Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2024/ХШТ/14

 

С.Л, Л.В, Г.Г, З.С нарт холбогдох эрүүгийн  хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүү, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар магадлалтай, С.Л, Л.В, Г.Г, З.С  нарт холбогдох эрүүгийн _____ дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт С-ны Л,

2.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Л-ын В,   

3.Монгол Улсын иргэн, 1994 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт Г-ийн Г,

4.Монгол Улсын иргэн, 1989 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ял шийтгэлгүй Б овогт З-ийн С.

С.Л, Л.В, Г.Г нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн “Ц” сумын С буга 4 дүгээр багийн нутгаас иргэн Г.Ч-ийн 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 2,390,000 төгрөгийн,

Л.В, З.С нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Төв аймгийн А сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Х” гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө хохирогч П.Л-ын 3 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 3,385,000 төгрөгийн,

Л.В нь 2020 оны 04 дүгээр сарын 25-наас 28-ны өдрийн хооронд Архангай аймгийн “Х” сумын Б багийн Хар балгас гэх газраас хохирогч Г.Г-ын 1 тооны гүүг хулгайлж 800,000 төгрөгийн,

З.С нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Архангай аймгийн Т сумын Баян-Өндөр багийн нутаг дэвсгэр “Т” гэх газраас хохирогч Л.Б-ийн эзэмшлийн улаан өнгийн “Ж” загварын мотоциклийг хулгайлж 2,500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоолоор С.Л, Л.В, Г.Г, З.С  нарыг бүлэглэж бусдын малыг, З.Сг бусдын эд хөрөнгийг тус тус хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л, Л.В, Г.Г, З.С  нарыг 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С-г 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.3 дахь хэсэгт зааснаар З.С-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Л-ыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар, Л.В-г 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар, Г.Г-ыг 1 жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 жилийн хугацаагаар, шүүгдэгч З.С-г 1 жил 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суух Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг 1 жил 6 сарын хугацаагаар тус тус хориглож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-оос 265,567 төгрөг, шүүгдэгч Л.В-ээс 265,567 төгрөг, шүүгдэгч С.Лаас  265,567 төгрөг тус тус гаргуулан хохирогч Төв аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух Г.Ч-т, З.С-гаас 196,250 төгрөгийг, Л.В-гээс 196,250 төгрөгийг тус тус гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Б дүүргийн 26 дугаар хорооны О хотхоны 0-0 тоотод оршин суух П.Л, З.С-гаас 94,900 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багт оршин суух Л.Б-д тус тус олгож, хохирогч Л.Б-ийн нэхэмжлэлээс 1,031,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 00-00 ААА улсын дугаартай “Приус-20” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчид Р.З-т буцаан олгож, С.Л, Л.В, Г.Г нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн Л.В-гийн эзэмшлийн 00-00 ААА улсын дугаартай “Хьюндай Портер” загварын тээврийн хэрэгсэл буюу түүний үнэ 1,636,530 төгрөгөөс хохирол 461,817 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1,174,713 төгрөгийг улсын орлогод оруулж, Төв аймгийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 17 тоот эд хөрөнгө битүүмжлэх /хэргийн 2 дахь хавтас, 14 хуудас/ тогтоолуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож,

Г.Г, З.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь бусад учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэж 36 дугаар магадлалаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “С.Л-ыг 6 сарын хугацаагаар”,

4 дэх заалтыг “С.Л-ыг 6 сарын хугацаагаар”,

7 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Л.В, Г.Г нараас тус бүр 796,700 төгрөг гаргуулж, хохирогч Т аймгийн Ц сумын 4 дүгээр багт оршин суух Х овогт Г-ын Ч-т, шүүгдэгч Л.В, З.С нараас тус бүр 392,000 төгрөг гаргуулж, хохирогч Улаанбаатар хотын Б дүүргийн 26 дугаар хорооны “О хотхоны  тоотод оршин суух Х овогт П-ын Л-т, шүүгдэгч З.С-гаас 94,900 төгрөг гаргуулан хохирогч А аймгийн Т сумын Б багт оршин суух Х овогт Л-ийн Б-д тус тус олгож, хохирогч Л.Б-ийн нэхэмжлэлээс 1,031,200 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Л, хохирогч Г.Ч-т хохирлын 796,000 төгрөгийг төлсөн болохыг дурдан шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч А.Содхүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүгдэгч С.Л нь 1 удаагийн үйлдлээр бусадтай бүлэглэн 2018 оны 11 дүгээр 10-ны өдөр Төв аймгийн Ц сумын С буга 4-р бүлгийн нутгаас иргэн Г.Ч-ийн 3 тооны үхрийг хулгайлж учирсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. С.Л нь тус гэмт хэргийн үйлдсэнээс хойш оргон зайлаагүй буюу хөөн хэлэлцэх хугацаа зогсоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй байна.

Шүүгдэгч З.С нь гэмт хэргийн улмаас учирсан нийт 486,900 төгрөгийг хохирлоо тодорхой хэсгийн төлсөн буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа юм. Иймд шүүгдэгч З.С-д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, С.Л-т оногдуулсан ялаас чөлөөлж өгнө үү гэв.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г, З.С  нар гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгдэгч нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулсан байна. Өмгөөлөгч А.Содхүүгийн хувьд С.Л-ын үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр гомдол гаргасан. Шүүгдэгч С.Л-ын холбогдсон гэмт хэрэг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн ба 2020 онд Эрүүгийн хуульд орсон өөрчлөлтөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан. Шүүгдэгч С.Л-ын 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үйлдэлд 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж яллагдагчаар татсан учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэл тогтоогдохгүй байна. Харин шүүхээс шүүгдэгч Л.В, Г.Г, З.С нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорилтод нийцэхгүй байх тул энэ талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дэлгэрсүрэнгийн үйлдсэн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 302а яллах дүгнэлтэд тусгасан нэр бүхий 4 яллагдагчид холбогдох бусдын мал болон эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргүүдийг мөрдөн шалгах явцад хэргийн байдлыг тал бүрээс бүрэн бодитой тогтоох үүднээс холбогдох бүх арга хэмжээг авч, эдгээр хэргүүдэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн байна.

Эдгээр нотлох баримтуудыг, тухайлбал, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалснаар прокурорын яллах дүгнэлтэд тусгасан хэргүүдийг шүүгдэгч С.Л, Г.Г, З.С нар үйлдсэн болохыг хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлон тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-д заасан хэргийн талаар нотолбол зохих нөхцөл байдлын талаар шийтгэх тогтоол, магадлалд дэлгэрэнгүй байдлаар дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль ёсны ба үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг ийнхүү тогтоосноор хоёр шатны шүүх С.Л, Г.Г нарыг Л.В-тэй бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр Төв аймгийн Ц сумын С буга 4 дүгээр багийн нутгаас хохирогч Г.Ч-ийн 3 үхрийг хулгайлж 2,390,000 төгрөгийн,

З.С нь Л.В-тэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Төв аймгийн А сумын Х 2 дугаар багийн нутгаас хохирогч П.Л-ын 3 үхрийг хулгайлж 3,385,000 төгрөгийн хохирол учруулсан хэргүүдийг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, ингэхдээ мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн (Хууль үйлчлэх цаг хугацаа) 1, 3.7 дугаар зүйлийн (Бүлэглэн гүйцэтгэх) 1-д заасныг тус тус журамласан нь хуульд нийцсэн байна.

Учир нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргүүд үйлдэгдэх цаг хугацаанд уг хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан тул хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д заасан зарчмын дагуу хэргийг зөв зүйлчилжээ.

Түүнчлэн тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2-т заасан “Олон тооны мал” гэдэгт уг зүйлийн тайлбарт зааснаар “хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал”-ыг хамааруулж байснаас гадна мөн зүйлийн 3.2-т заасан “зохион байгуулалттай гэмт бүлэг”-ээс өөрөөр энэ гэмт хэрэгт хамтран оролцох зохицуулалт хуульд байгаагүй тул шүүх мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг баримталсан нь үндэслэлтэй юм.

Шүүгдэгч З.С нь 2021 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө хохирогч Л.Б-ийн 2,500,000 төгрөгийн үнэ бүхий “Жалам хар” загварын мотоциклийг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3-т тус тус заасан хүндрүүлэх болон онц хүндрүүлэх шинжүүд тогтоогдоогүй тул түүний уг үйлдлийг шүүх бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнээр зүйлчилж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасныг Хууль тогтоомжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Хууль тогтоомжийг Улсын Их Хурлын Тамгын газар “Төрийн мэдээлэл эмхэтгэлд нийтэлнэ” хэмээн тодруулан зохицуулжээ.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан хуулийг Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр батлан гаргасан бөгөөд уг хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулаагүй тул энэ хууль нь “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаарт нийтлэгдсэнээс хойш арав хоногийн дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 24-нөөс эхлэн ердийн журмаар хүчин төгөлдөр болон үйлчилсэн учир мөн өдрөөс эхлэн түүнд заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөнө.

Эрүүгийн хууль, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан болон дагаж мөрдөх журмын тухай хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.

Дээрх хуулиар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг бүхэлд нь өөрчлөн найруулснаас гадна 1 дэх хэсгээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, мөн зүйлийг тайлбарын хоёр дахь хэсгийн “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “найман бог, хоёр бод, түүнээс дээш” гэж өөрчилсөн байна.

Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн зарим хэсэг, тайлбар ийнхүү өөрчлөгдөж, уг хууль хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр Л.В нь А аймгийн Х сумын Б-тай багийн Х гэх газраас хохирогч Г.Г-ын 800,000 төгрөгийн үнэтэй нэг гүү хулгайлж, тэрээр гурван удаагийн үйлдлээр, бүлэглэн болон ганцаар, бусдын 6 үхэр, 1 гүү буюу 7 бод хулгайлсан үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоосон мөртлөө дээрх үйлдлүүдийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

Тухайлбал, Эрүүгийн хоёр өөр хууль үйлчилж байх цаг хугацаанд нэг төрлийн хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үйлдэл тус бүрийг тухайн үеийнх нь хуулиар зүйлчлэхгүй бөгөөд сүүлийн үйлдэл хийгдсэн тэр үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэж, хэргийг нэгтгэн зүйлчилдэг нь хууль хэрэглээний тогтсон жишиг билээ.

Л.В нь 2017 оны 05 дугаар сарын 11-нд өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйл хүчин төгөлдөр үйлчилж байх үед буюу 2018, 2019 онуудад хоёр үйлдлээр, бүлэглэн, бусдын 6 тооны үхрийг, уг зүйлийн зарим хэсэг, тайлбарыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, мөн оны 02 дугаар сарын 24-нөөс дагаж мөрдсөнөөс хойш 2020 оны 04 дүгээр сарын сүүлээр бусдын 1 гүү хулгайлж, нийт 7 бод хулгайлсан тул түүний үйлдлүүдийг сүүлийн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар нэгтгэн зүйлчлэх байжээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг болон мөн зүйлийн тайлбарын зарим заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 16-ны хуулиар өөрчлөн найруулж, мөн оны 02 дугаар сарын 24-нөөс дагаж мөрдсөнөөр гурван үйлдлээр, 7 бод хулгайлсан Л.В-гийн хэрэг нь мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1-д зааснаар зүйлчлэгдэх ёстой.

Гэтэл хоёр шатны шүүх түүний үйлдлийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар зүйлчилж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалын Л.В-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан оногдуулж болох ялын төрөл, хэмжээгээр ялгамжтайгаар тогтоосон тухайн этгээдэд эрүүгийн хариуцлагын хөөн хүлээлгэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болох хугацаа гэж тодорхойлдог билээ.

Эрүүгийн хариуцлагад татаж болох хугацааг Эрүүгийн хуульд тусгайлан хуульчилсан нь гэмт хэрэг үйлдсэн үеэс хойш гэмт этгээдийг илрүүлэн тогтоож, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж хариуцлага хүлээлгэхгүй тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд тэрээр энэ хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй эсхүл оргон зайлаагүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөгтэй холбоотой юм.

Эрүүгийн хариуцлагад татах хугацааг хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл, хэсэгт тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хүнд ялын дээд хэмжээг үндэслэдэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт болно.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд тодорхой заасан ба ийнхүү зохицуулахдаа зорчих эрхийг хязгаарлах, хорих ялтай холбогдуулан, тэдгээрийн доод, дээд хэмжээтэй уялдуулан тогтоосон ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хуульд тогтоосон гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор явуулах бөгөөд уг хугацаа дууссан тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй талаар мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1-д зааснаас гадна энэ зүйлийн 2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.

Хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хууль тогтоогч 2020 оны 01 дүгээр сарын 10-ны хуулиар өөрчлөн тогтоосноор өмнөх зохицуулалт үйлчлэхгүй тул Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн (Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа) 2-т зааснаар уг хууль үйлчилж эхлэхээс өмнө буюу 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө тухайн этгээдийн хувьд прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гаргасан бол хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзнэ.

