, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтаар Г.Сүхбаатарыг Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан төрийн албаны хууль дээдлэх болон, 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн тогтвортой байх зарчимд нийцээгүй, С.Баянмөнхийн төрийн албан хаагчийн баталгааг зөрчсөн шийдвэр  болжээ.   

   

      Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан нь С.Баянмөнхийг ажлаас чөлөөлөх, ажилд томилох асуудлыг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах байтал өөр хүнийг уг албан тушаалд томилох шийдвэр гаргасан нь сонгох боломжийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

 

        Мөн нэхэмжлэгчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа ажлын байранд Г.Сүхбаатарыг томилсон шийдвэрүүдээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-т заасан “төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр авах ...” , 27.1.2-д заасан “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцлөөр хангуулах”, 27.2.3-д заасан “ ... албан тушаалдаа үргэлжлэн ажиллах, 27.2.1-т заасан “энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” зэрэг төрийн захиргааны албан хаагч С.Баянмөнхийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул дээрх шийдвэрүүдийг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

 

        Иймд төрийн захиргааны албан хаагч С.Баянмөнхийн төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр авах, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах, албан тушаалдаа үргэлжлэн ажиллах, төрийн албанаас халагдахгүй байх эрх, ашиг сонирхлыг шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар Г.Сүхбаатарыг томилсон хэсэг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын Г.Сүхбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

        Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал хугацааны 7 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9171351 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаас, аймгийн Засаг даргын Тамгын газраас бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж нэрээр 2465337 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн байх тул цалин хөлснөөс уг тэтгэмжийг хасаж 6706014 /зургаан сая долоон зуун зургаан мянга арван дөрөв/  төгрөгийг нэхэмжлэгчид олгож, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

      

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Баянмөнхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар Г.Сүхбаатарыг томилсон хэсэг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын Г.Сүхбаатарыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Баянмөнхийг өмнө хариуцан гүйцэтгэж  байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд   эгүүлэн тогтоосугай.

 

      2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.171.351 төгрөг олгохоос, урьд олгосон  бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  2.465.337 төгрөгийг хасч, үлдэх 6.706.014 /зургаан сая долоон зуун зургаан мянга арван дөрөв/  төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.

 

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сүхбаатар аймгийн аймгийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

     

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй. 

                       

      

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.БАЯРЦОГТ