Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Гантуяа,

Улсын яллагч: Д.Ганчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Э.Бын өмгөөлөгч Н.Сундуй

Шүүгдэгч: Б.Б, Б.Б, Э.Б /өөрөө өөрийгөө өмгөөлсөн /нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигон овогт Энхболдын Б, Тайж овогт Бариагийн Б, Шалсай овогт Баатарын Б, Цэц овогт Эрдэнэсүхийн Б нарт холбогдох 1929001730086 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь “М-Армор” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллах хугацаандаа “Энержи Ресурс” ХХК-ийн түлшний машины жолооч Б.Б, Б.Б, Э.Б нартай бүлэглэн дизель түлш завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь мэдүүлэхдээ: “2019 оны 4 дүгээр сард харуул хамгааллатын ажилтанаар орж байсан. 2018 оны 8 дугаар сард цэргээс халагдаад 4 сард ажилд орсон. Ийм хэрэгт орно гэж бодоогүй. Анх удаа ажиллаж байсан болохоор энэ хэдийг түлш цааш нь зарж байсныг мэдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б нь хуульд заасан эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Б нь мэдүүлэхдээ: “2019 оны 03 дугаар сарын 13-нд “Энержи ресурс” ХХК-нд ажилд орсон. 2 сарын дараа түлшний хэрэгт холбогдсон. Бтай харилцан тохиролцсоны үндсэн дээр түлш гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбаярын:”...шөнийн ээлжний нярав Шүрэнчимэг надруу залгаад жолооч Б түлш хулгайлж байгаад “М-Армор” ХХК-ний ажилтанд баригдсан талаар мэдэгдсэн ... Тухайн үед жолооч Б.Б нь 400 литр дизель түлшийг зарж байгаад үйлдэл дээрээ баригдаад улмаар тухайн зарсан гэх түлшийг нь манай компани буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/,

Б.Бийн гэрчээр өгсөн:”Би “Энержи Ресурс” ХХК-нд 2010 оны 09 сард анх ажилд орсон. Тухайн компаний түлшний операторын албан тушаалд 2019 оны 05 дугаар сард томилогдсон ... Тухайн үед “Энержи Ресурс” ХХК-ийн уурхайгаас постоор гарах үед хамгаалалтын ажилтанд шалгуулаад хянах самбарын тоолуурын заалтыг  тэмдэглүүлээд гарсан ба буцаж орохдоо тухайн хамгаалагчид 2 удаагийн үйлдлээр нийтдээ 200.000 төгрөг өгөөд “миний машины түлшний тоолуурын заалтыг анх гарсан хэвээр тэмдэглээрэй” гэж хэлээд бичилт хийлгээд орсон ... 2 удаагийн үйлдлээр нийтдээ 700 литр түлш зарж борлуулсан нь үнэн ... Би 27-74 ӨМҮ улсын дугаартай Хово маркийн 20.500 литрийн багтаамжтай ёомкостой тээврийн хэрэгсэл эзэмшиж унадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас,

Э.Бын гэрчээр өгсөн:”Би “М-Артор” ХХК-нд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр анх ажилд орсон. Цогтцэций сумын “Энержи-Ресурс” ХХК-ний хамгаалагчаар 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр томилогдсон ... 27-74 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах тэр шөнийн 20 цаг 06 минутанд уурхайгаас гараад буцаад 21 цаг 08 минутанд орж ирэхдээ надад 100.000 төгрөг өгсөн. Би тоолуурыг нь шалгаагүй ба гарсан заалтаар нь тэмдэглэл дээрээ бичсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө 20 цаг 40 минутанд уурхайгаас гарч яваад 21 цаг 52 минутанд буцаж ирээд уурхайруу орохдоо надад 100.000 төгрөг өгсөн. Би тэмдэглэл дээрээ бас гарсан тоолуурын заалтыг нь бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61-р хуудас/,

Гэрч Д.Түмэнлхамын өгсөн:”...би тэр хүнээс 300 литр дизель түлшийг литрийг нь 1000 төгрөгөөр бодож авсан. Хэд хоногийн дараа дахин 400 литр түлш авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/,

Б.Бы гэрчээр өгсөн:”Би “Энержи Ресурс” ХХК-нд 2019 оны 03 дугаар сард түлшний машины оператороор анх ажилд орсон. 2019 оны 05 дугаар сарын эхээр найздаа 200 литр түлш 1 тутмыг нь 800 төгрөгөөр бодож худалдсан. Нийтдээ 160.000 төгрөг болсон ... 2019 оны 05 дугаар сарын 09-ний шөнө тухайн найздаа дахин 200 литр дизель түлш 160.000 төгрөгөөр зарсан. Тухайн мөнгөнөөс уурхайн харуул хамгаалалтын ажилтанд 80.000 төгрөг өгөөд “тоолуурын заалтыг хуучнаар бичээрэй” гэж хэлээд орсон ... Би 28-44 ӨМҮ улсын дугаартай Хово маркийн 20.500 литрийн багтаамжтой ёомкостой тээврийн хэрэгсэл эзэмшиж унадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/,

Гэрч Ё.Сансарболдын:”Би Баас 2 удаагийн үйлдлээр нийтдээ 400 литрийг 320.000 төгрөгөөр худалдаж авсан. Б надад хэлэхдээ “миний өөрийн түлш байгаа юм” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/,

