Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 97

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Д.Ганчимэг,

Шүүгдэгч Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Золбоо /Ү-2187/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хоёрдугаар хэлтсийн хяналтын прокурор Б.Баярхүүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тус хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балдансүрэнгийн Тд холбогдох 1902001030050 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотоос “Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай “Мөс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдан авч, метамфетамины агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй нийт жин нь 0,8427 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биедээ хадгалсан,

Улмаар 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зүүн гутлын улавчин доор нуун далдалж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн “...Биед үзлэг хийхэд зүүн талын гутлын улавчин доор хийсэн “Мөс” гэх “AMP, MET” төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис 3 ширхэг жижиг гялгар уутанд хийсэн илэрсэн...” гэх тэмдэглэл /1-р хх-н 9-10 дугаар хуудас/,

Гэрч Ш.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-н 189-191 дүгээр хуудас/,

Гэрч Д.Эрдэнэбаярын мэдүүлэг /1-р хх-н 196-198 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Тгийн мэдүүлэг /2-р хх-н 16-19 дүгээр хуудас/,

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Шүүх сэтгэц эмгэг судлалын №509 дугаартай шинжээчийн дүгнэлт” /1-р хх-н 236-237 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн №1531 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 208-212 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1815 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 216-217 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №1779 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ” /1-р хх-н 230-231 дүгээр хуудас/,

Монгол Улсын Олон улсын гэрээ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /1-р хх-н 78-90 дүгээр хуудас/, 

Б.Тгийн арилжааны банкнуудад хадгаламжийн данстай эсэх талаарх мэдээлэл /1-р хх-н 134-182 дугаар хуудас/,

Б.Тгийн хувийн байдалтай холбогдох баримтууд /2-р хх-н 33-64 дугаар хуудас/,

Б.Тгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-н 30 дугаар хуудаст/,

Б.Тгийн арван хурууны дардас, гэрэл зураг /2-р хх-н 68, 69-71 дүгээр хуудас /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Нэгдсэн Үндэстний байгууллагаас “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийг 1971 онд баталсан бөгөөд тус конвенцыг Монгол улс 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр соёрхон баталж, сэтгэцэд нөлөөт бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагааг явуулах хэм хэмжээг тогтоосон.

Сэтгэцэд нөлөөт эм бодис гэдэг нь 1971 оны сэтгэц нөлөөт эм бодисын тухай НҮБ-ын конвенцийн дагуу тус улсын нутагт бүртгэгдэж хяналтад байлгавал зохих байгалийн болон нийлэгжүүлсэн бодис, бэлдмэл зэрэг мансууруулах үйлчилгээтэй сэтгэц нөлөөт болон тэдгээрийн түүхий эдийн жагсаалтанд орсон эм, бодисыг хэлдэг.

“Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад бичигдсэн Олон улсын бүртгэгдээгүй нэршлээр /INN/ METAMFETAMINE, бүртгэгдээгүй бусад нэршлээр Methamphetamine, химийн нэршлээр (+)-(S)-N, alpha-dimethylphenethylamine гэж бүртгэгдсэн “Мөс” гэх бодис нь мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодис бөгөөд тухайн төрлийн эм, бэлдмэл, бодисыг зохих зөвшөөрөл, хяналтаас гадуур хууль бусаар олж авсан, хадгалсан, Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн тохиолдолд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Эдийн засгийн гэмт хэрэг”, “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Тгийн биеэс хураан авсан нийт жин нь 0,8427 грамм бодис нь Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад бичигдсэн метамфетамины агууламжтай бодис болох нь

1- Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн тэмдэглэл /2019.02.18/-д “...Үзлэгээр тогтоосон зүйл: Биед үзлэг хийхэд зүүн талын гуталны улавчин доор хийсэн Мөс гэх АМР, МЕТ төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис 3ш жижиг гялгар уутанд хийсэн илэрсэн болно...” гэх тэмдэглэл /1-р хх-н 9-10 дугаар хуудас/,

2- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №1531 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “I” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “”II” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад  багтдаг болно.

2. “Б.Т 1390 2019.02.18 13:30” гэсэн хаягтай шээснээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно...

