| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 192/2025/03874/И |
| Дугаар | 210/МА2025/02172 |
| Огноо | 2025-12-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/02172
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07959 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
Хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн агуулга:
1.1. ******* нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, иргэн *******-ээс ******* дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 67.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, ******* тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан авч, өөрийн өмчлөлд бүртгүүлсэн.
1.2. Тухайн үед тус орон сууцанд амьдарч байсан этгээд нь чөлөөлж өгөхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд суллаж өгөхийг байнга шаардаж байсан. Иймд хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь 2018 онд ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* хотхон, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах 67.09 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авахаар*******-тай харилцан тохиролцоод 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нүүж ороод өнөөдрийг хүртэл уг орон сууцанд амьдарч байна.
2.2. ******* бид найз нөхдийн харилцаатай тул харилцан бие биедээ итгэн, аман байдлаар орон сууцны 1 м.кв талбайг 2,200,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, ******* маркийн тээврийн хэрэгслийг 10,500,000 төгрөгт тооцож, ******* маркийн тээврийн хэрэгслийг 18,500,000 төгрөгт тооцож, хавтан бордюр 16,838,400 төгрөгт тооцож, бэлнээр 28,000,000 төгрөгийг тус тус төлсөн. Төлбөрийг бүрэн төлөөгүй өнөөдрийг хүрсэн учир нь ******* орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг өөр хүний нэр дээр түр шилжүүлсэн боловч барьцаанд тавьсан асуудал гарсан, гэрчилгээг чөлөөлж авсны дараа үлдэгдэл төлбөрөө төлөх хуваарь бусад зүйлээ тухайн үед нь тохиролцохоор болсон.
2.3. 2016 онд орон сууцны өмчлөгч байсан ******* нь *******д хайрга нийлүүлэх гэрээний төлбөрт уг орон сууцыг хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байсан. Улмаар 2016 оны 12 дугаар сард ******* нь тус орон сууцыг *******-аар дамжуулан худалдан борлуулах болсон тухай хэлсэн тул *******-ын дүү *******-т 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгсөн. Ингэхдээ орон сууцны өмчлөлийг шилжүүлэхтэй холбоотой төлбөр тооцоо аваагүй тухайгаа тайлбарладаг. ******* нь уг орон сууцыг зараад өгье, авах хүн байгаа дүүд түр шилжүүлье гээд өмчлөгч *******-аас шилжүүлэн авсан. Сарын дараа ******* нь орон сууцыг зарж чадаагүй, мөнгөний хэрэг гараад 25 сая төгрөгийн барьцаанд барьцаалсан, удахгүй гэрчилгээг өгнө гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байдалтай байгаа.
2.4. Манай гэр бүл тухайн орон сууцны ашиглалтын бүх зардал болох ус дулааны төлбөр, СӨХ-ны төлбөр зэргийг төлж хууль ёсны дагуу шударгаар эзэмшиж байгаа, мөн *******тай гэрээ байгуулж, орон сууцыг худалдан авах төлбөрт *******, ******* маркийн тээврийн хэрэгсэл, хавтан бордюр, бэлэн мөнгө зэргийг тус тус *******д өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-гийн нэхэмжлэлийг хангаж, ******* дүүргийн ******* дүгээр хороо, /одоогийн *******-р хороо/, Үйлдвэрийн төвийн бүс, ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах, 67,09 м.кв талбайтай, 3 өрөө, орон сууцны зориулалттай, ******* тоот гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй орон сууцыг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Хариуцагч ******* 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр энэхүү иргэний маргаанд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан Үл хөдлөх худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *******ыг шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Шүүх хуралдаан 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр болоход сөрөг нэхэмжлэл хавтаст хэрэгт авагдаагүй байсан, шүүх хуралдаан эхлээд хүсэлт хэлэлцсэний дараа, хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүгчийн туслах сөрөг нэхэмжлэлийг шүүх хуралдааны танхимд оруулж ирсэн. Шүүгч шүүх хуралдаан эхэлсэн сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэсэн.
2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдаан болоход хавтаст хэрэгт авагдаагүй байх нь хариуцагчийг буруутгах болон сөрөг нэхэмжлэлийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхгүй байх үндэслэл биш юм.
4.2. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр*******аас гэрч асуулгах хүсэлтийг гаргасан. Уг гэрч нь хариу тайлбарын татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэлд дурдагддаг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа гэрч юм.
Анхан шатны шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хэрэгт хамааралгүй гэж үзэн, хүлээн авахаас татгалзсан атлаа шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Иргэн ******* болон *******-ын ... *******-аас төлбөр тооцоо аваагүй болно, ... *******т 2018 онд удахгүй ордер нь гарчихна гээд зарсан ба бүтнээр нь мөнгийг нь аваагүй урьдчилгаа болон хэсэгчлэн авч байсан болно гэх тайлбарыг шүүх үнэлэх, үнэн зөв гэж үзэх хууль зүйн хувьд боломжгүй буюу түүнд хууль сануулаагүй, гэрчийн мэдүүлэг аваагүй, хуульд заасан журмын дагуу цуглуулаагүй баримт байх ба ... гэж дурдсан нь үндэслэлгүй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасан.
Сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэрчээс мэдүүлэг аваагүйн улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.4, 6.5 дахь хэсэгт тус тус заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид 289,550 төгрөг төлснийг цаашид хэрхэх нь тодорхойгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан. Учир нь шүүх хэргийн талаар материаллаг болон процессын хуулийн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн оновчтой, зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг.
4.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд орон сууцыг нэхэмжлэгч нь анх барьцаанд авсан талаар дурддаг. Мөн хавтаст хэргийн 52 дугаар хуудсанд байгаа Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2020/02413 дугаартай шийдвэрт нэхэмжлэгч ******* ******* миний бие 2016 оны 12 сарын 21-ний өдөр *******-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхой хугацааны дараа бетон зуурмаг нийлүүлэн төлбөрийг нь барагдуулахаар *******-д 65,000,000 төгрөгийг урьдчилан харилцах дансаар шилжүүлэн, түүний дүү *******-ийн ******* дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэрийн бүсийн ******* дугаар байр, ******* тоот хаягт байрлах орон сууцыг өөрт шилжүүлэн авсан. Бетон зуурмаг нийлүүлэх явцад мөн 95,000,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг автомашин авсан ба, нийт 100,000,000 төгрөгийн үлдэгдэл тооцоог хийж байрыг *******-д шилжүүлэхээр тохиролцсон болно гэж дурдагдсан байдаг. Анхан шатны шүүх нэхэмжлэгч орон сууцыг анхнаасаа барьцаанд авсан гэх, мөн шүүхийн шийдвэрт тусгагдсан орон сууцыг *******-д буцааж шилжүүлэхээр тохиролцсон гэх тохиролцоонд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.
4.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эрхийг бүртгүүлнэ. Нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд 2021 оны сарын 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авчээ гэж дурдсан байна. Энэхүү маргааны хавтаст хэрэгт нэхэмжлэгч ******* нь маргаан бүхий орон сууцыг улсын бүртгэлд 2021 оны сарын 12 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлсэн талаар баримт байхгүй болно.
4.6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Хариуцагч тал гэрч асуулгах хүсэлт гаргасан. Анхан шатны шүүх *******, ******* нарын маргааны үйл баримтад хамааралгүй гэж үзсэн учраас хариуцагчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх *******ыг бусад өр авлага, хувийн харилцаа зэрэг асуудлыг тусдаа шийдвэрлэх ёстой тул гэрч асуулгах шаардлагагүй гэж үзсэн.
5.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргасан гэх асуудал яригдаагүй. Гэвч анхан шатны шүүх хуралдаан эхэлсний дараа шүүгчийн туслах зөвшөөрөлгүйгээр сөрөг нэхэмжлэлийг танхимд оруулж ирсэн боловч шүүгч хуралдаан эхэлсэн гэж буцааж гаргасан. Иймээс албан ёсоор сөрөг нэхэмжлэл гарсан гэж үзэх үндэслэлгүй.
