| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0415/И |
| Дугаар | 403 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо Өлгийн 3-4 тоотод оршин суух, Ботагара овгийн Шаравхааны Жаналган /РД:УР87031609/-ны
Хариуцагч: Налайх дүүргийн 3 дугаар хороо Замчин 29-184 тоотод оршин суух, Буриад хорь овгийн Алтанхуягийн Төмөрсүх /РД:УД89082031/-д холбогдох Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Жаналган, хариуцагч А.Төмөрсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жаналган шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өөрийн нөхөр болох А.Төмөрсүхтэй 2008 онд танилцсан 2015 онд гэрлэлтээ батлуулж 1 хүүхдийн эцэг эх болцгоосон. 2015 оны 10 дугаар сараас бидний хооронд үл ойлголцол бий болж таарч тохирохоо больсон. Бид тус тусдаа амьдраад 1 сар болж байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрөө авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Анх бид хоёрыг хайрлаж халамжлана, төрсөн хүүхэд шигээ л хандана гэж амлаж байж гэрлэсэн. Тэгээд ч охиныг маань өөрөөрөө овоглож эцэг нь болсон байгаа. Гэтэл байнга зодож хэл амаар доромжилж хэлэх хэлэхгүй муугаар хэлдэг. Бүр сүүлдээ эд хогшлоо эвдэж гэрээ хүртэл шатаана гэж хэлж байсан. Жаахан хүүхдийг хүртэл айлгадаг сүүлдээ бид 2 гэр орондоо байх аргагүй болоод ээжийндээ амьдарч байгаа. Тэгээд ч зогсохгүй ээжийнд маань ирж доромжилсон гэв.
Хариуцагч А.Төмөрсүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Жаналган бид хоёр 2008 онд танилцаж 2015 онд албан ёсоор гэрлэлтээ батлуусан. Охин Т.Түмэнжаргал 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн. Ш.Жаналган нь нэхэмжлэлдээ А.Төмөрсүх намайг өөрийг нь байнга зодож, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж, эд хогшлоо эвдэж хэмхчин, гэр орноо шатаана, ална гэж удаа дараа айлгадаг гэсэн миний хувьд эхнэр Ш.Жаналганыг байнга зодож нүдэж, хэл амаар доромжилж, ална тална гэж айлгаж сүрдүүлж байсан зүйл огт байхгүй. Ер нь Ш.Жаналган нь өөрийн найзуудтайгаа нийлж байнга зугаа цэнгэл хөөж шоуддаг. Нэг удаа охин Т.Түмэнжаргалыг аваад эмнэлэгт үзүүлээд ирье гэж хэлээд бүтэн 7 хоногийн турш холбоо барилгүй алга болж байсан. Би ч эхнэр хүүхдээ бүтэн 7 хоног ор сураггүй алга болохоор айж сандран бүх л хамаатан садан, ээж, ах дүү нар руу нь утасдсан боловч ирээгүй гэж хэлсэн. Би Ш.Жаналганыг ирэхэд нь хаашаа яваад ирэв юу болов, яагаад ингээд алга болж байгаа юм гэхэд "чамд ямар хамаатай юм" гэж өөдөөс орилж хашгичин миний нүүрийг маажиж, өндөг авч шидэж байсан. Гэр бүл л болсон хойно хааяа таарч тохирохгүй зүйл, маргалдах тохиолдол гардаг. Маргалдах тоолонд би тэвчдэг боловч Ш.Жаналган нь орилж хашгичин, гарт тааралдсан зүйлээ надруу шидэж, намайг өвлийн хүйтэнд хүртэл таавчиг, гэрийн хувцастай хоёр ч удаа хөөж гаргаж байсан. Би Ш.Жаналгантай том гэдэстэй байхад нь хамт амьдрахаар санаа сэтгэл нийлж нэг гэрт орсон. Надаас өмнө өөр хүнээс хүүхэд олсон байсныг сүүлд хүүхэд төрөөд хүүхдийн төрсний гэрчилгээ авсны дараа л мэдсэн. Иймд охин Т.Түмэнжаргалын эцэг нь би биш тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлуулах, хүүхдийг асрамжиндаа авахыг хүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Жаналган нь хариуцагч А.Төмөрсүхэд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч А.Төмөрсүх нь гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамжийг ээжид нь үлдээхийг зөвшөөрч, охин Т.Түмэнжаргалын төрсөн эцэг нь биш тул хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэж маргана. Түүнийг хүүхдийн төрсөн эцэг биш гэдэгт нэхэмжлэгч маргаагүй.