3. “I” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,2215 г, цэвэр жин нь 0,0603 г, “”II” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,3994 г, цэвэр жин нь 0,2036 г, “III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,7735 г, цэвэр жин нь 0,5788 г байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 208-212 дугаар хуудас/,

3- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1815 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн тарианы шил мэт зүйлээс метамфетамин /methamphetamine/ илэрч байна. Метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад  хамаарна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 216-217 дугаар хуудас/,

4- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №1779 тоот дүгнэлт “...шинжилгээнд ирүүлсэн РД:УЧ91053159 регистрийн дугаартай Б.Тгээс авсан “А” үсний дээжинд “амфетамин” илэрсэн НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад  багтдаг болно...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ” /1-р хх-н 230-231-р хуудаст/,

5- Монгол Улсын Олон улсын гэрээ “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц” /1-р хх-н 78-90-р хуудаст/ гэх баримтуудаар тогтоогдож байна. 

Мансууруулах төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсан аливаа үйлдлийг хууль бусаар олж авсан гэж үзнэ. Түүнчлэн мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг байлгахыг хууль бусаар хадгалсан гэж, мөн Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хилээр хориглосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн гэж тус тус үзнэ.

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл “Мөс” гэх нэршилтэй, метамфетамины агууламжтай, нийт жин нь 0,8427 грамм мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, өөрийн биедээ хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох,

- мөн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхдээ “Нэгдсэн үндэсний байгууллагын сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг зүүн гутлын улавчин доор нуун далдалж Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

1. 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн үзлэг хийсэн “...Биед үзлэг хийхэд зүүн талын гутлын улавчин доор хийсэн “Мөс” гэх “AMP, MET” төрлийн сэтгэцэд нөлөөлөх бодис 3 ширхэг жижиг гялгар уутанд хийсэн илэрсэн...” гэх тэмдэглэл /1-р хх-н 9-10 дугаар хуудас/,

2. Гэрч Ш.Мөнх-Эрдэнийн: “...тэр өдөр бид хоёр Хөх хотод очиж нэг газар буусан, тэгээд Т нэг хятад хүнтэй уулзаж, гараар нэг зүйл солилцоод салцгаасан. Тэгээд буудалд ороод би усанд ороод гарч ирэхэд Б.Т орон дээр нэг гуурс, жижигхэн тарианы шил, нэг цагаан зүйл гаргасан байсан. Б.Т архи дарс уудаггүй учраас нөгөө нэг цагаан зүйлийг гуурсаар тарианы шилэнд хийж, дээр нь гуурсыг зоож асаагуураар халааж гуурсаар татаж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 189-191 дүгээр хуудас/,

3. Гэрч Д.Эрдэнэбаярын: “...Миний бие Б.Тг дуудан өөрийн өрөө рүү дагуулан орж Б.Тгийн халаасанд байсан эд зүйлийг шалгуулах, ширээн дээр гаргаж тавих шаардлага тавихад Б.Т өөрийн халаасанд байсан бүх эд зүйлээ гаргасан. Тухайн үед Б.Тгээс асаагуур, хайрцаг тамхи, чүдэнз, задгай мөнгө гарч ирсэн, тухайн үед Б.Тгийн биеэс гарч ирсэн тамхи, чүдэнзний хайрцаг дотор олон жижиг шилэн тарианы шил шиг зүйл байсан, тэгээд тухайн үед Б.Тгийн биед нарийвчилсан шалгалт хийж гутлаас эхэлж 2 гутлыг тайлж, 2 гутлын улавч доороос нэг том уутанд хийсэн 3 жижиг гялгар уутанд хийсэн мансууруулах бодис байж болзошгүй тунгалаг өнгийн зүйл гарч ирсэн. Тухайн үед Б.Тгээс энэ мансууруулах төрлийн зүйл мөн үү гэж асуухад мөн гэж хэлээд уйлсан” гэх мэдүүлэг /1-р хх-н 196-198 дугаар хуудас/,

4. Яллагдагч Б.Тгийн: “...2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хавьцаа найз Н.Найдамтай утсаар холбогдож БНХАУ-ын Хөх хотод “Мөс” зардаг “We чат”-р хятад хүний утасны дугаар өгсөн. Тэгээд Хөх хотод очоод нөгөө өмнө харьцаж байсан хятад хүнтэй “We чат”-р холбогдож нэг буудлын гадаа уулзахаар тохиролцсон ... уулзахдаа тэр хятад хүнээс 2,400 юанаар 2 грамм “Мөс”худалдан авсан, тухайн үед тус бодисыг 3 жижигхэн уутанд савласан байсан... тэгээд буудалд ороод би өөрийн худалдан авсан зүйлээс хэрэглэж үзсэн, миний бие өглөө босоод буудалд байж байхдаа нөгөө худалдан авсан “Мөс” гэх зүйлийг зүүн хөлийн гутлын улавчин доор нуусан, тэгээд Монголруу явсан, тэгээд Монгол улсын хил дээр ирж, паспорт дээр штамп даруулаад цааш гарахад “Иммергейшн” болон Тагнуулын хүмүүст саатуулагдаж баригдсан” гэх мэдүүлэг /2-р хх-н 16-19 дүгээр хуудас/,