Э.Бын гэрчээр өгсөн:”...28-44 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах тэр орой 20 цаг 35 минутанд уурхайгаас гараад буцаад 21 цаг 40 минутанд орж ирэхдээ надад 80.000 төгрөг өгсөн. Би тоолуурыг шалгаагүй ба гарсан заалтаар нь тэмдэглэл дээрээ бичсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны орой 22 цаг 10 минутанд уурхайгаас гарч яваад 23 цаг 15 минутанд буцаж орж ирэхдээ надад 100.000 төгрөг өгсөн. Би тэмдэглэл дээрээ гарсан тоолуурын заалтыг нь бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/,

Э.Бгийн гэрчээр өгсөн:”Би “Энержи Ресурс” ХХК-нд 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр анх түлшний машины оператороор ажилд орсон. 2019 оны 05 дугаар сарын эхээр 200 литр түлшийг зар харж байгаад утсаар холбогдож литрийг нь 800 төгрөгөөр бодож зарсан. 2 хоногийн дараа дахин нөгөө утасруу залгаж дахин 200 литр дизель түлшийг 800 төгрөгөөр бодож нийт 160.000 төгрөгөөр зарсан ... буцаж орохдоо тухайн хамгаалагчид 2 удаагийн үйлдлээр 200.000 төгрөг өгөөд миний машины түлшний тоолуурын заалтыг анх гарсан хэвээр тэмдэглээрэй гэж хэлээд бичилт хийлгээд орсон ... Би 28-49 ӨМҮ улсын дугаартай Хово маркийн 20.500 литрийн багтаамжтай ёомкостой тээврийн хэрэгсэл эзэмшиж унадаг” гэх мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/,

Э.Бын гэрчээр өгсөн:”28-49 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах тэр шөнийн 00 цаг 30 минутанд уурхайгаас гараад буцаад 02 цаг 20 минутанд орж ирэхдээ надад 100.000 төгрөг өгсөн. Би тоолуурыг нь шалгаагүй ба гарсан заалтаар нь тэмдэглэл дээрээ бичсэн. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын 09-ний 00 цаг 26 минутанд уурхайгаас гарч яваад 01 цаг 40 минутанд буцаж ирээд уурхайруу орохдоо надад 100.000 төгрөг өгсөн. Би тэмдэглэл дээрээ бас гарсан тоолуурын заалтыг нь бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/,

 “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт:”1 литр дизель түлш 2.490 төгрөг” гэх /хх-ийн 79-81, 86-88, 92-94-р хуудас/,

Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-111-р хуудас/,

Яллагдагч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-114, 118-120, 124-126-р хуудас/,

Яллагдагч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-123-р хуудас/,

Яллагдагч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-123-р хуудас/

 Шүүгдэгч Э.Бын  хувийн байдлын талаар: 

Хөвсгөл аймгийн Рашаант сумын Их Ац багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 127-р хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 128-р хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 135-р хуудас/,

 Мэргэжлийн үнэмлэхний хуулбар, ажилд орохыг хүсэгчийн анкет /хх-ийн 136-р хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

Шүүгдэгч Э.Б нь “М-Армор” ХХК-ийн харуул хамгаалалтын ажилтнаар ажиллах хугацаандаа “Энержи Ресурс” ХХК-ийн түлшний машины жолооч Б.Б, Б.Б, Э.Б нартай бүлэглэн дизель түлш завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 45-47-р хуудас/, Б.Бийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-58-р хуудас, Э.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-61-р хуудас/, Гэрч Д.Түмэнлхамын өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/, Б.Бы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-66-р хуудас/, Гэрч Ё.Сансарболдын мэдүүлэг /хх-ийн 67-68-р хуудас/, Э.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 69-71-р хуудас/, Э.Бгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуудас/, Э.Бын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 75-77-р хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх-ийн 79-81, 86-88, 92-94-р хуудас/, Яллагдагч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 109-111-р хуудас/, Яллагдагч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-114, 118-120, 124-126-р хуудас/, Яллагдагч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-123-р хуудас/, Яллагдагч Э.Бгийн мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хх-ийн 121-123-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байна.   

Шүүгдэгч Э.Б, Б.Б, Б.Б, Э.Б нар нь гэм буруугаа хүлээж зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан 3.735.000 төгрөгийн хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Б, Б.Б, Б.Б, Э.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хохирогч Э.Энхбаяр нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан гэж үзлээ.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Энхболдын Б, Тайж овогт Бариагийн Б, Шалсай овогт Баатарын Б, Цэц овогт Эрдэнэсүхийн Б нарыг бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б, Б.Б, Б.Б, Э.Б нарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

3. Шүүгдэгч Э.Б, Б.Б, Б.Б, Э.Б нар нь шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нараар гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, З.Тулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар эд мөрийн баримаар хураагдаж ирсэн 681.000 төгрөгнөөс тогтоол хүчин төгөлдөр болмогц 580.000 төгрөгийг улсын орлогод оруулж 101.000 төгрөгийг Э.Бт буцаан олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох буюу гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б, Б.Б, Б.Б, Э.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.БАТТУЛГА