| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2019/0089/Э |
| Дугаар | 95 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч Д.Ганчимэг,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пунцагшарав,
Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр
Шүүгдэгч Ж.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Жадамбагийн Хд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1929000550043 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомт чиглэлийн автозамын 112 дахь км-т 63-91 БНХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Энхтуяагийн амь насыг хохироож, Ж.Энхтүвшингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Х мэдүүлэхдээ: “ Тухайн өдөр би Улаанбаатар хотын барс захаас ачаагаа аваад гарсан наашаа явж байх явцад Дундговь аймаг дөхөж байхад дугуй хагарсан байсан. Хүнээс асуухад аймаг ороход 70 километр дутуу байна гэхээр нь гайгүй байна гэж бодоод Дундговь аймагт машинаа янзлуулаад хоолонд ороод явсан. Цогтцэций суманд харанхуй болж байсан байх ирсэн цагийг санахгүй байна. Тэгээд наашаа явж байгаад 112-н тэнд машины гэрлийн гялбаанд орсон. Тухайн осол гарсан машины тэнд ямар нэгэн тэмдэг байгаагүй, тухайн үед би гэрлээ шилжүүлж, хурдаа сааруулаад тэгээд нэг хар юм орж ирээд өнгөрсөн. Тухайн үед шоконд ороод ханийгаа дуудахад дугарахгүй байсан. Хоолой өвдөөд дугарч болохгүй байсан. Жолооч нар нааш цааш гүйлдээд байсан тухайн үед манай дүү явж байсан ард хэвтэж байх шиг болсон. Тухай цаг нарыг сайн санахгүй байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пунцагшарав нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Х.Пунцагшаравын: “...талийгаачийн оршуулгын зардалд нийт баримтаар 16.000.000 төгрөг орсон байгаа мөн холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулъя. Тухайн зам тээврийн ослын улмаас болж миний төрсөн эх Б.Энхтуяа нас барж эцэг Х болон авга ах Түвшин нарын биед гэмтэл учирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/,
Хохирогч Ж.Энхтүвшингийн:”...тухайн үед манай ах Х машин барьж байсан ба би Улаанбаатар хотоос гараад Дундговь ортол машин бариад ах харин Дундговиос цаашаа барьсан байсан, осол болох үед би сэрүүн байсан ба нэг хөтөл дээгүүр даваад доошоо уруудах үедээ хажуугаар өнгөрсөн машины гэрэлд цохиулаад зам дээр зогсож байсан тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан нэг ачааны машины араас орж мөргөсөн, осол болсны дараа би буугаад цагдаа дуудаад бас эгч Олоннэмэхрүү залгаж ярьсан, тухайн үед мөргөсөн машины жолооч бууж ирээд хажуугаар өнгөрсөн машины троссоор арагш нь машиныг татаж гаргасан тухайн үед ачааны машины бөгсөн доогуур манай машин орсон байсан, эгч Энхтуяа маань ямар ч ухаангүй байсан ба Х ах харин ухаантай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-25-р хуудас/,
Гэрч П.Мягмардалайгийн: ”...Тэгээд би хэсэг унтаж байхад тас гээд чимээ гараад машин доргисон. Тэгээд би босоод жолооч талын тольруугаа харахад эсрэг урсгалд нэг машин аваар татаад зогссон байсан. Намайг хувцсаа өмсөж байхад тэр машины жолооч ирээд хаалга цохиод “араас чинь машин орчихлоо” гэж хэлсэн. Буугаад очиход миний машины чиргүүлийн араас улаан хүрэн Ланд-80 машин мөргөсөн байсан. Тэр машинаас нэг залуу буучихсан байсан. Тэр хүн ёолоод “туслаарай энд хүн хавчуулагдчихлаа” гэх хэлж байсан. Миний машины чиргүүлийн ард зүүсэн байсан дугуй салаад унасан байхаар нь би троссыг нь тайлаад нөгөө намайг дуудсан эсрэг урсгалд зогсож байсан машин дээр очоод “ухраад тэр машиныг татаад өгөөч хүн хавчуулагдсан байгаа” гэхэд ухрах гэж оролдоод “болохгүй байна арын машинд хэл” гэж хэлчихээд яваад өгсөн. Би арынх нь машиныг гуйгаад ухрааж байгаад тэр мөргөсөн машинтай холбож байгаад татуулахад 2 удаа тросс нь тасарсан. Тэгээд ахин ухрааж бас нэг өөр тросс олж 3 давхарлаж байгаад татаж чиргүүлээс салгасан. Тэр үед жолооч нар ирчихсэн нилээд хэдэн хүн болсон байсан. Би тэр хооронд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд нөгөө машиныг татаад гаргангуут мотор хэсгээс нь гал гарсан. Нэг жолооч тогоо салгаарай гэж хашгирахаар нь би машинруугаа гүйж тогоо салгачихаад эргээд галын хор аваад ирэхэд тэнд байсан жолооч нар шороо цацаад галыг унтраасан байсан. Машиндаа хавчуулагдсан байсан хоёр хүн хоёулаа ёолоод байсан. Тэр үед зөндөө жолооч нар ирсэн байсан. Машиных нь хаалгыг онгойлгох гээд хөшөөд байсан. Тэр үед миний утас дуугараад онцгойгоос гэх шиг болсон нэг эмэгтэй залгаад надаас нөхцөл байдлын талаар мэдээлэл авсан. Хүмүүс хэсэг ноцолдоод хавчуулагдсан хүмүүсийг гаргаж чадаагүй. Тэр хооронд эмэгтэй нь дуугарахгүй болчихсон. Би эмнэлэг, цагдаа руу хэд хэд залгасан. Тэгж байтал нөгөө мөргөлдсөн машинаас гарч ирсэн залуу ёолоод газар хэвтсэн. Удалгүй Гашуун сухайт автозамын эргүүлийн машин ирсэн. Би нөгөө газар хэвтсэн залууг хөдөлгөөнт эргүүлийн машинд өргөж суулгасан. Хэсэг хүлээж байхад Оюутолгой ХХК-ийн аврах албаны хүмүүс ирж жолоочийг нь гаргаж авсан. Аврахын хүмүүс зүүн талд сууж явсан эмэгтэйг “нас барсан байна” гэж хэлсэн. Дараа нь эмнэлэг ирээд гэмтсэн 2 хүнийг авч явсан. Эмнэлэг ирсний дараа цагдаагийн хүмүүс ирсэн. Аврахын хүмүүс нас барсан эмэгтэйн шарилыг гаргаж авсан” гэх мэдүүлэг хх/-ийн 73-74-р хуудас/,
Гэрч Ц.Өлзийбаатарын: ”...намайг ослын газар ирэхэд хойноос мөргөсөн Ланд-80-г хойш нь чирээд гаргачихсан байсан. Жолооч болон хажуу талд нь сууж явсан эмэгтэй 2 машиндаа байсан. Хойд талд нь сууж явсан гэх залууг машинаас гаргаад машины баруун талд газар хэвтүүлсэн байсан. Зорчигч эмэгтэй нас барсан, “жолоочийг нь гаргаж авч чадахгүй байна” гээд нүүрсний жолооч нар байж байсан. Би төврүү хэлж “Оюутолгой уурхайгаас аврах анги дуудах хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би талийгаач эмэгтэйн нүүрэн дээр нь куртик авч бүтээсэн. Аврах ангийн хүмүүс ирээд жолоочийг гаргаж авсан. Ханбогдоос эмнэлэг ирж 2 хүнийг авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 76 -р хуудас/,
Гэрч А.Батсуурийн: ”...намайг очиход 28-18 УНИ улсын дугаартай автомашины 15-38 БЧ улсын дугаартай чиргүүлийн араас 63-91 БНХ улсын дугаартай Ланд-80 автомашин мөргөж чиргүүлийнх нь доогуур шургаад орчихсон байсан. Уг Ланд-80 машины жолооч болон жолоочийн зүүн талын суудалд дээр сууж байсан эмэгтэй нар суудалдаа хавчуулагдсан байдалтай амьд байсан, тэр эмэгтэй уйлаад байсан. Жолооч нь туслаач гээд байсан. Тэр үед хойшоо чиглэлд хамгийн эхэнд явсан 2 машин осол болсон газар зогсож байсан. Хойноос урагш чиглэлд 4-5 машин зогссон байсан. Жолооч нар бууж ирээд байсан, хойшоо явж байсан хамгийн эхний машиныг хажуугаар нь өнгөрөөж байгаад Ланд-80 машиныг хойш нь троссоор татаж салгасан. Уг ланд-80 машины хойд 2 хажуугийн хаалга, арын хаалгыг онгойлгоход дотор нь дүүрэн бараа ачсан байсныг тэнд байсан жолооч нар нийлж байгаад ачааг нь буулгаж, хойд суудал дээр нь сууж явсан нэг залууг буулгасан. Барааг нь буулгаж байгаад урд талын 2 суудлыг нь арагш хэвтүүлсэн. Тэр үед бараг 30-40 минут болсон байх, баруун урд сууж явсан эмэгтэй дуугарахаа байсан. Мөн тэр үед 28-18-н жолооч цагдаад дуудлага өгч байсан. Бид нар жолоочийн талын хаалгыг эвдэж онгойлгоход жолооч нь жолооны хүрд суудлын завсар хавчуулагдсан байсан. Би анх очоод харахад Ланд-80-н хойд талд 10 гаруй метрт том машины агаар шүүгчийг цацруулагчтай хантааз дээр нь тавьсан, мөн цацруулагчтай улаан малгай машинд дайрагдсан байдалтай харагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 -р хуудас/,
Гэрч Д.Ганхөлөгийн: ”...тэгээд би машинаасаа буугаад харахад ачаатай талын урсгал дээр шаланзны араас Ланд круйзер-80 маркийн автомашин мөргөөд чиргүүл доогуур нь орж зогссон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/,
