| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 101/2025/00233/И |
| Дугаар | 210/МА2025/01630 |
| Огноо | 2025-09-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2025/01630
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05384 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
25,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Б.Ууганбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн худалдаж авсан ******* маркийн ******* УЕН улсын дугаартай автомашиыг 25,000,000 төгрөгөөр *******т худалдаж, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд мөнгийг нь өгөөгүй байхад дансаар өгсөн гэж бичсэн. ******* нь гэрээний дагуу мөнгийг дансанд шилжүүлж өгөх байсан боловч одоог болтол өгөхгүй хохироож байна.
1.2. ******* нь дээрх автомашины урьдчилгаа төлбөр 6,700,000 төгрөгийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ХААН банкин дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, үлдэгдэл мөнгийг ******* ББСБ ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан авсан 20,150,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгөөр худалдаж авч, төлбөрийг төлсөн.
1.3. Худалдах, худалдан авах гэрээнд хоёр тал гарын үсэг зурсан, гэрээ хүчин төгөлдөр болсон бөгөөд *******ын тайлбарлаад байгаа хамтын амьдралын явцад бий болгосон дундын хөрөнгөөр бий болгож худалдаж авсан гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. *******т автомашинаа худалдсан, автомашины мөнгөө буцааж аваагүй нь үнэн, тэрээр автомашиныг авсан учраас мөнгийг нь төлөх үүрэгтэй. Иймд хариуцагч *******аас автомашины үнэ 25,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 25,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. *******, ******* нар 2019 онд танилцаж 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл 5 жил хамтын амьдралтай байсан бөгөөд тус хугацаанд ******* амьдралын төлөө гэсэн сэтгэлээр хандаж, "*******" гэх нэртэй эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүр ажиллуулдаг байсан. Тус хугацаанд бизнесийн орлого нэмэгдэж байсан учраас цаг алдалгүй бараагаа худалдан борлуулахын тулд автомашин худалдаж авахаар шийдсэн. ******* нь хөдөө орон нутаг бүртгэлтэй байсан тул 2023 онд ******* маркийн ******* УЕН улсын дугаартай автомашиныг *******ийн нэр дээр худалдаж авч байсан.
2.2. Улмаар *******, ******* нар хоорондоо таарамжгүй харилцаа үүссэж хамтран амьдрахаа больсон бөгөөд ******* нь дэлгүүрийн ашгаас авсан ******* маркийн ******* УЕН улсын дугаартай автомашиыг авч, харин дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн болон ашиг бусад зүйлээс нэг ч төгрөг авахгүй байдлаар хоорондоо харилцан тохиролцсон. Тус автомашиныг шилжүүлэх явцад ******* нь *******ыг хөдөө орон нутагт амьдардаг тул өөр автомашины дугаар авчих гэхээр нь зөвшөөрч, нотариатын газар орж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан.
2.3. Маргааны зүйл болох автомашиныг дундын эд хөрөнгө болохоос *******ээс худалдаж авсан зүйл биш бөгөөд тус автомашиныг шилжүүлж авахын тулд худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Гэвч худалдах, худалдан авах гэрээ байгуулсан мэтээр нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 25,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 282,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* нь ******* маркийн ******* УЕН улсын дугаартай автомашиыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж авсан гэж үзсэн нь үндэслэлгүй дүгнэлт болсон. Шүүх хэргийн бодит нөхцөл байдал болон тус маргааны агуулга бүхий маргаан нь юунаас улбаалж байгаа талаар тодорхой үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэлбэрийн төдий шийдвэр гаргасан.
4.2. *******, ******* нар 2019 онд танилцаж, 5 жилийн хугацаанд хамтын амьдралтай байсан. Энэ хугацаанд түрээсийн барайнд амьдарч байсан. ******* 100 айлд ажилладаг байсан ба тус байрны түрээсийн төлбөр, ус, дулаан, тог цахилгаан гэх төлбөрийг төлж, төрөл бүрийн ажил хөдөлмөр эрхэлж янз бүрийн бизнес эхлүүлж, жаргал зовлонгоо хамтдаа хуваалцаж туулж явсан. ******* маркийн ******* УЕН улсын дугаартай автомашиыг хамтран амьдарч байх хугацаанд бий болсон эд хөрөнгө юм.
