| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдоржийн Нармандах |
| Хэргийн индекс | 104/2016/0425/И |
| Дугаар | 401 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 401
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн 2 дугаар хороо Партизан 01 дүгээр гудамжны 32Б-01 тоотод оршин суух, Монгол овгийн Батсүхийн Үүрийнтуяа /РД: УД92072808/-ийн
Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 63-852 тоотод оршин суух, Хоншоор боржигин овгийн Оюунцэрэнгийн Нямцэрэн /РД: УХ90042258/-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа, хариуцагч О.Нямцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие О.Нямцэрэнтэй 2011 онд анх танилцаж, 2012 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Хишигбаатарыг төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй ч аавынх нь нэрээр хүүгээ овоглосон. Хүүхэд төрснөөс хойш О.Нямцэрэн нь рс тоглоомонд донтон зан ааш нь хувирч тусдаа амьдрах болсон. Иймд хүү Хишигбаатарын эцэг О.Нямцэрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч О.Нямцэрэн шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Үүрийнтуяатай 2011 онд анх танилцсан. 2012 оноос хамт амьдарч байгаад 2013 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс бид тусдаа амьдрах болсон. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Хүү Хишигбаатар миний хүү мөн гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Үүрийнтуяа нь хариуцагч О.Нямцэрэнгээс 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Н.Хишигбаатарт хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Нямцэрэн нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй.
Б.Үүрийнтуяа, О.Нямцэрэн нар анх 2011 онд танилцаж, 2012 оноос хамтран амьдарч тэдний дундаас 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү Н.Хишигбаатар төрсөн болох нь зохигчдын тайлбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Н.Хишигбаатарын улсын бүртгэлийн Г-721 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэргээр нотлогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь тусдаа амьдардаг, зохигчид гэрлэлтээ батлуулаагүй, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Хишигбаатар нь хариуцагчийн төрсөн хүүхэд ба О.Нямцэрэнгээр овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн, тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаагүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 35 дугаар зүйлийн 35.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг О.Нямцэрэнгээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулж хүү Н.Хишигбаатарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1822 дугаар тодорхойлолт, Б.Үүрийнтуяагийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар, “Амь-Эрдэнэ” өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тодорхойлолт, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Н.Хишигбаатарын улсын бүртгэлийн Г-721 дугаарт төрөлт бүртгэсэн гэрчилгээний нотариатаар гэрчлэгдсэн хуулбар зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг нэхэмжлэл нь хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О.Нямцэрэнгээс хүүхдийн тэтгэлэг гаргасантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид тогтмол хугацаанд төлөгдөх хүүхдийн тэтгэлэгийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс ногдох улсын тэмдэгтийн хураамж 31.248 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Хоншоор боржигин овгийн Оюунцэрэнгийн Нямцэрэнгээс хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулж, 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Хишигбаатарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд О.Нямцэрэнгээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч О.Нямцэрэнгээс улсын тэмдэгтийн хураамжид 31.248 /гучин нэг мянга хоёр зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