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрийн №1531 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 208-212 дугаар хуудас/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №1815 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 216-217 дугаар хуудас/,

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн №1779 тоот дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд ” /1-р хх-н 230-231 дүгээр хуудаст/,

8. Монгол Улсын Олон улсын гэрээ сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц /1-р хх-н 78-90 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Тг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх бодисыг БНХАУ-ын нутагт хууль бусаар олж авч, биедээ хадгалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан метамфетамины агууламж бүхий “Мөс” гэх бодисыг Монгол улсын хилээр буюу Өмнөговь аймгийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 0,8427 граммыг хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Б.Т нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын нутаг дэвсгэрт “Мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон ба шүүгдэгч Б.Тд тухайн улсын хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй, шүүгдэгчийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Өмнөговь аймгийн “Гашуун сухайт” авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хил нэвтэрч байх үед нь Тагнуулын ерөнхий газрын Хилийн 0131 дүгээр ангийн дэргэдэх Хилийн тагнуулын тасгаас саатуулан шалгаж, гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Б.Тд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангид заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

2. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Мансууруулах бодисын хор уршгийг тоочоод баршгvй бөгөөд хүний оюун ухаан доройтож, донтох, гоо сайхан алдагдах (арьсны өнгө харлаж, нvvр барзайна, vс унана, хумс хугарна, эрт хөгширнө), зvv тариурыг дундаа хэрэглэснээс ДОХ, халдварт шар өвчин авах, тараах, бэлгийн сулралд орох, үргүй болох, үр удамд нөлөөлснөөр тахир дутуу, эрхтэн согогтой, ухаан сааталтай хүүхэд төрөх, улмаар  төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг цочроож эхлээд сэтгэлийн хөөрөл үүсгэж, тодорхой хугацааны дараа саатал болон хувирч улмаар булчин сулруулах, нойр хүргэх, мэдрэл тайвшруулах, сэтгэл түгшүүрийг түр арилгах мансууруулах үйлчилгээ үзүүлж, цаашлаад дээрх эм, бодисыг замбараагүй хэрэглэхэд “Донтох эмгэг” үүсгэдэг.

Шүүгдэгч Б.Тгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгдэх гэмт хэргийн бүлэгт хамаарагдах бөгөөд тухайн хэргийн хувьд хохирогчоор тогтоогдсон этгээд байхгүй, хохирол төлбөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын №509 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-н 236-237-р хуудаст/-д “...1. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Б.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Т нь өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадвартай байна. Б.Т нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Б.Т нь хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна. 3. Б.Т нь хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусган мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Б.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар  гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг хянаад, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаад, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Тгийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан “I” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,2215 грамм, цэвэр жин 0,0603 грамм, “II” гэсэн хаягтай гялгар уттанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,3994 грамм, цэвэр жин нь 0,2036 грамм, “III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,7735 грамм, цэвэр жин нь 0,5788 грамм, нийт жин нь 0,8427 грамм цагаан өнгийн талстлаг “метамфетамин” /Methgmphetamine/ гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис, Б.Тгийн өмсөж явсан хар өнгийн гутал, шинжилгээний тест зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Эд мөрийн баримт устгах комиссод даалгаж, 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээхээр тус тус шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Балдансүрэнгийн Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 20,000 /хорин мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон нийт 28 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Мөрдөгчийн тогтоолоор эд мөрийн баримтаар хурааж авсан “I” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,2215 грамм, цэвэр жин 0,0603 грамм, “II” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,3994 грамм, цэвэр жин нь 0,2036 грамм, “III” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,7735 грамм, цэвэр жин нь 0,5788 грамм, нийт жин нь 0,8427 грамм цагаан өнгийн талстлаг “метамфетамин” /Methgmphetamine/ гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодис, Б.Тгийн өмсөж явсан хар өнгийн гутал, шинжилгээний тест зэргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын Эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, 2 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал, төлбөргүй, Б.Тгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Тд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.ӨЛЗИЙ-ОТГОН