Ш.Жаналган А.Төмөрсүх нар анх 2008 онд танилцан, хамт амьдраад 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан, гэрлэх үедээ Ш.Жаналган өмнө нь өөр хүнээс жирэмсэн болсон байсан, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр охин Т.Түмэнжаргал төрсөн болох нь зохигчдын тайлбар, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Түмэнжаргалын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 1113000084 дугаарт төрөлт бүртгэсэн, Ш.Жаналган, А.Төмөрсүх нарын 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 1113000001 дугаар гэрлэлт бүртгэсэн гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, “Ачлал Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид зан байдлын таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч, улмаар цаашид хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй, хайр сэтгэл хөрсөн, эвлэрч амьдрах боломжгүй, хариуцагч А.Төмөрсүх нь “...байнга зодож, хэл амаар доромжилж, хэлэх хэлэхгүй үгээр хэлж, эд хогшлоо эвдэж, гэр орноо шатаана, ална гэж удаа дараа айлгадаг...” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээгээр хийгдсэн эрсдлийн түвшин “өндөр” гэсэн дүгнэлтээр тогтоогдож, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.4.-т “....эвлэрэх боломжгүй буюу гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирч болзошгүй...” гэж заасан гэр бүлийн гишүүдийн хэн нэгний, болон эд хөрөнгөд хор уршиг учирч болзошгүй нөхцөл байдал болох ба гэрчлэгчдийн энэ маргаантай байдал нь хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, цаашдын сурч боловсрох хүмүүжилд нь ноцтойгоор нөлөөлөхөөр байх ба хариуцагч энэхүү тайлбарыг нотлох баримтаар хангалттай няцааж чадаагүй тул гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А.Төмөрсүх нь шүүх хуралдаанд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Т.Түмэнжаргалыг өөрийн төрсөн охин биш, тэтгэлэг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан ч тайлбараа дэмжих нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж энэ талаар ямар нэг ажиллагаа хийлгээгүй ба харин ч 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн Т.Түмэнжаргалын эцэг болохоо хүлээн зөвшөөрч 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгогдсон төрөлт бүртгэсэн гэрчилгээнд өөрийн нэрээр овоглож бүртгүүлсэн болох нь 1113000084 дугаар гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбараар нотлогдож, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.-д “Дагавар хүүхэд хойт эцэг, хойд эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ”, 25 дугаар зүйлийн 25.2-д “...гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно”, 35 дугаар зүйлийн 35.1-д “эцэг, эх нь хүүхдээ ... тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу тэрээр охин Т.Түмэнжаргалд тэтгэлэг төлөх үндэслэлтэй. Ш.Жаналган нь тэтгэлэг шаардах эрхтэй байна.
Түүнчлэн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг,эх...хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ”, 26.4-т “Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.” гэж заасан.
Гэрлэгчид хүүхдээ эхийн асрамжинд үлдээхээр тохиролцсонг харгалзвал зохино.
Иймд 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Т.Түмэнжаргалыг төрүүлсэн эх Ш.Жаналганы асрамжид үлдээн, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр эцэг А.Төмөрсүхээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдав.
Хавтаст хэрэгт авагдсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Д.Түмэнжаргалын 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн 1113000084 дугаарт төрөлтийг бүртгэсэн, Ш.Жаналган, А.Төмөрсүх нарын 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэр бүл болсныг буюу гэрлэлтийг бүртгэсэн 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн 1113000001 дугаар гэрчилгээнүүдийн нотариатаар гэрчлэгдсэн хуулбарууд, “Ачлал Налайх” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Налайх дүүргийн 3 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 838 дугаар тодорхойлолт, Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 138 дугаар албан бичиг, Ш.Жаналганы иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.
Нэхэмжлэгч Ш.Жаналган нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Төмөрсүхээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 31.248 төгрөг нийт 101.448 /нэг зуун нэг мянга дөрвөн зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1, мөн хуулийн 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар Ботагара овгийн Шаравхааны Жаналган Буриад хорь овгийн Алтанхуягийн Төмөрсүх нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Т.Түмэнжаргалыг эх Ш.Жаналганы асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг А.Төмөрсүхээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж, 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Т.Түмэнжаргалыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд А.Төмөрсүхээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ш.Жаналган нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Төмөрсүхээс хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 31.248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг нийт 101.448 /нэг зуун нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Амарзаяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