4.3. Хариуцагч өөрийн эрх, ашиг сонирхлоо хамгаалахын тулд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу сөрөг нэхэмжлэл гаргаж холбогдох нотлох баримт болох 2019-2024 он хүртэл *******-ийн ХААН банкин дахь ******* тоот дансанд харилцаж байсан гэх нотлох баримтыг гаргаж өгсөн. Мөн сөрөг нэхэмжлэл болон бусад нотлох баримт, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан хүсэлт гаргах зэргийг итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд гаргасан боловч 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/26024 дугаартай захирамжаар сөрөг нэхэмжлэл нь хэрэгт хамааралгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэх үндэслэлээр мөн тус хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэгчийн нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийн талаарх баримтыг хариуцагч нь өөрөө олж авах боломжгүй бөгөөд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх болон түүнд улбаалан шүүхэд эрх тэгш оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүйд гомдолтой байна.
4.4. 2022 оноос хойш *******, ******* нар эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлгүүрийг ажиллуулж эхэлсэн ба өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хамтдаа бараагаа татан авч дотуур хувцасаа борлуулахын тулд янз бүрийн хэлбэр маркетинг хийж түгээлтээ өөрсдөө хүмүүст хүргэж, хоолтой хоолгүй өдрийг өнгөрөөж тус бизнесээ өргөжүүлэхийн тулд зүтгэсээр ирсэн.
4.5. Маргаан бүхий автомашиныг худалдах, худалдан авах гэрээ нь хэлбэрийн төдий байгуулсан. Учир нь нэхэмжлэгч болон хариуцагч нар хамтын амьдралтай байсан бөгөөд таарамжгүй харилцаанаас болж хоёр тийшээ болохдоо дэлгүүрээс олсон ашиг орлого болон бусад зүйлээс хариуцагч нь оногдох хэсгээ авалгүй зөвхөн дэлгүүрийн ашиг орлогоос бий болсон маргаан бүхий автомашиныг авахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч ч гэсэн түүнийг хүлээн зөвшөөрч, харин улсын дугаарыг нь автомашинтай болохоороо шилжүүлж авахаар тохирсон байсан.
4.6. Гэрээнээс талуудын хүсэл зоригийг харж болох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр тус автомашиныг шилжүүлсэн байдаг ба гэрээний 3.2-т 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкин дахь ******* тоот дансанд төлсөн гэж гэрээ байгуулсан нь тус автомашиныг худалдах, худалдан авах зорилгогүй зөвхөн хариу төлбөргүй шилжүүлж байгааг харж болно. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг хангасан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал оролцоогүй, давж заалдах гомдолтой холбоотой тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 4791 дугаартай Худалдах худалдан авах гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* арлын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг ******* нь *******т 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
4.1. Нэхэмжлэгч нь ...хариуцагчийг гэрээнд заасан 25,000,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлж өгөх байсан боловч өгөөгүй тул 25,000,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч нь ...уг тээврийн хэрэгслийг 25,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцоогүй, нэхэмжлэгчтэй тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан бөгөөд хамтын амьдралын явцад бий болсон хөрөнгө, хоорондын таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрахаа больсон тул уг автомашиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар болсон, улсын дугаарыг нь нэхэмжлэгчид өгөхөөр тохиролцсон гэж тус тус тайлбарласан.
4.2. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д тээврийн хэрэгслийг худалдагч тал худалдан авагч талд 25,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэж, 3.2-т төлбөрийг 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр ХААН банкин дахь ******* тоот дансанд төлсөн гэж, 3.3-т ... Төлбөр бүрэн төлөгдсөн гэж тус тус заасан. Дээрх тохиролцоог үгийн шууд утгаар нь тайлбарлавал ******* нь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг төлбөр нь бүрэн төлөгдсөн тул *******т худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр шилжүүлнэ гэж ойлгоно.
Гэвч бодит байдал дээр ******* тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй бөгөөд үнийг төлөөгүй байхад гэрээнд үнэ бүрэн төлөгдсөн гэж тусгасан байгааг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлах боломжтой.
4.3. Зохигч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар ...талууд тодорхой хугацаанд хамтран амьдарч байсан, хамтран амьдарч байх хугацаанд уг тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авч зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрахаа больсон үйл баримт тогтоогдож байх тул ******* тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй байхад гэрээнд үнэ бүрэн төлөгдсөн гэж зааж, тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хамтран амьдрах хугацаанд бий болсон тээврийн хэрэгслийг хариу төлбөргүйгээр *******ын өмчлөлд шилжүүлэх талуудын хүсэл зоригийн илэрхийлэлтэй шууд холбоотой гэж үзнэ.
4.4. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүх хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон ашиг орлого, бусад зүйлээс ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг болон сөрөг нэхэмжлэлтэй холбоотой шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь хариуцагчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй гэх үндэслэлийг давж заалдах заалдах гомдолдоо тусгасан байна.
Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж бүрэн төлөгдсөн гэж үзэхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11, 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт тус тус нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдлыг хангахгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШШ2025/05384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч *******-ийн хариуцагч *******т холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 283,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР