Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 94

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

               Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

               Улсын яллагч: Д.Ганчимэг,

               Шүүгдэгч: С.Ш /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хоньчин овогт Сэргэлэнгийн Шд холбогдох 1929002010093 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

  Шүүгдэгч С.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт байрлах “Гуист Хаус” зочид буудалд иргэн Н.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ш мэдүүлэхдээ: “хийсэн хэрэгтээ гэмшиж байна”  гэв.

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,

С.Шын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-14-р хуудас/,

Хохирогч Н.Батцэрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 437 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

С.Шын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

  Хохирол төлсөн баримт /хх-ийн 39-р хуудас/,

  Хохирогч Н.Батцэрэн, яллагдагч С.Ш нарын хүсэлт /хх-ийн 41-42-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

  Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт С.Шд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

    Шүүгдэгч С.Ш нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Өгөөмөр багт байрлах “Гуист Хаус” зочид буудалд иргэн Н.Батцэрэнтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:

  • Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р хуудас/,
  • Хохирогч Н.Батцэрэнгийн “2019 оны 07 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед

манай ажлын газрын Батжаргал гэх залуу “Гуист Хаус” зочид буудалд хүрээд ирээч гэхээр нь очоод хоёр шил архи хувааж уугаад байж байтал манай ажлын Баттулга гэх залуу ... тавуулаа орж ирсэн. Би орж ирсэн таван залууг “гар гар”гээд Шыг түлхэхэд намайг цохиод авсан”  мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

  • Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 437 дугаартай

“Н.Батцэрэнгийн биед гурван шүд унасан гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.11.52 дахь заалтаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 18-р хуудас/,

  • С.Шын яллагдагчаар өгсөн “Би Хөвсгөлийн хүмүүс сууж байгаа юм уу

гэхэд Батцэрэн нутаг усаар дуудлаа гээд ууралсан. Би гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Батцэрэнгийн үүдэн 3 шүдийг гараар цохиж гэмтээсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

- Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. 

  Хохирогч Н.Батцэрэнгийн “ Ш хохирол төлбөр төлж намайг хохиролгүй болгосон. Цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй байх тул тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 42-р хуудас/-ыг үндэслэн шүүгдэгч С.Шыг хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын тухайд:

Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч С.Шд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар учруулсан хохирлыг төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байна.

  Шүүгдэгч С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4, 17.5, 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хоньчин овогт Сэргэлэнгийн Шыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шыг 450 /дөрвөн зуун тавин /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч С.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.БАТТУЛГА