5.3. Хариуцагч тал маргаан бүхий орон сууцыг барьцаанд байсан гэж тайлбарлаж байгаа боловч барьцаанд тавьсан гэх баримт байхгүй. Хэрэв маргаан бүхий орон сууцыг барьцаанд тавьсан бол барьцааны гэрээ, улсын бүртгэлд тусгах шаардлагатай. Гэтэл маргаан бүхий орон сууц барьцаанд байсан талаар баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ байгуулж, улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр өөрийн өмчлөлдөө авсан. Орон сууц авах процесс нь хууль ёсны бөгөөд тухайн үед *******-гийн ажиллуулдаг компанид доголдол гарч, бетон зуурмагийн нийлүүлэлттэй холбоотой санхүүгийн асуудал үүссэний улмаас нэхэмжлэгчээс 200,000,000 төгрөгийг зээлж авч, буцааж төлж чадаагүйгээс тухайн хөрөнгийг төлбөрт шилжүүлж авсан. Хэрэв ******* нь 200,000,000 төгрөгийг буцаан төлсөн тохиолдолд нэхэмжлэгч тухайн орон сууцыг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Өөрөөр хэлбэл, уг орон сууцыг барьцаанд байхад нь авсан ойлголт байхгүй. Өнөөдрийг хүртэл ******* нь зээлсэн мөнгөө бүрэн төлж барагдуулаагүй. Иймээс уг орон сууц нь хууль ёсоор шилжиж, *******-гийн өмчлөлд нь ирсэн болох нь баримтаар тогтоогдож байна.
5.4. *******ын хувьд уг орон сууцыг худалдаж авахаар тохиролцсон бөгөөд төлбөрийг бусад хэлбэрээр төлөхөөр *******, ******* нартай тохиролцсон гэж тайлбарладаг боловч үүнийг нотлох баримт хэрэгт байхгүй. Мөн ******* нь 2018 оноос эхлэн тухайн орон сууцанд амьдарч эхэлсэн. Уг орон сууцтай холбоотой үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээ 2016 онд хийгдсэн. Түүнчлэн, ******* нь 2018 оноос өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд амьдарч байгаа хэдий ч энэ байр миний өмч хэмээн улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөлдөө шилжүүлэн авах талаар ямар нэгэн хүсэлт, маргаан гаргаагүй. Харин ******* өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлж өгөхийг анх шаардахад ******* ойлголоо, зохицуулна гэж хэлж байсан боловч дараа нь утсаа авахгүй, хаалгаа тайлахгүй алга болсон.
5.5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д улсын бүртгэлийн огноог 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэж тэмдэглэсэн нь техникийн алдаа бөгөөд уг бүртгэл нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн. Иймээс уг техникийн алдааг засах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй, уг алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх, залруулах боломжгүй байна.
3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд сөрөг нэхэмжлэл гаргасан тохиолдолд мөн зүйлийн 73.2 дахь хэсэгт зааснаар шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх, бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шийдвэрлэх зохицуулалттай.
3.2. Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан *******, ******* нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, *******ыг шударга өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгчид хуваарилсан болох нь сөрөг нэхэмжлэлд дарагдсан шүүхийн дардсаар тогтоогдож байх ба хэрэгт дээрх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт эсхүл хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй байна.
3.3. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авсан атлаа сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт эсхүл хамтруулан шийдвэрлэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулж маргааныг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчимд нийцээгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
4. Хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хариуцагч талын гаргасан хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэж байгаа гэрч асуулгах хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлийг давж заалдах гомдолд дурдсан байна.
4.1. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрч асуулгах хүсэлтийг гэрчээс юуг, ямар үйл баримтыг, ямар нөхцөл байдлыг тодруулах гэж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус гэх үндэслэлээр анхан шатны шүүх хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргаж буй хэлцлийн нэг талыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан байх тул уг этгээдийг гэрчээр асуулгах хүсэлтийг хангаагүй анхан шатны шүүхийн шийдлийг буруутгах үндэслэлгүй, энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/07959 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.УУГАНБАЯР