С.Л нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр бүлэглэн хохирогч Г.Ч-ийн 3 үхрийг хулгайлсан үйлдэлд прокурор 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол (хэргийн 1 дэх хавтас, 226-228 дахь тал) гаргасан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

Иймд шүүгдэгч С.Л-ын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул ялаас чөлөөлж өгнө үү” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх бөгөөд үүрэг билээ.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд тухайлбал, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.

Хуульд заасан дээрх үндэслэл, зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хоёр шатны шүүх нь шүүгдэгч С.Л, Г.Г, З.С нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн хоёр төрлийн ялаас хорихоос өөр төрлийн ялыг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийтэд тусгай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялаас З.С-д зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус сонгон хэрэглэж, уг ялыг эдлэх хугацааг 6 сараас 1 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосон нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч З.С нь мал хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа бусдын эд хөрөнгө болох мотоцикл хулгайлснаас гадна түүний хувьд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн (Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал) 1, 3-т тус тус заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэж, энэ талаар түүний өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

Гэтэл хоёр шатны шүүх нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай шүүгдэгч Г.Г (хэргийн 4 дэх хавтас, 160 дахь тал) З.С (хэргийн 5 дахь хавтас, 94 дэх тал) нарын зорчих эрхийг хязгаарлах бүсийг Улаанбаатар хотоор тогтоосон нь дээрх ялын мөн чанарт нийцээгүйн гадна зорилгыг алдагдуулсан байх тул тэдгээрийн зорчих эрхийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Хохирогч Г.Ч учирсан 2,390,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.Л, Л.В, Г.Г нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэхдээ анхан шатны шүүх тооцооллын алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь үндэслэлтэй байна.

Харин хохирогч П.Л учирсан 3,385,000 төгрөгийн хохирлоос зарим хэсэг буюу 2,600,000 төгрөгийг шүүгдэгч Л.В, З.С нар төлсөн гэх ямар нэгэн баримтат мэдээлэл хэрэгт авагдаагүй байхад давж заалдах шатны шүүх энэ хэмжээний мөнгийг хохирлоос хасч тооцсон нь ойлгомжгүй болсноос гадна дээрх хохирогчид нөхөн төлөх хохирлын хэмжээг анхан шатны шүүх мөн буруу тооцсон байх тул үүнийг хяналтын шатны шүүхээс нэг мөр эцэслэн шийдвэрлэх нь хууль зөрчихгүй болно.

Шүүгдэгч С.Л нь 2002, 2005 онуудад хоёр удаа (хэргийн 1 хавтас, 113 дахь тал), Л.В нь 2012 онд нэг удаа (хэргийн 1 дэх хавтас, 111 дэх тал) тус тус ял шийтгүүлсэн байхад шийтгэх тогтоол (хэргийн 5 дахь хавтас, 165 дахь тал)-д тэдгээрийг ял шийтгэлгүй гэж тусгаснаас гадна гурван үйлдлээр мал хулгайлсан Л.В-д тус бүр нэг үйлдлээр уг хэргийг үйлдсэн С.Л, Г.Г, З.С нартай адил хэмжээний ял шийтгэж эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулсныг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн анхан шатны шүүх нь нэг үйлдлээр мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн С.Л, Г.Г, З.С нарт Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэхдээ мөн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамласан нь буруу байх тул үүнийг хасаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 216 дугаар шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 36 дугаар магадлалын Б овогт Л-ын В-д холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэх ажиллагааг хийлгүүлсүгэй.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас “...Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг...” гэснийг хассугай.

3.Мөн хэсгийн 4 дэх заалтын Г.Г, З.С нарт холбогдох хэсгийн “...Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг...” гэснийг “...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг ...” гэж өөрчилсүгэй.

4.Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шүүгдэгч Л.В, З.С нараас тус бүр 392,500 төгрөг гаргуулж, хохирогч П.Л олгох...” гэснийг “...шүүгдэгч З.С-гаас 1,692,500 төгрөг гаргуулж хохирогч П.Л олгох...” гэж өөрчилсүгэй.

5.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Л, З.С нарын өмгөөлөгч А.Содхүүгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ                                            Б.БАТЦЭРЭН

                         ШҮҮГЧИД                                                С.БАТДЭЛГЭР

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Б.ЦОГТ