| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 191/2025/04916/И |
| Дугаар | 210/МА2025/02213 |
| Огноо | 2025-12-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2025/02213
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч О.Одгэрэл, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08900 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 44,619,288 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь манай компанитай 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүү зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус гэрээний 4.5-д заасан ******* улсын дугаартай, ******* арлын дугаартай, ******* маркийн мөнгөлөг өнгийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ******* нь манай компанид шилжүүлсэн.
1.2. Зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүй ба гэрээний хугацаа 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон. Зээлийн гэрээний хугацаанд манай зүгээс зээлийн мэдээллийн сангийн ангилал буурах, зээлээ төлөхийг удаа дараа шаардаж албан бичгээр болон зээлдэгчийн *******, ******* дугаарын утсанд мэдэгдэж шаардсан боловч зээлээ төлөөгүй. Фидуцийн зүйлийг шаардсан боловч тээврийн хэрэгсэл хаана байгаа нь мэдэгдэхгүй, бидэнд хүлээлгэж өгөөгүй.
1.3. Хариуцагч 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 3,313,000 төгрөгийг зээлд төлсөн, 41,306,288 төгрөгийн өр төлбөртэй буюу үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 16,902,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,717,288.44 төгрөг, нийт 44,619,288 төгрөгийн өр төлбөртэй 592 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд зээлийн гэрээний үүрэгт 44,619,288.44 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. ******* нь 2023 онд ******* ХХК-ийн ******* маркийн автомашиныг өөрийн нэр дээр авсан. Тухайн үед компани дээрээ авна гэсэн боловч ББСБ-ын захирал ******* хувь хүн дээр авсан нь дээр гэж шалсанаар зээл гарах боломжгүй байсан ч над дээр гаргаж өгсөн.
2.2. Тухайн үед ажилласан байсан компанийн маань захирал бид 2 машины мэдлэг тааруу. Автомашин аваад сарын дараагаас эвдрэл гэмтэлтэй болохыг мэдсэн. Тухайн үе бүрт эвдрэлийг засварласан боловч одоог хүртэл явахгүй хэвээр байгаа. Мөн машины эйр кондишны бүх эд ангийг салгаж авсан байсан.
2.3. ББСБ-аас автомашиныг хураана гэж дуудсан боловч ******* захирал хураагаагүй. Автомашин өгөхөөр 2024 оны намар очиход гэрээг шинэчлээд зээлээ хүссэн үедээ төлж болно гэж хэлээд гэрээнд гарын үсэг зуруулсан. Тухайн автомашин эвдэрхий байсан тул эхний 2-3 сарын хүүг төлөөд цааш төлөлт хийгээгүй, одоо автомашиныг буцааж өгөх хүсэлтэй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 44,619,288 төгрөгийг хариуцагч *******эс гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 381,047 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, тэгш мэтгэлцэх зарчмыг хангаагүй, нотлох баримтыг эргэлзээгүй, хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж дүгнээгүй, хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.
4.2. Нэхэмжлэгч тал зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авахад зориулж олгосон гэх бөгөөд зээлдэгчийн худалдан авч буй тээврийн хэрэгслийг зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр нэр шилжүүлж авсан гэж тайлбарладаг. Гэвч нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээ нь ямар төрлийн гэрээ болох нь тодорхойгүй, гэрээний агуулгаас нь харахад Иргэний хуулийн хоёр өөр бүлгийн гэрээний төрлийг хооронд нь хольж, агуулгын зөрчилтэй нэргүй гэрээ хийсэн, гэрээний үндэслэл хэсэгтээ Иргэний хуулийн Хорин дөрөвдүгээр бүлгийг удирдлага болгосноос нь дүгнэхэд иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэгдэхээр байх боловч бодит байдал дээр энэхүү гэрээний харилцаа нь Иргэний хуулийн Дөчин дөрөвдүгээр бүлэгт багтах Банк бус санхүүгийн байгууллага, иргэн хоёрын хооронд үүссэн гэрээний харилцаа байна.
Түүнчлэн, фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа үзлэг оношилгооны баримт зэрэг хэрэгт хамааралтай, зайлшгүй шаардлагатай нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна
4.3. Мөн *******ийн бичгээр бичсэн ...*******гийн ******* тоот дансанд тус зээлийг шилжүүлэн өгнө үү... гэх хүсэлт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй канондсон хувь байхад түүнийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд нотлох баримт хангалтгүй, дутуу байсан гэж үзэж байна. Шүүх нотлох баримт цуглуулах үүрэггүй боловч дээрх тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэхэмжлэгч талаас баримтын эх хувь буюу нотариатаар батлуулсан хувийг гаргуулж хэрэгт хавсаргаснаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалт хангагдах юм.
4.4. Түүнчлэн, шүүхийн шийдвэрийн эхний нүүрэнд шүүх хуралдаанд оролцогчийн ирцийн мэдээлэл дээр шүүх хуралд гэрчээр ******* оролцсон болох нь, мөн гэрчид 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт байх боловч хавтаст хэрэгт гэрч *******д эрх, үүрэг болон хууль сануулсан баримт байхгүй байсан.
4.5. ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гардан авсан үед болон өмгөөлөгч бидний хэргийн материалтай танилцсан 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр ч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байсан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 3 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгоно гэх хуулийн заалт зөрчигдсөн бөгөөд нөгөө талаас *******ийн гомдол гаргах шүүхийн хэлэлцүүлгийн үед өөрийн үг хэлэх, тэгш мэтгэлцэх эрх зөрчигдсөн байдлыг тэмдэглэлээс харж гомдолд дурдах боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дахь хэсэгт заасан гэрээ гэж шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
5.2. Хариуцагчийн өмгөөлөгч нь шүүх зохигчид мэтгэлцэх боломж олгоогүй гэх агуулгаар давж заалдах гомдолдоо дурдсан. Энэ нь үндэслэлгүй. Хариуцагч нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон.
5.3. Зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан *******гийн дансанд шилжүүлэх тухай гараар бичсэн өргөдөл нь нотлох баримтыг шаардлага хангаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгч тайлбарласан. Уг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэргийн 16 дугаар талд дээрх баримт нь эх хувиараа авагдсан.
5.4. Нэхэмжлэгч байгууллагын захирлаар ажиллаж байсан ******* ******* маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах зорилготой байсан. Уг автомашиныг хариуцагч ******* болон түүний ажиллаж байсан *******ХХК нар нь хамтран худалдан авсан. Хариуцагчийн нэр дээр зээлийг олгож, тээврийн хэрэгслийг шилжүүлсэн. Тухайн тээврийн хэрэгслийн зээлийг төлөөгүй учраас автомашиныг буцаан шилжүүлж өгнө үү гэх агуулгаар удаа дараа шаардлага хүргүүлсэн. Гэтэл хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлийн мөнгөн хөрөнгийн үнийн дүн ихэссэн. Улмаар нэхэмжлэгч компанийн зүгээс зээлийн мөнгөн хөрөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас фидуцийн зүйлтэй холбоотой баримт авагдаагүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэв.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 44,619,288 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан автомашин нь биет байдлын доголдолтой байсан, доголдолтой байсан тул эхний 2-3 сарын зээлийн хүүг төлөөд цааш төлөлт хийгээгүй, автомашиныг буцаан өгөх хүсэлтэй гэх үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дараах үйл баримтыг үнэн зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. ******* ХХК болон ******* нарын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр №******* дугаартай гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь *******д 25,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3.9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор ******* улсын дугаартай ******* маркийн автомашиныг ******* ХХК-ийн нэр дээр бүртгүүлэхээр харилцан тохиролцсон;
3.2. 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *******ийн бичгээр бичиж өгсөн хүсэлтийн дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг тухайн үед ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан *******гийн эзэмшлийн ХААН банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн;
4. Талуудын хооронд үүссэн харилцааг анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж зөв тодорхойлжээ.
5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, ******* ХХК нь *******д 25,000,000 төгрөгийн зээл олгосон, ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1,169,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,144,000 төгрөг, нийт 3,313,000 төгрөгийг төлсөн үйл баримтад маргаагүй байна.
Хариуцагч нь зээлийн мөнгөн хөрөнгөөр худалдан авсан автомашин биет байдлын доголдолтой байсан, зээлийг буцаан төлөхгүй автомашиныг буцааж өгөх хүсэлтэй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбарласан байх боловч талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул автомашины биет байдлын доголдолтой холбогдуулан гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
6. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх эрхтэй.
6.1. Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А-106/298 дугаартай Аргачлал батлах тухай тушаалын хавсралтаар батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох, мэдээллийн ил тод байдлыг хангах аргачлал-ын хавсралтаар баталсан Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол-ын дагуу сарын нийт төлбөр тогтмол нөхцөлөөр зээл олгогдсон 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс шүүхэд нэхэмжилсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 25,000,000 төгрөгийн зээлд жилийн 46.8 хувийн хүүгээр тооцооллыг хийхэд сард төлөх тогтмол төлбөрийн хэмжээ нь 1,765,630 төгрөг, хугацааны эцэст төлөгдөх ёстой төлбөрийн хэмжээ нь үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 12,078,221 төгрөг, нийт 37,078,221 төгрөг болж байна.
6.2. Нийт зээлийн хүү 12,078,221 төгрөгөөс хариуцагчийн төлж барагдуулсан 3,313,000 төгрөгийг хасаж тооцоход төлөгдөөгүй хүүгийн хэмжээ нь 8,765,221 төгрөг болж байх ба үүний 20 хувиар нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг тооцоход 1,753,044 төгрөг болж байна.
6.3. Анхан шатны шүүх хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүнгийн тооцоололд хариуцагч маргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчаас 44,619,288.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь алдаатай болсон байх тул тооцооллыг зөвтгөж, үндсэн зээл 25,000,000 төгрөг, зээлийн хүү 12,078,221 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,753,044 төгрөг, нийт 38,831,265 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,313,000 төгрөгийг хасаж, үлдэх 35,518,265 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус нийцнэ.
7. Нэхэмжлэгч нь автомашины өмчлөх эрхийг фидуцийн гэрээний үндсэн дээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөртөө шилжүүлэн авсан байх боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас мөнгөн хэлбэрээр шаардсан тул нэхэмжлэгчийг фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх тул фидуцийн зүйл болох ******* улсын дугаартай ******* маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг хариуцагчид буцаан шилжүүлэх үүрэгтэйг дурдах нь зүйтэй.
8. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлгүй байна.
8.1. Хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаалгах гомдол гаргаж, гомдлын үндэслэлээ хэрэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримт буюу фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа үзлэг оношилгооны баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн, *******ийн бичгээр бичсэн ...*******гийн ******* тоот дансанд тус зээлийг шилжүүлэн өгнө үү... гэх хүсэлт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байхад шүүх түүнийг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэхэмжлэгч талаас баримтын эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг гаргуулж хэрэгт хавсаргах байсан, шүүх хуралд гэрчээр оролцсон *******д эрх, үүрэг болон хууль сануулсан баримт байхгүй байсан, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болон 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар ч хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй байсан гэж тайлбарласан.
8.2. Фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа үзлэг оношилгооны баримт хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байгаа бол хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргийн хүрээнд өөрийн татгалзлын үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлэх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан журмын дагуу өөрт байхгүй баримтыг шүүхийн журмаар бүрдүүлж, цуглуулах хүсэлтийг шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан, шүүх хариуцагчийн өмнө дурдсан эрх, үүргийг хязгаарласан байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.
8.3. Давж заалдах гомдолд *******ийн бичгээр бичсэн ...*******гийн ******* тоот дансанд тус зээлийг шилжүүлэн өгнө үү... гэх хүсэлт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байхад шүүх түүнийг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан зохицуулалтын хүрээнд шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж нэхэмжлэгч талаас баримтын эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хувийг гаргуулж хэрэгт хавсаргах байсан гэх боловч тухайн баримт нь хэрэгт эх хувиараа нотлох баримтаар авагдсан байх тул хариуцагч талын гаргасан гомдол үндэслэлгүй байна.
8.4. Мөн хэрэгт гэрчээр оролцсон *******д эрх, үүрэг болон хууль сануулсан баримт авагдсан, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл хэрэгт хавсаргагдсан байх тул гэрчид эрх, үүрэг танилцуулж, хууль сануулаагүй, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр болон 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хэрэгт шүүх хуралдааны тэмдэглэл байгаагүй гэх гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08900 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******эс 35,518,265 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,101,023.44 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 335,541 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 381,047 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД О.ОДГЭРЭЛ
Б.УУГАНБАЯР