| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/06889/И |
| Дугаар | 210/МА2025/02171 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02171
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07408 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр надтай холбогдож 14 хоногийн дараа өгье, 40,000,000 төгрөг зээлдүүлээч, ******* улсын дугаартай ******* маркийн автомашинaa барьцаалан үлдээе гэсэн. Тухайн автомашин нь нэлээн муу автомашин байсан боловч итгээд зөвшөөрсөн. Ингээд өөрийн данснаас *******ын банкин эзэмших данс руу 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн.
1.2. 14 хоногийн дараа мөнгөө нэхэхэд утсаа салгаад байсан. Удаа дараа шаардсан боловч одоо хүртэл нэг төгрөг ч өгөөгүй байгаа. Иймд хариуцагчаас 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримтлан 40,000,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Барьцаанд тавьсан автомашиныг ******* нь унаж хэрэглэхгүй, найдвартай зогсоолд байгаа гэж итгүүлсэн боловч 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл унаж хэрэглэсэн, маш их хэмжээний эвдрэл гаргаж хохироосон. Удаа дараа утасдаж, цагдаад мэдэгдэж байж автомашинаа олж авсан тул гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан, хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.
3. *******-ын эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот данснаас 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр *******ын эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд 40,000,000 төгрөгийг ******* машин урьдчилгаа, худалдан авалт гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
4. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 40,000,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтад ******* машин урьдчилгаа, худалдан авалт гэсэн гүйлгээний утга бичигдсэн боловч нэхэмжлэгч нь ...уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлсэн гэж тайлбарласан, уг тайлбарыг хариуцагч нь үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 40,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлийн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан эсэхийг тодруулахад ...автомашинаа барьцаалан 40,000,000 төгрөгийг зээлж авсан... гэсэн тайлбар гаргасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагчид 40,000,000 төгрөг шилжүүлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 40,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан автомашиныг унаж хэрэглэн эвдрэл гэмтэл учруулсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах давж заалдах гомдлыг гаргасан байх боловч хариуцагч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар тайлбар, татгалзал гаргаж мэтгэлцээгүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж заасны дагуу анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй тайлбар, татгалзалд үнэлэлт, дүгнэлт өгөхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад найруулгын болон техник шинжтэй алдаа гаргасныг залруулж, найруулгын шинжтэй өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 192/ШШ2025/07408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 40,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.УУГАНБАЯР