Гэрч З.Батмөнхийн: “...тэгээд шөнийн 00 цаг 07 минутын үед 112 дахь км-т ирэхэд зам дээр зогссон шаланзны чиргүүлийн ар талаас Ланд круйзер-80 маркийн машин мөргөөд хамар нь чиргүүлийн доод талаар шургаад орчихсон жолооч нар машинаасаа буугаад зогсчихсон байхаар нь Батсуурь бид хоёр машинаасаа буугаад дөхөж очсон. Бид хоёрыг очиход Ланд-80 машинд жолооч нь рулийнхээ ард дараатай, хажуу талынх нь суудал дээр суусан эмэгтэй кабин дотроо хавчуулагдсан, машинаасаа гарч чадахгүй “туслаач, авраач” гэж орилж байсан. Бид нарыг урд талын 2 суудлыг арагш болгохоор арын ачааг нь буулгаж байх үед тэр машинд сууж явсан гэх залуу ёолоод газар хэвтээд өгсөн. Тэр залуугаас биеийг нь асуухад “хөдөлж болохгүй байна” гэсэн. Тэгээд тэрнээс хойш жолооч нь “авраач, гаргаадахаач” гэж орилж, хажууд нь суусан эмэгтэй чимээгүй болчихсон. Тэрнээс хойш нилээд удсаны дараа аврах багийнхан ирж жолоочийг машинаас гаргасны дараа эмнэлгийн машин ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/,
Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 128-129-р хуудас/,
Гэрээт цагдаагийн тасгийн шинжээчдийн багийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-136-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
Шүүгдэгч Ж.Х нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Ухаа худаг уурхайгаас Гашуун Сухайт хилийн боомт чиглэлийн автозамын 112 дахь км-т 63-91 БНХ улсын дугаартай Тоёота Ланд круйзер-80 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган иргэн Б.Энхтуяагийн амь насыг хохироож, Ж.Энхтүвшингийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хохирогч Х.Пунцагшаравын өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/, хохирогч Ж.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-р хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-25-р хуудас/, гэрч П.Мягмардалайгийн өгсөн мэдүүлэг хх/-ийн 73-74-р хуудас/, гэрч Ц.Өлзийбаатарын өгсөн мэдүүлэг /хх-ийн 76 -р хуудас/, гэрч А.Батсуурийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 77-78 -р хуудас/, гэрч Д.Ганхөлөгийн мэдүүлэг /хх-ийн 79-р хуудас/, гэрч З.Батмөнхийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 81-82-р хуудас/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-ийн 94-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлт /хх-ийн 109-р хуудас/, Шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 128-129-р хуудас/, Гэрээт цагдаагийн тасгийн шинжээчдийн багийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хх-ийн 135-136-р хуудас/ зэргээр хангалттай тогтоогдож байна гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пунцагшарав нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурьдах зүйтэй. Миний төрсөн эцэг учраас шоронд явуулмааргүй байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн нь Монгол улсын Үндсэн хуульд заасан “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх…” эрхтэй гэсэн тулгуур зарчимд нийцсэн гэж үзэв.
Харин иргэний хариуцагч Хүннү транс ХХК-аас гэм хорын хохиролд 16248000 төгрөг нэхэмжилж байгааг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.
Учир нь шүүгдэгч Ж.Х нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-д заасан “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, П.Мягмардалайн унаж явсан Хүннү Транс ХХК-ний эзэмшлийн 28-18 УНИ улсын дугаартай автомашины 15-38 БЧ улсын дугаартай чиргүүлтэй зогсож байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн нь тухайн осол болоход нөлөөлөхгүй гэсэн шинжээчдийн дүгнэлт, гэрч Ц.Өлзийтбаатар, А.Батсуурь, Д.Ганхөлөг, З.Батмөнх нарын мэдүүлгээр тухайн осолд гэм буруутай гэж үзэх үндэслэл байхгүй байна гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Хг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хохирогч Ж.Энхтүвшингийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Пунцагшарав нар нь өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Жадамбагийн Хг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хохирогч Ж.Энхтүвшингийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Хд тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдахыг үүрэг болгосугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 36.3-д зааснаар “Хүннү Транс” ХХК-аас нэхэмжилсэн 16.248.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Шүүгдэгч Ж.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Ж.Хгийн №0040179 дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж.Хд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТТУЛГА